Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

 

 

 

                                  2021/ШЦТ/89

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай  

Шүүгдэгч: Б.Э, Д.С  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бын Э, Б овогт Дийн С нарт холбогдох 2112000000073 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц овогт Бын Э/РД:АВ................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ............... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Дийн С/РД:АВ................./

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Э, Д.С нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр Цагаан нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.8 м урттай 35 ширхэг 6.9 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, 71-77 АРА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1.363.219 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000000073 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч П.Аийн өгсөн:

“...Б.Э, Д.С нар нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, “Согоот” гэх газраас хууль бусаар буюу түлээний модны эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн байсан. Ойн санд 1.363.219 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг асуудалд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг нэхэмжлэхээр оролцож байна. Улсын хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-47 дугаар тал/

 

          *Гэрч Л.Дгийн өгсөн:

           “...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед Д.С, Б.Э нар над дээр 3 машин түлээний мод байна, гоожин эрхийн бичиг нь байгаа чи авчаач гэсэн. Тэгэхээр нь би 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний худалдаж авсан мод 2 машин мод нь галын түлээний мод, 1 машин мод нь 2.80 см урттай хэрэглээний мод байсан. Би тухайн модны эрхийн бичгийг нүдээр хараагүй Д.С, Б.Э хоёр бичиг авсан гэж л ярьж байсан. Миний худалдаж авсан хэрэглээний мод шинэс төрлийн хуурай 2.80 см урттай 35 ширхэг мод байсан. Галын түлээний модыг би нутгийн настай хүмүүст түлшиндээ хэрэглээрэй гээд гэрт буулгаад өгчихсөн харин тэр хэрэглээний 35 ширхэг мод манай мод бэлтгэх газрын хашаанд байгаа. Мод нь унианги мод бололтой чанар муутай мод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/

          

          *Гэрч Д.Шын өгсөн:

           “...2020 оны 12 дугаар сарын эхээр байхаа би өдрийг нь сайн санахгүй байна. Б.Э надаас 2 машин буюу 16 куб метр түлшний мод бэлтгэх эрхийн бичиг түүнээс хэд хоногийн дараа Сайнаа гэх залуу надаас 1 машин буюу 8 куб метр түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Б.Э, Д.С надаас хэрэглээний мод бэлдэх эрхийн бичиг аваагүй, харин түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Надад мөнгөө өгсөн одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би хэлж зөвлөсөн, эрхийн бичиг дээрээ унасан мод, ойн цэвэрлэгээ гэж бичдэг. Би уг эрхийн бичгийг бичихдээ түлээний мод гэх хүснэгтийн ард бөглөх ёстой байтал андууран хэрэглээний мод гэсний ард бичсэн байсан бичиг дуусаад алдаагаа харж тэр даруй нь доош сум зааж зассан байгаа, гэхдээ эрхийн бичгийн дээр мод бэлтгэх арга, огтлолын төрөл хэсэгт цэвэрлэгээ, унаанги гэж бичсэн байгаа. Үүнийг би Б.Эт хэлж тайлбарлаж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/

 

            *Яллагдагч Б.Эын өгсөн:

            “...Би Д.Сын хамт эрхийн бичиггүй хэрэглээний мод бэлтгэсэн үнэн би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө хийсэн хэргийнхээ талаар бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 дүгээр тал/

 

           *Яллагдагч Д.Сын өгсөн:

           “... Би хамаатны дүү Б.Эын хамт 2020 оны 12 дугаар сарын 15-ны үеэр Жаргалант сумын Асайт багийн нутаг Цагаан нүүр гэх газар мод бэлтгэсэн, ингэхдээ галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг ойн байцаагч Д.Шаас авсан.  Тухайн Цагаан нүүр гэх газар очоод Б.Э бид хоёр босоо мод 10 ширхэгийг унагааж, бусад модыг унасан модноос бэлдсэн. Ингээд тухайн модоо Жаргалант сумын төв рүү оруулах гэсэн боловч амжихгүй байж байгаад 2021 оны 01 сарын 22-ны өдөр өөрийнхөө Зил 131 маркийн машинаар ачиж Жаргалант сумын төвд авч ирээд хөрөө рам ажиллуулдаг Л.Д гэх хүнд бүх модоо 150.000 төгрөгөөр зарж мөнгийг хувааж авсан. Ачиж ирсэн модыг Б.Э бид хоёр 2 метр 80 см-ын урттай хэрэглээний мод болгон тайрсан. Б.Э бид хоёрын бэлдсэн 2 метр 80 см тайрсан, 35 ширхэг мод Л.Дгийн хашаанд байгаа, Зил 131 маркийн машин манай хашаанд байгаа. Хөрөө, сүх Б.Эынх. Ямар бичиг баримт бүрдүүлэх талаар надад мэдэх зүйл байхгүй, мөнгөний хэрэг гараад, ажил олдохгүй байсан тул мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн”...6.9 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж / бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ 48.098₮, шууд бус үр ашгийн 61.662₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.363.219₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

         *Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний мэргэжилтэн Ш.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/20-1 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан/хх-ийн 133 дугаар тал/

 

           *Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-7 дугаар тал/

           *Хууль бусаар бэлтгэсэн гэх 35 ширхэг, шинэс модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-11 дүгээр тал/

           *Яллагдагч Б.Э, Д.С нарт олгосон АРА 20-020304, АРА 20-020203, АРА 20-020303 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгүүд/хх-ийн 26-28 дугаар тал/

           *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91, 92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр Цагаан нүүр гэх газраас шүүгдэгч Б.Э, Д.С нар нь бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд 2.8 м урттай 35 ширхэг 6.9 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, 71-77 АРА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1.363.219 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э, Д.С нар нь бүлэглэн үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч П.Аийн”...Б.Э, Д.С нар нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, “Согоот” гэх газраас хууль бусаар буюу түлээний модны эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн байсан. Ойн санд 1.363.219 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Шын”...2020 оны 12 дугаар сарын эхээр байхаа би өдрийг нь сайн санахгүй байна. Б.Э надаас 2 машин буюу 16 куб метр түлшний мод бэлтгэх эрхийн бичиг түүнээс хэд хоногийн дараа Сайнаа гэх залуу надаас 1 машин буюу 8 куб метр түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Б.Э, Д.С надаас хэрэглээний мод бэлдэх эрхийн бичиг аваагүй, харин түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Надад мөнгөө өгсөн одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би хэлж зөвлөсөн, эрхийн бичиг дээрээ унасан мод, ойн цэвэрлэгээ гэж бичдэг. Би уг эрхийн бичгийг бичихдээ түлээний мод гэх хүснэгтийн ард бөглөх ёстой байтал андууран хэрэглээний мод гэсний ард бичсэн байсан бичиг дуусаад алдаагаа харж тэр даруй нь доош сум зааж зассан байгаа, гэхдээ эрхийн бичгийн дээр мод бэлтгэх арга, огтлолын төрөл хэсэгт цэвэрлэгээ, унаанги гэж бичсэн байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Л.Дгийн”...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед Д.С, Б.Э нар над дээр 3 машин түлээний мод байна, гоожин эрхийн бичиг нь байгаа чи аваач гэсэн. Тэгэхээр нь би 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний худалдаж авсан мод 2 машин мод нь галын түлээний мод, 1 машин мод нь 2.80 см урттай хэрэглээний мод байсан. Би тухайн модны эрхийн бичгийг нүдээр хараагүй Д.С, Б.Э хоёр бичиг авсан гэж л ярьж байсан. Миний худалдаж авсан хэрэглээний мод шинэс төрлийн хуурай 2.80 см урттай 35 ширхэг мод байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.363.219  төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Э, Д.С нарын бүлэглэж зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн  үйлдэл нь бүлэглэн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Д.С нарын бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Э, Д.С нарын бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э, Д.С нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Б.Э, Д.С нарыг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.363.219 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 4.089.657 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нөхөн  төлсөн байна.  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан тул  шүүгдэгч Б.Э, Д.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 71-77 АРА улсын дугаартай Зил-130 маркийн автомашин, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 6.9м3 хуурай шинэс модыг тус тус хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э, Д.С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэсэн нөхцөл байдал, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э, Д.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Ц овогт Бын Э, Б овогт Дийн С нарыг бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Д.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Д.С нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Д.С нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э, Д.С нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 20, 21 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, Д.С нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-77 АРА улсын дугаартай Зил-130 маркийн автомашин, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 6.9м3 хуурай шинэс модыг тус тус хураан улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Б.Э, Д.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР