Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

 

 

 

                                   2021/ШЦТ/95

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Б.Мэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бы Мэд холбогдох эрүүгийн 2112000000092 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг, Цогт хайрхан гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бы Мэ/РД:АГ.............../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Б.Мэ нь 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг, Цогтхайрхан гэх газарт өөрийн гэртээ хохирогч В.Эг зодож, улмаар эрүүл мэндэд нь толгойн орой, дагз орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2112000000092 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч В.Эгийн өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Цогтхайрхан гэх газар гэртээ байхад манайд Б.Мэ эхнэрийн хамт 2 сав 2.5 литрийн пиво, 1 шил архи авч ирсэн. Цэргийн баяраа урьдчилан тэмдэглэж явна гэж байсан. Тэгээд бид нар нийлж авч ирсэн архи, пивыг нь ууж дуусгаад дахин манай нөхөр пиво аваад Б.Мийн гэрт очиж уусан. Б.Мийн гэр манайхаас 2 км орчим зайтай байдаг. Тэгээд Б.Мийн гэрт пиво уугаад сууж байтал Б.Мэ надтай юм ярьж байгаад юунаас болсон юм мэдэхгүй маргалдаад намайг барьж аваад миний үснээс зулгаагаад намайг ална шүү гээд байхаар нь би уурандаа чаддаг юм бол ална биз гээд хэлсэн. Тэгсэн миний хоолойг өмссөн байсан пудволкны захаар боогоод амьсгалж чадахгүй болгосон. Нүүр, толгой руу өмсөж байсан гутлаараа олон удаа цохиж зодсон. Манай нөхөр уусан архиндаа их согтсон байсан болохоор Б.Мийг салгаж чадаагүй. Би арай гэж Б.Мээс салаад сумын төв рүү Эрдэнэбилэг эгч рүү залгаж цагдаад дуудлага өгөөрэй би хүнд зодуулаад алуулах нь гэж хэлсэн. Удаагүй сумын цагдаа ирээд Б.Мийг аваад явсан. Маргааш нь намайг ирж мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэхээр нь би гомдолгүй, явуулчих гэж хэлсэн. Тэгсэн одоо нүүр тэр чигтээ хөхөрч хавдаад, толгой өвдөөд, усан хаван гүйсэн бололтой эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Б.Мэ бол намайг цохиж зодсондоо гэмшиж байгаа зүйл байхгүй, үл тоосон байдалтай байх тул хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Хоёр нүд хөхөрч хавдсан, толгой олон газарт хавдсан байна. Нүд бүрэлзээд, хүзүү хөшиж, толгой өвдөөд зовуурь ихтэй байна. Миний            нөхөр  Б.М,    Б.Мэ болон түүний эхнэр Э.Г бид дөрөв байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Бүгд намайг зодуулж байхыг харсан. Бид дөрөв бүгд архи уусан согтуу байсан. Тэгэхдээ ухаанаа алдтал согтсон хүн байгаагүй. Хоорондоо юм ярьж байгаад маргалдаад намайг ална гэж дайраад тэгээд зодсон. Б.Мэ бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/

 

*Гэрч Э.Ггийн өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын 17-ны орой Б.М ахын гэрт нөхөр бид хоёр нэг шил архи, нэг сав пиво аваад очсон юм. Түүнийг бид дөрөв хувааж уусан. Архи уугаад халсан хүмүүс даварч дахин архи авч уухаар болж Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Цогтхайрхан гэх газар байх манай гэрт очсон. Манай гэрт архи ууж байгаад В.Э эгч нөхөртэйгөө маргалдаад байсан. Тэгснээ нөхрийнхөө нүүр рүү ууж байсан аягатай пивоо цацчихсан. Б.М ах уурлаад эхнэрээ чирээд аваад гарсан. Гадаа маргалдаад байсан. Би гэрээс гараагүй. Эргэж гэрт орж ирсэнээ В.Э эгч хэлэхдээ толгой руу цохиод гэж хэлсэн. Гэрт байхдаа В.Э эгч нөхөр рүүгээ дайрч давшлаад чамайг ална гэж орилж хашгираад үснээс нь зулгааж аваад байхаар нь Б.Мэ очиж салгасан чинь гэрийн эд хогшил авч шидлээд байхаар нь манай нөхөр В.Э эгчийг дараад газарт унагааж дээр нь дарж суугаад тайвшир гэж хэлсэн. Тэгсэн В.Э эгч хадам эцгийн нэрийг дуудаж Бы шээс, танайх гуйлгачин байсан ш дээ гээд орилж хашгираад байхаар нь Б.Мэ уурандаа миний эцгийг доромжиллоо гэж гутлаар нүүр рүү нь нэг удаа цохисон. Би тухайн үед их согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Санаж байгаа зүйлээ ярьлаа. Гэрээс гаргаад толгой руу нь цохисон юм шиг байсан. В.Э эгч гэрт орж ирээд толгой руу цохиж зодлоо гээд толгойгоо бариад орж ирсэн. Нөхөр нь чих хазчихлаа гээд чихээ бариад яваад байсан. Би гэрээс гарч хараагүй болохоор хаана нь юугаар цохиж зодсоныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар гутлаараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Өөр цохиж зодсоныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Гэрч Б.Мн өгсөн:

“...Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг Цогтхайрхан гэх газар гэртээ байхад 2021 оны 03 дугаар сарын 17-ны орой манайд Б.Мэ эхнэрийн хамт нэг шил архи, 2 сав пиво авч ирсэн. Манайд авч ирсэн архи, пивыг би болон манай эхнэр, Б.Мэ, түүний эхнэр бид дөрөв хувааж уусан. Тэгээд дахин архи авч уухаар болж багийн төв рүү яваад архи, пиво авч Б.Мийн гэрт очсон. Гэрт нь дахин авсан архи пивоо ууж байгаад би гэртээ хүүхдээ орхичихсон юм чинь харья гэж эхнэртээ хэлтэл согтчихоод сүртэй юм, байж бай гээд уурлаад байхаар нь би бас уурлаж бид хоёр маргалдсан. Тэгсэн над руу дайраад намайг цохиж аваад, үснээс зулгаагаад чихнээс хазсан. Тэгэхээр нь Б.Мэ манай эхнэр В.Эг татаж газарт унагаагаад дээр нь суучихсан байсан чинь манай эхнэр В.Э өөдөөс нь ноцолдоод Б.Мэ гараараа нүүр рүү нь хоёр гурван удаа цохиж авсан. Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад салаад бүгдийг чинь ална гэж орилж хашгираад байхаар нь би эхнэрээ гэрээс нь чирээд авч гараад гадаа үлдээчихээд ороод ирсэн чинь араас орж ирээд гэрийнхэн эд зүйлсийг авч шидлээд агсараад яртай түлээний модоор миний нуруу руу цохиж авсан. Тэр үед би ухаан алдсан юм. Сэрэхэд бүгдээрээ тайвширцгааж хэрүүл зодоон хийхээ болчихсон байсан. Тухайн үед би их согтсон байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Үйл явдлыг урд хойно нь оруулж ярьсан байж магадгүй. Тэгэхдээ санаж байгаа зүйлээ бүгдийн үнэн зөвөөр нь ярьсан. Миний харсанаар Б.Мэ манай эхнэр В.Эы хоолойг нь боож газар унагаагаад дээр нь гарж суучихаад нүүр рүү нь гараараа 2, 3 удаа цохисон. Би эхнэрээ цохиж зодоогүй. Харин намайг үсдэж чирээд, толгой руу цохиж, зүүн чихнээс хазсан. Тэгэхдээ надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай эхнэр архи уухаараа агсам зантай болчихдог. Би цохиж зодоогүй. Намайг цохиж авах юм бол манай эхнэр улам над руу дайрч давшилах болохоор би гар хүрээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Мийн өгсөн:

  “...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай“...В.Эгийн биед толгойн орой, дагз орчимд зөөлөн эдийн няцрал. Зүүн баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт. Цээж бугалганы цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Толгойн орой, дагз орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн * ХӨНГӨН* зэрэгт хамаарна. Баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг, Цогтхайрхан гэх газарт иргэн В.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Мэ үйлдсэн болох нь хохирогч В.Эгийн”...Б.Мэ надтай юм ярьж байгаад юунаас болсон юм мэдэхгүй маргалдаад намайг барьж аваад миний үснээс зулгаагаад намайг ална шүү гээд байхаар нь би уурандаа чаддаг юм бол ална биз гээд хэлсэн. Тэгсэн миний хоолойг өмссөн байсан пудволкны захаар боогоод амьсгалж чадахгүй болгосон. Нүүр, толгой руу өмсөж байсан гутлаараа олон удаа цохиж зодсон. Манай нөхөр уусан архиндаа их согтсон байсан болохоор Б.Мийг салгаж чадаагүй. Би арай гэж Б.Мээс салаад сумын төв рүү Эрдэнэбилэг эгч рүү залгаж цагдаад дуудлага өгөөрэй би хүнд зодуулаад алуулах нь гэж хэлсэн. Удаагүй сумын цагдаа ирээд Б.Мийг аваад явсан. Маргааш нь намайг ирж мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэхээр нь би гомдолгүй, явуулчих гэж хэлсэн. Тэгсэн одоо нүүр тэр чигтээ хөхөрч хавдаад, толгой өвдөөд, усан хаван гүйсэн бололтой эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Б.Мэ бол намайг цохиж зодсондоо гэмшиж байгаа зүйл байхгүй, үл тоосон байдалтай байх тул хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Хоёр нүд хөхөрч хавдсан, толгой олон газарт хавдсан байна. Нүд бүрэлзээд, хүзүү хөшиж, толгой өвдөөд зовуурь ихтэй байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Ггийн”...Эргэж гэрт орж ирсэнээ В.Э эгч хэлэхдээ толгой руу цохиод гэж хэлсэн. Гэрт байхдаа В.Э эгч нөхөр рүүгээ дайрч давшлаад чамайг ална гэж орилж хашгираад үснээс нь зулгааж аваад байхаар нь Б.Мэ очиж салгасан чинь гэрийн эд хогшил авч шидлээд байхаар нь манай нөхөр В.Э эгчийг дараад газарт унагааж дээр нь дарж суугаад тайвшир гэж хэлсэн. Тэгсэн В.Э эгч хадам эцгийн нэрийг дуудаж Бы шээс, танайх гуйлгачин байсан ш дээ гээд орилж хашгираад байхаар нь Б.Мэ уурандаа миний эцгийг доромжиллоо гэж гутлаар нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мн”...Гэрт нь дахин авсан архи пивоо ууж байгаад би гэртээ хүүхдээ орхичихсон юм чинь харья гэж эхнэртээ хэлтэл согтчихоод сүртэй юм, байж бай гээд уурлаад байхаар нь би бас уурлаж бид хоёр маргалдсан. Тэгсэн над руу дайраад намайг цохиж аваад, үснээс зулгаагаад чихнээс хазсан. Тэгэхээр нь Б.Мэ манай эхнэр В.Эг татаж газарт унагаагаад дээр нь суучихсан байсан чинь манай эхнэр В.Э өөдөөс нь ноцолдоод Б.Мэ гараараа нүүр рүү нь хоёр гурван удаа цохиж авсан. Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад салаад бүгдийг чинь ална гэж орилж хашгираад байхаар нь би эхнэрээ гэрээс нь чирээд авч гараад гадаа үлдээчихээд ороод ирсэн чинь араас орж ирээд гэрийнхэн эд зүйлсийг авч шидлээд агсараад яртай түлээний модоор миний нуруу руу цохиж авсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Мийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 112 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Мийн хүний биед толгойн орой, дагз орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Хохирогч В.Э нь шүүгдэгч Б.Мэтэй хохирол төлбөрийн талаар эвлэрсэн, гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Мэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Мэ нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Мийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мэд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Б.Мэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

              1.  Шүүгдэгч Б овогт Бы Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэ нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5.  Шүүгдэгч Б.Мэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР