| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2016/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | 2021/ШЦТ/67 |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: П.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Пийн Мд холбогдох 2112000000035 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн ............ гэх газарт оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Пийн М/РД:ИБ.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Мөн тэрээр 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Дгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000035 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бгийн өгсөн:
“...2019 оны 12-р сарын 30-ны өдрийн орчимд манайх Булган аймгийн Сайхан сумын 1-р багаас Архангай аймгийн Жарантай багийн нутаг Шилүүстний ар гэх газарт адуу, үхэртэйгээ отроор очиж нутагласан. Тэгээд манай адуу Хайрхан сумын Жарантай багийн Шилүүстний ар, Мод толгой, Ар булгийн даваа болон түүний ойр орчмын газруудад бэлчээрлэдэг байсан. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр гэрийнхээ ойролцоо бэлчээрт хонуулсан хүрэн азаргатай 56 тооны адуунаас халиун зүсмийн нас гүйцсэн морь, хээр зүсмийн нас гүйцсэн морь, хавчиг соёолон насны бор халтар зүсмийн морь алга болсон. Тэгээд хайгаад олоогүй, манай адуутай ойрхон нэг газарт бэлчээрт хоносон Б.Дгийн эзэмшлийн азарга адуунаас хул хонгор зүсмийн морь мөн хулгайд алдагдсан байсан. Б.Дтай уулзаад гурван тооны адуугаа өнгөрсөн шөнө хулгайд алдчихлаа гэж ярихад Б.Д надад өнгөрсөн шөнө манайхаас хул хонгор зүсмийн морь хулгайлж аваад явсан байна гэж ярьсан. Манай хоёрынх хоёулаа Булган аймгийн Сайхан сумын 1-р багийн нутгаас отроор ирж ойрхон өвөлжиж байсан айлууд байгаа юм. 2020 оны 08 дугаар сард байх манайхантай нэг шөнө хамт алдсан Б.Дгийнх өөрийнхөө алдсан хул хонгор зүсмийн морио амьдаар нь Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс хүнд зарагдсан байхад олж авсан байна. Тэгээд Өлзийт сумын цагдаад хэлээд худалдаж авсан хүнээс нь морио авсан гэж ярьсан. Би гурван тооны адуугаа Б.Дгийн адуутай хамт хулгайд алдсан болохоор Б.Дгийн хул хонгор зүсмийн морийг хулгайлсан хүн манай адууг хулгайлсан гэж сэжиглэж байна. Тэр үедээ Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн нутагт оршин суудаг П.О гэгчийг манайхныг отор хийж байсан газраас адуу хулгайлж баригдсан гэхээр нь Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Б.Данзаншарав гэх хүнд алдсан адуугаа тэмдэглүүлж байсан. Б.Данзаншарав надад П.Оийг шалгаж байгаа талаараа хэлсэн. Алдсан адууны зүс болон тамга нь бүгд буруу талын чих цуулбар имтэй, зөв гуяндаа хөлтэй, ширээтэй дөл тамгатай, тарга хүч сайтай, дунд зэргийн биетэй адуунууд байсан. Эдгээр гурван морьдоос халиун зүсмийн морь нь биеэрхүү арай том биетэй морь байсан. Манай гурван морь хуучин засмал дэлтэй байсан. Хөхөл, сойлго байхгүй. Халиун зүсмийн морь сүүлийнхээ голоор бага зэрэг бөөгнөрөх шинжтэй болчихсон байсан. Халиун морь хар голтой байгаа юм. Эдгээр морьдоос халиун зүсмийн морь, хээр зүсмийн морь нь номхон зантай, бор халтар зүсмийн морь сургаагүй болохоор ааштай байсан. Би алдсан гурван тооны адуугаа ижил үнээр 1,300,000 төгрөгөөр үнэлж байна. Манай адуунууд тарга хүч сайтай, жирийн унааны морьд байсан. Намайг нутгийн иргэд Бужаа гэж дууддаг. Миний бүтэн нэр бол Б гэдэг. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 4-6 дугаар тал/,
*Хохирогч Б.Дгийн өгсөн:
“...Би өөрийн адуугаа Одгэрэл гэх хүнд өгч харуулсан юм. Манай адуу Архангай аймгийн Хайрхан сумын нутаг болох Ар Булгийн даваа, Мод толгойн эх орчмоор бэлчээрлэж байсан.Тэгээд 2020 оны 01 сарын сүүлээр миний адуу харж байсан хүн Одгэрэл танай хул морь алга болчихлоо гэж ярьсан.Тэгээд би адуу байсан гэх газар очихоор хул морио хайгаад олоогүй хулгай авсан байна гэж бодоод Булган аймгийн Сайхан сумын цагдаад тэмдэглүүлээд орхисон. Тэгээд 2020 оны 07 сарын 30-нд Өлзийт сумын иргэн Наранчулуун гэх хүн над руу утсаар холбогдон чиний алдсан морьтой адилхан морь байна ирж үзээч гэхээр нь би 07 дугаар сарын 31-нд Өлзийт сумын төв орж уг морийг үзэхэд миний алдсан хул морь мөн байсан. Тэгээд тухайн үед эзэмшиж байсан хүнийг нь олох гээд хайсан олдоогүй. Тэгээд уг адууг туугаад явж байхад мотоциклтой хоёр хүүхэд таараад миний морь байна гээд салахгүй байхаар нь аав ээжийнх нь дугаарыг олоод Ч.Х гэх хүний эхнэр болох хүнтэй утсаар ярихад манай морь манайх худалдаж авсан гээд байхаар нь уг мориныхоо зургийг дарж аваад орхиод гэртээ ирсэн. Тэгээд би 2020 оны 08-р сарын 15-ны өдөр хотоос буцахдаа Өлзийт сумаар дайрч Ч.Х гэх хүнтэй уулзаж Өлзийт сумын цагдааг дагуулж яваад өөрийн морио аваад харьсан. Тухайн үед Ч.Х болон түүний эхнэр нь манайх худалдаж авсан морь өгөхгүй гэж байсан. Хул зүсмийн зөв талын гуяндаа Б үсгэн тамгатай суман дэлтэй хөхөлтэй морь байсан. Тэр үед манай байгаа газар газар очиход бэлчээрлэж байсан Б.Б гэх хүний 3 тооны адуу алдагдсан. Энэ 3 морь, манай хул морь нэг шөнийн дотор алдагдсан байсан. Би эдгээр морьдын зүс им тамгыг мэдэхгүй халиун зүсмийн хээр зүсмийн гэж ярьж байсан нэг морины зүсийг нь санахгүй байна. Танай адуу болон Б.Бгийн адуу хамрын наана цаана байсан гэж манай адуучин ярьж байсан. Би хул морийг уяж уралдуулж байгаагүй. Би хул морио 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн сэжигтэнг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 110-115 дугаар тал/
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...Манай хүргэн Ч.Х гэх хүн Батцэнгэл сумын төвөөс хүнээс 4-н тооны адуу худалдаж авсан гээд манайд авч ирж хул зүсмийн морийг нь унана гэж үлдээгээд бусад 3 тооны морийг нь нядалж махыг Архангай аймгийн төв оруулж зарсан. Би тухайн адууных нь гэдсийг арилгалцаж өгсөн. Халиун зүсмийн морь, бор халтар зүсмийн морь, хээр зүсмийн морь, нас им тамгыг нь би санахгүй байна. Ч.Х гэх айлын 1 морь байсан олон адуу байгаагүй учир гүйгээд тогтохгүй гээд нэг морийг нь тэжээгээд унана бусдыг нядалъя гэж байсан. Хэнээс авсаныг нь би мэдэхгүй Батцэнгэл сумын төвөөс хүнээс аваад манайд авч ирсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч С.Бгийн өгсөн:
“...2019 оны 10 сард надад малаа авч ирж харуулсан. Тэгээд 2020 оны 06 сарын эхээр малаа авч Өлзийт сум руу явсан. Анх малаа авч ирэхэд 1 тооны азарган үрээтэй ирсэн. Тэгээд сүүлд нь 4 тооны адуу Батцэнгэл сумаас худалдаж авсан гээд авч ирсэн өөр адуу байгаагүй. Ч.Х гэх хүн худалдаж авлаа гээд манайд авч ирсэн хэнээс авч ирсэнийг би мэдэхгүй. Эдгээр морьдын зүс нь халиун морь, хул морь, бор хээр морь, хээр морь гэсэн зүстэй байсан. Хул морь нь 9 тоо тамгатай байсан бусад морьдын тамгыг нь би санахгүй байна. Хул морийг нь авч үлдээд нөгөө 3 тооны морийг нь манай гэрийн гадаа зарсан гэсэн хул зүсмийн морио өөрийн малтайгаа Өлзийт сум руу авч явсан. Ч.Х өөрөө махаа аваад явсан, хэнд өгсөнийг нь би мэдээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-18 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Ч.Хн өгсөн:
“...2020 оны 01-р сарын сүүлээр намайг хотод явж байхад утсаар нэг хүн залгаад Батцэнгэл сумаас ярьж байна. Та мал авна гээд зарлал бичсэн байна, би 4 адуу өгөх гэсэн юм гээд ярьж байсан. Тэгээд би очоод авъягэж хэлээд хотоос ирээд өөрийн эхнэр Г.Нгийн хамт Батцэнгэл сум ороод уг 4 тооны адууг авсан. Аваад Баян-Уул багийн Хунгийн булаг гэх газар өөрийн баз болох С.Б гэх айлд аваачиж хул зүсмийн морийг авч үлдээд нөгөө 3 тооны морийг нь нядлаад Архангай аймгийн төвд оруулж ченжид өгсөн. Үлдсэн нэг морио тэжээгээд онд оруулаад 2020 оны 07-р сарын эхээр Батцэнгэл сумаас Өлзийт сум руу малаа авч ирэхэд миний худалдаж авсан хул зүсмийн морийг Булган аймгийн Сайхан сумаас Б.Д гэх хүн миний хулгайд алдсан морь байна гэж таниад аваад явсан. Би тухайн үед хүнээс худалдаж авсан шүү гэдгээ хэлсэн. Хул зүсмийн, халиун зүсмийн хээр зүсмийн, бор хээр зүсмийн морьд байсан. Уг морьдын эм тамгыг санахгүй байна. Хул зүсмийн морь нь номхон дуу морь байсан. Бор хээр , хээр морь нь ааштай морь байсан. Халиун зүсмийн морь нь арай томдуу биетэй морь байсан. Би мах өгсөн ченжээ санахгүй байна. Захын үүдэнд очоод эхний таарсан ченжид өгсөн. Би гарал үүслийн бичиг Эрдэнэбулган сумын 6-р баг хорооллоос авсан. Адууг нядлахад манай баз С.Б түүний эхнэр манай эхнэр Г.Н нар байсан. Уг адууг надад Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэн П.О гэдэг хүн надад зарсан. Би сүүлд судалж үзэхэд уг хүнийг Завханы П.О гэхээр хүмүүс таньдаг юм байна лээ. Завхан аймгаас Батцэнгэл суманд ирж суурьшаад удаж байгаа гэж сонссон. Би уг адууг нэгийг нь 850.000 төгрөгөөр худалдан авсан. Би мөнгийг нь дансаар шилжүүлсэн. Тухайн үед өөрөө данс байхгүй гээд нэг эмэгтэй хүний дансаар мөнгө авсан. Тэр данс эзэмшигчийн овог нэрийг санахгүй байна. П.О надад данс байхгүй гээд хүний дансаар авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч М.Мийн өгсөн:
“... 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр намайг хотод эмнэлэгт хэвтэж байхад Улаанчулуу багийн иргэн П.М гэх залуу утсаар залгаад та мал авч байгаа юу би адуу өгөх гэсэн юм гэж ярьсан. Тэгэхээр нь ах нь эмнэлэгт хэвтэж байна. Одоо надад гаргуулах хүн байхгүй адууг чинь авч чадахгүй нь гэж хэлсэн. Тэгсэн П.М манай хашаанд адуугаа авчирч уяад надтай ярьж дуусаад буцаагаад аваад явсан байсан. Уг адууг П.М хэнд зарсныг нь мэдэхгүй. Гэрт манай хүүхэд байсан. Өглөө босоход нь хашаанд адуу уясан байсан талаар ярьсан. Яг хэдэн тооны ямар зүсмийн адуу байсан талаар хэлээгүй. Сүүлд асуухад би санахгүй байна гэж ярьж байсан. Надад адуу өгье гэж ярьсан тоогоо хэлээгүй. Им тамга, зүс содон шинж тэмдгийн талаар яриагүй. Би уг адууг хотод байсан болохоор хараагүй. Манайд хүүхдүүд байсан хашаанд оруулж ирээд буцаагаад аваад гарсан гэж санай хүүхэд ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 29-30 дугаар тал/
*Гэрч Г.Нгийн өгсөн:
“...Манайх 2020 оны 01-р сараас 08 сар хүртэл мал авч байсан. 2020 он 01-р сарын 31-ний өдөр П.О гэх хүнээс 4 тооны адуу худалдаж авсан. Булган аймгийн Сайхан сумын иргэн Б.Д гэх залуу ирээд түүний хулгайд алдсан хул морь байна гээд аваад явсан. Би тухайн үед уг хул морийг Батцэнгэл сумын иргэн П.О гэх хүнээс худалдаж авсан энэ морийг авахдаа хамт 3 тооны адуу худалдаж авсан талаараа хэлсэн. Тэгээд Өлзийт сумын цагдаагийн хамт Б.Дд хул морь хүлээлгэж өгсөн. Би эдгээр 4 тооны морийг худалдаж аваад би өөрийн нөхрийн хамт Маяти маркийн машинаар ачиж Батцэнгэл сумын Баян-Уул багийн Хунгийн булаг гэх газар аваачсан. Адууг нядлахад би өөрийн нөхөр манай хүргэн С.Б эхнэрийн хамт байсан. Тухайн үед намайг болон манай нөхөр Ч.Хг Өлзийт суманд байсан. Тэгээд нэг хүн утсаар залгаад танайх мал авч байгаа юм байна би 4 адуу өгье та ирээд аваач гэхээр нь би өөрийн нөхөр Ч.Хн хамт очиход Батцэнгэл сумын төвд 2 давхар тоосгон дэлгүүрийн хашаа байсан. 4 тооны адууг гаргаж өгсөн. Би нэгийг нь 850.000 төгрөгөөр бодоод 5135333316 дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд манайх уг адуунуудаа авч нэг тооны хул морийг үлдээгээд халиун, бор хул, хээр зүсмийн морьдыг нядалж Архангай аймгийн төвд орж ирээд зах дээр ченжид өгсөн. Үлдсэн хул зүсмийн морийг нь тэжээж онд оруулсан. Тэгээд 2020 оны 07-р сард Батцэнгэл сумын Булаг гэх газраас өөрийн малаа Өлзийт суманд авч ирсэн. 2020 оны 08-р сард намайг хотод байхад утсаар яриад энэ морь манай морь байна гэсэн. Тэгээд би хотоос ирээд байж байсан. Аймгийн төвд зах дээр өгсөн тухайн үед өгсөн ченжээ танихгүй. Адуу зарсан хүнээ харвал танина...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 73-77 дугаар тал/
*Яллагдагч П.Мийн өгсөн:
“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулаагүй байгаа, хохирлоо ойрын хугацаанд барагдуулна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 201-202 дугаар тал/
*Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай:
“...Нас нийлсэн халиун зүсмийн морины үнэлгээг 1.000.000 төгрөгөөр, нас нийлсэн хээр зүсмийн морины үнэлгээг 1.000.000 төгрөгөөр, хавчиг соёолон бор халтар зүсмийн үнэлгээг 1.000.000 төгрөгөөр, нийт 3.000.000 төгрөг үнэлэв...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 40 дүгээр тал/,
*Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай:
“...7 настай морины үнэлгээг 1.000.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 182 дугаар тал/,
*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд/1-р хх-ийн 43-50 дугаар тал/
*Гэрч Г.Н, Б.Шүрэн-Эрдэнэ нарын Хаан банкны депозит дансны хуулга/х1-р хх-ийн 53-58 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 35 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч П.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Бгийн эзэмшлийн 3 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Дгийн эзэмшлийн 1 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.М үйлдсэн болох нь хохирогч Б.Бгийн ”...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр гэрийнхээ ойролцоо бэлчээрт хонуулсан хүрэн азаргатай 56 тооны адуунаас халиун зүсмийн нас гүйцсэн морь, хээр зүсмийн нас гүйцсэн морь, хавчиг соёолон насны бор халтар зүсмийн морь алга болсон. Тэгээд хайгаад олоогүй, манай адуутай ойрхон нэг газарт бэлчээрт хоносон Б.Дгийн эзэмшлийн азарга адуунаас хул хонгор зүсмийн морь мөн хулгайд алдагдсан байсан. Б.Дтай уулзаад гурван тооны адуугаа өнгөрсөн шөнө хулгайд алдчихлаа гэж ярихад Б.Д надад өнгөрсөн шөнө манайхаас хул хонгор зүсмийн морь хулгайлж аваад явсан байна гэж ярьсан. Манай хоёрынх хоёулаа Булган аймгийн Сайхан сумын 1-р багийн нутгаас отроор ирж ойрхон өвөлжиж байсан айлууд байгаа юм. 2020 оны 08 дугаар сард байх манайхантай нэг шөнө хамт алдсан Б.Дгийнх өөрийнхөө алдсан хул хонгор зүсмийн морио амьдаар нь Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс хүнд зарагдсан байхад олж авсан байна. Тэгээд Өлзийт сумын цагдаад хэлээд худалдаж авсан хүнээс нь морио авсан гэж ярьсан. Би гурван тооны адуугаа Б.Дгийн адуутай хамт хулгайд алдсан болохоор Б.Дгийн хул хонгор зүсмийн морийг хулгайлсан хүн манай адууг хулгайлсан гэж сэжиглэж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Дгийн”...2020 оны 07 сарын 30-нд Өлзийт сумын иргэн Наранчулуун гэх хүн над руу утсаар холбогдон чиний алдсан морьтой адилхан морь байна ирж үзээч гэхээр нь би 07 дугаар сарын 31-нд Өлзийт сумын төв орж уг морийг үзэхэд миний алдсан хул морь мөн байсан. Тэгээд тухайн үед эзэмшиж байсан хүнийг нь олох гээд хайсан олдоогүй. Тэгээд уг адууг туугаад явж байхад мотоциклтой хоёр хүүхэд таараад миний морь байна гээд салахгүй байхаар нь аав ээжийнх нь дугаарыг олоод Ч.Х гэх хүний эхнэр болох хүнтэй утсаар ярихад манай морь манайх худалдаж авсан гээд байхаар нь уг мориныхоо зургийг дарж аваад орхиод гэртээ ирсэн. Тэгээд би 2020 оны 08-р сарын 15-ны өдөр хотоос буцахдаа Өлзийт сумаар дайрч Ч.Х гэх хүнтэй уулзаж Өлзийт сумын цагдааг дагуулж яваад өөрийн морио аваад харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын”...Манай хүргэн Ч.Х гэх хүн Батцэнгэл сумын төвөөс хүнээс 4-н тооны адуу худалдаж авсан гээд манайд авч ирж хул зүсмийн морийг нь унана гэж үлдээгээд бусад 3 тооны морийг нь нядалж махыг Архангай аймгийн төв оруулж зарсан. Би тухайн адууных нь гэдсийг арилгалцаж өгсөн. Халиун зүсмийн морь, бор халтар зүсмийн морь, хээр зүсмийн морь, нас им тамгыг нь би санахгүй байна. Ч.Х гэх айлын 1 морь байсан олон адуу байгаагүй учир гүйгээд тогтохгүй гээд нэг морийг нь тэжээгээд унана бусдыг нядалъя гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бгийн”...Анх малаа авч ирэхэд 1 тооны азарган үрээтэй ирсэн. Тэгээд сүүлд нь 4 тооны адуу Батцэнгэл сумаас худалдаж авсан гээд авч ирсэн өөр адуу байгаагүй. Ч.Х гэх хүн худалдаж авлаа гээд манайд авч ирсэн хэнээс авч ирсэнийг би мэдэхгүй. Эдгээр морьдын зүс нь халиун морь, хул морь, бор хээр морь, хээр морь гэсэн зүстэй байсан. Хул морь нь 9 тоо тамгатай байсан бусад морьдын тамгыг нь би санахгүй байна. Хул морийг нь авч үлдээд нөгөө 3 тооны морийг нь манай гэрийн гадаа зарсан гэсэн хул зүсмийн морио өөрийн малтайгаа Өлзийт сум руу авч явсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Мийн”...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр намайг хотод эмнэлэгт хэвтэж байхад Улаанчулуу багийн иргэн П.М гэх залуу утсаар залгаад та мал авч байгаа юу би адуу өгөх гэсэн юм гэж ярьсан. Тэгэхээр нь ах нь эмнэлэгт хэвтэж байна. Одоо надад гаргуулах хүн байхгүй адууг чинь авч чадахгүй нь гэж хэлсэн. Тэгсэн П.М манай хашаанд адуугаа авчирч уяад надтай ярьж дуусаад буцаагаад аваад явсан байсан. Уг адууг П.М хэнд зарсныг нь мэдэхгүй. Гэрт манай хүүхэд байсан. Өглөө босоход нь хашаанд адуу уясан байсан талаар ярьсан. Яг хэдэн тооны ямар зүсмийн адуу байсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 32, 33 дугаартай дүгнэлт, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч П.Мийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар, улсын яллагчийн ялын санал зэрэгтэй маргаагүй болно.
Хохирогч Б.Б, Б.Д нар нь гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн, мөн хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэлд хохирол төлбөрөө авсан шүүх хуралдаанд суухгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч П.Мийн хувьд тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч П.Мийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт 2020 оны 01 сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Мийн үйлдэл уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул прокуророос шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Пийн Мийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР