Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 330

 

2018 оны 02 сарын 07 өдөр

         Дугаар 183/ШШ2018/00330

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ************ тоотод оршин суух, Халх овогт Л.Г-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, *************** тоотод оршин суух, Их өргөө овогт Н.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.       

                                                                                    

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.От 10 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Н.О нь 9 дүгээр сард хүүгээ төлж байгаад 2016 оны 10 дугаар сараас хүүгээ төлөөгүй бөгөөд үндсэн мөнгө болох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О шүүхэд хариу гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Л.Гаас 10 000 000 төгрөг 7 хувийн хүүтэй авсан. 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сар бүр үндсэн мөнгөнд оногдох хүүг 700 000 төгрөг төлж явсан. Зээлийн хүүг төлөхдөө Л.Гын Хас банкны ********* дансанд сар бүр төлж явсан тул 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх дансны хуулгыг гаргуулахыг хүсэж байна. Мөн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг харилцан тохиролцож үндсэн зээл рүү нь төлсөн. Нэхэмжлэгч Л.Гыг гаргасан нэхэмжлэлд мөнгө зээлсэн хугацааг буруу дурдсан, үндсэн зээл рүү төлсөн 5 000 000 төгрөгийг огт дурьдаагүй байгаа тул Л.Гын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэн хариу тайлбар гаргаж байна гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Н.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Л.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Л.Г нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч зээлийн хүүгээ төлж байгаад 2016 оны 10 сараас хүү төлөөгүй бөгөөд үндсэн зээл 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлдээ тайлбарласан байна.

 

Хариуцагч Н.О нь нэхэмжлэгч Л.Гаас 10 000 000 төгрөг авсан, 2016.02.16-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ба гэрээний дагуу хүү нэхэмжлэх эрхгүй, мөн зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Г нь 10 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй хариуцагч Н.От зээлж, гэрээг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нөхөж байгуулсан талуудын хоорондох харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  хүчин төгөлдөр зээлийн  гэрээ байх ба нэхэмжлэгч нь гагцхүү зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан хугацааны хүү авах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “ Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж хуульд заасан бөгөөд хариуцагч Н.О 10 000 000 төгрөг зээлсэн талаар маргаагүй, мөн нэхэмжлэгчид 7 хувиар хүү төлж байсан үйлдэл нь  банкны дансны гүйлгээний хуулбараар тогтоогдож байх тул гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох Н.О хожим зөвшөөрч байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч Н.О нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Л.Гтай байгуулсан зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг сарын 7 %-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан байна.

 

Гэрээний хугацаанд (10 000 000 төгрөг х 7%) х 3 сар = 2 100 000 төгрөгийн хүү төлөх үүрэг зээлдэгч буюу хариуцагч талд үүссэн байна.

 

Хариуцагч Н.О нь 2015.04.27-ны өдөр 165 000 төгрөг, 2015.04.24-ний өдөр 250 000 төгрөг, 2015.06.02-ны өдрийн 240 000 төгрөг, 2015.06.03-ны өдөр 460 000 төгрөг, 2015.06.16-ны өдрийн 700 000 төгрөг, 2015.07.16-ны өдрийн 270 000 төгрөг, 2015.07.17-ны өдрийн 430 000 төгрөг, 2015.08.15-ны өдрийн 700 000 төгрөг, 2015.09.16-ны өдрийн 700 000 төгрөг, 2015.10.16-ны өдрийн 700 000 төгрөг, 2015.11.15-ны өдрийн 700 000 төгрөг, 2015.12.15-ны өдрийн 700 000 төгрөг, 2016.01.15-ны өдрийн 700 000 төгрөг, 2016.02.22-ны өдрийн 700 000 төгрөг, 2016.04.16-ны өдрийн 700 000 төгрөг, 2016.05.26-ны өдрийн 600 000 төгрөг, 2016.06.27-ны өдрийн 250 000 төгрөг, 2016.07.27-ны өдрийн 2 000 000 төгрөг, 2016.12.13-ны өдрийн 3 000 000 нийт 13 965 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Гад төлсөн болох нь шүүхийн журмаар Хас банк ХХК-иас гаргуулсан Н.Оийн дансны хуулгаар тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...  хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 3 сарын хүү авах эрхтэй байх ба гэрээний хугацаа сунгагдаагүй тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

          Зохигчдын хооронд байгуулсан 2016.02.16-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 2 100 000 төгрөг нийт 12 100 000 төгрөгийн төлөх үүрэг үүссэн байх ба нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлд  заасан алдангийг шаардаагүй байх тул шүүх алданги тооцох үндэслэлгүй учраас хариуцагчийг гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

           Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч Л.Г хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн зарим шаардлагыг нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 282.3 -д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гын зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ