Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

 

 

 

                                  2021/ШЦТ/63

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Нын Ад холбогдох 2112000000045 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ................ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Нын А/РД:МД.............../

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.А нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Мандал гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 36 ширхэг буюу 2.0659 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 11-47 АРН улсын дугаартай “Серес” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 226.753 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000000045 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:

“...Н.А нь Ихтамир сумын Хан-Өндөр багийн иргэн байгаа юм. Байгаль орчинд 226.753 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

 

          *Гэрч Д.Аийн өгсөн:

           “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны оройн 21 цагийн үед би байгаль орчны улсын байцаагч П.Ндаваа, байгаль хамгаалагч Б.Эын хамт эргүүл шалгалт хийн явж байгаад Цагаан даваа руу өгсөж явтал урдаас мод ачсан машин гараад ирсэн. Тэгээд зогсоогоод шалгатал ямар ч бичиг баримтгүй явсан. Тэгээд экологийн цагдаагийн ахлах руу утсаар залгаж хэлсэн. Тэр үед шалгахад мод тээвэрлэх эрхийн бичиггүй байсан. 1.5 м тайрсан унагасан модны шинжтэй хуурай шинэс мод байсан. Намайг асуухад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэсэн. Цагаан өнгийн 11-47 АРН улсын дугаартай ачааны автомашин байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/

 

           *Гэрч О.Гын өгсөн:

           “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр багийн иргэн болох Н.Ад 4 куб метрийн мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгсөн. Би Архангай аймгийн Ихтамир сумын Мандал гэх газарт мод бэлтгэх эрх өгсөн. Архангай аймгийн Ихтамир сумын Мандал гэх газар мод бэлтгэх зөвшөөрөлтэй газар байгаа...”мэдүүлэг/хх-ийн 96-97 дугаар тал/

           

           *Гэрч Н.Отгоны өгсөн:

           “...Манай гэрийн гадаа мод буулгасан. Тухайн үед тус аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Мандал гэх газраас мод бэлтгээд ирлээ хавар авна гэж байсан. Манайд мод бэлтгээд ирэхдээ ганцаараа ирсэн. Ганцаараа өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн 11-47 АРН улсын дугаартай Серес маркийн автомашинтай ирж мод буулгасан. Хавар авч түлнэ гээд буулгасан. Н.А ахын  хаваржаа нь манай өөрийн өвөлжөөтэй хоорондоо 2 км зайтай байдаг. Тэгээд буулгасан. Манай гэрийн урд байдаг Хан-Өндөр багийн Мандал гэх газраас бэлтгэсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар тал/

 

             *Гэрч П.Нзоригийн өгсөн:

             “...Манайх түлээний модгүй болчихоод Н.А ахыг  мод дөхүүлээд өгөөч гээд гуйсан чинь мод авчирч өгч байгаад ийм асуудал болсон байна. Би ээж н.Отгон, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Надад өөрөө ярихдаа хавар түлэх гээд дүү Оы гэрийн гадаа уулнаас бэлтгэсэн модоо хураасан байгаа тэрнээс аваад очьё гэж хэлж байсан...”мэдүүлэг/хх-ийн 81-82 дугаар тал/

 

            *Яллагдагч Н.Агийн өгсөн:

            “...Би тухайн үед мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн 11-47 АРН улсын дугаартай автомашинаар ганцаараа тус аймгийн Хан-Өндөр багийн Мандал гэх газраас бэлтгэсэн бөгөөд мод бэлтгэхдээ өөрийн сүх, цахилгаан хөрөөг ашиглаж бэлтгэсэн. Тухайн үед мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичгийг тус сумын Хан-Өндөр багийн ойн байцаагч Г гэх хүнээс авсан. Миний өөрийн төрсөн дүү болох Отгоны гадаа хавар мод руу орохгүй гээд буулгасан. Өмнө мод бэлтгэсэн байсан болохоор зүгээр байх гэж бодоод аймгийн төв рүү орж байсан. Би хийсэн хэрэгтээ хурдан түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-72 дугаар тал/

            

            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн”...2.0659 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-64.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод, гуалан 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 226.753₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

             *Вендо ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21-23 дугаартай”...2021 оны 02 дугаар сарын байдлаар цахилгаан хөрөөний үнэлгээг 112.000 төгрөг, төмөр иштэй сүхний үнэлгээг 9.000 төгрөг, 2.0659 метр куб модны үнэлгээг 123.954 төгрөг, нийт 244.954 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 49-57 дугаар тал/

          

             *Вендо ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21-23 дугаартай”...2021 оны 02 дугаар сарын байдлаар 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, 11-47 АРН улсын дугаартай Киа Серес маркийн үнэлгээг 4.750.000/дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 58-59 дүгээр тал/

 

           *Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 7-10 дугаар тал/

           *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 11-12 дугаар тал/

           *Тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-ийн 20 дугаар тал/

           *Төмөр сүх, цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 58-59 дүгээр тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Мандал гэх газрын ойгоос шүүгдэгч Н.А нь 1.5 метрийн урттай, 36 ширхэг буюу 2.0659 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж, зохих зөвшөөрөлгүйгээр 2021 оны 01 сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 11-47 АРН улсын дугаартай “Серес” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 226.753 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ойн тухай хуулийн 34 дгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Н.А нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутгаас бэлтгэсэн модоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт тээвэрлэхдээ зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ аваагүй нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Шүүгдэгч Н.А 2021 оны 01 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цийн ”... Н.А нь Ихтамир сумын Хан-Өндөр багийн иргэн байгаа юм. Байгаль орчинд 226.753 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аийн”...2021 оны 01 дүгээр сарын 27-ны оройн 21 цагийн үед би байгаль орчны улсын байцаагч П.Ндаваа, байгаль хамгаалагч Б.Эын хамт эргүүл шалгалт хийн явж байгаад Цагаан даваа руу өгсөж явтал урдаас мод ачсан машин гараад ирсэн. Тэгээд зогсоогоод шалгатал ямар ч бичиг баримтгүй явсан. Тэгээд экологийн цагдаагийн ахлах руу утсаар залгаж хэлсэн. Тэр үед шалгахад мод тээвэрлэх эрхийн бичиггүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Гын“...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр багийн иргэн болох Н.Ад 4 куб метрийн мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгсөн. Би Архангай аймгийн Ихтамир сумын Мандал гэх газарт мод бэлтгэх эрх өгсөн. Архангай аймгийн Ихтамир сумын Мандал гэх газар мод бэлтгэх зөвшөөрөлтэй газар байгаа...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 226.753 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тусгаагүй байгааг дурдав. Гэрч О.Гын мэдүүлэг болон хэрэгт авагдсан мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг нь шүүгдэгч Н.А дээрх модыг бэлтгэхдээ зохих зөвшөөрөл авсан болохыг нотолсон гэж үзэх үндэслэлтэй, байна. Харин уг модыг сум хооронд тээвэрлэхдээ зохих зөвшөөрөл гарал үүслийг гэрчилгээ аваагүй нь Эрүүгийн хуульд заасан хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Н.Аг хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 226.753 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 680.259 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /226.753*3=680.259/ зургаан зуун наян мянга хоёр зуун тавин ес/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 680.259 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Аг хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 11-47 АРН улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Н.Агийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Агаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 11-47 АРН улсын дугаартай Серес маркийн 4.750.000/дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий машиныг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 680.259 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.069.741 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.5 метрийн урттай, 36 ширхэг, 2.0659м3 хуурай шинэс модыг тус тус хураан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, мод бэлтгэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6,  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч А овогт Нын Аг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Аг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас 680.259/зургаан зуун наян мянга хоёр зуун тавин ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Агаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 11-47 АРН улсын дугаартай Серес маркийн 4.750.000/дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг хурааж, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 680.259 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.069.741 төгрөг, 36 ширхэг, 2.0659м3 хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө  нэг ширхэг, сүх нэг ширхэгийг шүүгдэгч Н.Ад буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР