Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чимгээ

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Д.Г холбогдох 1806090832125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-ийн Г, 1974 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ..... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн .......... тоот өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх боловч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалтай тохироогүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх зарчмыг алдагдуулж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт торгох ял оногдуулсан нь гэр бүлийн гишүүдийг давхар шийтгэх нөхцөл байдлыг үүсгэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:     

 

Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн халуун усны нийтийн байрны 208 тоот өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.Оюун-Эрдэнийг ноосон цамцаар ороолгох үед цамцны товч нь зүүн сарвууны 2 дугаар сарвуунд таарч цохигдон цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ш.Оюун-Эрдэнийн “...манай нөхөр намайг бусадтай хардаад ноосон цамцаар ороолгоод байхаар нь би нүүрээ хаах гэхэд миний зүүн гарын хурууг цамцны товчоор цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

Д.Гын яллагдагчаар өгсөн “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь миний Ш.Оюун-Эрдэнийн биед учруулсан гэмтлүүд мөн. ...Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. ...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

 “...Ш.Оюун-Эрдэнийн биед зүүн сарвууны 2 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл...” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13144 дугаартай дүгнэлт /хх 18/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 6/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч, шүүгдэгч нар нь “...хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргасан байна /хх 42/.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, яллагдагч зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Харин прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад  “...яллагдагч Д.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. ...” гэж бичин /хх 45/ яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулсны дараа яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан” гэж бичин гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой зааж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд цаашид анхаарвал зохино.

 

Анхан шатны шүүх, хохирогчийн хаана, хэрхэн яаж цохисноос ямар гэмтэл учирсан талаарх хэргийн үйл баримтыг тодорхой дүгнэн бичих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэх тул цаашид мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дарааллаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж байхыг анхааруулан тэмдэглэж байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН