| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0134/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/129 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Д., Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Завхан аймгийн сум баг тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.аас шүүгдэгч О.*******ийг “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.******* нь 2020 оны 04 дүгээр сард иргэн Д.*******ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Завхан аймгийн сумын иргэдийн санал хүсэлт” гэсэн фэйсбүүк олон нийтийн нээлттэй группд “...өөрийн төрсөн дүү О.*******г дарамталж байгаад алсан, тэжээлийн фондын аар ажиллаж байхдаа үндэслэлгүйгээр баяжсан” гэж олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч О.*******ий өгсөн: “...Илт худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын сонсгосон 480,000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Д.*******ийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сард ******* ******* гэх фэйсбүүк хаягтай хүнээс “Завхан аймгийн сумын иргэдийн санал хүсэлт” гэсэн нээлттэй группт “намайг хүн алсан, тэжээлийн фондын байхдаа их хэмжээний хөрөнгө идэж, үндэслэлгүйгээр баяжсан” гэх илтэд худал мэдээ, мэдээлэл олон нийтэд тараасан байсан тул цагдаад хандсан. ...Би таньж мэднэ, бид нар худ ургийн хүмүүс. Учир нь *******ий төрсөн дүү болох нас бардаг гэх хүүхэн нь манай эхнэр ийн төрсөн дүү тай гэр бүл болон үр хүүхдүүд нь гарсан амьдардаг юм. Тэгээд 2019 онд гэх эмэгтэй өөрийгөө боомилсон байдалтай нас барсан юм. Тэрнээс хойш л эхнэр бид хоёрыг дарамталдаг байсан, дарамтанд оруулсаар байгаад дүү *******г алсан гэх яриа өгүүллэг ******* гаргаж фэйсбүүкт байршуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, - Гэрч Ч.ийн өгсөн: “...Үүнээс хойш биеийн байдал нь сайжрахгүй байж байгаад 2019 оны 05 дугаар сард өөрөө өөрийгөө амбаараасаа боомилж нас барсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн юм. Үүнээс хойш О.*******гийн ах дүү нар бид нарыг буруугаар ойлгоод хүмүүст буруу ташаа мэдээлэл ярьж, цаашлаад фэйсбүүк, олон нийтийн сүлжээгээр гүтгэж доромжлох болсон юм. ...Манай бэр гэх О. нас барснаас болоод тэр хүнийг бид нарыг алсан гэж гүтгээд байгаа юм. Тухайн асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад шийдэгдсэн асуудал байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, - О.*******ий яллагдагчаар өгсөн: “...Би хэргийн талаар мэдүүлэг өгнө. 2019 оны хавар Архангай аймгийн Өгийнуур сумд байж байхад Завхан аймгаас манай ах дүү нар миний утас руу залгаад “манай охин дүү О.******* гэрийнхээ үүдний амбаарт боомилсон байдалтай нас барсан байна” гэсэн. Тэгээд Улаанбаатар хотоос манай дүү нар ирж намайг Архангай аймгийн Өгийнуур сумаас аваад бид нар Завхан аймагт ирсэн. Тэгээд буян номын ажил хийлгээд, тухайн хэргийн хохирогчоор манай ах орсон. Тэгээд шинжээчийн дүгнэлт нь 42 хоногийн дараа гарсан. Шинжээчийн дүгнэлтээр “талийгаачийг боомилж нас барсан байна” гэсэн дүгнэлт гарсан байсан. Тэгээд 2020 оны хавар “Элсэн тасархай” гэх газарт хоолны газар нээгээд “манайхаар үйлчлүүлээрэй” гээд зар тавьчихсан байсан чинь ******* миний тавьсан зарын доор “чи ийм зүйл хийж чадах хүн мөн үү” гээд намайг доромжилсон пост тавьсан байсан. Тэгээд миний чат руу Video Call хийгээд “чи хоолны газар ажиллуулах чадвартай хүн мөн үү, би чиний дүүг алчихсан юм уу?, хууль тогтоож чадаагүй зүйлийг чи чадах уу?, чи шинжээч юмуу, хуулиар яваад чи намайг барахгүй” энэ тэр гээд хүн доромжлоод байхаар нь уур хүрээд “******* миний дүү *******г алсан, тэжээлийн фондын хийж байхдаа үндэслэлгүйгээр баяжсан” гэх зэрэг худал мэдээллүүдийг Завхан аймгийн сумын зарын грүппэд тавьсан. ...Миний дүү ******* өөрийнхөө амийг хоролсон гэсэн дүгнэлт гарсан. Миний дүүгийн үхэлд ******* хамаагүй. ...Би өөрийнхөө бодож байгаа зүйлээ бичсэн. Миний бичсэн зүйлүүд үндэслэлгүй, олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулж, бусдыг гүтгэсэн худал мэдээлэл тараасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ийм зүйл хийсэндээ харамсаж байгаа. Хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлоос болоод ийм зүйл хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч О.*******ий дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “...Хүний нэр төр, алдар хүнд”-д халдсан гэм буруутай байна. Иймд шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Д.******* мөрдөн байцаалтын шатанд “Миний бие учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан. Цаашид яллагдагч О.*******тэй эвлэрсэн, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч О.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч О.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 59 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч О.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч О.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч О.*******д 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7. 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ