Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 275

 

2018 оны 01 сарын 31 өдөр

           Дугаар 183/ШШ2018/00275

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *********** тоотод байрлах, “ХЦУ” ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ************** тоотод оршин суух, Булгадар овогт Д.Х-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 365 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                             

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХЦУ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Х нь ХУД-ийн 2 дугаар хороо, Туул *********** тоотод байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн Пүүр про /Pure Pro/ ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар гэрээ бичгээр байгуулсан ба урьчилгаанд 500 000 төгрөг төлсөн үлдэгдэл 1 700 000 төгрөгөө зээлээр төлөхөөр болсон. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 188 900 төгрөгийг төлөх замаар төлж дуусах байсан боловч одоогийн байдлаар 910 000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөнгө төлөхөөс зайлсхийсээр байна. Бидний тохирсон гэрээнд зааснаар алданги төлөхөөр зохицуулсан тул алданги 455 000 төгрөг, нийт 1 365 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие Д.Х нь “ХЦУ” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн гэрт ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг худалдан авахаар нийлүүлэгч компанийн санал болгосон хүсэлтийн дагуу зээлээр төлөхөөр тохирсон урьдчилгаа төлбөрт 500 000 төгрөг төлж, сар бүр төлөх төлбөрийг төлж байсан. Улмаар “ХЦУ” ХХК нь гэрээний дагуу үзүүлэх үйлчилгээг үзүүлээгүй, суурилуулсан төхөөрөмж эвдэрхий байгааг сануулж хэлэхэд очно засна гэсэн боловч засварлаагүй учир би сар бүр төлөх төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөөгүй 1 сар өнгөрсний дараа дээрхи компаниас төлбөр төлөхийг шаардаж ярьсан. Хэрэглэгч өөрийн хүсэлтээ илэрхийлсэн. Миний хүсэлтэд эвдэрхий төхөөрөмжөө завсарлаагүй энэ төхөөрөмжийн талаар олон нийтийн хэвлэлээр шаардлага хангахгүй байгаа тухай мэдээлэл дурдаж, худалдан авалтаа буцаахаа илэрхийлсэн. Үлдэгдэл төлбөрийг авахгүй төхөөрөмжөө буцааж авна гэж тухайн үед тохирсон боловч олон сар хугацааны дараа эргэж холбогдоогүй, төхөөрөмжөө авахгүй мөнгө нэхэмжилж байгаа учрыг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж хэрэглэгч миний бие үзэж байна. Иймд үлдэгдэл төлбөр, алданги төлөхгүй гэсэн хүсэлтэй байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХЦУ” ХХК нь хариуцагч Д.Хд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 365 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “ХЦУ” ХХК нь хариуцагч Д.Э-т 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг  2 200 000 төгрөгөөр худалдаж, Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.  /х.х-ийн 4-7  хуудас/.

 

Хариуцагч Д.Х нь 2015.12.03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч баталгаат хугацаандаа засвар үйлчилгээ үзүүлээгүй, компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газар тодорхойгүйгээс гэрээний дагуу үйлчилгээгээ аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээнд гарын үсэг зурсанд, гэрээний дагуу гэрээний зүйлийг хариуцагч авсан, гэрээний үлдэгдэл төлбөр 910 000 төгрөг байгаа талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “ Худалдан авагч талын шаардсан хүсэлтийн дагуу ус цэвэршүүлэх төхөөрөмжийнхөө шүүлтүүрүүдийг тохиролцсон хугацаандаа шалгаж шаардлагатай тохиолдолд тухайн шүүлтүүрийг нь сольж өгч байх ” үүргийг худалдагч тал гэрээгээр хүлээсэн байна. Тус гэрээний хавсралтаар шүүлтүүр солилтын шатлалыг хавсаргасан байх ба уг шүүлтүүр солих хугацаанд нэхэмжлэгч гэрээний 4.2 дах хэсэгт заасан тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах, шаардлагатай тохиолдолд шүүлтүүрийг солих үйлчилгээг үзүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй  тул  шүүх алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иймд  Д.Хд  холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 910 000 төгрөг гаргуулж,  нэхэмжлэлийн шаардлагаас 455 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн зарим шаардлагыг нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Д.Хаас 910 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХЦУ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 455 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26 390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ