| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0033/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/40 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/40
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А* даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б*,
улсын яллагч А.Б*,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ж* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2031003240150 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, *1 дүгээр байрны * тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр
шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Хуст нарийн гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид 4,024,044 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “Яллах дүгнэлтэд авагдсан 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийнэ гэдэг байдлаар гэрээ байгуулсан. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр талбай руугаа орсон. Ингээд 08 дугаар сарын 20-ны өдөр мэргэжлийн хяналтын акт тодорхойгүй хугацаагаар тавигдсан. Энэ шалгалтын хүрээнд 08 дугаар сарын 25-ны өдөр От тухайн мэргэжлийн хяналтын акт очсон байдаг. Энэ хоорондох хугацааг тоолоод үзвэл 6 хоног байдаг. Нөхөн сэргээлт хийх гэрээ нь хүчин төгөлдөр байсан хугацаа ердөө л 6 хоног байсан. Үүнээс хойш ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй. 09 дүгээр сарын 21-ний өдөр экологийн шалгалт ирэхэд ямар ч ажилтан байгаагүй бүгд тараад явсан байсан. Учир нь гэрээ цуцлагдсан. Би ерөнхийдөө тухайн гэрээг ойлгохдоо нөхөн сэргээлт юм чинь нэг бол сумаас санхүүжилт авах ёстой эсвэл хаягдал шороо ашиглаад тэндээсээ зардал мөнгөө нөхнө гэж бодсон. Гэрээ цуцлагдсан учраас ямар ч эх үүсвэр байхгүй болсон. Тэгээд санхүүжилт байхгүй учраас ажилчдаа явуулсан. 09 дүгээр сарын 21-ний өдөр экологийн цагдаагийн газраас шалгалт ирсэн. Тэд нарыг ирэхэд ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, усан буу нь мэргэжлийн хяналтын лац тэмдэгтэйгээ байсан. Г******* мэдүүлэг дээр “мэргэжлийн хяналтын лац байхгүй байсан байхаа” гэсэн тайлбар хэлсэн байсан. Тэрийг бол Г тухайн үедээ анзаараагүй байсан байж магадгүй. Мэргэжлийн хяналтын акт дээр лац хийсэн талаарх зүйлсүүдийг бүгдийг тусгасан. Экскаватор зэргийг би түрээсэлж байсан. Тухайн үед техникийн эзэд нь экскаватораа цоожлоод яваад өгсөн. Тэгэхээр тэр лацыг хараагүй байх магадлалтай юм. Тухайн лац нь намайг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг баталж байгаа юм. Сумын засаг даргын тамгын газарын дарга, мэргэжлийн хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, экологийн цагдаа нар нь бүгдээрээ ирж цуцалсан актаа танилцуулсан. Тайлбар хэлэхдээ “эх үүсвэр тодорхойгүй тул цуцалж байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “цуцалж байгаа бол би гаръя” гэж хэлсэн. Тэгсэн чинь “ажлаа дуусгаж байж явах ёстой үгүй бол сумын постоор техникүүдийн чинь гарахгүй” гэж хэлсэн. Надад хөрөнгийн эх үүсвэр юу ч байгаагүй. Тэгээд техник хэрэгсэл зэргээ үлдээсэн. Баахан техник түрээсэлсэн учраас эзэд нь буцаагаад надаас техникүүдээ нэхэж эхэлсэн. Гэтэл постоор тухайн техник хэрэгслүүдийг гаргахгүй байсан. Заавал нөхөн сэргээлтээ хийж дуусгасны дараа явж болно гэж хэлсэн. Яах аргагүй хүнээс мөнгө зээлээд эх үүсвэрээ бий болгож ажлаа эхэлсэн. Ажлаа эхлээд 6 хоног болж байхад “CAT”загварын машин нь эвдэрчихсэн байсан. Тэгээд тухайн машинд хэрэгтэй болсон техник хэрэгслүүдийг шинээр худалдаж авч өгсөн. Санхүүжилт байхгүй учраас манай нөхөр И, төрсөн ах Д нар өөрсдөө техникийн эздээс нь зөвшөөрөл аваад өөрсдөө нөхөн сэргээлтээ хийж эхэлсэн. Овоолсон шороо, нүх зэргийг бүгдийг нь дүүргэж тэгшилсэн. Яг өөрсдийнхөө талбайг заалгаж аваагүй учраас тэр аманд байгаа бүх нүх сүвийг бөглөж нөхөн сэргээлт хийсэн. Ганцхан 0,08га гэж заагаад байгаа талбайнаас өөр ч газруудад нөхөн сэргээлт хийсэн. 0,08га гэж хэлээд байгааг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл “Эко инженеринг” дүгнэлт гаргахдаа дрон нисгэж зураг авсан. Тухайн авсан зураг нь нөхөн сэргээлт хийж байх явцад зургийн аваад дуусаагүй байгаа талбай дээр дүгнэлт гаргаж хохирол тооцсон байдаг. Хохирол гаргасан газруудыг бүгдийг нь нөхөн сэргээлт хийсэн. Мөн үнэхээр хохирол гэж үзээд байгаа юм бол миний хувьд нөхөн сэргээлт хийж хохирлоо барагдуулсан гэж үзнэ. Г гэдэг хүний мэдүүлэг дээр “нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөөгүй” гэж тайлбар хэлсэн байсан. Миний хувьд нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгсөн. 28-ны өдрийн захирамж дээр Мөнхтулга, Г нар хяналт тавьж ажиллана гэсэн үүрэг байсан. Акт үйлдэж гаргах ёстой гэсэн зүйл байгаагүй. Тийм учраас хянуулаад гаргасан. Акт дээрээ тусгасан байсан бол тэрийг нь дагаж мөрдөөд гарах байсан. Энэ хоёр хүний аль нэгд хүлээлгэж өгөөд постоор техникээ гаргаж болно гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлт дээр байгаа 4,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Учир нь эвдэгдсэн гэж үзээд байгаа талбайд нөхөн сэргээлт хийгээд гаргасан. Би гэрээний дагуу эвдэгдсэн газар л орсон. Би болсон болоогүй гэрээ хийгээд халхавчлах зорилготой байсан бол эрүүл газар ухах байсан. “Эко инженеринг” гаргасан дүгнэлт дээр урьд өмнө нь эвдэгдэж байсан газар 2018 оны 04 сарын байдлаар google мийт гэдэг программаас шүүхэд аль хэдийн эвдээд орчихсон газар байсан. Тэгэхээр би гэрээний үүргээ зөрчөөгүй харин ч дагаж мөрдөөд эвдэгдсэн газар орсон. Гол гэрээн дээр алдсан зүйл нь эх үүсвэрээ яаж тооцсон бэ? гэж асуухад нь өөрийн хөрөнгөөр гэж хэлээд гэрээ дээр хавсаргасан. Гэтэл өөрийн хөрөнгө гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бэ? гэж асуухаар нь техник хэрэгсэл бүх зүйлс нь надаас гарч байгаа учраас өөрийн хөрөнгө гэж бичсэн. Тэгээд зардлаа яаж тооцоод байгаа юм бэ? гэж асуухаар нь би тэр үедээ “өө тийм байна шдэ” гэж бодоод өнгөрч байсан. Би тэрийг өөрөө бодохдоо хаягдал шороо, хэрэггүй болсон зүйлсийг янзлаад зардлаа тооцно гэж ойлгоод яваад байсан. Дээрх үндэслэлээр үйл ажиллагааг маань түр зогсоосон. Харин хажууд үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс нь бүр ам алгасаад үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед хэмжилт хийгээд явсан. Харин анхны акт дээр энэ байдлыг тусгасан бол би эрүүгийн хэрэгт холбогдох байсан. Гэрээний заалтыг дагасан. Эвдэгдсэн газар гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. 6 хоногийн хугацаатай байсан О бид хоёрын дунд байгуулсан гэрээ нь хөндлөнгийн хүмүүс хараад ойлгохгүй, ойлгох хугацаа ч байгаагүй. Гын мэдүүлэг хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна. Гол нь цаг хугацааны хувьд 6 хоногт үйл ажиллагаа явуулсан, бусад үед явуулаагүй. 10 сарын дундуур хөрөнгийн эх үүсвэрээ өөрөө бүрдүүлж, хүнээс зээлж мөнгө олоод нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дуусгаад хүмүүст нь техник хэрэгсэл бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Тэр хүмүүс нь өөрсдөө ямар ч гомдолгүй гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. О намайг өдөр, шөнөгүй дарамталж байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Л.Б 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие төрийг төлөөлөн, хохирлыг нэхэмжлэх үүрэг хүлээж оролцож байна. Байгаль экологид учирсан төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Л.С 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 8 дугаар сарын сүүлээр манай манай кемпээс урд зүгт 150 орчим метр байх урд нь ашигласан талбайгаас шороо авч олборлолт явуулсан. Манайх шороо зөөх 2 ширхэг Норд загварын тээврийн хэрэгсэл, 2 ширхэг экскаватор, 1 ширхэг усан буу, 1 ширхэг дизель хөдөлгүүртэй. Манай байгууллагад 5 хүн ажилладаг...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч М.Дбатын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Бид нар ажиллаад 3-4 хонож байхад аймаг, сумаас шалгалт ирээд 2 ширхэг түрээсэлсэн байсан экскаваторыг лацдаад явсан. Алт олох гэж ухсан. 100*100 орчим метр ухсан. Зөвшөөрөл байгаа гэж манай дүү ******* болон түүний нөхөр И нар хэлсэн болохоор би очиж ажилласан. Гэхдээ би зөвшөөрлийг нь нүдээрээ хараагүй. Манай дүү ******* хариуцаж ажилласан. Над руу залгаад техникээ аваад ир гэхээр нь би 2 машинаа аваад очсон. Миний 2 машинд жолооч байхгүй буюу ажиллаагүй нэгийг нь би өөрөө барьсан. Нөгөөхийг нь И жолоодож байсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Г.Ж 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...2020 ны 7 дугаар сар байх хугацааг нь сайн санахгүй байна. Мандал сумын 4 дүгээр багийн нутагт манай гэрийн ойролцоо дээрх хүмүүстэй тааралдаж танилцсан юм. Тухайн үед дээрх хүмүүс Ялбаг гэх газар бичил уурхайн зориулалттай газар авсан юм. Гэтэл олборлолт хийж болохгүй, нөхөн сэргээлтийн зориулалтаар зөвшөөрөл өгнө гээд байна, таньдаг хүн байна уу туслаач гэсэн. Тэгэхээр нь би өөрийн найз болон “Т” ХХК-ийн захирал М.Т гэх хүнтэй холбогдоод нөхөн сэргээлтийн эрхтэй компани байна уу? хүмүүст туслах гэсэн юм гэхэд чамд бол итгэж байна. Манай “Т” ХХК нь нөхөн сэргээлтийн эрхтэй. Чи түүнийг аваад гэрээ хий гэсэн. Тэгээд би *******ийн хамт Улаанбаатар хот руу очиж, Ттай уулзаж түүний “Т” ХХК-ний гэрчилгээг нь *******т өгсөн юм. Тухайн гэрээний талаар өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Н.Тын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний танил Ж нь надад нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрөлтэй компани байдаг гэдгийг мэдээд 2020 оны 08 дугаар сарын орчимд миний 88101044 дугаар луу өөрийнхөө 99190491 дугаараас залгаад компаниа түр өөрт нь ашиглуулах талаар надад хүсэлт гаргасан. Би тухайн үед зөвшөөрөөд өөрийн компаний гарын үсэггүй албан бланк 1 ширхэгийг зөвхөн бусадтай гэрээ байгуулах зорилготойгоор өгөөд гэхдээ гарын үсгииг би зөвхөн өөрөө зурж баталгаажуулна шүү гэж хэлж байсан. Гэрээний төгсгөлд байх гэрээ байгуулсан хэсэгт би гарын үсэг зураагүй” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Э.Оын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Т” ХХК нь тус суманд нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар тус компанийг төлөөлж, Цээгий гээд эмэгтэй байсан. Бүтэн нэрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 08 дугаар сарын эхээр санаж байна. Нөхөн сэргээлт хийх албан хүсэлт, нөхөн сэргээлтийн гэрээний төсөл барьж ирсэн юм. Тухайн гэрээний төсөл дээр ямар нэгэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах талаар заалт байхгүй байсан. Зөвхөн нөхөн сэргээлт явуулах заалттай байсан. Тэгээд би энэ талаар хүсэлтийг нь хүлээн авч, гэрээн дээр нь гарын үсэг зурж баталгаажуулан Цээгий гэх хүнд хандаж ажлын хэсэг очтол ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж болохгүй талаар тайлбарлаж явуулсан. Гэтэл удалгүй Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Титэм Майнинг” ХХК нь хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байх тул гэрээг цуцалсан шийдвэр явуулна уу? гэх утгатай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийн хүрээнд миний бие 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай сумын засаг даргын захирамжаар “Т” ХХК-тай байгуулсан нөхөн сэргээлт хийх гэрээг цуцалсан юм...” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Л.Г******* 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэргийн газар дээр байсан 2 ширхэг экскаватор ямар нэг лац байгаагүй гэж санагдаж байна. Хэрвээ лацтай байсан бол би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгах байсан. Хэргийн газарт алт угаах төхөөрөмж буюу скрубер мотор их бие хоёрыг холбосон байсан. Мэргэжлийн хяналтын газрын лацыг үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Иймээс тухайн хэргийн газарт байсан 2 экскаватор ямар нэг лацгүй байсан...” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай М.Гын 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр ойролцоогоор 25-наас хойш Ялбагийн постонд иргэн ******* гэх 30 орчим насны эмэгтэй надтай уулзаад нөхөрлөлийн журмаар алт олборлоод нөхөн сэргээлт хийнэ, тэр газар нь Бэрлэгт байгаа гэж надад хэлсэн. Мөн удалгүй техник, нөхөн сэргээлт хийх төхөөрөмжөө авчирна гэж хэлээд явсан. Гэхдээ тэр үед ямар нэгэн бичиг баримт үзүүлж харуулаагүй. Дараа нь удалгүй 8 дугаар сарын эхээр М гэх үл таних хүний хамтаар ирээд М нь техник, тоног төхөөрөмж зэргийг хариуцдаг эзэн нь байгаа юм гэж хэлэхээр нь бичиг баримтыг нь шалгахад бүрэн байхаар нь тухайн үеийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Э.Оаас мөн Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хариуцсан хэлтсийн дарга Э нартай утсаа холбогдож асуухад нөхөрлөлийн журмаар үйл ажиллагаа явуулна гэж хэлсний дагуу постоор нэвтрүүлж оруулсан. *******, М.М гэгч нар нийт 3 экскаватор, 1 усан буу, 4 том машинтай Бэрлэгийн цагаан тохойд байх “Мон тэнгэр” ХХК-ний залгаа Ерөө гол талдаа байрласан. Анх орохдоо “Т” нэртэй нөхөрлөлийн бичиг баримт, сумын засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээг үзүүлж нэвтэрсэн. Гэтэл ******* надтай ирж уулзаад олгосон газар нь уулын энгэрт байна. Энэ газраас алт гарахгүй, эрүүл газар байна гэж хэлээд “Хуст нарийн” гэх газарт буусан. Тэгэхээр нь болсон асуудлыг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар болон Э.О нарт хэлэхэд удалгүй аймгийн МХГазрын байцаагч Б ахлуулсан ажлын хэсэг ирж шалгаад явсан. Тэгээд тухайн гэрээг цуцалсан талаар надад аймгаас мэдэгдсэн. Тэр үед би “Т” ХХК нь нөхөрлөл биш Аж ахуйн нэгж гэдгийг мэдсэн. ******* урьд өмнө нь ашиглаад техникийн нөхөн сэргээлт хийсэн газарт очиж үйл ажиллагаа явуулж олборлолт хийсэн. Гэрээ цуцалснаас хойш газар ухаж олборлолт явуулсан. Хамгийн сүүлд гарахдаа техникийн нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгөөгүй явсан...” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Ж.Иын 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр ******* тэнд нөхөн сэргээлтийн ажил авчихлаа, тэнд ажиллах шаардлагатай байна гэсэн. Тэгээд эхнэрийн төрсөн ах Дбат нэг том оврын ачааны машин жолоодох хүн хэрэгтэй байна гэхээр нь би ажилд нь туслах гэж анх 2021 оны 8 дугаар сарын эхээр буюу 7-8-ны үед кемпийн гэр техникүүд зэргээ авч очиход хамт явсан. Тэнд ойролцоогоор 2-3 хоног нүх ухсан. Гэхдээ усан буу ажиллаагүй, ямар нэг аль олборлосон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[10],
11. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/6654 “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Хуст нарийн” нэртэй газарт “Т” ХХК-ийн солбилцол бүхий байршилд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байршилд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талбай нь: Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байна” гэх албан бичиг, зурган мэдээлэл[11],
12. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 8/4535 дугаартай албан бичигт: Танай ирүүлсэн албан бичигтэй танилцаад хариуг хүргүүлж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтад заасныг үндэслэн албан тоотод дурьдагдсан
| № | Уртраг | Өргөрөг | ||||
| Град | Мин | Сек | Град | Мин | Сек | |
| 1 | 106 | 59 | 18.9 | 49 | 4 | 8.8 |
| 2 | 106 | 59 | 18.4 | 49 | 4 | 7.9 |
| 3 | 106 | 59 | 17 | 49 | 4 | 8.2 |
| 4 | 106 | 59 | 17.3 | 49 | 4 | 8.9 |
| S=0.08 га | ||||||
Хүснэгт1 Солбицол
солбилцол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд ашигт малтмал, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл талбайтай давхцалгүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, урсац бүрэлдэх эхийн хилийн бүстэй бүхэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг[12],
13.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/549 дугаартай албан бичиг[13], 14.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/116 дугаартай гэрээ цуцлах тухай захирамж[14], 15.Байгаль орчны үнэлгээ зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай “Эвдэгдсэн газрын нийт талбай нь 794м2 буюу 0,08га хэмжээтэй байна. Тус хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 4,042,044 төгрөг болж байна. Тухайн талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ нь 1,031,224 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт[15],
16.“Аривжих эстимейт” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/072 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт[16]
| № | Үнэлгээний зүйл | Чанар байдлын тодорхойлолт | Зах зээлийн дундаж үнэ /төг/ |
| 1 | Beiben-2529k /өөрөө буулгагч/ | 13-12 УНЦ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, LBZF46EA9AA0165158 арлын дугаартай, Хятад улсад үйлдвэрлэсэн, хүрдний байрлал зүүн, шатахуун дизель, суудлын тоо 3. | 50,000,000 /тавин сая/ төгрөг, |
| 2 | Beiben-2529k /өөрөө буулгагч/ | 58-71 улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, LBZF46EA29A026928 арлын дугаартай, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, хүрдтйн байрлал зүүн, шатахуун дизель, суудлын тоо 3, | 50,000,000 /тавин сая/ төгрөг, |
| 3 | Hyundai Robex 380LC маркийн экскаватор | 8485 УН улсын дугаартай, QA0215002 арлын дугаартай, суудлын тоо 1, шар өнгөтэй, 2010 онд БНСУ-д шатахуун дизель, | 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөг, |
| 4 | CAT /экскаватор/ | Бичиг баримтгүй | 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг, |
| 5 | НИЙТ ДҮН | 480,000,000 /дөрвөн зуун наян сая/ төгрөг | |
Хүснэгт2 Техникийн үнэлгээ
17.Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1805-038/02 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт[17],18.Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ[18], 19.Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8/2545 дугаартай “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 18, 11.1 дүгээр зүйлийн 22 дахь заалтад үндэслэн албан тоотод үндэслэн солбилцол бүхий 2 талбайн хоорондын давхацсан эсэхийг шүүж үзэхэд тус 2 талбай нь хоорондоо давхардаагүй байна” гэх албан бичиг[19], 20.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[20], 21.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[21], 22.Яллагдагчийн хувийн байдал тогтоосон баримт[22], 23.Хэргийн материал танилцуулсан баримт[23] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч маргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Б нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 794м2 буюу 0,08га талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 | Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ | 771 |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ | 917 075 |
| 3 | Усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээ | 3 124 198 |
| 4 | Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирлын хэмжээ | 0 |
| 5 | Ургамлан нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ | 0 |
| 6 | НИЙТ ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ | 4 042 044 |
Хүснэгт3 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[24]
Шүүхээс дээрх дүгнэлтийг үндэслэн энэхүү гэмт хэргийн улмаас байгаль-экологид учирсан хохирол нийт 4,042,044 /дөрвөн сая дөчин хоёр мянга дөчин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэг дуусаад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хуульд заасан 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, шүүгдэгчийн зүгээс байгаль-экологид учирсан хохирол нийт 4,042,044 /дөрвөн сая дөчин хоёр мянга дөчин дөрвөн/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[25]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 1312 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,
а/ хөрөнгийн үнэлгээгээр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1312 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин,
-хөрөнгийн үнэлгээгээр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Мишигд овогтой Дбатад /РД:............./ буцаан олгож;
б/ 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч овогтой /............./ буцаан олгож;
в/ хөрөнгийн үнэлгээгээр 180,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч .......овогтой ............. /РД:...........3/ тус тус буцаан олгохоор шийдвэрлэсэн.
Учир нь дээрх техникүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хөрөнгийн үнэлгээгээр 280,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн техникүүдийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж шүүх дүгнэж үзсэн.
Харин энэхүү хэрэгт хяналт тавьсан улсын яллагчийн саналын хүрээнд бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаваторыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, уг техник нь өртөгдсөн талбай дээр ажиллуулж байсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Л.С “...Манайх 8 дугаар сарын сүүлээр манай манай кемпээс урд зүгт 150 орчим метр байх урд нь ашигласан талбайгаас шороо авч олборлолт явуулсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Иын Тэнд ойролцоогоор 2-3 хоног нүх ухсан. Гэхдээ усан буу ажиллаагүй, ямар нэг аль олборлосон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай М.Гын “...Гэрээ цуцалснаас хойш газар ухаж олборлолт явуулсан. Хамгийн сүүлд гарахдаа техникийн нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгөөгүй явсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэрэг нь няцаагдаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсныг удирдлага болгон;
-Бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаваторыг Мишигд овогтой Дбатад /РД:....../ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус компаний Хаан банкны 5* тоот дансанд оруулж, үлдэгдэл 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хэргийн газарт байсан алт угаах төхөөрөмж буюу скруберийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан
-2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн: “Е106059297 гэсэн байршлыг заасан газарт ногоон өнгийн скрубер буюу алт угаах төхөөрөмж байх ба уг төхөөрөмжийн моторын гинж хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 146366 дугаарын лацаар лацадсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл[26],
-Хэргийн газрын үзлэг хийсэн Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Г******* гэрчээр өгсөн: “...Хэргийн газарт алт угаах төхөөрөмж буюу скрубер мотор их бие хоёрыг холбосон байсан. Мэргэжлийн хяналтын газрын лацыг үзлэгийн тэмдэглэлд тусгасан...” гэх мэдүүлэг[27]зэргээр нотлогдож байх тул хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй.
Мөн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас өртөгдсөн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ нь 1,031,224 төгрөг гарсан ба шүүгдэгч нь техникийн нөхөн сэргээлтийг хийсний эцэст тухайн газраас техникээ авч гарсан болох нь тогтоогдож байх тул хор уршгийг арилгасан гэж үзсэн тул нөхөн төлөгдсөнд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа ... учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгасан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Тус торгох ялыг түүний хөрөнгө орлого, цалин хөлс зэргийг харгалзаж үзээд 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Прокурорын шийдвэрээр 1312 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Шилжилт хөдөлгөөн хязгаарлалт хийсэн тогтоолыг тус тус хүчингүй болгох саналтай байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бичиг баримтгүй, улсын дугааргүй “Кат-320” маркийн экскаваторыг үнэ болох 200,000,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, гэмт хэргийн улмаас гарсан мөрдөн шалгах ажиллагааны зардал болох “Эко Инженеринг” ХХК-ны байгаль орчин үнэлгээний дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж илүү гарсан 195,000,000 төгрөгийг улсын орлогод оруулах саналтай байна” гэсэн эхний саналыг;
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнийг гаргуулахаар зааж өгсөн. Хэрэгт 480,000,000 төгрөгийн үнэлгээ тогтсон 4 техник хэрэгсэлд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тухайн 4 техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ашиглаагүй зэргээр нь ялгаж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх санал гаргасан. Бичиг баримтгүй, улсын дугааргүй “Кат-320” маркийн экскаваторын үнийг яагаад гаргуулъя гэж байгgа вэ? гэхээр тухайн эвдэгдсэн газрын дэргэд нь байсан. Тухайн техник хэрэгслээр газрын хэвлийд халдсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогддог. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэлийг гаргуулах нь зүйтэй. Гаргуулж байгаа техникийн үнээс мөрдөн шалгах ажиллагааны зардал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулаад илүү гарсныг улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан учраас Кат-320” маркийн экскаваторыг үнэ болох 200,000,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, гэмт хэргийн улмаас гарсан мөрдөн шалгах ажиллагааны зардал болох “Эко Инженеринг” ХХК-ны байгаль орчны үнэлгээний дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг Хаан банкны 5* тоот дансанд оруулж, илүү гарсан 195,000,000 төгрөгийг улсын орлогод оруулах саналтай байна. Иймд өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн хоёрдахь эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан.[28]
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагчийн зүгээс 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал хэлж байна. Сая бид нар 4,000,000 төгрөгийн хохирол төлөх гэж нилээн зүдэрсэн. Прокурорын зүгээс анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Өмгөөлөгчийн зүгээс бас ийм нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Хохирол, төлбөрийн асуудал дээр 4 ширхэг автомашин байсан. Ашигч, портер, экскватор зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг хүчингүй болгуулах шийдвэрийг дэмжиж байна. Харин Кат-320 маркийн экскваторын хууль ёсны эзэмшигч нь үнэлгээ хийлгэхэд байгаагүй. Дээрх гурван техник, хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хүчингүй болгосон бол адилхан Кат-320 маркийн техник, хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хүчингүй болгуулах саналтай байна. Яагаад гэвэл тухайн техник хэрэгслийг ашиглаад олборлолт хийгээд түүнээсээ ашиг олсон зүйл огт байхгүй. Хамгийн сүүлд нөхөн сэргээлт хийхэд ашигласан. Тухайн техникийг ашиглаад шүүгдэгч нь ямар ашиг орлого олсон юм бэ? Энэ байдлыг шүүх мөн харгалзаж үзэхийг хүсэж байна. Дөрвөн техник хэрэгслийг адилхан авч үзэх хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлт дээр 5,000,000 төгрөг гарсан байдаг. Үүнийг иргэний журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн торгох ялын доод хэмжээг оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн эхний дүгнэлтийг;
-200,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Кат-320 маркийн техник нь эвдэгдсэн газрын хажууд байсан гэж хэлээд байна. Шинжээчийн дүгнэлт дээр угаасаа эвдэгдсэн газар байсныг тогтоосон. Тэгэхээр энэ хүн ямар нэгэн байдлаар техник хэрэгслийг ашиглаад ашиг орлого олоогүй. Эвдэгдсэн газрыг эргүүлж сэргээн зассан. Өмнөх газрыг сэргээх гэж тухайн техникийг ашигласан байхыг үгүйсгэхгүй гэхдээ энэ бол ашиг олохоор биш сэргээн засахаар газрын хэвлийд халдсан. Харин ч өөрт хамааралгүй газруудыг сэргээн засаад явсан асуудал байдаг. Энэ байдлуудыг шүүх харгалзаж үзэхийг хүсэж байна. Бусад прокурорын гаргасан саналуудтай маргаад байх зүйл алга. Шинжээчийн дүгнэлтийн 5,000,000 төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.[29]
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаархи дүгнэлтийг харгалзан үзэж, шүүгдэгчид тухайн зүйл, ангид заасан торгуулийн ял шийтгэлийн хамгийн бага хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь тохирно гэж үзсэн.
Иймд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 2.6, 3 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газарт 771 төгрөг, газрын хэвлийд 917,075 төгрөг, усан орчинд учруулсан хохиролд 3,124,198 төгрөг, нийт 4,042,044 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөчин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч ******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 1312 УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин, 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” өөрөө буулгагч автомашин, 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашин, 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгож,
а/ хөрөнгийн үнэлгээгээр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн * УНЦ улсын дугаартай “Вейвэн-2529к” маркийн өөрөө буулгагч автомашин,
-хөрөнгийн үнэлгээгээр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 5871 УНС улсын дугаартай, “Вейвэн-ND3253” маркийн өөрөө буулгагч автомашиныг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Мишигд овогтой Дбатад /РД:ЙЮ86112910/ буцаан олгож;
б/ 0170 УНИ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн автомашиныг өмчлөгч, эзэмшигч овогтой /РД:/ буцаан олгож;
в/ хөрөнгийн үнэлгээгээр 180,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 8485 УН улсын дугаартай, “Хьюндай Робекс” 380ЛС маркийн экскаваторыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Нацагд овогтой /РД:/ тус тус буцаан олгож,
-бичиг баримтгүй, улсын дугааргүй, “Кат-320” маркийн экскаваторыг Мишигд овогтой Дбатад /РД:ЙЮ86112910/ буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус компаний Хаан банкны * тоот дансанд оруулж, үлдэгдэл 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ