| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/03024/И |
| Дугаар | 2772 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2772
| 2017 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2017/02772 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 58-А тоотод оршин суух, Харчу овогт Д.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамж, 281 тоотод оршин суух, Дэжээ овогт Э.Э-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Э нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөг зээлсэн ба эхний 3 сард хүү төлөөд цаашид ямар ч төлбөр хийлгүй бараг 3 жил болж байна. Удаа дараа шаардаж байсан боловч боломж байхгүй байна гээд баахан зовлон яриад өнгөрдөг. Э.Э нь 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийг төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүй учир Э.Эоос 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Нээс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сарын 5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлэхээр тохиролцсон боловч надад ямар нэгэн байдлаар мөнгө тухайн үед өгөөгүй хэрнээ одоо мөнгөн дүн нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Харин иргэн Д.Н нь миний барьж байсан обьектыг банкинд тавиулж мөнгөний зээл гаргаж өгөх боломж байна хэмээн яриа өөрчлөгдөн маш удаан хугацааны туршид бидэнд худлаа хэлэн олон банкуудаар явуулж энэ тэнд дуудан уулзаж, ямарч хэрэггүй материал бүрдүүлж, маш их цаг хугацаа алдуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Э.Этод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 10 000 000 төгрөгийг Э.Эт зээлсэн, 2014.10.30-ны өдөр 500 000 төгрөг, 2014.11.30-ны өдөр 500 000 төгрөг, 2014.12.30-ны өдөр 500 000 төгрөгийг зээлийн хүү гэж Гомбосүрэнгээр дамжуулан тус тус төлсөн, зээлүүлсэн 10 000 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсанд маргахгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөг өгнө гэсэн мөртлөө өгөөгүй, сүүлдээ банкнаас зээл гаргаж өгье гэж маш их ажил удсан, мөнгө өгөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй гэж маргаж байх тул зээлдүүлэгч зээлдэгчид зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлснээ нотлох үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн хэлцлийн дагуу хэлцлийн зүйл болох 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн мөн хариуцагч Э.Э зээлийн хүү гэж 3 удаа төлөлт хийсэн гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлогдоогүй учраас шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ