Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2020/0043

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Т.Б  С.Е  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

            “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолын 4, 6, 7, 9, 11, 12 дугаар багт /тойрогт/ ногдох мандатын тоог тогтоосон хэсгийг хүчингүй болгож, уг багуудад /тойргуудад/ ногдох  мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь,газар нутгийн хэмжээ, байршил  зэргийг харгалзан дахин тогтоохыг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Т.Б, тус сумын оршин суугч С.Е нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т би дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоосон байна. Сумын багуудыг тойрог болгон байгуулж, мандатын тоог тогтоохдоо ямар нэг судалгаагүйгээр нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзахгүйгээр баталсан нь хууль бус болжээ. Үүнээс болж нэхэмжлэгчдийн багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдох мандатын тоо харьцангуй адилгүй, шударга бус болжээ. Нэхэмжлэгчид нь  6, 7 дугаар багаас нэр дэвшихээр болж урдаас бэлтгэгдсэн байхад тухайн баг, тойргийн мандатын тоог хууль бусаар багасгаж тогтоосноос болж Ардчилсан намаас нэр дэвших эрхгүй болж байна. Учир нь Ардчилсан намаас баг тус бүрт өрсөлдөх, нэр дэвших хүмүүсийг эрэмбэлэх бөгөөд нэхэмжлэгчид нь тус багт эрэмбэлэгдэж байгаа хүмүүсийн 3-т байгаа юм. Өөрөөр хэлбэл 6, 7 дугаар баг, тойрогт хүн амын тоог харгалзан тус тус 3 мандат олгохгүй бол нэхэмжлэгчид намаасаа нэр дэвших эрхгүй болох юм. Нөгөө талаар 6, 7 дугаар багт албан ёсны бүртгэлтэй нэхэмжлэгчид тус багаас сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрх нь зөрчигдөх юм байна. Өөрөөр хэлбэл иргэд төрийн үйл хэрэг төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохдоо адил тооны төлөөлөлтэй байх ёстой бөгөөд 6, 7 дугаар багаас сонгогдох төлөөлөгчийн тоог хууль бусаар бага тогтоосон нь нэхэмжлэгчдийн эрхийг зөрчихөөр байна.Тус сумын 4 дүгээр багийг хувааж 4 болон 11 дүгээр баг болгосон, 9 дүгээр багийг хувааж, 9 болон 12 дугаар баг болгон тус тус өөрчилсөн юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мандат хуваарилахдаа 4, 9 дүгээр багийн хүн амын тоог хуучнаараа тооцож, илүү мандат олгосон нь шударга бус болжээ. Тухайлбал, 9 дүгээр багт 6 мандат, 4-р багт 3 мандат, 11, 12 дугаар багт тус бүр 2 мандат олгох ёсгүй бөгөөд илүү мандат олгосон.Бодит байдлаараа тогтоолын хавсралтад бичсэн  сонгогчийн тоо нь буруу байна. Тэгээд ч хуульд зааснаар мандатын тоог хуваарилахдаа сонгогчийн тоог биш хүн амын тоог харгалзана гэснийг зөрчиж, сонгогчийн тоогоор мандат хуваарилсан нь хуульд нийцээгүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох мандатыг хуульд зааснаар хуваарилаагүйгээс болж тус сумын багт оршин суудаг нэхэмжлэгчдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь төлөөлөл нь багасаж, төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө оролцох боломж нь хомстох юм. Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Бекет, болон С.Ерболат нар нь өөрсдийнхөө харьяалалтай багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшихээр бэлдэж байгаа бөгөөд тэдний багийн тойрогт ногдох мандатын тоог тэгш бус хуваарилснаас болж тэдний сонгогдох эрх нь зөрчигдөж байна. Мөн тус сумын багийн иргэд адил тооны төлөөлөгч сонгох эрхтэй бөгөөд өөрсдийнхөө сонгож авсан төлөөлөгч нараар дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхтэй юм. Гэтэл мандатыг хуваарилахдаа хүн амын тоог харгалзахгүйгээр шударга бус хуваарилсан нь тэдний төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг нь ноцтой зөрчихөөр байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох” тухай 10 дугаар тогтоолоор 4, 9, 11, 12 дугаар багт илүү мандат олгож, 6, 7 дугаар багийн иргэдэд оногдох мандатын тоог 2 болгон дутуу тогтоосон нь  хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож,  Дэлүүн сумын 4, 9, 6, 7, 11, 12 дугаар багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан дахин тогтоохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэлүүн сумын багийн иргэд болон төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа зарим нэгэн хүмүүс Дэлүүн сумын орон нутгийн сонгуулийн мандатын хуваарилалтын тоо тогтоосон Тэргүүлэгчдийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үндэслэл нь хүн амын тоог чухалчлаагүй, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгжийн хуваарь, байршил зэргийг харгалзахгүйгээр хэдэн Тэргүүлэгчид дур мэдэн хандсан учраас тогтоолын тодорхой хэсгийг хүчингүй болгож, хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу тэгш хуваарилахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байгаа. Мөн 16 дугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан.

Төлөөлөн төрийн үйл хэрэгт оролцох эрх нь яаж хэрэгжих вэ гэдгийг авч үзэх ёстой. Ард түмний төлөөллүүдийг хэрхэн яаж сонгох вэ гэдгийг харах ёстой. Хэрэв Баян-Өлгий аймгаас төлөөлөгч сонгохгүй гэвэл ард түмний төлөөлөн удирдах хэрэгт оролцох эрх ашиг сонирхол нь зөрчигдөх үндэслэл болно.Түүнтэй адилхан Дэлүүн сумын 1 багаас хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, засаг захиргааны нэгжийн хуваарийг үл харгалзан Тэргүүлэгчид төлөөлөгч сонгох мандатын тоог батлах юм бол ард түмний, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчинө. Нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөхгүй гэж ярьж байгаа нь ямар учиртай вэ. Иргэд бид нарын төлөөлөл урьд 4 байсан бол одоо 3 болж багасчихлаа гэж маргасан байна. Төлөөллийн учир холбогдол нь тэдний эрх ашиг сонирхлыг нь төрийн үйл хэргийг удирдаж байгаа дээд байгууллагад уламжлах, тэдний эрх ашгийг хамгаалах, төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрхийн хангалтыг хэрэгжүүлсэн систем байгаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заасан. Энэ нь ард түмэнд ногдох мандатын тоог энэ журмаар хуваарилна гэдгийг хуульчилж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөхгүй гэж ярьж байгаа нь  хууль бус. Нэхэмжлэгч нарын төлөөлүүлэх эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа. 6, 7 дугаар  багийн хүн амын тоо маргаж байгаа бусад багаас илүү,  газар нутгийн хэмжээгээр ч илүү, хуваарь байршлын хувьд ч бусдаас илүү байгаа учраас үүнийг харгалзах ёстой байсан. Энэ тогтоолын дагуу сонгууль явуулах юм бол нэхэмжлэгч  нарын эрх ашиг зөрчигдөнө. Тухайн үед намаасаа гарч чадахгүй 4 мандат гарах ёстой байхад 3 мандат болчихсон байвал тэр хүн хэнд гомдох юм вэ. 4 мандатыг 3 болгосонд маргаж байгаа нь үндэслэлтэй. Өмнө нь төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн дахиж төлөөлөгчөөр сонгогдох эрх маань зөрчигдөнө, мөн тус багийн иргэн учраас бидний төлөөлөл багасна гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн тайлбараас харахад, ямар ч хуваарилалт хийж болно, тэрэнд хэний ч эрх ашиг хөндөгдөхгүй гэж тайлбарлаж байгаа  нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Нурбек, Тэргүүлэгчид А.Билимхан, А.Жанарбек, Т.Серик, Д.Хуат, А.Сайфолла нар бид нэхэмжлэгч Т.Бекет, С.Ерболат, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Төлеу нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй  танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б, 20 дугаар зүйлийн 20.1 20.1.2, 20.1.7, 22.1.4, 22.1.7, 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтуудыг тус тус хуульчилсан юм. Иймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий асуудлыг хуралдаанаар хэлэлцэн  асуудлыг олонхын саналаар баталж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргасан гэж үзэж байна. Тус суманд урьд нийт 10 баг үйл ажиллагаа явуулж байсан ба 2016 оны орон нутгийн сонгууль явагдсанаас хойш шинээр 2 баг байгуулагдсан, өөрөөр хэлбэл хуучин 4 дүгээр баг хоёр хуваагдаж 11 дүгээр багийг шинээр байгуулсан, хуучин 9 дүгээр багийг хоёр хувааж шинээр 12 дугаар багийг тус тус байгуулсан юм. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар 27 мандаттай ба шинээр 2 баг байгуулагдсан тул зарим багуудын мандатыг хасах, зарим багуудын мандатыг нэмэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Х.Айдос хуралдаанд оролцоогүй тул тайлбарт гарын үсэг зурахаас татгалзсан болохыг тогтоож байна.

Иймд Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Дэлүүн сумын сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоог тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлага болох Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” 10 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны сонгуулийн мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан дахин тогтоохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгөх тухай” бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12.1-д “Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно" гэж заасан. Иймээс Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шинээр мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоохдоо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан нөхцөл байдлуудыг иш үндэслэл болгосон юм. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлдээ зөвхөн хүн амын тоог харгалзаагүй гэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд "Мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” 10 дугаартай тогтоол гаргахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн юм.

1.Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд олон жилийн турш засаг захиргааны анхны нэгж болох 10 баг үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Дэлүүн суманд шинээр 2 баг нэмж байгуулсан юм. Шинээр байгуулагдсан 2 багийг дараах байдлаар зохион байгуулсан юм. Үүнд хуучин 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, хүн амыг хоёрт хувааж шинээр 11 дүгээр баг, хуучин 9 дүгээр багийн хүн ам, нутаг дэвсгэрийг хоёрт хувааж шинээр 12 дугаар баг тус тус байгуулсан юм. Одоо тус суманд нийт 12 баг үйл ажиллагаа явуулж байна

2.Нэгэнт тус сумд шинээр 2 баг зохион байгуулагдсан учраас урьд 10 багт ногдож байсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох 27 мандатыг дахин өөрчлөх албан ажлын шаардлага гарсан юм. Мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь гэдгийг харгалзах ёстой. Шинээр 2 баг байгуулагдсан учраас хуучин байдлаар мандатын тоог хадгалах боломжгүй гэдгийг нэхэмжлэгч нар ойлгох байх. Шинээр нэмэгдсэн 11, 12 дугаар багт мандат өгөх ёстой.

3.Тус сумын 12 багт ногдох 27 мандатын тоог тогтооход урьд тус 3, 5,6, 7 дугаар багуудад ногдох мандатын тоог хөндөөгүй хуучнаар тогтоосон юм. Хуучин 1 ба 4 дүгээр  багаас нэг, нэг мандатыг хасаж шинээр байгуулагдсан 11 дүгээр багт 2 мандатыг хуваарилсан. Хуучин 2, 10 дугаар багуудаас нэг, нэг мандатыг хасаж, шинээр байгуулагдсан 12 дугаар багт 2 мандатыг хуваарилсан юм. Хуучин 9 дүгээр баг 5 мандаттай байсныг нэгээр нэмэгдүүлэн 8 дугаар  багаас 1 мандатыг нэмсэн юм. Дэлүүн сумын 8 дугаар багт ногдож байсан 2 мандатаас 1 мандатыг хасаж, тус сумын 9 дүгээр багт нэмж 1 мандат өгсөн асуудлаар Дэлүүн сумын 8 дугаар багийн иргэд болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учраас энэ асуудалд нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Т.Бекет нь Дэлүүн сумын 6 дугаар багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2016 онд сонгогдсон, нэхэмжлэгч С.Ерболат нь Дэлүүн сумын 7 дугаар багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2012-2016 онд сонгогдож байсан, одоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш юм. Т.Бекет, С.Ерболат нарын сонгогдож байсан Дэлүүн сумын 6,7 дугаар  багуудад 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө хуваарилсан мандатын тоог хөндөөгүй, хуучнаар үлдээсэн тул тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна.Эдгээр хүмүүсийг орон нутгийн сонгуульд намаасаа нэр дэвших юм уу гэдэг асуудал өөрөө тодорхой бус тул эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.Түүнчлэн 8 дугаар баг сумын төвөөс 50 км алсад орших ба намар олон айл өрх сумын төвд нүүж ирээд хавар эргээд зусланд очдог юм. Тус сумын 9 дүгээр багт хүн амын төвлөрөл их, бүх аж ахуйн нэгжүүд байдаг учраас 8 дугаар багаас 1 мандатыг хасаж, 9 дүгээр  багт шилжүүлсэн нь амьдралд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Иймд Дэлүүн сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 4 мандатыг шинээр байгуулагдсан 11, 12 дугаар багт , 8 дугаар багаас 1 мандатыг хасаж , 9 дүгээр багт 1 мандатыг нэмсэн асуудал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12.1-д заасан нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, засаг захиргааны нэгж, газар нутгийн хэмжээ, байршил, хүн амын тоог харгалзсан учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эдгээр хүмүүсийн сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн гэж байгаа. Сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн ямар нэгэн шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл Т.Бекет, С.Ерболат нарын сонгуульд оролцох эрхийг хасаагүй. Сонгогдох эрхийн хувьд  ард түмэн сонгоно, олонхын санал авсан хүн сонгогдоно. Тэднийг Хурлын Тэргүүлэгчид сонгохгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий  захиргааны акт болох Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Монгол улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.3, 25 дугаар зүйлийн 25.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12  дугаар зүйлийн 12.1, 12.5-д заасныг тус тус үндэслэн  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулан, сонгуулийн тойрог бүрд ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг  тогтоосон[1] байна.

Нэхэмжлэгч талаас сонгуулийн тойргийн тоо болон нийт мандатын тооны талаар маргаагүй бөгөөд Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолын 4, 6, 7, 9, 11, 12 дугаар багт /тойрогт/ ногдох мандатын тоог тогтоосон хэсгийг хүчингүй болгож, уг багуудад /тойргуудад/ ногдох  мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь,газар нутгийн хэмжээ, байршил  зэргийг харгалзан дахин тогтоохыг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  даалгах” шаардлагатай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Тус сумын 4 дүгээр багийг хувааж, 4 болон 11 дүгээр баг болгосон, 9 дүгээр багийг  хувааж, 9 болон 12 дугаар баг болгон өөрчилсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мандат хуваарилахдаа 4,9 дүгээр  багийн хүн амын тоог  хуучнаараа тооцож,  илүү мандат олгосон нь шударга бус болжээ.Тухайлбал, 9 дүгээр багт 6 мандат, 4 дүгээр багт 3 мандат,11,12 дугаар багт  тус бүр2 мандат олгох ёсгүй бөгөөд  илүү мандат олгосон. ... хуульд зааснаар  мандатын тоог хуваарилахдаа сонгогчийн биш  хүн амын  тоог харгалзана гэснийг зөрчиж,  сонгогчийн тоогоор мандат хуваарилсан нь хуульд нийцээгүй байна.  ...С.Ерболат, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Бекет нар нь өөрсдийн харьяалалтай багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшихээр бэлдэж байгаа  бөгөөд тэдний тойрогт  ногдох мандатын тоог тэгш бус хуваарилснаас болж тэдний сонгогдох эрх зөрчигдөж байна. Мөн тус сумын багийн иргэд адил тооны төлөөлөгч сонгох эрхтэй бөгөөд өөрсдийнхөө сонгож авсан төлөөлөгч нараар дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхтэй юм. Гэтэл мандатыг хуваарилахдаа  хүн амын тоог харгалзахгүйгээр шударга бус хуваарилсан нь тэдний төрийн үйл хэрэг төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг нь ноцтой зөрчихөөр байна” гэж тодорхойлж маргажээ.

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ”Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр байна”, 11.2-т “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана”, 12 дугаар зүйлийн  12.1-т “Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.5-д ”Сумын баг бүр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “сумын Хурал” гэх/-ын сонгуулийн тойрог болно” гэж  тус тус  зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр  болох тухайн сумын нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдах бөгөөд ингэхдээ  сумын баг бүр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог болохоор тусгайлан заасан, ийнхүү тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрэг 4 нөхцөлийг харгалзан үзэх талаар хуульчилжээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, 3.4-т “Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн” , 4 дүгээр зүйлийн  4.2-т “Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ”, 10 дугаар зүйлийн  10.3-т “Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:  10.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27” гэж тус тус заасан.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Хүйтэн буйр, Шинэ айл  гэсэн 2 багийг  шинээр байгуулж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоолоор багуудын хилийн цэсийг баталснаар Дэлүүн сум нь засаг захиргааны нэгжийн хувьд  12 багтай болсон байх ба тус сум нь 7000 гаруй  хүн амтай  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож[2] байна.

Маргаан бүхий тогтоолоор Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог 27-оор тогтоож, сумын 12 багийг сонгуулийн  12 тойрог болгон байгуулсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байх ба  27 мандатыг уг тойргуудад хуваарилахдаа маргаан бүхий багууд /тойргууд/  буюу 4 дүгээр багт ногдох  мандатын тоог 3, 9 дүгээр багт ногдох  мандатын тоог 6, 11 дүгээр багт  ногдох мандатын тоог 2, 12 дугаар багт ногдох мандатын тоог 2, харин нэхэмжлэгч нарын оршин суугчаар бүртгүүлсэн 6, 7 дугаар багт  ногдох  мандатын тоог тус бүр 2 гэж  тогтоон баталжээ.

Дэлүүн сумын хүн амын тоог багаар нь гаргасан статистикийн мэдээлэл[3], Баян-Өлгий аймгийн баг тус бүрийн сонгогчдын тоо[4],  Дэлүүн сумын багуудын байршлыг харуулсан зураг[5] гэсэн хариуцагчаас  ирүүлсэн  нотлох баримтууд болон аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс ирүүлсэн Дэлүүн сумын хүн амын тоог баг тус бүрээр гаргасан мэдээлэл, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн Дэлүүн сумын багуудын газар нутгийн хэмжээ, байршлыг харуулсан хилийн заагийн зураг зэрэг нотлох баримтуудаас[6] үзэхэд  тус сумын 4 дүгээр багийн хувьд хүн амын тоо нь 6, 7 дугаар багийн хүн амын тооноос бага боловч  газар нутгийн хэмжээний хувьд 7 дугаар багаас их, 9 дүгээр багийн хувьд  хүн амын тоо хамгийн их бөгөөд газар нутгийн байршлын хувьд сумын төвд байрладаг,  шинээр байгуулагдсан 11, 12 дугаар багийн хувьд  хүн амын тоо, газар нутгийн хэмжээний хувьд  6, 7 дугаар багаас бага боловч байршлын хувьд сумын төвд ойрхон байрладаг болох нь  тус тус тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл  хуульд зааснаар дээрх 4 нөхцөлийг харгалзан үзэх тохиолдолд Дэлүүн сумын 6,7 дугаар багт /тойрогт/  тооны хувьд бага мандат хуваарилсан,  маргаж буй бусад багуудад /тойргуудад/ илүү мандат хуваарилсан гэж үзэх боломжгүй байна.

 Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сумын 4, 9 дүгээр  багийн хүн амын тоог  хуучнаар нь тооцсон, ...хуульд зааснаар  мандатын тоог хуваарилахдаа сонгогчийн биш  хүн амын  тоог харгалзана гэснийг зөрчсөн” гэж  маргасан боловч мандатын тоог тогтоохдоо сонгогчийн тооноос гадна хүн амын тоог харгалзсан бөгөөд  4, 9  дүгээр  багийн  хүн амын тооны хувьд 2020 оны эхний улирлын  байдлаар тус сумын  хүн амыг тоог багуудаар гаргасан  статистикийн мэдээллийг үндэслэсэн болох нь Тэргүүлэгчдийн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл[7] болон хариуцагчийн ирүүлсэн нотлох баримтуудаар[8] тус тус нотлогдож байна.

Иймд Аймаг, нийслэл, сум , дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд  сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох буюу мандат хуваарилахад  хүн амын тооноос гадна өөр бусад  нөхцөл байдал болох  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн хуваарь, газар нутгийн  хэмжээ, байршил зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан ба  дээр дурдсан Тэргүүлэгчдийн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн ирүүлсэн нотлох баримтуудаар Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуульд заасан эдгээр  бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  шийдвэр гаргасан нь нотлогдож байгаа, өөрөөр хэлбэл хариуцагч нь уг  4 нөхцөл байдлыг  харгалзахгүйгээр  тус сумын Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Дээрх байдлаар  10 багтай байсан Дэлүүн суманд Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр  2017 онд  2 баг  буюу засаг захиргааны нэгжийг шинээр нэмж байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.14-т заасан  “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд 27  мандатыг сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 тойрогт хуваарилсан 10 дугаар тогтоолыг гаргасан, ингэхдээ  хуульд заасан журмын дагуу  хуваарилаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийг  хууль бус шийдвэр гаргасан гэж буруутгах боломжгүй байна.  Иймээс уг маргаан бүхий захиргааны актыг  нутгийн өөрөө удирдах байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар дугаар зүйлийн 1-д заасан “...асуудлыг бие дааж шийдвэрлэх...” эрхийн хүрээнд, хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр гэж дүгнэлээ.

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй”, 5.2-т “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж  тус тус заасан.

Нэхэмжлэгч нар болох Т.Бекет, С.Ерболат нарын хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд сонгогдох эрх  нь нээлттэй, өөрөөр хэлбэл  тэд нарын оршин суугчаар бүртгүүлсэн Дэлүүн сумын 6, 7 дугаар багт /тойрогт/ тус бүр 2 мандат хуваарилсан байгаа, энэхүү   хуваарилалт  нь бусад бүх нэр дэвшигч нам, эвсэл, бие даагч нарт  бүгдэд адил үйлчилсэн, тэгш эрхийн зарчмыг зөрчөөгүй байх тул сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог хуваарилсан маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын сонгогдох эрх зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй байна.

Сонгох эрх, төлөөлүүлэх эрхийн хувьд хуульд заасан 4 нөхцөлөөс  аль нэг нөхцөлийг давамгай авч үзэж, тухайлбал  зөвхөн хүн амын тоог үндэслэн мандатын тоог хуваарилахаар хуульчлаагүй, дээрх байдлаар  4 нөхцөлийг харгалзсаны үндсэн дээр  сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор  заасны дагуу Дэлүүн сумын 6, 7 дугаар багт тус бүр 2 мандат хуваарилсан,нэхэмжлэгч нар нь  тус багуудын оршин суугч иргэний хувьд  2 төлөөлөгч сонгох эрхтэй, улмаар сонгогдсон 2 төлөөлөгчөөрөө уламжлан  төлөөлүүлэх эрх нь нээлттэй  тул  маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын сонгох эрх зөрчигдөж байна гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт,  энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох ёстой бөгөөд  эдгээр нөхцөл хангагдаагүй тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар  Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, энэ шийдвэр нь холбогдох хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1, 12.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Бекет,  С. Ерболат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Төлеугийн “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолын 4, 6, 7, 9, 11, 12 дугаар багт /тойрогт/ ногдох мандатын тоог тогтоосон хэсгийг хүчингүй болгож, уг багуудад /тойргуудад/ ногдох  мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил  зэргийг харгалзан дахин тогтоохыг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ

 

 

 

[1] Хэргийн 21-22-р хуудас

[2]Хэргийн 17-18,43,61-73,76,77,87-р хуудас

[3]Хэргийн 43-р хуудас

[4]Хэргийн 28-30-р хуудас

[5]Хэргийн 31-р хуудас

[6]Хэргийн 32-33,75-76-р хуудас

[7]Хэргийн 23-25-р хуудас

[8] Хэргийн 28-30, 31,43-р хуудас