Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2020/0044

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: А.А  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад  холбогдох;

            “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааныг дахин хуралдуулахыг хариуцагчид даалгах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Х.Хавдалмурат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахь Ардчилсан намын бүлгийн дарга А.Аээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Баасан гарагт сумын төвд хуралдуулахаар тов  тогтоосон.

Дээрх товын дагуу нэр бүхий 9 төлөөлөгч тухайн өдрийн 13:00 цагт хуралдаанд оролцохоор ирсэн боловч намын бүлэг хуралдаж байгаа, дараа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдана, та нар хүлээж бай гэсний дагуу өдрийн 15:30 цаг хүртэл хүлээгээд болохгүй болохоор нь цай уухаар төлөөлөгч А.Аийн гэрт бүгдээрээ очсон. Энэ хооронд бидэнд хуралдаанд ирж оролц гэж хэн ч мэдэгдээгүй. 16:00 цагт буцаж ирэхэд хуралдаан эхэлсэн байсан. Тэгэхээр нь төлөөлөгч А.А. М.Х нар хуралдааны танхимд орж яагаад бидэнд мэдэгдэхгүйгээр хуралдааныг эхлүүлсэн вэ гэхэд та нарыг хүлээсэн боловч ирээгүй учир эхэлсэн гэсэн хариу егсөн байна. Үүнээс болж нэр бүхий 9 төлөөлөгч хуралдаанд оролцож чадаагүй. Үүнээс болж бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Мөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэсэн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг зөрчсөн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хурлын товыг тогтоосон боловч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр болсон байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж оройн 17:00 цагт төлөөлөгч Ш.Досмухамедэд өгсөн байна. Харин бусад төлөөлөгч нарт хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох бусад материалуудыг огт өгөөгүй. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан 3Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй3 гэсэн заалтыг давхар зөрчиж байна.

Тиймээс тухайн хуралдаанаас гарсан  бүх тогтоолуудыг хүчингүй болгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Гэхдээ одоо тухайн хуралдаан хууль бус байсныг тогтоож, дахин хуралдуулахыг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж байна

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож, хуралдаанаар гарсан 1, 2, 3, 4 дүгээр тогтоолуудыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Ерөнхийдөө 2 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг урьдчилж төлөөлөгчдөд танилцуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд хэлэлцэх асуудлыг тараана  гэсэн заалтыг зөрчсөн. Хэлэлцэх асуудлыг тараагаагүй асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Тиймээс тухайн өдөр хэлэлцсэн асуудлыг урьдчилж төлөөлөгчдөд мэдэгдээгүй байсан учраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаан хийх боломжгүй.

Хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлон зарласан бол тухайн өдөр хэлэлцэгдэх ямар ч асуудлыг төлөөлөгч нарт тарааж өгөөгүй учраас хууль зөрчсөн хуралдаанд оролцох боломжгүй гэж хуралдаанд оролцоогүй. Мөн тухайн өдөр хуралдаанд оролцохоор  очиход, Монгол Ардын нам бүлгийн хурал хийж байгаа гэж очсон төлөөлөгч нарыг буцаасан. Энэ  талаар нэхэмжлэлд тодорхой дурдсан байгаа.  Төлөөлөгч нар хуралдаанд оролцох гэсэн боловч хуралдаан эхлээгүй байсан. Тэгээд А.Аийн гэрт хүлээгээд сууж байхад, Монгол ардын нам өөрсдөө бүлгийн хурал хийсэн. Бүлгийн хурал хийж байхад, тухайн Ардчилсан намын бүлэгт мэдэгдэхгүйгээр хуралдааныг эхлүүлээд маргаан бүхий тогтоолуудыг гаргасан.

Тухайн бүлгийн төлөөлөгч нарын тухайн хуралдаанд оролцох эрх ашиг хөндөгдсөн. Хуралдаанд таслах эрхтэй оролцох, санал хэлэх эрх ашиг нь давхар хөндөгдсөн. Тухайн төлөөлөгч  нар хуралд оролцсоноор урамшуулал авах ёстой байсан. Хурлын төлөөлөгчийн баталгаа нь зөрчигдсөн учраас шүүхэд хандсан.

Нэгэнт тогтоолууд хэрэгжиж дууссан, зарцуулагдсан зүйлийг буцаах хүчингүй болгох ямар ч боломжгүй.  Хууль бус  байсан болохыг тогтоолгосноор эрх бүхий байгууллагаас нөхөн төлүүлэх акт эсвэл өөр нэг үр дагаврыг бий болгож болно. Хууль бус хөрөнгө мөнгө зарцуулсан асуудал гарах юм бол тусдаа асуудал үүснэ. Иймд хуралдаан хууль бус байсан болохыг тогтоож, хуралдааныг дахиж хуралдуулъя гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга А.Аийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгон Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааныг дахин хуралдуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга X.Хавдалмуратад даалгаж өгөх нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргэж байна. 

Үүнд: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  15 цагт хуралдуулж хуралд ирсэн Тэргүүлэгчдийн олонхын саналаар 2019 оны 12 дугаар 20-ны өдрийн 13 цагт сумын төвд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагт сумын төвд хуралдуулах болсон тухай зарлалыг 2019 оны 12 дугаар  сарын 18-ний өдрийн аймгийн радиогоор зарлал өгсөн болно.

2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 13 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг дахин хуралдуулж, 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан. Уг өдрийн 13 цагаас 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө бүхий материалыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас төлөөлөгчдөд тараасан Ардчилсан намын бүлгийн дарга А.Ат тухайн үед материалаа ав гэж мэдэгдсэн боловч “...аймагт машинаа засварлаж явж байгаа амжиж очвол авъя” гэсэн хариу өгсөн. 16.30 цаг орчимд А.А ирж аваагүй Ардчилсан намын бүлгийн гишүүн Ш.Досмухаметэд өгч гарын үсэг зуруулсан мөн Ардчилсан намын бүлгийн гишүүд Б.Нуграж, Б.Даулетхан нар өөрийн биеэр авч гарын үсэг зуруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг буюу бусад хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 52 минутад цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ирц бүрдсэн учир хуралдааныг эхлүүлэхээр болж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Жумагүл Ардчилсан намын бүлгийн дарга А.Ат удаа дараа утсаар залгасан боловч утсаа аваагүй. Мөн бие даагч төлөөлөгч М.Хуанышд утсаар залгахад “...би гадаа машиндаа сууж байна” ардчилсан намын бүлэг ирэхээр хамт орно гэсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 11 төлөөлөгч буюу олонх цугларч ирц бүрдсэн тул бусад төлөөлөгчид бид нар өөр өөрийн гэсэн ажилтай, одоо хүлээж чадахгүй гэж шаардсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааныг уг өдрийн 16 цагт эхлэв. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 20 төлөөлөгчтэй ба 11 төлөөлөгч ирж бүрдсэн тул Монгол Улсын засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 7 дахь эт зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасны дагуу хуралдаанаа эхэлсэн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ө.Харилбай төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон учир хуралдаанд оролцох ёсгүй гэж үзсэн байна.

 Ө.Харилбайн төрийн жинхэнэ албан хаагч болсон нь үнэн ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлтээ ирүүлээгүй байсан ба Монгол Улсын засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар аймаг, нийслэл. сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно гэж зааж өгсөн тул мөн хуулиа зөрчөөгүй явдал юм.

Хуралдаан болохыг сонсоогүй гэж байгаа боловч  тухайн өдөр хуралдаан эхэлж байхад А.А, М.Хуаныш нар өөрсдөө орж ирэхэд нь миний бие “... суугаад оролц”  гэж хэлэхэд, өөрсдөө “... хуралдаанд оролцохгүй” гэж хэлээд гараад явсан. Үнэхээр ард түмнээ гэсэн сэтгэлтэй байсан бол тухайн хуралдаанд суу гэж хэлэхэд нь суугаад санал хүсэлтээ хэлэх ёстой байсан. Тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэс дарааллаар нь олонхын саналаар батлаад явсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч  А.А нь тус шүүхэд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хавдалмуратад  холбогдуулан “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааныг дахин хуралдуулахыг хариуцагчид даалгах“ шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Бугат сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдаан хууль бус болохыг тогтоож, 11 дүгээр хуралдааныг дахин хуралдуулахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн.

             Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 11 дүгээр хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг төлөөлөгчдөд гардуулаагүй, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн, мөн тухайн хуралдаанд ардчилсан намын төлөөлөгчид оролцоогүй тул тэдний хуралдаанд таслах эрхтэй оролцох,  санал гаргах, шийдвэрлүүлэх эрх  зөрчигдсөн, мөн төлөөлөгчөөр оролцуулсан  Ө.Харлыбай нь төрийн жинхэнэ албан хаагч, төлөөлөгчөөс татгалзсан байхад түүнийг хүчээр оролцуулан ирц бүрдүүлж хууль зөрчсөн” гэж тайлбарлажээ. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах  үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн анхдугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор[1] нийт 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, 21 төлөөлөгчийн нэг төлөөлөгч буюу Х.Хайвыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолоор[2]     төлөөлөгчөөс огцруулж, бүрэн эрхийг нь дуусгавар болгосон, түүний оронд төлөөлөгч нөхөн сонгогдоогүй тул нийт 20 төлөөлөгчийн 11 төлөөлөгчийг оролцуулан төлөөлөгчийн олонхи ирсэн гэж үзэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 11 дүгээр хуралдааныг хуралдуулжээ.

            Уг  хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 31 дүгээр тогтоолоор[3] баталж,  тухайн өдөр төлөөлөгч К.Муратхан, М.Хуаныш, М.Сархад, А.Малгаждар, Г.Давхарбаяр, Х.Өсерхан, К,Хавдалмалик, Б.Хараман, Ө.Харлыбай, Б.Хажмурат, Х.Амангажы, Ш.Досмухамет нарт тарааж  өгсөн, харин төлөөлөгч А.А, Х.Ержанат, З.Лаулагүл, Ш.Болатбек, Б.Нуграж, Б.Даулетхан, Б.Салтанат нарт өгөгдөх төлөвлөгөөг төлөөлөгч Ш.Досмухамедэд өгсөн болох нь хэрэгт авагдсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөө тараасан тухай тэмдэглэл[4], гэрч Х.Жумагүл, Ш. Досмухамедийн мэдүүлгүүдээр[5] тус тус тогтоогдож байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн / цаашид хуулийн гэх/ 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд нэрлэсэн субъектүүд нь Хуралд хэлэлцүүлэхээр асуудлыг санаачлан оруулах эрхтэй бөгөөд  мөн уг асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл, тооцоо, судалгаа, лавлагаа болон асуудлыг хэлэлцсэний  дараах гарах  шийдвэрийн төсөл зэргийг хавсаргаж 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах ба ийнхүү тарааж төлөөлөгчдөд мэдэгдсэнээр  хуульд заасан 1 хоног дотор төлөөлөгчид нь уг асуудалтай танилцах,  холбогдох баримтуудыг судлах боломж олгож, уг асуудлыг  хуралдаанаар  хэлэлцэх үед   санал гаргах,   таслах эрхтэй оролцож шийдвэрлүүлэх  эрхийг нь хангахаар  зохицуулсан  заалт юм.

            Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан өдөр буюу хуралдаанаас 1 хоногийн өмнө Хурлын ажлын албанаас төлөөлөгчдөд тараасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал нь   шууд гардаж аваагүй боловч хариуцагч нь  хуулийн хугацаанд тараах үүргээ биелүүлсэн, бусад төлөөлөгчид гардаж авсан, мөн тухайн маргаан бүхий хуралдаанаар урьдчилж Тэргүүлэгчдээр төлөвлөгдсөн асуудлуудыг  хэлэлцэн шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчийн “...хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг огт өгөөгүй,  хуулийн  24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн” гэсэн тайлбар нь  үндэслэлгүй гэж үзлээ.

2. Маргаан бүхий ээлжит 11 хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагт  товлогдсон,  зарыг бүх төлөөлөгчдэд мэдэгдсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин  Хурал дахь ардчилсан намын бүлгийн гишүүд нь товлогдсон цагт цугларсан боловч хуралдаан  цагтаа  эхлээгүй тул нэхэмжлэгчийн  гэрт нь очиж хүлээсэн,   16 цагийн үед нэхэмжлэгч болон бие даагч, төлөөлөгч М.Хуанышт  хуралдаан эхлэх гэж байгааг мэдэгдэхээр Хурлын ажлын албаны дарга Х.Жумагүл утасдсан, нэхэмжлэгч А.А нь утсаа аваагүй, харин  М.Хуаныш нь Х.Жумагүлээс мэдсэнээр нэхэмжлэгч А.Ат мэдэгдсэн, улмаар Хурал дах ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид ирсэн,  М.Хуаныш, А.А нар нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан үед хуралдаанд орсон, нэхэмжлэгч болон төлөөлөгч М.Хуаныш нь “... хуралдааныг бидэнд мэдэгдэхгүйгээр   эхэлсэн, энэ нь хууль бус хуралдаан, шүүхэд хандана” гэсэн үндэслэлээр  маргаан үүсгэн танхимаас гарсан, гадаа үлдсэн бусад төлөөлөгчдөд “... хуралдаан эхэлсэн байна, орохгүй” гэж мэдэгдсэнээр бүгд оролгүй явсан   зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл[6], гэрч М.Хуаныш,   Ө.Харлыбай, Б.Хараман, Х.Өсерхан, М.Сакен, К.Муратхан, А.Жамбыл нарын мэдүүлгээр[7] тус тус батлагдаж байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч болон Хурал дахь ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид нь маргаан бүхий  хуралдаан эхэлсэн үед  ирсэн боловч тухайн хуралдаанд суулгүйгээр маргаан үүсгэн хуралдааныг орхиж явсан байх ба энэ үйлдэл нь  хуулийн  23 дугаар зүйлийн 23.8-т “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг хуралдаанд орох үед хуралдаан эхэлсэн боловч төлөвлөгөөнд орсон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлээгүй  байсан, хэрэв нэхэмжлэгч болон бусад төлөөлөгчид оролцсон тохиолдолд  хэлэлцэх  асуудлуудаар санал гаргах, таслах эрхээр оролцох, асуудлыг  шийдвэрлүүлэх зэрэг  хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч нэхэмжлэгч нь өөрөө “... бидэнд мэдэгдэхгүйгээр  хуралдааныг эхэлсэн” гэх  хууль бус үндэслэл заан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхиж гарсан байх ба нэхэмжлэгчийн энэхүү үйлдэлд нь  хариуцагчийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч тал нь   өөрсдөөс нь хамаарах шалтгаанаар хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3-т  заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй тул төлөөлөгчийн бүрэн эрх зөрчигдсөн гэх тайлбар үндэслэл муутай байна.

3. Хурлын төлөөлөгч Ө.Харлыбай нь төрийн жинхэнэ албан хаагч, түүнийг хуралдаанд хууль бусаар оролцуулан ирц бүрдүүлсэн  гэж нэхэмжлэгч тал маргажээ.

2016 оны анхдугаар хуралдаанаар Ө.Харлыбайн төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн   зөвшөөрсөн, Бугат сумын Засаг даргын  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/59 дүгээр захирамжаар[8] түүнийг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн[9], 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, энэ асуудал нь хуралдаанаар шийдвэрлэгдэхгүйгээр  хойшлогдож, улмаар  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд хэлэлцэгдэх асуудлын төлөвлөгөөний  7-т орж хэлэлцэгдэн тухайн хуралдааны 9 дүгээр тогтоолоор чөлөөлөгдсөн болох нь тус тус хэрэгт авагдсан Бугат сумын Засаг  даргын 2018 оны захирамж, тангараг, Ө.Харлыбайн мэдүүлэг, 9 дүгээр тогтоол[10] зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж чөлөөлөгдөх   талаар  хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно”,  13.1.2-т “хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан” 13.2-т “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-т заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах ...” гэж тус тус нарийвчлан заасан.

Төлөөлөгч Ө.Харлыбай нь  төрийн жинхэнэ албан хаагч болсон шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ  гаргасан боловч энэ асуудлыг  хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээгүй, Хурал нь чөлөөлөх тухай тогтоол гаргаагүй, түүний төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болоогүй  тул  ээлжит 11 дүгээр хуралдаанд төлөөлөгчийн хувиар оролцсоныг хууль бус гэж үзэх боломжгүй,   ирцийг олонхоор тооцсон  хуралдааны үйл ажиллагаа нь хуулийн 23 дугаар зүйлийн  23.7-т  заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэнтэй нийцжээ.

Иймээс дээрх үндэслэлүүдээр “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит 11 дүгээр хуралдааныг хууль бусад тооцож, дахин хуралдуулахыг хариуцагчид даалгах”   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                      

                                                          ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч  А.Аээс   Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хавдалмуратад  холбогдуулан гаргасан “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 11 дүгээр  хуралдааныг хууль бусад тооцож, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааныг дахин хуралдуулахыг хариуцагчид даалгах“ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                         З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 200 дугаар тал /1 хавтас/

[2] Хэргийн 223 дугаар тал /2 хавтас/

[3] Хэргийн 85 дугаар тал /1 хавтас/

[4] 83 дугаар тал /1 хавтас/

[5] Хэргийн 2017, 214 тал /1 хавтас/

[6] Хэргийн 188-198 дугаар тал /1 хавтас/

[7] Хэргийн 211,2218, 221, 224, 236, 243, 244 дугаар тал /1 хавтас/

[8] Хэргийн 228 дугаар тал /1 хавтас/

[9] Хэргийн 229 дүгээр тал /1 хавтас/

[10] Хэргийн 172 дугаар тал /1 хавтас/