Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох 2013000000135 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ******* боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, Завхан аймгийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймаг, Улиастай сумын Жаргалант багийн хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, Регистрийн дугаар: *******:

Шүүгдэгч *******ийн ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17-18 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сум, Чигэстэй багийн Цэцэгт хонхорын хэсгийн засмал зам дээр улсын дугаартай, “TOYOTA Harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 10.9-д ”Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын эсрэг урсгал руу сөрч орон өөдөөс нь ирж явсан мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, мотоциклийн жолооч Д.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, түүний жолоодож явсан “Супер Хайрхан” мотоциклд 188.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17-18 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг Цэцэгт хонхорын хэсгийн засмал зам дээр “TOYOTA Harrier” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа эсрэг урсгал сөрж урдаас ирж явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь мотоцикл жолоодож явахад нь урдаас машинтай хүн ирж мөргөсөн талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...Би тэр өдөр гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн “SUPER Хайрхан” маркийн, улсын дугааргүй мотоциклоо жолоодоод мал эмнэлгийн замаар уруудаад явж байсан. Тэгтэл өөдөөс эсрэг урсгалд явж байсан хар өнгийн автомашин зам дээр гэнэт эргэх үйлдэл хийсэн. Тэгээд миний урдуур ороод ирэхээр нь би тоормоз гишгээд гулгаж очоод машинтай мөргөлдсөн. Тэгээд нэг сэрсэн эмнэлэгт байсан. ...Намайг өөрийнхөө эгнээгээр чигээрээ явж байтал өөдөөс эсрэг урсгалд явж байсан автомашин гэнэт шууд эргэх үйлдэл хийсэн. ...Би ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явсан. Хамгаалах малгай өмссөн байсан...” гэсэн мэдүүлгээр, Ослын талаар мэдүүлсэн гэрч Г.*******ын “...Би таксинаас буухад тэнд зам дээр хүмүүс бөөгнөсөн байсан. Тэнд осол болсон бололтой байсан. Эмч нар ирээд нэг хүн эмнэлэг рүү аваад явсан. ...осол болсон бололтой газар нэг мотоцикл газар уначихсан. Нэг хар өнгийн машин зам дээр хөндлөн эргэх гэж байгаа бололтой зогссон байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Н.ын “...Биеийн байдал эмнэлэгт суурь ясны гэмтэлтэй гэсэн өөр бусдаараа гэмтэл нь гайгүй. Гэхдээ тархины суурь яс цууралттай байгаа болохоор амь насанд нь аюултай гэсэн. ...Одоо ганц нэг үг хэлдэг болж байгаа. “...Өөрийнх нь эзэмшлийн мотоцикл мөн. Өнгөрсөн зун худалдаж авч байсан. *******ид мотоцикл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэх байхгүй” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ч.гийн “...17 цагийн үед Чигэстэй багийн нутаг дэвсгэрт байрлах цагаан худгийн арын зам дээр зогсож байсан. Тэгтэл доороос өгсөж ирсэн хар өнгийн автомашин зам дээр эргэх үйлдэл хийх үед дээрээс хурдтай мотоцикл ирээд автомашины урд тал руу мөргөөд мотоцикл зам дээр унаад хүн нь машин дээгүүр шидэг******* хар зам дээр уначихсан. Тэгээд түргэний эмч нар ирээд мотоциклийн жолоочийг аваад явсан. Тэр үед би цагдаад осол болохыг харж байсан гээд хэлсэн. ...Хар өнгийн авто машин урдаас хойшоо чигтээ хар замаа өгсөөд явж байсан. Мотоциклийн жолооч хойноосоо урагшаа чигтээ явж байсан. Тэр хоёрыг зөрөх гэж байна уу гэж байтал мөргөлдчихсөн. Маш хурдан үйл явдал болоод өнгөрсөн. ...Машины жолооч архи хэрэглээгүй эрүүл байсан. Мотоциклийн жолоочийг бол хүмүүс согтуу байна гээд тэгээд байсан. Түүнээс би өөрөө очиж үнэрлэж согтуу эсэхийг нь мэдээгүй. Тэнд цагаан өнгийн хамгаалалтын малгай газар унасан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн “...Би 17 цаг өнгөрч байхад тэнд очсон. ...мотоцикл зам дээр унасан байсан. Тэр хоёр бодвол хоорондоо мөргөлдсөн бололтой байсан. ...Лав авто машиных нь жолооч эрүүл харагдаж байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.ийн “...Тэр өдөр Нэгдсэн эмнэлгийн 103 дугаарын утсанд “машин мотоцикл мөргөлдсөн, хүн ухаангүй байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тухайн үед дуудлагад гарч байсан гээд эмч намайг цуг яваадах гэсэн. Тэгээд би цуг дуудлагад очсон. Очоод үзэхэд өвчтөн архи уусан байдалтай архи үнэртсэн. Согтуу байдалтай ухаан санааны байдлыг үнэлэх боломжгүй. Үзлэгээр амьсгал цус эргэлт даралт зэрэг нь тогтвортой байсан. Тэгээд эмнэлэг рүү тээвэрлэн 103-т хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ын “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэрээсээ гараад таксинд сууж мал эмнэлгийн замаар уруудаад явж байтал машин мотоцикл хоёр мөргөлдсөн бололтой байсан. Тэгээд нэг хүн нь зам дээр хэвтсэн. Нөгөө нэг хүн нь нэлээн сандарсан байдалтай байсан. Би таксинаас буугаад юу болсон яасан гээд яваад очоод зам дээр хэвтэж байсан хүнийг харахад тэр хүн нэлээн ухаангүй дээш хараад хэвтсэн амьсгаатай байсан. Би очоод амьсгалын замыг чөлөөлөх анхны тусламж үзүүлж хүзүүг нь гэдийлгэж хэвтүүлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүст “түргэн тусламж дуудсан уу?” гэхэд тэр гэдэг хүн “түргэн дуудсан” гэсэн. Тэгээд түргэн иртэл хажууд нь байж байгаад түргэний машиныг ирэхээр нь түргэний машинд нөгөө хүнийг хүлээлгэж өгөөд явсан. ...Намайг очиход осол болсон байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ийн “...Биеийн байдал хүнээр түшүүлж оруулж байгаа. Ер нь гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Бие нь анхныхаа үеийг бодвол гайгүй болсон. Ухаан санаа нь орон гаран байгаад байгаа. ...Юм ярьж чадаж байгаа. Эмнэлэгт хэвтээд 7 хоногийн дараа ярьж бага багаар ярьж эхэлсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би ойлгож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 10 сарын 28-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай ажлын газрын эгч “Баазаас очоод хүн аваад ир” гэхээр нь тэр хүнийг авах гээд Баазын мал эмнэлгийн замаар өгсөөд явж байсан. Өгсөөд явж байтал урд явж байсан хоёр автомашин хоёулаа зогсохоор нь хажуугаар нь гүйцэт түрүүлэх гээд ортол урдаас мотоцикл ирээд мөргөчихсөн. Мотоциклийн жолооч мөргөнгүүтээ эргэлдэж ирээд миний автомашины хамар дээгүүр даваад автомашины зүүг гар талд зам дээр унасан. Тэгээд би машинаасаа буугаад очоод үзтэл амьсгалахгүй байхаар нь би хиймэл амьсгал хийсэн. Хэд хэд хийсний дараа тэр хүн хүр хүр гээд дуу гараад болчихоор нь ахиад хиймэл амьсгаа хийсэн чинь амьсгалж эхэлсэн. Тэгээд амьсгалаад унахаар нь тойроод ирсэн хүмүүст хандаад “цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд, хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд тэр хүнийг аваад явсан. ...Би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Мотоциклийн жолооч эхлээд хиймэл амьсгал хийхэд үнэртэхгүй байснаа дараа нь амьсгалж эхэлснээс хойш согтууруулах ундаа ихээр үнэртэж байсан. ...Би дохиогоо өгөөд зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд ороод гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан. Өөдөөс тээврийн хэрэгсэл харагдахгүй байсан. ...Би мотоциклийг хараагүй, анзааралгүй эсрэг урсгалд орсон...” гэсэн мэдүүлэг болон, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, “Супер Хайрхан” маркийн мотоциклд учирсан хохирлыг тогтоосон дүгнэлтүүд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 000000327 дугаартай “ Иргэн Д. *******ийн биед: Тархины баруун чамархайн хөхлөг сэртэн суурь ясны хугарал, суурийн хөндийн цус хуралт, хамрын таславч ясны мурийлт, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. Тухайн 2020.10.28-ны өдөр учирсан гэмтэл нь авто ослын улмаас үүссэн байж болно. Иргэн Д.*******ийн биед тархины баруун талын чамархай хөхлөг сэртэн суурь ясны хугарал, суурийн хөндийд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын таславч ясны мурийлт, зүүн шилбэнд шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгал сөрснөөс зам тээврийн осол гарсан нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь TOYOTA Harriar маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг мөн дүрмийн 10.9-д ”Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Д.******* дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, өөрийн эзэмшлийн TOYOTA Harriar маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал сөрж зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1987000 төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмшийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заахялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.*******ыг оногдуулсан 1/нэг/ жилийн эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4.Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

5.Шүүгдэгч Д.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Д.*******т тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.*******ын 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Д.*******ыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгч хохирогч Д.*******ид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1987000 төгрөг төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА