Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/174

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2000/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт *******ын Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 2031000690113 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт *******ын Эрдэнэбаатар, Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, мал аж ахуй, жижиг блокны үйлдвэр, худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 151 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 151 тоот хашаанд 09-1 СЭҮ улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны буюу 02 нас, 06 сартай Э.Өлзийдэмбэрэлийг дайрч, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 151 тоот хашаанд 09-1 СЭҮ улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас бага насны буюу 02 нас, 06 сартай, өөрийн төрсөн хүү Э.Өлзийдэмбэрэлийг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч *******гийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн нөхөр *******, том хүү Э.*******, бага хүү буюу талийгаач Э.Өлзийдэмбэрэл нарын хамт амьдардаг. Болсон асуудлын талаар гэвэл 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна өөрийн ээж *******, нөхөр *******, талийгаач хүү нарын хамт барилгын материалын дэлгүүр орсон. Тэгээд Стандарт барилгын дэлгүүрээс авах зүйлээ аваад ээжийн гэрт очиж буулгаад ганцаараа гэртээ харьсан. Бид нар 09-13 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан. Тэгээд гэрийнхээ хашаа руу ороод ахын хүүхэд *******ийг “хайрга аччих” гэж хэлээд нөхөр *******, талийгаач хүү бид гурав машинаасаа буугаад талийгаач хүүгээ “гэр лүү орох уу” гэсэн чинь “орохгүй” гэхээр нь би “за, за” гээд өөрөө ганцаараа гэр лүү орсон. Тэгээд талийгаач хүү, нөхөр *******, ******* нар үлдсэн. Тэгээд гэртээ нээх удаагүй байж байтал гадаа “103 дуудаарай” гээд орилох чимээ сонсогдохоор нь би гүйгээд гарсан чинь нөхөр ******* нь талийгаач хүүг тэврээд гэрийн үүдэн дээр ирсэн. Би нөхрийгөө “хүүгээ газар тавиараа” гээд газар тавиулаад анхны тусламж үзүүлж, зүрхэнд массаж хийгээд амьсгал өгтөл дүүгийн машин ирсэн. Тэгээд талийгаач хүүгээ аваад хадам аав *******, нөхрийн дүү Эрдэнэсүх, нөхөр ******* бид нар машинд суугаад эмнэлэг рүү хүүгээ аваад явсан. Замд шинэ захын ойролцоо эмнэлгийн машинтай тааралдаад 103-ын машин руу шилжиж суусан. Би тэр үедээ хүүгээ гээд тэр талаар асуух сөхөө ерөөсөө байгаагүй. Нөхрөөсөө асуухаар мэдэхгүй байна гэсэн, мөн дүү *******ээс асуухад мэдэхгүй хүрз авахаар орсон байсан гэсэн. Мөн манай хашаанд хадам аавыг хэзээ орж ирсэн талаар, байсан байгаагүй талаар мэдэхгүй байна. Их сандралтай айсан байсан учраас анзаарах сөхөө байгаагүй. ******* нь талийгаачийг тэвэрсэн, талийгаач ухаангүй, хамраас нь цус гарсан, толгой нь хавдсан байдалтай байсан. Гар хөл, яс хугарсан зүйл харагдаагүй. 09-13 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл нь манай нөхөр *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн машин нь “Портер” маркийн цагаан өнгөтэй, дан кабинтай тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн автомашиныг хэзээ худалдаж авсан талаар санахгүй байна. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ер нь архи, дарс хэрэглээд байдаггүй. Нөхөр бид хоёр 10 жилд хамт нэг ангид сурдаг байж байгаад 2010 онд гэрлэлтээ батлуулсан. Тэгээд 2011 онд том хүү ******* төрсөн. *******ыг төрсөн байх үед манай ээж, аавын гэрт хамт амьдардаг байж байгаад 2012 оноос тусдаа гарч амьдарсан. Том хүү маань 9 настай. Талийгаач хүү маань 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Би өөрөө 2011 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, нөхөр маань хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг[2],

3. Насанд хүрээгүй гэрч Г.*******ий 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ асуудал нь өнөөдөр өдөр 15 цаг 00 минутын үед Эрдэнэбаатар ахын гэрийн хашаан дотор болсон. Тэр үед тэдний хашаан дотор Эрдэнэбаатар ах болон түүний аав ******* нарын хамт хашааны хаалга янзална гээд Эрдэнэбаатар ахын 09-13 СЭҮ улсын дугаартай машин дээр хашааны шон тогтоох хайрга ачаад байж байсан юм. Эрдэнэбаатар ах машин дотроо суучихсан машинаа асаах гээд би болохоор хашаан дотор байдаг грашаас хадаасны лоом байсныг олж ирэх гээд граш руу орчихоод гарч ирж байхад машины тэр лүү нэг юм дуугараад явчихсан. Тэгэхэд нь би харахад манай ах машинаа байрнаас нь хөдөлгөсөн байдалтай машинаасаа буугаад манай дүү Өлзийг тэврээд гэр лүүгээ явж байсан. Тэгээд Эрдэнэбаатар ах “машинаа асаа” гэж хэлэхээр нь би тухайн үед их сандарсан байсан учир яахаа мэдэхгүй 09-13 СЭҮ улсын дугаартай машинаа асаагаад гэрийн хашаанаас гаргаад гудамжинд гаргаад үзүүрт аваачаад тавьчихсан. Эрдэнэбаатар ах бид 2-г машинд хайрга ачиж хашааны шон янзална гээд байж байх үед ******* гээд Эрдэнэбаатар ахын аав нь уул нь хамт тэр хавиар явж байсан ба одоо санахад намайг грашаас гарч ирэх үед цаана блокны машины тэнд л юм хийгээд явж байсан санагдаж байна. Ямар ч байсан би машин дээр жаахан хайрга ачаад Эрдэнэбаатар ах болохоор хашааны шон ачиж бариад тэгээд л бид 2 хашаанаас гарах гэж байсан юм. Тэр үед хашааны хаалга онгойсон байсан ба 09-13 СЭҮ улсын дугаартай машин нь хашаан хаалга тал руу хараад зогсож байсан юм. Энэ өдөр Эрдэнэбаатар ах болон түүний хадам аав нар согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй байсан. Бид нараас өөр хүн хашаанд байгаагүй. Ер нь бол намайг хайрга ачаад байж байхад манай дүү Өлзий машины тэр хавиар явж л байсан. Байшин дотор Оюумаа эгч ганцаараа байсан. Эдний том хүү ******* нь Салхитын аманд байсан юм. Өөр хэн ч байгаагүй. Намайг граш руу орох үед манай дүү Өлзий машины хажуугаар байж л байсан. Эрдэнэбаатар ах машин дотор ороод суучихсан байсан. ******* ахын хувьд цаашаа блокны машины тэр хавиар явж байсан. Надад өөр нэмж ярих зүйл алга...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч *******ын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******ыг таньж мэднэ. *******тай гэр бүлийн найз нөхдийн харилцаатай. Найзалж нөхөрлөөд 10 гаран жил болж байна. ******* нь эхнэр Оюунмаа, 2 хүүгийн хамт амьдардаг байсан. Бага хүү Э.Өлзийдэмбэрэл нь нас барсан. ******* нь эхнэр, хүүхдүүддээ маш сайн халамжтай, гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм. Хүүхдүүдтэйгээ элдэв муу муухай зан, ааш гаргаж харьцдаггүй, хүүхдүүддээ үлгэр дуурайлал болдог, сайн эцэг, сайн нөхөр байгаа юм. Хүүхдүүддээ тавих анхаарал халамж сайн, байнга л хүүхдүүдтэйгээ инээлдээд л тоглоод байж байдаг, хүүхдүүд рүү уурлаж, орилж хашгираад байдаггүй. ******* нь өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй элдэв муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг[4],

   5. Гэрч ын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******ыг таньж мэднэ. Найзалж нөхөрлөөд 6 гаран жил болж байна. ******* нь эхнэр болон хүүхдүүддээ маш сайн халамжтай, гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм. Хүүхдүүдтэйгээ элдэв муу муухай зан, ааш гаргаж харьцдаггүй, хүүхдүүддээ үлгэр дуурайлал болдог, сайн эцэг, сайн нөхөр байгаа юм. ******* нь өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй элдэв муу зуршил байхгүй. Хүүхдүүддээ анхаарал халамж сайн хандуулдаг, эхнэр хүүхдүүдтэй халамжтай залуу байгаа юм...” гэх мэдүүлэг[5],

6. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №ТХҮ/518-121 “Ашид *******” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: “09-13 СЭҮ улсын дугаартай, 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж, 2011 онд Монгол улсад орж ирсэн “KIA Bongo” маркийн автомашиныг өнгө үзэмж, техникийн байдлаас хамааран 2020 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ нь 1,500,000 төгрөгийн үнэтэй болно...” гэх дүгнэлт[6],

7. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Э.Эрдэнбаатар нь 09-13 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож бага насны Э.Өлзийдэмбэрэлийг дайрсан нь зам тээврийн осол гэж үзнэ. Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн болно...” гэх дүгнэлт[7],

8. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 1,3,5,6,7 гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Харьцуулах загвараар ирүүлсэн *******ын Эрдэнэбаатарын гарын хээний дардсыг гарын хээний нэгдсэн санд МN003320006508 дугаараар бүртгэгдэн харьцуулалт хийхэд 2020-023-СЭЛ дугаараар кодлон оруулсан “5” дугаартай гарын мөртэй тохирч байна...” гэх дүгнэлт[8],

9. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид Гавал, тархины гэмтэл. Гавал ясны ил цөмөрсөн хугарал. Нүүрний тэгш хэм, толгойн хэлбэр алдагдсан. Дух, нүүрний яс, самалдаг, зүүн чамархай яс, дагз, суурь ясыг хамарсан бяцарч цөмөрсөн хугарал, аалзан хальсны урагдал. Тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус хуралт, эдэд цус харвалт, дарагдлын ором. Бага тархины дарагдал, цус харвалт. Толгойн зулай, оройн хэсэг, баруун чамархайн хуйхан дахь зулгаралт, цус хуралт. Дух, нүүрэн хэсэг, зүүн зовхи, өвдгөнд зулгаралт, цээжний зүүн дээд хэсгийн зулгаралт. Уушгины гялтан хальсан доорх цус харвалт зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болон автомашинд дайруулсны улмаас үүсэх боломжтой. 3. Уг гэмтэл нь 2020.07.16-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай “Хүнд” гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл учирсан үед богино хугацаанд нас барах болон удаан хугацаагаар амьд байх боломж үгүй. 6.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач гавал, тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай тархи дарагдал, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 8.Талийгаачийн цус О /I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт[9],

10. Шүүгдэгч *******ын 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 151 тоотод өөрийн эхнэр *******, бага хүү Э.Өлзийдэмбэрэл, том хүү Э.******* нарын хамт амьдардаг байсан. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед өөрийн эхнэр *******, талийгаач хүү Э.Өлзийдэмбэрэл, хадам ээж ******* нарын хамт 09-13 СЭҮ улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгсэлтэй барилгын материалын дэлгүүр орсон. Тэгээд барилгын дэлгүүрээс авах хэрэгтэй зүйлүүдээ авчихаад хадам ээж *******ыг гэрт нь буулгаад эхнэр *******, талийгаач хүү бид гурав гэртээ ирсэн. Хашаа руугаа машинтайгаа орж зогсож машинаасаа буусан бөгөөд эхнэр маань гэр лүүгээ ороод би талийгаач хүүгийн хамт гадаа үлдсэн. Манай хашаанд эхнэрийн дүү ******* нь байсан бөгөөд хайрга ачихаар би машинаа асаагаад хашааны ертөнцийн зүгээр урд овоолсон байсан хайрга руу машины чиргүүл хэсгээрээ ухарч зогссон. Тэгээд машин дээрээ шонгийн мод, гагнуурын аппарат ачиж ******* нь хайрга ачиж байсан. *******ийг хайрга ачиж байх хооронд би машин дотроо сууж байсан. Тэр үед манай аав ******* нь машины жолоочийн эсрэг талын хаалганы цонхон дээр ирээд хашааны “хаалганы нугас авсан” гээд надад үзүүлж байсан. Тэгээд аав машины урдуур тойроод зайтай явсан байсан. ******* нь “хайргаа ачаад дуусчихлаа” гэхээр нь би гражаас юм авчруулахаар явуулсан байсан. Тэгээд би машинаа асаагаад хөдлөхөд юман дээгүүр гарах шиг болсон, аав маань цаанаас “зогсооч” гээд орилсон. Тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал жолооч талын банкны ойролцоо талийгаач хүү маань ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би талийгаачийг тэврээд гэр лүү гүйгээд эхнэрээ дуудсан,“103 дуудаарай” гээд орилсон. Талийгаач нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 2 настай эрэгтэй хүүхэд. Би “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2014 онд “Сайхан” нэртэй жолооны курсийг төгсөж байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг[10],

11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[13], 14.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл тогтоол[15], Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18], зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөрт 9,568,170 /есөн сая таван зуун жаран найман мянга нэг зуун далан/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирол бүрэн төлөгдсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ын Эрдэнэбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Энэхүү хэрэгт битүүмжилсэн 09-13 СЭҮ улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч *******т буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Хэрэгт хураан ирүүлсэн 1002099 дугаартай “В” ангилалын Э.Эрдэнэбатын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэхээр тогтоов.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ын Эрдэнэбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Энэхүү хэрэгт битүүмжилсэн 09-13 СЭҮ улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч *******т буцаан олгосугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хэрэгт хураан ирүүлсэн 1002099 дугаартай “В” ангилалын Э.Эрдэнэбатын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 19  дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар  тал

[5] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 136-137 дугаар тал

[11] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 06-08 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 59-60, 66-67, 85-86  дугаар тал

[14] Хавтаст хэргийн 87-128 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 131-133 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 131-133 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 161 дүгээр тал

[18] Хавтаст хэргийн 172-173 дугаар тал