| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бийн Өд холбогдох 2112000000037 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн .......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бийн Ө/РД:АИ............/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн нутаг, Эхэн халиар гэх газраас 12 ширхэг 1.65 шоометр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэж, ойн санд 1.097.224 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000037 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Д.Бын өгсөн:
“...Би Б.Өд холбогдох Архангай аймгийн Хотонт сумын Орхон баг, Эхэн халиар гэх газраас хууль бусаар нойтон мод бэлтгэсэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Б.Ө нь хууль бусаар нойтон мод бэлтгэж Архангай аймгийн ойн санд 1.097.224 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан байна. Б.Өын экологи эдийн засагт учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 дүгээр тал/
*Гэрч Э.Пын өгсөн:
“...2020 оны 09 сарын 25-нд Бийн Ө нь хэрэглээний модны эрхийн бичиг аваагүй. Би мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо иргэдэд зөвхөн хуурай мод бэлтгэхийг анхааруулж олгодог...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч Д.Бийн өгсөн:
“...Бийн Ө нь 2020 оны 09 сар болон 10 сард манай байгууллагаас хэрэглээний модны зөвшөөрлийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Гэрч Д.Дгийн өгсөн:
“...Хэдэн оны хэдэн сарын хэдэнд мод буулгасныг мэдэхгүй, 2020 оны 09 сарын 20-доор модонд явлаа гэж байсан. Хэзээ бэлтгэснийг мэдэхгүй. Хашаандаа авч ирээд буулгачихсан байсан. Би хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Б.Өын өгсөн:
“...Би тухайн тээврийн хэрэгслийг төрсөн ах Б.Өд 2020 оны 01 сарын үеэр 500.000 төгрөгөөр зарсан. Одоо Цахир суманд байгаа. Нэрээ шилжүүлээгүй, төрсөн ахдаа өгсөн учраас нэг их ач холбогдол өгөөгүй, шилжүүлж амжаагүй байгаа, одоо авто оношилгоо болохоор шилжүүлж өгнө. Тухайн үедээ төлсөн. Одоо 12-95 АРХ тээврийн хэрэгсэл манай ахын машин гэсэн үг...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-97 дугаар тал/
*Яллагдагч Б.Өын өгсөн:
“...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-67 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн”...1.65 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Шинэс нойтон мод/ шууд үр ашгийн -161892₮, шууд бус үр ашгийн-207544₮, нийт 369436₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод, гуалан 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.097.224₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 41-42 тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай”...Нойтон шинэс модны үнэлгээг зах зээлийн дундаж үнээр 297.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 78 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай”...1 ширхэг цахилгаан хөрөөний зах зээлийн дундаж үнэлгээг 50.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 85 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн”...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн 12-95 АРХ улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашины үнэлгээг 2020 оны 09 сарын зах зээлийн ханшаар 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 104 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 2-11 дүгээр тал/
*Ханайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай албан бичиг/хх-ийн 56 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн нутаг, Эхэн халиар гэх газраас шүүгдэгч Б.Ө нь 12 ширхэг 1.65 шоометр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэж, ойн санд 1.097.224 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ө үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Д.Бын”...Б.Ө нь хууль бусаар нойтон мод бэлтгэж Архангай аймгийн ойн санд 1.097.224 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан байна. Б.Өын экологи эдийн засагт учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Пын”...2020 оны 09 сарын 25-нд Бийн Ө нь хэрэглээний модны эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн”...Бийн Ө нь 2020 оны 09 сар болон 10 сард манай байгууллагаас хэрэглээний модны зөвшөөрлийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн”...2020 оны 09 сарын 20-доор модонд явлаа гэж байсан. Хэзээ бэлтгэснийг мэдэхгүй. Хашаандаа авч ирээд буулгачихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Өын”...Би тухайн тээврийн хэрэгслийг төрсөн ах Б.Өд 2020 оны 01 сарын үеэр 500.000 төгрөгөөр зарсан. Нэрээ шилжүүлээгүй, төрсөн ахдаа өгсөн учраас нэг их ач холбогдол өгөөгүй, шилжүүлж амжаагүй байгаа, одоо авто оношилгоо болохоор шилжүүлж өгнө. Тухайн үедээ төлсөн. Одоо 12-95 АРХ тээврийн хэрэгсэл манай ахын машин гэсэн үг...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.097.224 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч Б.Өын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Өыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.097.224 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 3.291.672 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.097.224*3=3.291.672/ нэг сая нэг зуун дөчин долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 3.291.672 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Өыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. 12-95 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Өын эзэмшлийнх болох нь Архангай аймгийн автотээврийн газрын лавлагаагаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12-95 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машиныг эзэмшигч Б.Өд буцаан олгож, шүүгдэгч Б.Өаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12-95 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэлгээ болох 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 297.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг модыг тус тус гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3.291.672 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Өыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өаас 3.291.672/гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР