Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2014/0404/З |
Дугаар | 221/МА2015/0151 |
Огноо | 2015-03-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0151
Ж-уудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж-уудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ж групп ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15-р хорооны /хуучнаар 1-р хороо/ нутаг дэвсгэрт 4700 м.кв, ХЭБА трейд ХХК нь 1310 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон. Эдгээр компаниуд нь дээрх эзэмшил газар дээрээ хамтран Гэгээнтэн үйлчилгээний зориулалттай цогцолбор барьж дуусгаад байгаа юм. Мөн уг барилгын хойд талд авто замын зэргэлдээ орших 400 м.кв газрыг нийтийн эдэлбэрийн шугам сүлжээ бүхий газар гэж ойлгон хөрөнгө мөнгө зарцуулан ногоон байгууламж, авто зогсоол болгон тохижуулсан.
Харин барилга баригдаж байх хугацаанд буюу 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 тоотзахирамжаар, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар иргэн С Ад хууль зөрчин 400 м.кв газрыг баталгаажуулан олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-нь, өдрийн А/328 тоот эахирамж нь дараахбайдлаар нэхэмжлэгчдийн эрх. хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захирамж болжээ. Үүнд:
Иргэн С 2010 оны 423, 2013 оны А/828 тоот захирамжаар 400 м.кв газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоорзаагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1 2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон 29.1, 29.2. 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн. аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчжээ.
Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасанд нийцэхгүй байна.
Анх С.А нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн урд талд байрлах 30 м.кв газрыг нийтийн бие засах газрын зориулалтаар эзэмшиж байсан байна. Харин уг газраа зориулалтындагуу эзэмших үүргээ биелүүлээгүй байхад нь 2010 оны 423 тоот захирамжаар 400 м.кв бопгон нэмэгдүүлжбайршлыг шууд өөрчлөн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчсөн.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тодорхой хуульчилсан, хүчингүй болгох нөхцөл бүрэн бүрдсэн байхад дахин 2013 оны 9 дүгээр сарын 05-нд захирамж гарган баталгаажуулсан нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн С.Агийн эзэмшлийн гэх 400 м.кв газар дээр Улаанбаатар цахилгаан сүлжээТӨХК-ийн 6 кВ-ын Цаст, зогсоол. РП-1А, Б, ШУТО-А, Б зэрэг 8 кабель, троллейбусны татах станцын 2 кабель зэрэг нийт 10 кабель байрлаж байна. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33 1, Авто замын тухай хуулийг зөрчжээ.
Иймээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны А/828 тоот захирамжийн С.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 12а байрны зүүн хойд талд байрлуулан дэлгүүр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар 0.008 га газрыг дуудлага худалдаагаар иргэн Ц.Батпүрэвт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тус газар эзэмших эрхийг иргэн С.А Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай дэлгүүр нийтийн бие засах газрын зориулалтаар шилжүүлэн авсан байна.
Иргэн С.А нь уг газарт барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршлыг өөрчлүүлэх хүсэлтийг 2010 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гаргасан байна.
Тус хүсэлтийг Нийслэлийн Газрын алба, барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаарзахирамжаар 5 жилийн хугацаатай үйлчилгээ, конторын зориулалтаар шийдвэрлэсэн юм. Ж ХХК нь С.Агийн эзэмшил 400 м.кв газартай давхцуулан зөвшөөрөлгүй тохижилт хийн хашаа барьсан тулчөлөөлүүлэх албан бичгийг манай байгууллагаас хүргүүлж байсан болно.
Нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Газрын албанддахин хүсэлт тавьснаар газрын байршлыг өөрчлөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг эзэмшүүлсэн болно. Манай хажууд газар эзэмшиж буй Хэба трейд ХХК-ийн эзэмшлийн газарт Ж ХХК нь барилга барьсан ба эзэмшил газрынхаа хэмжээг өөрсдөө дур мэдэн томсгож үйл ажиллагаа явуулж,миний газар эзэмших эрхэнд саад учруулж байна. Би тэдэнтэй уулзаж газар эзэмших гэрчилгээгээ үзүүлж хашаагаа чөлөөлж өгөхийг хүссэн
... Миний бие нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огтхон ч зөрчөөгүй бөгөөд ж миний өмчлөх эрхэнд халдаж хууль ёсны дагуу эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв газарт хашаагаа дур мэдэн томсгож, хатуу хучилттай зам талбай хүч түрэн барьсан асуудалд туйлын гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.2, 10 дугаар зүйлийн 10.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн иргэн С.Ад холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд С.А давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Цаг хугацааны хувьд өмнө баталсан төлөвлөгөөндөө нийцүүлэлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил газрыг шилжүүлснээр нэхэмжлэгчийн эрх зөрчигджээ гэж шийдвэрийн үндэслэлд заажээ. ЗХХШТХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2т зааснаар захиргааны байгууллагын акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан кадастрын зураг, газар эзэмшүүлэх захирамж болон газрын үзлэгийн баримт нь иргэн С. Ад эзэмшүүлэхээр олгосон газар нь нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхцаагүй, энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг нотолдог. Энэ тохиолдолд шүүх ЗХХШТХ ийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой.
Шүүхийн шийдвэр хуульд үндэслэх ёстой бөгөөд хууль бус үндэслэл, хууль зөрчиж баталсан ерөнхий төлөвлөгөөг шийдвэрийнхээ үндэслэл болгох, уг ерөнхий төлөвлөгөөгөөр шалтаглан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй юм. Ж ХХК, Хэба трейд ХХК-ийн хамтарсан Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөө нь анх эзэмшүүлсэн газрын зориулалт болон хэмжээг зөрчсөн.
Үйлчилгээний зориулалтаар олгосон газарт орон сууц барихаар, эзэмшүүлсэн газрын хэмжээнээс хэтрүүлэн автомашины зорчих хэсэг байгуулахаар төлөвлөсөн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 35.1.1, 35.3.1, Газар эзэмшүүлэх гэрээний 3.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8-д заасныг тус тус зөрчсөн. Ийнхүү илт хууль зөрчсөн Ерөнхий төлөвлөгөөг шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Нөгөө талаар Ерөнхий төлөвлөгөө нь газар эзэмшүүлэх эрхийн акт биш, ерөнхий төлөвлөгөөг олгогдсон газрын хэмжээнээс хэтрүүлэн баталсан нь нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх газрыг эзэмших, түүний шимийг хүртэх эрх олгохгүй болох нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн зохицуулалтаар тодорхой юм. Нэгэнт эрх үүсээгүй учир нэхэмжлэгч нар энэхүү илүү талбай дээр газрын төлбөр төлж байгаагүй гэдгээ шүүх хуралд мэдүүлсэн.
Нэгэнт эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнаас баталсан төлөвлөгөөний дагуу хийгдсэн бүтээн байгуулалтыг зөвхөн газрын давхцалгүй гэдгээр үгүйсгэж, уг барилгын хойд талд С.Ад газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна гэж анхан шатны шүүх шийдвэртээ дурьдсан боловч нэхэмжлэгчийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар заасангүй.
Гэгээнтэн хотхоны хойд хэсгийн бүтээн байгуулалт гэх асфальтан зам, сагсны талбай, хаяг байрлуулах ханыг гуравдагч этгээд С.Ад газар олгосоны дараа, С.А болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр очиж газар чөлөөлөх шаардлага тавьснаас хойш хийгдсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2013.09.13 ны Газрын чанарын дүгнэлт болон бусад баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн гэдгийг мэдсээр байж дараа нь яаран дээрх барилгажилтыг хийсэн.
Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөнөөс үзэхэд барилгын хойд талд автомашины зорчих хэсэг барихаар төлөвлөсөн байх ба энд ямар нэгэн орц гарц, тоглоомын талбай, ногоон байгууламж, хаягийн хана байгууламж байхгүй байна. Гэтэл ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа ертөнцийн зүгээр хойд хэсэгт авто зам шинээр баригдсан ба энэ зам руу орж гарах орц гарц барьсан, сагсны талбай байгуулсан, Гэгээнтэн хотхоны хаяг тогтоох байгууламж барьсан зэрэг нь одоо ч ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил юм.
Анхан шатны шүүх дээрх хууль зөрчсөн Ерөнхий төлөвлөгөөг шийдвэрийнхээ үндэслэл болгон, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа нь бүхэлдээ хуульд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох боловч Ерөнхий төлөвлөгөө нь Гуравдагч этгээдэд олгосон газартай давхцалтай гэсэн шүүгчийн дүгнэлт нь ч мөн хуульд нийцээгүй талаар дараахь байдлаар тайлбарлаж байна.
Ерөнхий төлөвлөгөө нь газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичиг бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэдэг. Түүнийг унших, зай байршлыг тогтоох нь ч мөн тусгай мэргэжил шаардах бөгөөд уг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтгүйгээр Гуравдагч этгээд С.Ад олгосон газар Гэгээнтэн хотхонтой давхцсан байна хэмээн шүүгч дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. С.Ад олгосон газрын кадастрын зурагт зөвхөн уртраг, өргөрөгийн солбицол заасан байдаг ба уг солбицлын цэгүүдийг тусгай багаж болон програм хангамжгүйгээр цаасан дээр буусан байдлаар нь шууд Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөтэй харьцуулж давхцалыг тодорхойлох боломжгүй тул шүүгчийн дүгнэлт нь шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэлгүйгээр гаргасан дүгнэлт гэж үзэх үндэстэй.
Давхцалыг мэргэжлийн байгууллага, шинжээч Газрын байрлал, зай хэмжээний зургаар тогтоодог.
Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөө нь Ж ХХК, Хэба трейд ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээ, хил заагаас хэтрэн илүү газар дээр, холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчиж батлагдсан,
Уг ерөнхий төлөвлөгөө нь С.Ад олгосон газартай давхцалтай эсэхийг нотлох бичгийн баримт хавтаст хэрэгт байхгүй, энэ талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гараагүй байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх нь хэргийн бодит байдал, хуульд нийцэхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.
Гуравдагч этгээд С. А би анхан шатны шүүх хуралд байлцаж тайлбар гарган, мэтгэлцэж оролцсон боловч шүүхийн шийдвэрт намайг оролцоогүй мэтээр бичсэн байна... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.\ нар давж заалдах гомдолдоо: ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, дугаар заалт, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т ...иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1.-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д шүүх нь хүний хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох эрхэм зорилготой гэж тус тус заасан.
Шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн болохыг тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Нэхэмжлэлд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн талаар огт дурдаагүй, харин Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамж нь тодорхой хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн хувийн дүгнэлтийг хийсэн байдаг.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхцуулсан, эзэмшил газрын орц гарцыг хаасан зэрэг ямар нэг байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй бөгөөд үүнийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Ц.Бавт газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн, уг газраа гуравдагч этгээд С.Ад шилжүүлсэн нь хуульд нийцсэн төдийгүй ... газрын хэмжээг нэмэгдүүлсэн, байршлыг өөрчилсөн зэрэг нь нэхэмжлэгчид хамааралгүй гэж дүгнэсэн.
Гуравдагч этгээдийн газрын байршлыг 2013 оны А/828 дугаар захирамжаар өөрчилсөн нь нэхэмжлэгчид хамааралгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй болохыг тогтоосон хэрнээ шүүх энэ талаар дэлгэрэнгүй дүгнэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хөндөгдсөн, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах тухай заалтыг буруу тайлбарлаж хэргийг буруу шийдвэрлэх үндэслэл болсон гэж үзэж байна.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүйгээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.2, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхийг зөвхөн газрын давхцалаар дүгнэх нь хэт өрөөсгөл бөгөөд цаг хугацааны хувьд өмнө баталсан төлөвлөгөөндөө нийцүүлэлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил газрыг шилжүүлснээр нэхэмжлэгчийн эрх зөрчигджээ гэж дүгнэсэн. Зөрчигдсөн гэж үзэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх ёстой.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухай зохицуулалт болох Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.2, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтуудыг үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүйгээс шийдвэрийн тогтоох хэсэгт үндэслэл болгосон хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэж шийдвэр гаргахад хүрсэн гэж үзэж байна.
Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д барилгын орчны тохижилт" гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийгхэлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.2.2-т барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх, 10 дугаар зүйлийн 10.1.4-д гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эзэмшлийн газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан байх тухай тус тус заасан.
Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дахь хэсэгт Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж заасан байна.
Дээр дурдсан хуулийн заалтуудад барилга, байгууламж барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд барилгын орчны тохижилтыг эзэмшилд олгосон газарт багтаан хийж, газрын тухай хууль тогтоомжийг зөрчилгүйгээр тухайн газрын 70 хувиас илүүгүй газарт барилга байшин барихаар хуульчилсан байна.
Уг захиргааны хэрэг нь барилгын хэсэгчилсэн төлөвлөгөө нь бусдын эзэмшил газартай давхацсан тухай маргаан байх тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан.
Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:
Гуравдагч этгээд С.А нь шүүхэд гаргасан тайлбартаа анх газар эзэмшүүлснээс хойш уг газрыг эзэмших хүртэл их хэмжээний хөрөнгө гаргаж хохирол учирсан /газрын дуудлага худалдааны үнэ, зөрүү газрын дуудлага худалдааны анхны үнэ, зураг төсөл боловсруулахад гарсан зардал зэрэг/ болохоо нотолсон нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хууль зөрчин хийлгэж, хэрэгжүүлсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хөндсөн болохыг дүгнээгүйгээс гадна гуравдагч этгээдэд анх газар эзэмшүүлснээс хойш маргаж буй газрыг эзэмшүүлэх хүртэл учирсан хохирол, зардлын талаарх нотлох баримтыг үнэлээгүй, дахин газрын байршлыг зөөснөөс гуравдагч этгээдэд учирч болох хохирлыг харгалзан үзээгүй.
Харин батлагдсан ерөнхий төлөвлөгөө ёсоор хотхоны /үүнд эзэмшүүлсэн газарт үл хамаарах хэсгийг мөн оруулсан/ баруун, зүүн, хойд талын авто зогсоол, зам, орц гарц бүхэлдээ хийгдсэн байна. ... хийгдсэн бүтээн байгуулалтыг зөвхөн газрын дахцалгүй гэдгээр үгүйсгэж, ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай гэж хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэсэн нь хэт нэхэмжлэгчийн талыг баримтлан шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасан үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс гаргасан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж групп ХХК нь 4700 м.кв, ХЭБА трейд ХХК нь 1370 м.кв газрыг тус тус эзэмших эрх олгосон байх бөгөөд уг газар дээрээ хамтарч Гэгээнтэн үйлчилгээний зориулалттай цогцолбор барилга барьсан нь маргаж буй газартай давхцаагүй, харин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Гэгээнтэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу автомашины зогсоол, орц, гарц барьсан болон мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй сагсны талбай болон хаяг байрлуулах хана гэх зэрэг бүтээн байгуулалт хийсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдож байна.
Гуравдагч этгээд С.Ад анх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд дэлгүүр, нийтийн бие засах газрын зориулалтаар 80 м.кв газрыг дуудлага худалдаагаар эзэмшсэн Ц.Батпүрэвээс газар эзэмших эрхийг нь шилжүүлэн авсан боловч тухайн газарт болон байршлыг шилжүүлсэн газруудад тодорхой шалтгааны улмаас барилга барих боломжгүй болсон тул Нийслэлийн Засаг дарга 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар уг маргаж буй байршилд 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр яагаад эзэмших эрх бүхий газраас нь илүү төлөвлөгдсөн, уг төлөвлөлтийн дагуу баригдсан болон төлөвлөгдөөгүй бүтээн байгуулалтууд нь хуульд нийцэж байгаа эсэх, тэдгээрийн аль хэсэг нь ямар байдлаар гуравдагч этгээдэд олгосон газартай давхцаж байгаа, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулалгүй нийтийн эдэлбэрт хамаарах газар гэж үндэслэлгүй дүгнэлт хийж маргаан бүхий акт бүхэлдээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Түүнчлэн гуравдагч этгээд нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хууль ёсоор олж авсан 80 м.кв газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс Нийслэлийн Засаг дарга байршлийг удаа дараа шилжүүлсний эцэст уг газрыг эзэмшүүлж иргэний хууль ёсоор олгогдсон газар эзэмших эрхээ эдлэх боломж олгосон байдлыг харгалзан үзэлгүй С.Агийн газар эзэмших эрхийг дахин шинээр акт гаргах байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар эзэмшүүлэхэд баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй байна.
Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслийг батлахдаа тэдгээрийн эзэмшиж буй газрын хэмжээнээс илүү гаргаж төлөвлөх зайлшгүй шаардлагатай байсан эсэх, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь Гэгээнтэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөсөн хэсэгтэй хэрхэн давхцсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр маргаан бүхий акт бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн эсэхэд дүгнэлт хийж, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ