| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/87 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/87
2021/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Жын Бид холбогдох 2112000000057 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарын хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа м малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ............. гэх газарт оршин суух хаягтай, Монгол овогт Жын Б/РД:НЮ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.7 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000057 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Т.Мийн өгсөн:
“...Яллагдагч Ж.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас зөвшөөрөлгүй ойд 1.7м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010100914 тоот дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Манай суманд улсын тусгай хамгаалалттай газарт Хөх нуур багийн хойд, урд голын эх гэх газар ордог. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 102-103 дугаар тал/
*Гэрч Ц.Нгийн өгсөн:
“...2021 оны 02 дугаар 03-ны өдөр намайг өөрийн гэртээ байж байхад нутгийн дүү Ж.Б манай гэрт ирээд намайг хамт мод бэлдээд өгөөч Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу оруулна гэж гуйсан. Тэгэхээр нь би Ж.Бтой хамт Архангай аймгийн Их тамир сумын Өлөнт гэх газарт байх ой мод руу очоод 12 цагийн үед бэлтгэж эхэлсэн. Бид 2 өдрийн 17 цагийн үед мод бэлтгэж дууссан. Ж.Бийн гэрт очиж модоо буулгаад би өөрийн гэртээ хүргүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед би гэртээ байж байхад Ж.Б ирээд намайг машин бариад өгөөч би эрхийн үнэмлэхгүй өчигдрийнхөө модыг Эрдэнэбулган сумын төв рүү оруулмаар байна гэж хэлсэн. Тиймээс би Ж.Бийн 71-31 УНС улсын дугаартай мод тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг нь жолоодоод Эрдэнэбулган сумын төвийн буюу Цагаан давааны хяналтын пост дээр иртэл Цагдаагийн алба хаагч мод бэлтгэх эрхийн бичгийг нь үзэж шалгасан. Тэгтэл мод бэлтгэх эрхийн бичигт нь босоо мод унагасан байна гэж хэлээд тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Ж.Б өөрийнхөө хүүхдийг эрхийн бичигт явуулсан гэж хэлсэн. Би эрхийн бичиг авсныг бол нүдээр үзээгүй. Эрхийн бичиг авсан байгаа гэж ойлгосон. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 12-17 цагийн хооронд шинэс төрлийн модыг Ж.Бтой хамт цахилгаан хөрөөгөөр унагаж бэлтгэж тээвэрлэсэн. Ж.Б 2 ширхэг хуурай босоо мод цахилгаан хөрөөгөөр тайралт хийж унагасан. Би унагаж тайрсан модыг машин руу өнхөрүүлж ойртуулсан. Харин унанги нэг ширхэг нойтон модыг тайрч бэлтгэсэн. Тэгээд л машины тэвш дүүрсэн. Ж.Бийн хөрөө, сүхээр модоо бэлтгэсэн. Гэхдээ Ж.Б босоо мод унагасан. Би Ж.Бид тус болсон. Ж.Б өөрийнхөө дүүдээ мод бэлтгэж өгнө гэж байсан. Би ашиг олох зорилгоор мод бэлтгээгүй. Хүүхдээ явуулж эрхийн бичиг авч байгаа гэж хэлсэн, Тиймээс би зөвшөөрөлтэй мод бэлтгэж байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/
*Гэрч Б.Шын өгсөн:
“...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны пост дээр үүрэг гүйцэтгэж байхад Ц.Н гэх хүн 71-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож түүний хажууд Ж.Б гэх зорчигч суучихсан дээд талдаа түлээ тээвэрлэж явсан. Тээвэрлэж явсан түлээний эрхийн бичгийг шалгахад тээвэрлэж явсан түлээ эрхийн бичигтэй байсан ч нойтон босоо мод гэмээр харагдаж байсан. Тиймээс би мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгээгүй, нойтон босоо мод унагасан байна гэж ойлгосон. Шинээр бэлтгэсэн мод байсан. Тээврийн хэрэгсэл дээр хөндлөн ачсан мод байсан шинэс зарим нь нойтон гэмээр зарим нь хуурай мод байсан. Архангай аймгийн Ихтамир сумаас мод бэлтгэсэн гэж хэлсэн. Хэзээ яг ямар ойгоос бэлтгэсэн талаар би дэлгэрэнгүй асуугаагүй. Надад ч хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Гэрч П.Эын өгсөн:
“...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний өрөөнд ирээд Архангай аймаг руу өөрийнхөө төрлийн ахынд мод оруулж өгнө гэж хэлээд мод бэлтгэх эрхийн бичгийг надаар бичүүлсэн. 2021 оны 02 дугаар 03-ны өдөр ирээд ахындаа мод оруулж өгнө гэж хэлээд эрхийн бичиг бичүүлж авсан. Би хэлэхдээ ойн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгээрэй гэж хэлсэн. Надад Ж.Б модоо бэлтгэсэн гэж огт хэлээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж 2021 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдөр хэлэхээр нь би эрхийн бичиг хаасан байгаа гэж хэлээд явуулсан. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгаль орчин аялал жуулчлалын газраас Өөрийн сумын иргэдийн бэлтгэсэн модыг өөрийн төрсөн ах, дүү, төрөл төрөгсдөд нь оруулж өгөх талаар албан бичиг ирсэн. Уг өдөр түүний төрсөн хүү нь 12 өнгөрч байхад ирээд мод бэлтгэх эрхийн бичгийг өрөөнөөс аваад гарсан. Хэнийд буулгах гэж байгаа талаараа багийн даргын тодорхойлолт авсан байгаа гэж хэлсэн. Ж.Бийн хүү нь ирсэн. Би мартаж санаад байна. Ж.Б бол 2 хоногийн өмнө ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч Т.Шийн өгсөн:
“...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны постод үүрэг гүйцэтгэж байхад Архангай аймгийн Ихтамир сумаас мод ачсан 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл Эрдэнэбулган сумын төв рүү нэвтрэхээр ирэхээр нь шалгахад ойн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг надад үзүүлж байсан. Ойн цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэх мод нь унанги мод, гишүү, хожуулыг тайрч галын түлээнд хэрэглэхээр заасан байдаг. Дээрх модыг би өөрийн нүдээр харахад шинээр унагасан, хэрчимлэж тайраагүй, нойтон мэт харагдаж байсан болохоор хаанаас, хэзээ, ямар төрлийн модыг хэн, хэн нь яаж бэлтгэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор тээврийн хэрэгслийг Эрдэнэбулган сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу дэд ахлагч Б.Шт өгч явуулан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулсан. 1,50 м урттай. Портерын дэвшин дээр хөндлөн ачиж дээш дүүргэсэн байсан. Цахилгаан хөрөө болон сүх гэхээр зүйл харагдаагүй. Ц.Н гэх хүн нь мод унагаагаад тайрсан хүнийг яах юм бэ? мод бэлтгэх эрхийн бичгийг нь авсан байгаа шүү гэж хэлээд байсан. Хүнд өгөх гэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/
*Яллагдагч Ж.Бийн өгсөн:
“...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Давхүүгийн”...1.7 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 186.592₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 41-42 тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт/хх-ийн 27-35 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас шүүгдэгч Ж.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд 1.7 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Т.Мийн”...Яллагдагч Ж.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас зөвшөөрөлгүй ойд 1.7м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010100914 тоот дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нгийн”...2021 оны 02 дугаар 03-ны өдөр намайг өөрийн гэртээ байж байхад нутгийн дүү Ж.Б манай гэрт ирээд намайг хамт мод бэлдээд өгөөч Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу оруулна гэж гуйсан. Тэгэхээр нь би Ж.Бтой хамт Архангай аймгийн Их тамир сумын Өлөнт гэх газарт байх ой мод руу очоод 12 цагийн үед бэлтгэж эхэлсэн. Бид 2 өдрийн 17 цагийн үед мод бэлтгэж дууссан. Ж.Бийн гэрт очиж модоо буулгаад би өөрийн гэртээ хүргүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед би гэртээ байж байхад Ж.Б ирээд намайг машин бариад өгөөч би эрхийн үнэмлэхгүй өчигдрийнхөө модыг Эрдэнэбулган сумын төв рүү оруулмаар байна гэж хэлсэн. Тиймээс би Ж.Бийн 71-31 УНС улсын дугаартай мод тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг нь жолоодоод Эрдэнэбулган сумын төвийн буюу Цагаан давааны хяналтын пост дээр иртэл Цагдаагийн алба хаагч мод бэлтгэх эрхийн бичгийг нь үзэж шалгасан. Тэгтэл мод бэлтгэх эрхийн бичигт нь босоо мод унагасан байна гэж хэлээд тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Шын”...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны пост дээр үүрэг гүйцэтгэж байхад Ц.Н гэх хүн 71-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож түүний хажууд Ж.Б гэх зорчигч суучихсан дээд талдаа түлээ тээвэрлэж явсан. Тээвэрлэж явсан түлээний эрхийн бичгийг шалгахад тээвэрлэж явсан түлээ эрхийн бичигтэй байсан ч нойтон босоо мод гэмээр харагдаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний өрөөнд ирээд Архангай аймаг руу өөрийнхөө төрлийн ахынд мод оруулж өгнө гэж хэлээд мод бэлтгэх эрхийн бичгийг надаар бичүүлсэн. 2021 оны 02 дугаар 03-ны өдөр ирээд ахындаа мод оруулж өгнө гэж хэлээд эрхийн бичиг бичүүлж авсан. Би хэлэхдээ ойн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгээрэй гэж хэлсэн. Надад Ж.Б модоо бэлтгэсэн гэж огт хэлээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж 2021 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдөр хэлэхээр нь би эрхийн бичиг хаасан байгаа гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Шийн”...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны постод үүрэг гүйцэтгэж байхад Архангай аймгийн Ихтамир сумаас мод ачсан 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл Эрдэнэбулган сумын төв рүү нэвтрэхээр ирэхээр нь шалгахад ойн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг надад үзүүлж байсан. Ойн цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэх мод нь унанги мод, гишүү, хожуулыг тайрч галын түлээнд хэрэглэхээр заасан байдаг. Дээрх модыг би өөрийн нүдээр харахад шинээр унагасан, хэрчимлэж тайраагүй, нойтон мэт харагдаж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 186.592 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч Ж.Бийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 186.592 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 559.776 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /186.592*3=559.776/нэг зуун наян зургаан мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 559.776 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Бийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Баасандоржийн эзэмшлийнх болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, авто машины зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн авто машиныг эзэмшигч Б.Баасандоржид буцаан олгож, шүүгдэгч Ж.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ болох 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 559.776 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.940.224 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө нэг ширхэг, сүх, хэрэгт битүүмжлэгдсэн 1.7 метр куб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Жын Бийг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бид 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Боос 559.776/таван зуун тавин есөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн авто машиныг эзэмшигч Б.Бд буцаан олгож, шүүгдэгч Ж.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-31 УНС улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ болох 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 559.776 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.940.224төгрөг, 1.7м3 хуурай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР