| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/00267/И |
| Дугаар | 2513 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2513
| 2017 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2017/02513 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Үнэгтэйн 1А-7 тоотод оршин суух, Аны овогт Д.П-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 4-38 тоотод оршин суух, Боржигон овогт П.О-т холбогдох
Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 38 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Пд 2011 оны 5 дугаар сард иргэн Түмэнбаяраас 1 өрөө байрыг 3 000 000 төгрөгөөр тохирч худалдан авсан. Гэтэл П.О гэгч нь худалдах худалдан авах гэрээг зөрчиж заасан хугацаанд төлбөр барагдуулаагүй учир иргэн Түмэнбаяр, Оюунчимэгтэй хийсэн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шат шатны шүүхэд хандаж эцсийн шийдвэр хуулийн дагуу тогтоогдсон юмаа. Үүнд: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2122/и тоот шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 212 тоот тогтоол, Монгол улсын дээд шүүхийн Тамгын газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 6/1729 тоот шийдвэрээр уг байрны хууль ёсны эзэмшигч нь Д.П мөн гэдгийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Иймд П.Оийг уг байрнаас 2017 оны 2 дугаар улиралд багтаан албадан гаргуулж өгнө үү. Мөн Түмэнбаяр нь ар гэрт хүнд байдал тохиолдсон учир 4-38 тоот байрыг яаралтайгаар 3 000 000 төгрөгөөр үнэлж надад зарсан юмаа гэв.
Хариуцагч П.О шүүхэд хариу гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.П нь П.О надад холбогдуулан ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байрыг Ж.Түмэнбаяр нь 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хэлцэл хийж уг байрыг надад худалдсан. Мөн тус нэхэмжлэлийг гаргасан Д.П гэгч этгээд 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг асуудлаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж энэ байр нь Оюунчимэгийн байр юм гэж хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. Гэтэл одоо яагаад ийм нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Мөн уг асуудлаар өмнө нь шүүх хурал болж шат шатны шүүх уг асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн уг байрыг анх надад зарсан Ж.Түмэнбаяр гэгч этгээд уг байрыг зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байрыг зарсан талаарх баталгаа бичиж өгсөн байдаг. Миний бие уг байрыг худалдаж авсан цагаасаа хойш нийт 12 жилийн хугацаанд амьдарч шударгаар өмчилж ашиглалтын бүх зардлаа төлж ирсэн. Иймд уг байрны албан ёсны шударга өмчлөгч нь П.О миний бие тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 38 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцнаас хариуцагч П.Оийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.П нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 38 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь хавтаст хэргийн 7 дугаар талд нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2209000013 дугаарт бүртгэлтэй, 000148824 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч П.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа маргаан бүхий орон сууцны өмчлөгч тул зөвшөөрөхгүй гэж татгалзаж байгаа боловч хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч П.О нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс татгалзсан хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
П.О шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хуралдаан товлосон талаар түүний өмгөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 20-нд мэдэгдсэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал нь түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээс 2017.11.09-ны өдөр татгалзсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар түүний утсанд хуралдаан болох гэж байаа талаарх мэдээллийг мессэжээр хүргүүлсэн, шуудангаар гэрийн хаяг нь хүргүүлсэн боловч эзэнгүй гэх шалтгаанаар буцаасан байх тул шүүх мөн хуулийн 77.6-т зааснаар .... хорооны Засаг даргад мэдэгдэх хуудсыг хүргүүлж, гарын үсэг зуруулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 38 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2209000013 эрхийн дугаартай, нэг өрөө орон сууцнаас хариуцагч П.Оийг албадан гаргасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 136 750 төгрөгийг Налайх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгож, хариуцагч П.Оээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ