Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/00067

Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 75 тоотод оршин суух Овуд овогт Г.М /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байрны 2-5 тоотод оршин суух Боржигон овогт Чулууны С /РД: /-д холбогдох

            гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Ч.Стэй танилцаж, улмаар 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин М.Ану-Үжин төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид харилцан тохиролцоод охин М.Ану-Үжинг эх Ч.Сгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

         Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Г.Мтай танилцаж, 2010 онд гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин М.Ану-Үжин төрсөн. Зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2015 оноос тусдаа байх болсон. Охин М.Ану-Үжинг  миний асрамжинд үлдээж,  бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ   нь:

         Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ч.С  нар 2004 онд танилцаж гэр бүл болсоноо 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас  2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин М.Ану-Үжин төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

         Гэрлэгчид хоорондын зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2015 оноос тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

         Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

  Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар болон  бага насны хүүхдэд эхийн хайр халамж нэн чухал байдагт дүгнэлт хийн охин М.Ану-Үжинг эх Ч.Сгийн асрамжинд үлдээсэн бөгөөд хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Овуд овогт Г.М, Боржигон овогт  Ч.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин М.Ану-Үжинг эх Ч.Сгийн асрамжид үлдээсүгэй.

         3. Хариуцагч Ч.С хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.

     6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР