Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/172

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч О.Ууганбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Урианхай овогт Оюунчимэгийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 2031002380163 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Урианхай овогт Оюунчимэгийн Ууганбаяр, Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Ерөө” суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн 5-40 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/МЕ87122017/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Ууганбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харанга” гэх газарт иргэн Б.Будыг “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж биед нь хамрын баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсгөнд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Ууганбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харанга” гэх газарт иргэн Б.Будыг “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж биед нь хамрын баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсгөнд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Ууганбаяр нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ууганбаярын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Б.Будын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өглөө 06 цагийн үед намайг экскаватор дээрээ байж байтал, ирээд над руу хандаж “та нар бүгд алтны хулгайч” гэж хэлээд О.Ууганбаяр нь миний хамар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохьсон юм. Тухайн үед Ууганбаяр нь архи уусан халамцуу байдалтай байсан. Тэгээд дахин миний нүүр рүү цохиход нь доошоо суухад намайг хөлөөрөө өвдөглөсөн. Тэгэхээр нь би “за ахаа намайг сайхан зодчих” гэж хэлтэл намайг цохихоо байсан. Тэгээд би тухайн газраас ажлаа орхиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч М.Сэлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний найз Ууганбаяр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 2019 оноос хойш бичил уурхайгаар нөхөрлөл байгуулан ажиллаж байгаа хүн юм. 10 жилдээ сурлага, спорт, урлагт авъяастай хүүхэд байсан юм. О.Ууганбаяр нь манай хөрш байсан. Би бага байхаас нь мэднэ. Эхнэр нь ажил төрөл гээд байх зүйл байхгүй. О.Ууганбаяр нь ар гэрээ авч явдаг юм...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Л.Болормаагийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Ууганбаяр нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ажил төрөл гээд байх зүйл байхгүй. 2019 оноос хойш “Уулсын ундрага” нэртэй нөхөрлөл байгуулан бичил уурхайгаар гэрээ байгуулан ажилладаг болсон. Эхнэр нь ажил төрөл гээд байх зүйлгүй хүүхдээ хараад гэртээ байдаг...” гэх мэдүүлэг[4],

5. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Б.Будын биед хамрын баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсгөнд зулгаралт, доод зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[6], 7. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10. Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл[10], 11. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл [11], 12.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[12], 13.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн прокурорын санал[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Ууганбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Буд нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.Ууганбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярт торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Оюунчимэгийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг О.Ууганбаярт анхааруулсугай.

5. Шүүгдэгч О.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 12 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[6] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 03 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 20 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 38 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 38-39дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 42 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 46 дугаар тал