Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0043

 

2014 оны 01 сарын 22 өдөр                    Дугаар 43                        Улаанбаатар хот

 

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Л.Н, Ж.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 458 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Ж.Э нарын 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 232174 актын “тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Ж.Э нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа\ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар 2008 оны тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл бүрдсэн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31 -ний өдрийн 458 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн байцаагчид 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 232174 тоот актыг тогтоохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасан заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Гэвч татвар төлөгч би орлого болон ямарваа зүйлийг нуугаагүй, үнэн зөвөөр тайлагнаж байсан тул хуулийн энэ заалт нь миний үйлдэл, эс үйлдэлд огт хамаарахгүйгээс гадна татварын байцаагч нь бүтэн 4 жилийн хугацаанд зохих баримтаар тайлагнасан татварын тайланг хүлээн авч хянахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлүүлэх үүргээ өөрсдөө биелүүлээгүй атлаа бүх хариуцлагыг татвар төлөгчид үүрүүлж байгаа нь шударга бус гэж үзэж байна.

Учир нь, Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.1.12-т заасан эрх үүрэгтэй байна.

Тэр ч атугай Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр 13-ны өдрийн 13 тоот тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журмын 4.3, 4.4-т, хуульд заасан хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргаагүй иргэн, хуулийн этгээдэд татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай шаардлагыг хүргүүлэх ба иргэн, хуулийн этгээд нь уг шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан өргөдлөө гаргаж, татвар төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авах журмыг тус тус тогтоожээ.

Гэтэл татварын алба, түүний байцаагчид нь татвар төлөгч надад тусалж таниулах, сануулга, зөвлөгөө өгөх талаар дээр дурдсан үүргээ биелүүлээгүй, татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай шаардлага хүргүүлэх тогтоосон журмыг мөрдөөгүй байхад анхан шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр гагцхүү намайг "татвар төлөгчөөр бүртгүүлэн үүрэгтэй байсан ба уг үүргээ биелүүлээгүй байна" гэж буруутгасан нь нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болжээ.

Дээрхээс гадна шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ... 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 дэх заалтуудыг баримталсан байх боловч нэхэмжлэгч миний бие "тооцоо, мэдээ, тайланг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй" гэх буюу" нэмэгдсэн өртгийн татвар төлөгч биш" гэж маргаагүй, харин бүтэн 4 жилийн хугацаанд зохих баримтаар тайлагнасан татварын тайланг хүлээн авч хянахдаа нэмэгдсэн өртгийн татвар төлөхийг албан ёсоор сануулж шаардлага тавиагүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас татвар төлөгч дангаараа хариуцлага хүлээж, дээр нь хохироход хүрч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Иймд татварын байцаагчийн акт төдийгүй анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн үндэслэлийг хянан үзэж, татвар төлөгчийн эрх ашиг сонирхлыг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Т.Б нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.Н, Ж.Э нарын 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 232174 актын “тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Актаар “борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй” гэсэн үндэслэлээр 15.604.500 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Үүнээс Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “татварын байцаагч зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй, татвар төлөгчийн гэм буруу хангалттай тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр татварын хүү, торгуулийг хасаж, төлбөрийн хэмжээг багасгаж, 10.499.800 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, өөрчилжээ.

Нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, 4 жилийн турш татвар ногдуулж байсан хэр нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй болохыг тайлбарлаж байгаагүй” гэж маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 4 давхар үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлсний орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймээс, нэхэмжлэгч дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй байх тул татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Хэдийгээр татварын улсын байцаагч нэхэмжлэгчид татварын хуулийн талаар зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй буруутай байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг тусгайлан заасан байх ба үүнд дээрх тохиолдлыг нэрлэн заагаагүй байна.

Нэхэмжлэгчийн “хэрэв би нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэйг мэдсэн бол холбогдох баримтыг бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 30.000.000 төгрөгийн буцаан авалт авах байсан ч үүнээс зөвхөн 10.000.000 төгрөгийг авч, үлдсэнийг авч чадахгүй хохирсон” гэх гомдлын тухайд:

Татварын улсын байцаагчийн актаар 2009 оны 47.075.200 төгрөгийн, 2010 оны 54.462.200 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан байх ба нэхэмжлэгчийн маргаж байгаа 350.000.000 төгрөгийн худалдан авалт нь 2011, 2012 оны үйл явдал байх тул энэхүү актад шууд хамааралгүй байна.

Түүнээс гадна Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор нэхэмжлэгчид оногдуулсан татварын хүү, торгуулийг хассанаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болно.

Харин анхан шатны шүүх тухайн маргааны харилцааг нарийвчлан зохицуулаагүй, ерөнхий зохицуулалт болох Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуульд байхгүй 18 дугаар зүйлийн 18.2 гэсэн заалт хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 458 дугаар шийдвэрийн ‘‘тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтаас “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.