Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/173

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч М.Баасанжав, Г.Өрнөхбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Бэсүд овогт Мижиддоржийн Баасанжав, Тугчин овогт Гэрэлчулууны Өрнөхбаяр нарт холбогдох эрүүгийн 2031001780155 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бэсүд овогт Мижиддоржийн Баасанжав, Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Шаамар” суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч, механикч мэргэжилтэй, Урчууд отог ХХК-ний жолооч ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 2-р хороо, 2-р хэсэг, 08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/МД78011372/

2. Тугчин овогт Гэрэлчулууны Өрнөхбаяр, Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Шаамар” суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, 4-р гудамж, Туулын 46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/МД95070916/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1.Шүүгдэгч Г.Өрнөхбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 2 дугаар хэсэг, Харваачдын гудамж 08 тоотод иргэн М.Баасанжавтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт 2 удаа мангасдаж унаган биед нь тархины доргилт, цээж хэвлийд улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2.Шүүгдэгч М.Баасанжав нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 2 дугаар хэсэг, Харваачдын гудамж 08 тоотод “намайг зодлоо” гэх шалтгаанаар иргэн Ү.Мөнхбадрахын толгой тус газар тоосгоор цохиж биед нь толгойн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Өрнөхбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 2 дугаар хэсэг, Харваачдын гудамж 08 тоотод иргэн М.Баасанжавтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт 2 удаа мангасдаж унаган биед нь тархины доргилт, цээж хэвлийд улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Баасанжав нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 2 дугаар хэсэг, Харваачдын гудамж 08 тоотод намайг зодлоо гэх шалтгаанаар иргэн Ү.Мөнхбадрахын толгой тус газар тоосгоор цохиж биед нь толгойн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Өрнөхбаяр, М.Баасанжав нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өрнөхбаярын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баасанжавын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Ү.Мөнхбадрахын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дулаанхаан тосгоны “Ерөө” голын эрэг дээр Өрнөхбаярын хүүхдийг морь унуулах гэж ирсэн юм. Тэр үед Өрнөхбаяр, Дөлгөөн, Нямбаяр бид 4 явж байсан. Тэгээд Өрнөхбаяр, Дөлгөөн бид гурав 2,5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд байж байтал Өрнөхбаярын аав Гэрэлчулуун яриад “аавыгаа ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд Нямбаяр машин бариад нэг айлын гадаа очоод зогссон. Тэгээд Өрнөхбаяр, Дөлгөөн хоёр нөгөө айл руу орсон. Удалгүй гараад ирсэн чинь араас нь Баасанжав гэх хүн “Мөнхболд шээс ээ, надтай яагаад мэндлэхгүй байгаа юм” гэж орилж Дөлгөөн рүү дайрсан. Тэр үед Дөлгөөн “цаашаа яв” гээд түлхсэн чинь дахиад дайрах үед Баасанжавын баруун гарт юм гялалзах шиг болсон. Тэр үед нь би Дөлгөөнд хандаж “наадах чинь хутгатай байна. Холдоорой” гэж хэлсэн чинь Дөлгөөний нүд рүү хутгатай гараараа цохисон. Тэгэхээр нь машинаас буугаад гүйж очоод Дөлгөөнийг татаж босгоод машин луу явж байхад Баасанжав миний толгойны ар хэсэг буюу дагз хэсэг рүү тоосгоор нэг удаа цохисон. Тэгээд бид хэд шууд Нямбаярын ээж болох Чулуунцэцэг эгчийнд очоод би толгойгоо угааж байтал “цагдаа ирж байна” гэж хэлэхээр нь бид нар нөгөө айлд очсон...” гэх мэдүүлэг[3],

4. Хохирогч М.Баасанжавын 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн үед Өрнөхбаяр намайг олон удаа түлхэж унагасан. Унах үедээ эхлээд гэрийн шкаф мөргөж унасан. Тэгээд гадаа гараад Өрнөхбаяр дахин намайг мангасдаж унагаасан. Унах үедээ би толгойгоороо маш хүчтэй савж унаж байсан. Нямбаяр, Дөлгөөн, Мөнхбадрах 3 салгах гэж байгаад түлхсэн. Ер нь Өрнөхбаяр миний биед хохирол учруулсан. Эхлээд толгойны зураг авахуулсан 165,000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 484240 төгрөг, бэлэн 30,000 төгрөг өгсөн. Нийт 956,400  төгрөгний эмчилгээ болон эм тариа хэрэглэсэн. Энэ мөнгөнөөс барагдуулаагүй байна. Эмчилгээний мөнгөө төлүүлэх юм бол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Г.Нямбаярын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрэлчулуун ах Өрнөхбаяр ахын утас руу залгаад “Намайг Баасанжавын гэрээс ирээд авчих” гэхээр нь би машиныг нь жолоодоод Баасанжав ахын гадаа ирээд Өрнөхбаяр, Дөлгөөн ах 2 Баасанжав ахын гэрт нь орсон. Удалгүй Өрнөхбаяр ах гарч ирээд араас нь Дөлгөөн ах гарч ирсэн ба Хишгээ ахтай юм ярьж байтал араас нь Баасанжав ах гарч ирээд “манай гэрт орж ирчихээд надтай мэндэлсэнгүй” гээд Дөлгөөн ах руу дайраад байсан. Тэд нар хоорондоо маргалдаад тэгтэл Баасанжав ах гартаа жижиг хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь Өрнөхбаяр ах очоод Баасанжав ахыг “одоо болиоч, яагаад байгаа юм” гэтэл Дөлгөөн ахын цамцнаас заамдчихаад тавихгүй байсан. Тэгтэл Баасанжав ах Дөлгөөн ахыг нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Мөнхбадрах очоод Дөлгөөн, Баасанжав ах хоёрыг салгах гээд Баасанжав ахыг газар унагатал Баасанжав ах тоосго аваад Мөнхбадрахын толгой руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би очоод Баасанжав ахыг хойноос нь татаж унагаад тоосгыг нь авсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Э.Эрдэнэсувдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ганбаярын эхнэр Төгсмаа надад хандан “танай гэрийн гадаа хүмүүс орилолдоод хүүхэд уйлаад байна” гэхээр нь би гараад сонстол хүмүүс орилолдоод байсан ба гэрийнхээ гадаа иртэл хоёр бүдүүн залуу бас Дөлгөөнөө гэх залуу хамт гурвуулаа нийлчихсэн манай нөхрийг газар унагаад доороо хийчихсэн зодож байсан. Тэгэхээр нь би орилсоор байгаад нөхрөө салгах гэтэл нэг шивээстэй залуу нь намайг өргөөд замын хажуу руу шидчихсэн. Тэгэхээр нь дахиад салгах гэтэл Гэрлээ ах ирчихсэн нэг залууг нь цааш нь түлхэж байсан. Тэгтэл манай нөхөр босоод иртэл дахиад л нэг нь дайраад салахгүй байсан. Тэгтэл нэг бүдүүн залуу нь чулуу аваад шивээстэй бүдүүн залууг чулуугаар цохитол, толгойноос нь цус гараад тэгээд дахиад л зодоон болсон. Ер нь бол тэр хэдэн залуучууд дийлдэхгүй байсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Б.Сансарын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өрнөхбаяр Баасанжав ахын гэр дотор аавыгаа хайгаад байхаар нь Баасанжав ах “аав чинь байхгүй байна гээд байхад, яах гээд байгаа хүүхэд вэ” гэтэл Өрнөхбаяр Баасанжав ахыг гараараа түлхээд унагасан ба Баасанжав ах гэрийнхээ хувцасны шүүгээг мөргөөд унах шиг болсон...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Э.Дөлгөөний 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Баасанжав ах миний нүд рүү шууд цохиод би газар унасан. Тэр үед Мөнхбадрах ирээд шууд Баасанжав ахыг түлхсэн ба Хишгээ ах миний нүдний шилийг авч өгчихөөд “наанаа байж байгаарай” гээд цаашаа Баасанжав ах руу очсон...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч А.Хишигдоржийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Гэрлээгийн хүү нь болох залуу Баасанжавыг түлхээд унагасан. Тэгээд бүгд гадаа гараад зодолдоод байхаар нь би явчихсан юм. Учир нь тухайн үед Гэрлээ, Сувдаа, Сансар нар хүрээд ирсэн юм...” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч Ц.Отгонцэнгэлийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Г.Өрнөхбаярыг Дулаанхаан тосгонд ирээд яг юунаас болоод хүнтэй маргаад асуудал гаргасан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан хүнтэй маргаад цагдаа дээр шалгагдаж байна гэж сонссон...” гэх мэдүүлэг[10],

11. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Ү.Мөнхбадрахын биед толгойн хуйханд язарсан шарх, зүүн шуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[11],

12. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 162 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Э.Дөлгөөний биед зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн доод зовхины доод хэсэгт зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[12],

13. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. М.Баасанжавын биед тархины доргилт, цээж хэвлийд улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[13],

14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[14], 15. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19], 20. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[20], 21.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн прокурорын санал[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Өрнөхбаяр, М.Баасанжав нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ү.Мөнхбадрах нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Баасанжавтай сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирол төлбөр төлөгдсөнд үндэслэн шүүгдэгч М.Баасанжавыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. Хохирогч М.Баасанжав нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Өрнөхбаяртай сайн дурын үндсэн дээр эвлэрч гэрээ байгуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.Баасанжав, Г.Өрнөхбаяр нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баасанжав, Г.Өрнөхбаяр нарт торгуулийн ял шийтгэл оногдуулж, тэдгээрийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Баасанжав, Г.Өрнөхбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Мижиддоржийн Баасанжав, Тугчин овогт Гэрэлчулууны Өрнөхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баасанжавыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр, Г.Өрнөхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /төвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өрнөхбаярын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, М.Баасанжавын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Г.Өрнөхбаяр, М.Баасанжав нарт анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.Өрнөхбаяр, М.Баасанжав нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 24 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 27 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 60-61 дүгээр тал

[14] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 04 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн 63-72 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 89-90 дүгээр тал

[18] Хавтаст хэргийн 86-88, 91  дүгээр тал

[19] Хавтаст хэргийн 163-164 дүгээр тал

[20] Хавтаст хэргийн 180 дугаар тал

[21] Хавтаст хэргийн 186-187 дугаар тал