Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2819

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 21 өдөр

             Дугаар 183/ШШ2017/02819

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 39 дүгээр байр, 78 тоотод оршин суух, Тайж овогт Тамжавын Алтанхуяг /РД:ЙЮ73041712/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “ЦДҮС” ТӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1973 онд Өвөрхангай аймагт төрсөн. 2000 онд ТИС-ийн Эрчим хүчний сургуулийг инженер мэргэжлээр төгссөн. 2014 онд худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг сургалтанд хамрагдаж худалдан авах ажиллагааны батламж авсан. 2013 оноос Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д хангамжийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод зааснаар компанийн дотоод хэрэгцээний аж ахуйн үйлчилгээний хангамжийн найдвартай байдлыг ханган ажиллах, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, шалгарсан этгээдүүдтэй гэрээ хийх түүнийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих, тухайн сард авсан сэлбэг, материалын тооцоог цаг тухайд нь санхүүд гаргаж өгөх гэж заагдсан ажлууд одоог хүртэл компанид хэрэглэгдэж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-д зааснаар ажил нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг компани татан буугдсанаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон заалт юм. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа компани юм.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй. Үнэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заагдсанаар ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол хуулийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй, гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй харин шинэ ажилтан нэмж авсан байгаа. Үүнийг шүүхэд хүсэлт гарган нотлох баримт гаргуулах болно. Бусад үндэслэлүүдийг шүүхээр нотлох баримт албадан гаргуулсны дараа тодорхой нэмж эрхээ хамгаалуулах болно.

Иймд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/391 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа: “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.10-ны өдрийн Б/391 тушаалыг хүчингүй болгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан адил чанарын өөр ажилд шилжүүлж ажилгүй байсан хугацааны цалин олгуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах гэв.

 

Хариуцагч “ЦДҮС” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Аийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Тус компанид Т.А нь 2013 оноос эхэлж ажиллаж эхэлсэн бөгөөд ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/170 дугаар тушаалаар Хангамжийн мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Аж ахуй, үйлчилгээний албанд хангамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолоор компанийн төв удирдлагын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны  өдрийн А/181 дугаар тушаалаар аж ахуй, үйлчилгээний алба байхгүй болж хангамжийн мэргэжилтний орон тоо хасагдсан. Компанийн захиргаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орон тоо нь хасагдсан тул ажлаас чөлөөлөх болсныг бичгээр мэдэгдсэн. Т.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар захиргааны санаачлагаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо нь хасагдсан гэсэн үндэслэлээр компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/391 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, ээлжийн амралтын холбогдох тооцоог хийж дуусгасан.

Гэтэл нэхэмжлэгч Т.А нь 2013 онд анх ажилд орсон мөртлөө 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/391 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Мөн Т.Аийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, тэтгэмж өгч, ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог хийж дуусгасан учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.10-ны өдрийн Б/391 тушаалыг хүчингүй болгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан адил чанарын өөр ажилд шилжүүлж ажилгүй байсан хугацааны цалин олгуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үндэслэлээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй, учир нь худалдан авах ажиллагаа ханган нийлүүлэх хэлтэст шинээр ажилтан авахгүйгээр оронд нь хангамжийн мэргэжилтэн нэхэмжлэгч намайг ажиллуулах үүргээ биелүүлээгүй тул 2016.11.10-ны өдрийн Б/391 тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж тайлбарладаг.

 

Хариуцагч нь компанийн захирлын  2016.11.10-ны өдрийн Б/391 тушаал нь хууль ёсны бөгөөд нэхэмжлэгч нь дулааны инженер мэргэжилтэй худалдан авах ажиллагаа ханган нийлүүлэх хэлтэсийн мэргэжилтэнд тавигдах боловсролын заавал байх шаардлагад цахилгааны инженер, эдийн засагч, хууль эрх зүйн мэргэжилтэй иргэн ажиллах боломжтой ба хариуцагчийн хувьд уг гол болзлыг хангахгүй байгаа тул шилжүүлэн ажиллуулах боломжгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК”-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/391 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1 дэхь хэсгийг тус тус үндэслэж, Аж ахуйн үйлчилгээний албаны хангамжийн мэргэжилтний орон тоо хасагдсан тул Тамжавын Алтанхуягийг  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-41 дүгээр хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байх ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” заасныг баримтлан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/391 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолыг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар компанийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан Аж, ахуйн үйлчилгээний алба татан буугдаж, хангамжийн мэргэжилтний орон тоо хасагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-13, 16, 27-33 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгч нь худалдан авах ажиллагаа ханган нийлүүлэх хэлтэст шилжүүлэн ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь адил чанарын өөр ажил, албан тушаалд гэдэгт ажлын байранд заагдсан ажил үүрэг, албан тушаалын тодорхойлолт зэрэгтэй ижил байхыг ойлгох бөгөөд хангамжийн мэргэжилтэний гүйцэтгэдэг ажил үүрэг “Төв удирдлагын  үйлчилгээний ажилтнуудыг цэвэрлэгээний материалаар хангах, ... офиссын тавилга , эд хогшилд шаардлагатай  засвар үйлчилгээг хийлгэх, ... ажилтнуудын бичгийн хэрэгсэл, бичгийн цаасны захиалгыг тухай бүр хангах” үндсэн үүргийг гүйцэтгэдэг бол худалдан авах ажиллагаа ханган нийлүүлэх хэлтэсийн мэргэжилтэн “компанийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулж, аваарын болон тоног төхөөрөмж, сэлбэг материалын нөөцийг бүрдүүлэх,... Төв удирдлага, Хангайн бүсийн салбар, Улаанбаатар салбар, Говийн бүсийн салбар, .... захиалгын дагуу засвар ашиглалтын ажилд шаардагдах сэлбэг тоног төхөөрөмжийг олж бэлтгэх” зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг байх тул адил чанарын ажил, албан тушаал гэж үзэх боломжгүй байна. /х.х-167, 171 дүгээр тал/

 

Хангамжийн мэргэжилтэн бол компанийн ахуйн хэрэглээний худалдан авалтыг хариуцаж ажил үүрэг ггүйцэтгэж байгаа бол худалдан авах ажиллагаа ханган нийлүүлэх хэлтэсийн мэргэжилтэн бол компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой цахилгааны техник тоног төхөөрөмж худалдан авах ажиллагаатай холбоотой ажил үүргийг гүйцэтгэж байна. Мөн хангамжийн мэргэжилтэнд уг ажлыг гүйцэтгэхэд дээд боловсролтой байх шаардлагыг тавьж байгаа бол худалдан авах ханган нийлүүлэх хэлтэсийн мэргэжилтэн нь цахилгааны инженер, эдийн засагч, хууль эрх зүй гэсэн шаардлага тавигдсан бөгөөд нэхэмжлэгч нь дулааны инженер мэргэжилтэй бөгөөд ажил олгогчийн тавьсан ажлын байрны боловсролын шаардлагыг мөн хангахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. /х.х-168, 173, 177 дугаар тал/

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр  нэхэмжлэгч Т.Аийг ажлаас чөлөөлөх болсныг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасантай нийцэж, ажил олгогч нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн заалт зөрчигдөөгүй байна. /х.х-ийн 40 дүгээр тал/

 

          Иймд шүүх нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэхь хэсэгт заасныг тус тус  баримтлан “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.10-ны өдрийн Б/391 тушаалыг хүчингүй болгуулах,  адил чанарын өөр ажилд шилжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ