Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00001

 

“..банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01313 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1314 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “..банк” ХХК

          Хариуцагч: Г.О-

          Хариуцагч: А.Б-

          Зээлийн гэрээний үүрэгт 29,489,491 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар, хариуцагч Г.О-, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Б-, Г.О- нар нь ..банк ХХК-тай 2016-08-09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 28сая төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зорилгоор байрны урьдчилгаа зориулалтаар авсан. Банк 2016-08-09-ний өдөр А.Б-ын ..банк дахь дансанд 28сая төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу зээл олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,595,020.72 төгрөг, зээлийн хүүд 5,690,111.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,088.99 төгрөг төлсөн. Гэвч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018-03-21-ны өдрөөс төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тооцвол хугацаа 524 хоногоор хэтэрсэн байна. Банкны зүгээс зээл төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөгдөөгүй байна.  Зээл төлөгдөхгүй байгаа тул гэрээний 5-д заасны дагуу Банк 2019-03-12-ны өдрөөр гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 22,404,979 төгрөг, 2019-03-12-ны өдрийн байдлаар хүү 6,811,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,366 төгрөг, нийт 29,499,293.28 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн боловч 9802 төгрөгөөр шаардлагаа багасгаж, 29,489,491 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Хариуцагч нар гэр бүлийн хүмүүс тул нэхэмжлэлийн үнийн дүнг хувааж хариуцуулахгүй гэжээ.

         Хариуцагч нар тайлбартаа: 2016-08-09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. банк ХХК-д цалин барьцаалан 28 сая төгрөгийн зээл авсан. Үүнээс үндсэн зээл 5,595,020.72 төгрөг, хүү 5,690,111.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,088.99 төгрөг төлөгдсөн байна. 2019-03-12-ны өдөр Замын-Үүд сумын ..банк ХХК-тай уулзахад 29,499,293.29 төгрөг болсон байна гэсэн. Бидний зээлийн нийт үлдсэн төлбөр 22,404,979 төгрөг байгаа тул 6,818,125 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ хариуцсан хүн нь өөрчлөгдсөнийг мэдээгүй, бидэнд бас мэдэгдээгүй. Банкны хариуцлагагүй байдал нөлөөлсөн тул хүүг хариуцахгүй гэж бодож байна. Тухайн мөнгийг байрны урьдчилгааны зориулалтаар авсан ч Жи тайм гэх сүлжээний бизнест өгөөд алдсан. Банкнаас авсан зээлээ төлөхгүй гэж маргахгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 22,404,979 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. 2 жилийн хугацаанд хувааж төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 184/ШШ2019/01313 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар А.Б-, Г.О- нараас 29,489,491 төгрөг гаргуулж .. банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 305,397.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,446.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1314 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 928 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

         Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бид ..банкнаас зээл нэрээр анх 28 сая төгрөг авсан гэх бөгөөд эргэн төлөлт 5,595,020.72 төгрөг төлсөн байх ба анх мөнгө авахад 5сая төгрөг дутуу орсон. Гэрээ хийгээгүй, Ханбанк авч үлдсэн. Анхан шатны шүүх хуралд хариуцагч талаас хүн оролцоогүй, ямар нэгэн баримт тайлбар хийх боломж олгоогүй.. ..банк нь хариуцагчид мэдэгдэл хийлгүй ор үндэслэлгүй хүү алданги бодсон нь ..банкны гэрээгээр тогтоож үндсэн төлөлт 5,595,020.72 төгрөг, хүү 5,690,11.57 төгрөг төлсөн. Хэлээгүй бодож төлүүлэхээр шүүхэд хандсан 6,811,146 төгрөг нь үндэслэлгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “..банк” ХХК 2019-03-13-ны өдөр шүүхэд хандаж, А.Б-, Г.О- нараас 2016-08-09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тооцож үндсэн зээлд 22,404,979 төгрөг, 2019-03-12-ны өдрийн байдлаар хүү 6,811,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,366 төгрөг нийт 29,489,491 төгрөг шаардсан байна. 

        Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...үлдсэн төлбөр 22,404,979 төгрөгийг зөвшөөрч байна... зээлийг байрны урьдчилгаа гэж авсан боловч “сүлжээний бизнес”-т өгөөд алдсан...” гэжээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь зөв болжээ. 

       Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, зохигч нар 2016-08-09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж ..банк ХХК нь 28,000,000 төгрөгийг нэг жилийн 20,40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлүүлэх, А.Б-, Г.О- нар зээлийг хүлээн авч гэрээнд заасан хугацаа,журмын дагуу хүүгийн хамт буцааж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

       Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Иймд хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.

       2. Зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт баримттай байна.

      Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

      ..банк ХХК 2016-08-09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт  28,000,000 төгрөгийг өгсөн, уг мөнгийг зээлдэгч нар хүлээн авсан байх тул зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 451, 236, 211 дүгээр зүйлд нийцнэ. 

      а\. Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016-08-09-ний өдрийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу 2017 оны 10 дугаар сараас хойш зээлийг төлөөгүй тул зээлдэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 206, 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

      Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй. Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

       Хэрэгт авагдсан баримтаар гэрээг цуцалж болохгүй үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч 2019-03-12-ны өдрөөс гэрээг цуцалсан нь гэрээний 5.1.1., Иргэний хуулийн 225 дугар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

        б\. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно. Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

        ..банк ХХК нь 2016-08-09-ний өдрийн гэрээг цуцалсныг буруутгах баримт хэрэгт  байхгүй, үндсэн зээлд 22,404,979 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцжээ. 

       Зээлийн гэрээг цуцлагдсан гэсэн үндэслэлээр шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 22,404,979 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3., 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

        в\. Банкнаас зээл авсан зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг буцааж төлөхдөө гэрээнд заасан бол хүү төлнө. Түүнчлэн, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө. 

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 1.1, 4.1 -д зааснаар хариуцагч нар хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.

       Шүүх зээлийн гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцон хүү 6,811,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,366 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцжээ. 

        г\. 5,000,000 төгрөг дутуу орсон гэх гомдол шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

         Хэрэгт 5,000,000 төгрөгтэй холбоотой ямар нэг баримт байхгүйгээс гадна энэ талаар хариуцагч нар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбар гаргаагүй, мэтгэлцээгүй тул уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нөхцөл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-г зөрчинө.

       д\. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна. 

       Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч талд шүүх хуралдаан 2019-04-25-ны өдрийн 13.30 цагт болох талаар 2019-04-11-ний өдөр /хх65/мэдэгдсэн, хариуцагч Г.О- шүүх хуралдаан хойшлуулах болон нотлох баримттай холбоотой хүсэлтийг 2019-04-25-ны өдөр /хх72/ гаргасан, шүүх хүсэлтийг хэлэлцэж мөн өдөр 184/ШЗ2019/04760  дугаар захирамжаар /хх 73/ шүүх хуралдааныг 2019-05-07-ны өдөр хүртэл хойшлуулжээ. 

        Түүнчлэн, хариуцагч нарын төлөөлөгч Х.Бат-Ялалт 2019-05-07-ны өдөр “хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэж мөн өдөр 184/ШЗ2019/05264 дугаар захирамжаар /хх 82/ шүүх хуралдааныг 2019-05-21 -ны өдөр хүртэл хойшлуулсан байна.  

        Шүүх хуралдаан 2019-05-21-ний өдөр болох тухай хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад 2019-05-07-ны өдөр мэдэгдсэн /хх 83/ байх бөгөөд 2019-05-21-ний өдрийн хуралдаанд хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй байна.        

        Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч тал 2019-05-21-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

        Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.                                                                                   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01313 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1314 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 193,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ