Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр

           Дугаар 183/ШШ2018/00096

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “ХУДЭМНДХ”-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************ тоотод байрлах, “СМ” ХХК /РД:*********/-д дхолбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 5 197 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                             

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХУДЭМНДХ” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “СМ” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрэ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн албан журмаар даатгуулна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд “ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 3 465 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1 732 500 төгрөг, нийт 5 197 500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигсдөд хүлээх хариуцлага 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчаар актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 5 197 500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “СМ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “СМ” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ХУДЭМНДХ” нь хариуцагч “СМ” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 5 197 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

             

            Шүүх нэхэмжлэгч “ХУДЭМНДХ”-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5 197 500 төгрөгийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Хариуцагч “СМ” ХХК нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 12 сарын 28-ны өдөр гаргаж өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хх-5/ болон 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн албан мэдэгдэлээр /хх-10/ нийт 3 465 000 төгрөгийн дутуу төлөлттэй гэсэн тооцоог гаргаж ирүүлсэн байна

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд “ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус хариуцагч “СМ” ХХК нь зөрчсөн,  2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлд 3 465 000  төгрөгийг төлөөгүй байх тул  нэхэмжлэгч шаардах эрхтэй  байна.

 

            Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигсдөд хүлээх хариуцлага 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Хариуцагч “СМ” ХХК  нь алданги 1 732 500 төгрөгийг төлөх нь  хуулиар тогтоосон хариуцлага байх тул чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

           Иймд нийгмийн даатгалын шимтгэлд 3 465 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1 732 000 төгрөг, нийт 5 197 500 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

           Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь эх хувиараа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2,44.4 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүх үнэн зөвд тооцож үнэлсэн болно.     

 

           “СМ” ХХК-ийн захирал Б.Ялалт нь шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хуралдаан товлосон талаар 2017 оны 12 дугаар сарын 27-нд мэдэгдсэн, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргад шүүх хуралдааны тов хүргүүлсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар түүний утсанд хуралдаан болох гэж байгаа талаарх шуудангаар гэрийн хаяг нь хүргүүлсэн боловч эзэнгүй гэх шалтгаанаар буцаасан байх тул шүүх  мөн хуулийн 77.6-т зааснаар 11 дүгээр хорооны Засаг даргад мэдэгдэх хуудсыг хүргүүлж,  гарын үсэг зуруулсан болно.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь  хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар “СМ” ХХК-иас 5 197 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХУДЭМНДХ”-т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.ИХШХШТХуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “СМ” ХХК-иас 98 110 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ