Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2764

 

2017 оны 12 сарын 14 өдөр

       Дугаар 183/ШШ2017/02764

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 405-53 тоотод оршин суух, Боржигон овогт Н.М-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “ИНЕГ”-т холбогдох

Дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 13 949 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Олонтүмэнбаясгалан, Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд 10 дугаар сургууль, 1980 онд МУИС төгссөн, орос хэлний багш мэргэжилтэй. 1981 оноос Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын боловсон хүчний хэлтэст тоо бүртгэгч, даргын нарийн бичгийн дарга, сургалт хариуцсан байцаагч, 1988-1996 онд мөн хэлтэст ахлах мэргэжилтэн, 1996 оноос орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр Иргэний нисэхийн ерөнхий газрын захирал, хүний нөөцийн хэлтэст ахлах мэргэжилтэн, хүний нөөцийн менежерээр тасралтгүй 32 жил ажиллаад 2012 оны 10 дугаар сард биеийн эрүүл мэндийн улмаас группт орж, улмаар 2013 онд тэтгэвэрт нас болмогц тэтгэвэрт гарсан юм. Би Иргэний нисэхийн байгууллагад цэргийн байгууллага байхаас эхлэн цэргэжсэн, хожим иргэний байгууллага болсон үед ч нэг байгууллага, нэг хэлтэст тасралтгүй 32 жил, үүнээс 24 жилд нь ахлах мэргэжилтэн, менежерээр хариуцлагатай, шударга сайн ажиллаж, байгууллага хамт олон, төр засагт үнэлэгдэн ажиллах хугацаандаа тэргүүн залуу алтан медаль, Иргэний нисэхийн салбарын тэргүүний ажилтан, Алтан гадас одон зэрэг медиалуудаас гадна ИНЕГ, ЗТЯ-ны хүндэт дэвтэрт бичигдэх зэргээр шагнагдаж байсан. Миний бие тэтгэвэрт гарахдаа хууль, тогтоомж, ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын дагуу 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах байсан боловч тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 13 945 000 төгрөг дутуу олгогдож намайг хохироосон болохыг саяхан мэдэж, нөхөн олгохыг хүсч ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд өргөдөл гаргасан боловч тухайн оны батлагдсан төсвийн дагуу олгогдсон тул нөхөн олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд ИНЕГ-аас тэтгэвэрт гаргахад дутуу олгосон 13 949 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“ИНЕГ”-т холбогдох нэхэмжлэгч Н.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Н.М нь ИНЕГ-т ажиллаж байх хугацаандаа дараах хөнгөлөлт, тэтгэмж, тусламжуудыг авсан байдаг. Үүнд:

1.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эмчилгээний зардал олгох тухай тушаалаар эмчилгээний зардалд 35 000 ам.доллар авсан /өнөөдрийн ханшаар 85 925 000 төгрөг/ 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 488 дугаар тушаалын хавсаргав.

2.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууц худалдан авах ба эзэмшүүлэх тухай” тушаалаар 20 500 000 төгрөгийн тухайн үеийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын 20 дугаар байрны 7 тоот, 16 м.кв 1 өрөө орон сууц Ү-2203004559 улсын бүртгэлийн дугаартай орон сууц амьдрах зориулалтаар өгсөн боловч ИНЕГ-т мэдэгдэлгүй зөвшөөрөл авалгүй зарж үрэгдүүлсэн. /Өнөөдрийн байдлаар 120 000 000 төгрөг/,

3.Төрсөн 3 хүүхэд нь тус бүр ИНЕГ-ын зардлаар гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн,

4.2012 онд 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж буюу 51 387 200 төгрөгийг тус тус авсан байдаг,

Н.М нь 2012 онд тус газрын тамгын хэлтэст менежер хийж байсан ба дээрх асуудлыг маш сайн мэдэх хүн бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагаас дээр дурдсан олон төрлийн хөнгөлөлт, тэтгэмж, туслаамжуудыг авсан хүний хувьд 5 жилийн дараа гэнэт нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Н.Мийн нэхэмжлэлд дурдсан асуудал одоогоос 5 жилийн өмнө болж өнгөрсөн асуудал болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, “...хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн  маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” заалтыг харгалзан үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд иргэн Н.Мын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “ИНЕГ”-т холбогдуулан хөдөлмөрийн чадвараа алдан групп тогтоолгосонтой холбогдуулан  36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийн зөрүү дутуу олгосон 13 949 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч Н.М нь 1981 оноос Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газарт тоо бүртгэгчээр ажилд орж, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/282 тоот  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар хөдөлмөрийн чадвараа алдан групп тогтоолгосонтой холбогдуулан  36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор, Тамгын хэлтсийн менежерийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон ажлаас чөлөөлсөн тушаалаар тус тус нотлогдож байна.

 

           Мөн нэхэмжлэгч Н.Мд 2012 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/282 тоот Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар хөдөлмөрийн чадвараа алдан групп тогтоолгосонтой холбогдуулан  36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний  51 387 200 төгрөгний тэтгэмжийг олгожээ. 

      

           Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

          Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх нь өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/282 тоот тушаал гарч, уг тушаалын дагуу 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөрийн №2172 тоот даалгавраар тэтгэмжид 51 387 200 төгрөгийг шилжүүлж  авснаар үүссэн байна гэж шүүх үзэв.

        

          Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар нотлогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

           Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ИНЕГ”т холбогдох тэтгэмжийн зөрүүд 13 949 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 700 төгрөгийг нэхэмжлэгч Н.Мд буцаан улсын төсвөөс олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ