Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Галбаатарын Бямбацогт Хохирогч Балжиннямын Магсаржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бямбацогтод холбогдох 2023000000118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ярдаг бавуу овогт Галбаатарын Бямбацогт, Регистрийн дугаар: ИЛ88073116:

Шүүгдэгч Г.Бямбацогт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13-14 цагийн орчимд Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багийн нутаг дэвсгэрт байх “Давсан тасаг” гэх газарт эхнэр Б.Магсаржавтай “ажил хийлгэхгүй араас ирлээ” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон, хамрын ясны хугарал, муруйлт, хамрын нуруунд хавдар, баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Ярдаг бавуу овогт Галбаатарын Бямбацогт нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13-14 цагийн орчимд Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багийн нутаг “Давсан тасаг” гэх газарт эхнэр Б.Магсаржавтай “ажил хийлгэхгүй араас ирлээ” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Г.Бямбацогтод зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.Магсаржавын “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр... Галаа ахтай хамт мотоциклоор давсан тасаг дээр очоод уулзсан чинь манай нөхөр Бямбацогт “ажил ихтэй байхад араас юун даа яваад байгаа пизда вэ чи, гичий минь чамайг ална шүү” гээд миний нүүр хэсэгт хоёр удаа цохиод миний нуруу, бөөр гуяа хэсэгт хоёр, гурван удаа хөлөөрөө өшиглөсөн, манай нөхөр давсаа гаргах гээд яваад өгсөн. ...миний хамраас цус гараад толгой эргээд гэртэй тэр өдөр хэвтэж өнжсөн...” гэсэн мэдүүлгээр, Г.Бямбацогт Б.Магсаржавыг цохиж зодсоныг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Г.Батчулууны “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Баяндавс багийн нутагт байх “Давсан тасаг” гэх газарт давс гаргаж байхад Бямбацогт ирээд бид нартай давс гаргаад байж байтал хойноос нь эхнэр Магсаржав ирээд “намайг хаячхаад явлаа” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тухайн үед Бямбацогт давсны тогооноос машинаар давс цагаалаад явж байсан юм. Эхнэр нь буюу Магсаржав Бямбацогтыг хажуу талаас нь олсоор ороолгоод байх шиг байсан. Тухайн үед тэр хоёр машины кабин дотор хэрэлдэж байсан болохоор гаднаас яг юу болоод байгаа нь харагдаагүй гэнэтхэн Бямбацогт машин дотроос буугаад эхнэрээ чирээд буулгаж ирсэн тэгэхэд эхнэрийнх нь хамраас цус гарчихсан байсан. Тэгээд эхнэр нь уйлж хашхираад Бямбацогт руу дайрахад Бямбацогт эхнэрээ хоёр гурван удаа нуруу гуя хэсэг рүү нь өшиглөөд авсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.Баярмагнайгийн “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед би Баяндавс багийн нутаг “Давсан тасаг” дээр тогооноос давс шүүгээд зогсож байхад Бямбацогт гэх хүний эхнэр Магсаржав төвөөс Галаа ахтай хамт мотоциклоор хүргүүлж ирсэн. ...Тэгээд Бямбацогт нь эхнэртэйгээ муудалцаад машинаа унаад давсны тогооноос гараад явсан. ...Хоорондоо муудалцаад л байгаа бололтой байсан, тэгээд би ээж Батбаяртай сумын төв оруулж гэрт нь хүргэж өгөхөд өмсөж явсан цамцных нь хоёр ханцуй цус болчихсон хамар нь бага зэрэг хавдартай байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч П.Өлзийхандын “...Тэр өдөр би давс гаргаж байхад Бямбацогт эхнэртэйгээ хэрэлдээд байгаа болохоор нь би очтол Магсаржавын хамраас цус гарчихсан, цамцных нь урд энгэр цус болчихсон байхаар нь “миний хоёр дүү одоо боль, ингэж хэрэлдэж болохгүй, олон түмний нүдэнд” гэж хэлээд тэр хоёрыг салгаад Бямбацогтын эхнэр Магсаржавыг аваад Давсан тасаг руу явсан юм” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ё.Мөнхдалайгийн “...Би тэр өдөр Батчулуун ах, Бямбацогт ах хоёртой давсан тогооноос давс машинаар зөөж гаргаж байхад Бямбацогт ахын эхнэр сумын төвөөс Галаа ахтай хамт мотоциклоор ирсэн, тэгээд би машины дэвшин дээр Батчулуун ахтай сууж байхад машин дотор хэрэлдээд байсан, удалгүй Бямбацогт ах гарч ирээд машинаас Магсаржав эгчийг чирч буулгаад эхнэрийнхээ нуруун хэсэгт нь хоёр удаа хөлөөрөө өшиглөж байхыг нь би харсан, тэгээд удалгүй Өлзийханд эгч ирээд тэр хоёрыг салгаад Магсаржав эгчийг аваад явсан. Тухайн үед Магсаржав эгчийн хамраас нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлгээр, Б.Магсаржавт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч Ц.Отгонцэцэгийн “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Магсаржав нь нөхөртөө зодуулсан гэж манай эмнэлгийн байгууллагад хандаж надад үзүүлсэн. ...Биед нь ил харагдах шарх байгаагүй. Тухайн үед Магсаржавын биед үзлэг хийхэд гадна байдлаас нүүр хэсэгт буюу хоёр нүдийг тойроод хөхөрч хавдаж улайсан байсан бөгөөд хоёр нүдний зөөлөн эд гэмтэж нулимс гарсан байдалтай харагдаж байсан” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Бямбацогтын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ...“Давсан тасаг” дээр ирж давс ачиж байхад манай эхнэр Магсаржав араас ирээд, ...надтай хэрүүл хийж “чиний ажил хийж байгаа чинь хаана байгаа юм, чи юу хийгээд байгаа юм” гээд уурлаад машин дотор орж ирчхээд орилж чарлаад “чи архи уугаад байгаа юм биш үү” гээд над руу уурлаж, янз бүрийн муу үгээр идээд ,дээрээс нь “чи ажил хийгүй байна” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ? би зүгээр, эрүүл ажил хийгээд байж байгаа биз дээ, гэсэн чинь орилж чарлаад “чи архи уусан байна” гээд миний унаж явсан хүний машин дотор орж суучхаад хаалга, шил цохиод, цонхыг нь хагалчих гээд байхаар нь би уур хүрээд нүүр лүү нь нэг удаа алгадаад, машинаас чирээд буулгасан чинь дахиж орилж чарлаад дариад байхаар би эхнэрийг түлхээд унагачихсан, тэгтэл босож ирээд бас л над руу орилж, чарлаж дайраад байж байхад нь надтай цуг давс гаргалцаж байсан Өлзийханд эгч ирээд манай эхнэрийг салгаад аваад явсан тухайн үед ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч Г.Бямбацогтын үйлдлийн улмаас хохирогч Б.Магсаржавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 000000312 дугаартай “...1. Иргэн Б.Магсаржавын биед: Хамрын ясны хугарал, муруйлт, хамрын нуруунд хавдар, баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. 2. Б.Магсаржавын биед олон тооны гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хохирогчийн зааж байгаа хугацаатай таарч байна. 4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 5. Дээрх гэмтэл нь гар болон мохоо зүйлээр үүссэн байх боломжтой. 6. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 7. Биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 8. Иргэн Б.Магсаржавын биед: Хамрын ясны хугарал, муруйлт, хамрын нуруунд хавдар, баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.Бямбацогтын үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Шүүгдэгч Г.Бямбацогт нь иргэн Б.Магсаржавын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг гараараа цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Г.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдсон учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Г.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Улсын яллагч шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан боловч шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ярдаг бавуу овогт Галбаатарын Бямбацогтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Г.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бямбацогтод оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бямбацогт нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Г.Бямбацогтод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ