| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/03276/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2018-02-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 346
| 2018 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2018/00346 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, ***************** тоотод оршин суух, Жавтан овогт Ц.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, **************** тоотод оршин суух, Тугчин овогт П.Н-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1 585 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч П.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 17-нд 150 000 төгрөг бэлэн авсан. 30 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээ хийж харилцан тохиролцсон юм. Мөн 2017 оны 5 дугаар сарын 11-нд 750 000 төгрөг дахин зээлсэн гэж бодсон чинь дансны хуулгаа үзсэн 798 000 төгрөг зээлсэн байна. Уг мөнгийг мөн 30 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Уг мөнгийг анх авахдаа группийн мөнгө аваад бөөнөөр нь өгнө гэсэн боловч өгөөгүй группээс хасагдсан байсан учир худал ярьж байсан. Мөн цалингаасаа өгнө гэсэн ч цалин буугаагүй гэж хэлээд өөрөө цалингаа бүтэн авсан хэрнээ мөнгөө өгөөгүй явсаар өдийг хүрсэн. Сүүлдээ ажлаасаа гараад зугтаагаад худлаа хэлсэн байгаа. Мөнгөтэй байсан боловч өгье гэсэн сэтгэл байхгүй байна. Нөхөр нь ажилтай боломж байгаа. Одоо үндсэн зээл 948 000 төгрөг, алданги 474 000 төгрөг нийт 1 422 000 П.Нгээс гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа 163 000 төгрөгөө багасгаж байна гэв.
Хариуцагч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Н нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ц.Нээс 700 000 төгрөг 2 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй авсан. Миний бие эргэн төлөлтөө 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 300 000 төгрөг, ********* энэхүү дансанд хийсэн. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 11-нд 300 000 төгрөгийг ********* энэхүү дансад дахин хийсэн. Сүүлд буюу 2017 оны 8 дугаар сарын 25-нд Ц.Н нь өөрийн биеэр ирж П.Н миний бие бэлэн 200 000 төгрөг хүүгийн хамт өгсөн үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлага болох 1 585 000 төгрөгийг өгч чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч П.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 585 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийг шаардлагаа 163 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1 422 000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Ц.Н 2017.04.17-ны өдөр 150 000 төгрөгийг 1 сарын 30 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног дутам 0,5 хувийн алдангитай, 2017.05.12-ны өдөр 798 000 төгрөгийг 1 сарын 30 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног дутам 0,5 алданги авахаар зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулж зээлсэн ба зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2017.06.12-нд 190 000 төгрөг, 2017.06.13-нд 100 000 төгрөг, 2017.06.27-нд 175 000 төгрөг, 2017 оны 7 сард 100 000 төгрөг нийт 565 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүрэгт нийт 948 000 төгрөг, алданги 474 000 төгрөг нийт 1 422 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч П.Н 2017.04.17-нд 150 000 төгрөг, 2017.05.12-нд 750 000 төгрөг авсан. Хэрэгт байгаа бусад зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй. Зээлийн гэрээний дагуу 565 000 төгрөг төлсөн үлдэх 383 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Ц.Нийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч П.Н нь 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэгч Ц.Нтэй зээлийн гэрээ байгуулан 750 000 төгрөгийг сарын 20%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан байна. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 150 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүй нэхэмжлэгчээс зээлсэн талаар хариуцагч маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч П.Нгээс шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээнд заасан тохиолдолд зээлдүүлэгч нь хүү, алданги авах эрхтэй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэг сарын 20 % хүү авахаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног дутам 0,5 алданги авахаар талууд харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан бөгөөд талуудын хооронд 2017.05.11-ний өдөр байгуулсэн зээлийн гэрээний хүү хэт өндөр, зээлдэгчид илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул шүүх зээлийн хүүг бууруулж, зээлийн хүүг 10 хувиар тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэрээний хугацаанд (750 000 төгрөг х 10%) х 1 сар = 75 000 төгрөгийн хүү төлөх үүрэг зээлдэгч талд үүссэн байна.
Үүнээс зээлдэгч нь 565 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул 825 000 /750 000 + 75000/ – 565 000 = 260 000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргээс гэрээнд заасан 0.5%-ийн алдангийг бодох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь 260 000 х 0.5% х 140 хоног = 182 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 130 000 төгрөгийн алданги авах эрхтэй юм.
Нэхэмжлэгч Ц.Н нь нэхэмжлэлд хавсарган 2017.04.12-ны өдөр 300 000 төгрөг, 2017.05.11-ний өдөр 1 000 000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн гэрээний зүйлийг хариуцагчид өгөөгүй, зээлийн хүү, алдангийг нэмж зээлийн гэрээ бичгээр үйлдсэн баримт гэж шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлаж байх тул талуудын хооронд тус 2 зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд 2017.04.17-ны өдөр 150 000 төгрөг зээлсэн гэрээг нэхэмжлэгч бичгээр байгуулаагүй тул хүү, анз гэж нийт 210 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч П.Н нь 2017.05.11 өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 260 000 төгрөг, алданги 130 000 төгрөг, нийт 390 000 төгрөг, 2017.04.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 150 000 төгрөг нийт 540 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 882 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн зарим шаардлагыг нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дугаар зүйлийн 283.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч П.Нгээс 540 000 /таван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 882 000 /найман зуун наян хоёр мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Нгээс 16 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ