| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0114/Э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 274
О.И-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гантулгабат,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч О.И-гийн гаргасан давж заалдах гомдлоор О.И-д холбогдох 1806090792210 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө овгийн О-ын И-, 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэрэг мэргэжилтэй, Төрийн ордны ёслолын албанд гэрээт гэрэл зурагчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагч Х.Э-гийн хамт Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ....... тоотод түр оршин суудаг гэх, /РД:...../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;
О.И- нь 2018 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Залуус” хотхоны 517 тоотод хамтран амьдрагч Х.Э-г зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.И-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.И-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.И-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар О.И-д мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.И-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.И- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, О.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.И- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн болчимгүй байдлаасаа болж дахин гэмт хэрэг үйлдсэн ба хамтран амьдрагчтайгаа маргаж, түүнд хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 500.000 төгрөгөөр торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Би өөрийн үйлдэлдээ туйлын ихээр харамсаж байгаа бөгөөд сүүлийн гэмт хэрэгт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин Баянзүрх дүүргийн шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ялыг бүгдийг оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул энэ зүйл хэсгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж хамгийн бага хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. ...” гэжээ.
Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан. Хэдийгээр хуульд нэгтгэж эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох агуулгатай ч энэ төрлийн гэмт хэргийн шинж, онцлогийн тухайд хорих ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн зорилгод нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь, эрүүгийн хариуцлагын зорилго нь зөвхөн тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэх ёстой боловч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт торгох ял оногдуулж байгаа нь гэр бүлийн гишүүдийг нь давхар шийтгэх нөхцөл байдлыг шууд бий болгож байна. Өөрөөр хэлбэл, уг шийтгэх тогтоолын 4 дэх заалтад хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан торгох ялыг хорих ялаар дүйцүүлж нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг тогтоох нь зохистой гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар буюу О.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хорих ялаар дүйцүүлж мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолгохоор бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна. Тодруулбал;
Шүүгдэгч О.И- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Залуус” хотхоны 517 тоотод хамтран амьдрагч Х.Э-г алгадан, үснээс нь зулгааж, гар утасны цэнэглэгчээр ороолгон түүний биед зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун гуя, зүүн шуунд зулгаралт, баруун гарын 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх О.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.И-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхдээ “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хууль зүйн үр дагаврын хувьд шүүгдэгчид илүү ашигтай” гэсэн дүгнэлтийг хийсэн хэдий ч тодорхой үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, ялуудыг тус тусад нь эдлүүлснээр шүүгдэгчид ямар ашигтай үр дагавар бий болохыг дүгнээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” заалтыг хэрэгжүүлэхэд зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.И- нэг жилийн хорих ялыг биечлэн эдэлж байгаа тул торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч болох юм.
Прокурор Ц.Гантулгабатын “...О.И-д оногдуулсан торгох ялыг хорих ялаар дүйцүүлж нэмж нэгтгүүлэх...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийн тухайд, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлэх эрх хэмжээтэй байсан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж, Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор дүгнэлтийг хүлээн авсан тул давж заалдах шатны шүүх ялуудыг нэмж нэгтгэн хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд ялыг хүндрүүлсэн үндэслэлд хамаарч хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн зөрчил болохоор байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч О.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний “...6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.И-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл О.И-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН