| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0099/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/98 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/98
2021/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М мээрэн овогт Тын Хт холбогдох эрүүгийн 2112000000100 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ................оршин суух хаягтай, М мээрэн овогт Тын Х/РД:АБ................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Х нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Нуга хороололд 2021 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө А.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын бугуйн үе, баруун гуяны урд хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000100 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Эийн өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 18-нд эрэгтэй найз Бгийн төрсөн өдөр болоод нөхөр Бгийн хамт очсон. Тэгээд бид нар хоол унд идээд эрчүүд нь цэргийн баяраа хамт тэмдэглээд архи ууцгаасан. Би тухайн үед 2 хундага архи уусан бид нарыг сууж байтал 00 цагийн үед шиг санаж байна Т.Х гэх залуу 2 найзынхаа хамт согтуу орж ирээд сууж байгаад гараад явсан. Нэг их удалгүй Бгийн эхнэр Ц.Дгийн утас дугараад нэг хүнтэй ярьж дуусаад хэлэхдээ Т.Хын эхнэр залгаж байна Т.Х эхнэрээ зодоод байна хүрээд ир гэж байна гэхээр нь Ц.Д бид 2 нэг их уугаагүй байсан болохоор Т.Хын гэр рүү явсан. Бгийн гэртэй Т.Хын гэр ойрхон нэг хашааны зайтай байдаг. Ц.Д бид 2 гэрийнх нь гадаа очтол гэр дотор хүн чанга яриад байсан. Тэгээд би түрүүлээд гэрт орсон Ц.Д араас орж ирсэн. Тэгтэл Т.Х эхнэртэйгээ зүгээр сууж байсан тэгээд би яагаад хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлсэн чинь Т.Х чамд ямар хамаатай юм гэж хэлснээ босч ирээд миний нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон тэгээд би хойшоо саваад унасан. Унахдаа юу мөргөж унасан эсэхээ би сайн мэдэхгүй байна. Нэг хэсэг ухаан балартаад босоод ирэхэд миний хамраас цус гарч байсан хажууд Т.Х эхнэртэйгээ хамт байсан. Ц.Дг байхгүй байхаар нь хашаанаас гараад Бгийнд ирэхэд хаалгаа цоожлоод гэрлээ унтраагаад амарчихсан байсан. Харин манай нөхөр Б хашааных нь гадаа тасраад уначихсан унтаж байхаар нь сэрээгээд нөхрөө дагуулж явж гэртээ ирж амраачихаад ганцаараа Цэнхэр сумын эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд өглөөний 07 цаг болж байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээгүй эхлээд цагдаад хэлнэ гээд эмнэлгээс гарч яваад Цагдаагийн хэсэг дээр ирж хэлсэн. Т.Х нилээн согтчихсон байсан. Нүүр хэсэг рүүгээ цохиулснаас хойш хамраас цус их гарч байгаа хамрын уг өвчтэй хөндүүрлээд байгаа. Бас цохиулаад унахдаа гараараа тулж унасан юм шиг байна лээ гарын бугуйгаар хавдаж хөдөлгөж болохгүй байсан одоо өмнөхөө бодвол гайгүй болж байна. Би гомдолтой байна. Т.Хын буруутай үйлдлээс болж надад учирсан хохирол болох эм тарианы мөнгө 300,000 төгрөгийг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-70 дугаар тал/
*Гэрч Ц.Дгийн өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 18-нд манай нөхөр Бгийн төрсөн өдөр болоод хөдөөнөөс Цэнхэр сумын төв дээрх гэртээ ирээд байж байтал 23 цагийн үед Б гэх манай нөхрийн найз манай нөхөр рүү залгаад төрсөн өдрийн мэнд 2 найз нь очъё ирээд авчих гэхээр нь манай нөхөр бид хоёр Бгийнд очиж эхнэр А.Эийнх нь хамт авч гэртээ аваачсан. Тэгээд Б эхнэртэйгээ манай нөхөр Б бид 4 нэг шил архи уугаад сууж байтал Т.Х 2 найзтайгаа орж ирээд Б ахын төрсөн өдөр гээд гэрэлтэй болохоор нь ороод ирлээ гээд бид хэдтэй хамт ууж сууж байгаад Б, Т.Х 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр гэрт битгий маргалдаад бай зүгээр байцгаа гээд гайгүй болгоод байж байсан чинь А.Э Т.Хтай бас маргалдаад нөхрийгөө өмөөрөөд байхаар нь Б, А.Э хоёрыг авч үлдээд нөгөө гурвыг харьцгаа гээд гаргасан. Тэгээд бид байж байтал Т.Хын эхнэр Ц.Х залгаад байхаар нь авсан чинь та манайд ороод ирээч Т.Х намайг дээрэлхээд байна гэхээр нь гэр бүлийн хооронд төвөг гэж бодоод жоохон байж байтал Ц.Х дахин 7 удаа утас руу дохиод байхаар нь яасан юм бол гэж бодоод А.Э, Б 2-той хамт Т.Хынд ороход Т.Х үүдэн дээрээ зогсчихсон нэг найз нь эхнэртэйгээ хүүхэдтэйгээ Ц.Х нар байж байсан. Тэгээд Т.Хын араас А.Э нэг юм хэлэх шиг болсон чинь Т.Х А.Эийг гарынхаа араар цохиод авах шиг харагдсан. Тэр үед би согтчихсон байсан болохоор зарим зүйлийг тодорхой санахгүй байна. Тэгээд А.Э газар унаад өгсөн тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Тухайн үед бид нар тодорхой хэмжээний согтолттой байсан. Т.Х сайн мэдэхгүй байна эрүүл байх шиг байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
*Гэрч Ц.Хын өгсөн:
“...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Т.Х Сүхээ Ж эхнэртэйгээ хамт бид хэд манайд архи ууцгааж байгаад нилээн орой болоод Жын эхнэр бид 2 унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал Ц.Д, А.Э эгч 2 манайд орж ирээд Ц.Д эгч манайх руу оръё танай нөхөр 2 найзтайгаа манайд байна гэхээр нь яваад ортол ууцгаагаад сууж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байхад А.Э эгчийн нөхөр Б Сүхээ 2 гараад явчихсан. Тэгээд жоохон хуучилж байгаад нэг их удаагүй гэртээ харьсан. Удалгүй манай нөхөр Т.Х араас машинтайгаа гэртээ ирсэн. Тэгээд орж ирээд Т.Х бид 2 хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байхаар нь Ц.Д эгч рүү Т.Х намайг зодоод байна гэж хэлээд дуудтал А.Э, Б, Б 4 орж ирээд Б нь буцаад гараад явчихсан. Тэгээд манай нөхөр Т.Х орны хажууд буруу хараад зогсож байтал А.Э манай нөхөр рүү дайраад араас нь цохиод авахаар нь манай нөхөр эргээд харсан чинь Т.Хыг заамдахаар нь манай нөхөр А.Эийг түлхчих шиг болсон чинь нүүрээрээ газар уначихсан. Тэгээд босоод ирсэнээ хамраас нь цус гараад байсан. Тэгээд цэвэрлээд өгье гэтэл цэвэрлүүлээгүй тэр хавиар орилж хашхичиж байгаад гараад чимээгүй болчихоор нь яасан юм бол гээд гараад хартал манай хашааны хажууханд нөхөр Бтайгаа барьцалдаад авчихсан зогсож байхаар Т.Х бид 2 очоод салгатал Т.Хыг 2 талаас нь чи яасан овоо юм бэ гээд цохиод байсан. Тэгэхээр нь би нөхрөө дагуулаад гэртээ харьчихсан. А.Э эгч нилээн согтчихсон байсан. Харин Т.Х бол уухын хувьд уусан ч ухаанаа алдтал тасраагүй байсан. Намайг байх үед хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Намайг байхгүй хойгуур юу болсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед манайд Ж эхнэртэйгээ Б ах Ц.Д эгч, А.Э эгч, Т.Х бид хэд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/
*Гэрч Ч.Аын өгсөн:
“...Би 2021 оны 3 дугаар сарын 18-нд намайг эмнэлэг дээрээ жижүүрт хонож байхад хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна үүр цайж байхад А.Э гэдэг хүн хүнд зодуулчихлаа гээд нүүр гар нь цустайгаа холилдчихсон орж ирээд цэвэрлээд өг гэхээр нь та энд цусаа арилгаад угаачих цус тогтоох тариа хийгээд өгье гэсэн чинь эхлээд цагдаад мэдэгдэж байгаа байдлаа харуулна гээд гараад явчихсан. Тэгээд эргэж орж ирээгүй. Ганцаараа орж ирсэн. Бгийн төрсөн өдөр дээр очоод байж байтал Ц.Х Ц.Д руу яриад Т.Х намайг зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Ц.Д бид 2 Т.Хынд хамт орсон чинь намайг Т.Х зодчихлоо гэж байсан. Эмнэлэг дээр орж ирэхдээ ухаан санаа нь гайгүй ухаанаа алдтал тасраагүй байсан. Тэгэхдээ амнаас нь архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/
*Яллагдагч Т.Хын өгсөн:
‘’…Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2 найзын хамт гэртээ цэргийн баяр тэмдэглэж байгаад хажуу талынхаа Б гэдэг айлд 2 найзынхаа хамт орсон. Намайг ороход Б, Ц.Д, Б, А.Э нар нь архи ууцгаагаад сууж байсан. Би тэднийд орохдоо нэг шил архитай орсон тэрийгээ ууж байтал Бтай жоохон маргалдаж байгаад больсон. Дараа нь А.Э нөхрөө өмөөрөөд над руу дайраад хэрүүл өдөөд байсан чинь Ц.Д Б ах хоёр гэрт битгий хэрэлдээд бай гээд больсон. Тэгээд Ц.Д эгч манайх руу ороод манай эхнэр Ц.Хыг дуудаж оруулж ирээд бид хэд сууж байгаад эхнэр түрүүлээд гэртээ орчихсон. Би жоохон байж байгаад 2 найзтай гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ сууж байтал Ц.Д, Б, А.Э нар орж ирээд А.Э манай түлээний хайрцгийг өшиглөөд намайг нэг цохиод авсан. Тэгэхээр нь та зүгээр бай гээд түлхчихсэн чинь түлээний хайрцагт бүдэрч унаад босож ирсэн чинь хамраас нь цус гарчихсан байсан. Тэгсэн манай эхнэр Ц.Х цэвэрлээд цус тогтоох тариа хийгээд өгье гэтэл хийлгэхгүй гээд хэл амаар доромжилж орилж байгаад гараад явсан. Б орж ирээгүй. Манай эхнэр намайг хүнтэй хэрэлдлээ гээд уурлаад байхаар нь жоохон маргалдсан чинь манай эхнэр Ц.Х Ц.Д эгч рүү залгаж дуудсан гэж байсан. Бүгдээрээ л ууцгаагаад согтуу байсан. Би цохиогүй түлэхсэн чинь уначихсан. Хохирлыг барагдуулаагүй байгаа. Би А.Эийг хувийн эмнэлэгт хэвтүүлээд дээр нь 100,000 төгрөг өгье гэсэн чинь үгүй хүн доромжлоод байгаа юм уу 1,000,000 /нэг сая/ төгрөг өгчих гэхээр нь би ажилгүй хүн тийм их мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-62 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 114 дугаартай“...А.Эийн биед зүүн гарын бугуйн үе, баруун гуяны урд хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Чих хамар хоолойн эмчийн үзлэгээр хамрын үрэвсэлтэй байна. Гэмтэлтэй холбоогүй...” дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Нуга хороололд 2021 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих иргэн А.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Х үйлдсэн болох нь хохирогч А.Эийн”...Тэгтэл Т.Х эхнэртэйгээ зүгээр сууж байсан тэгээд би яагаад хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлсэн чинь Т.Х чамд ямар хамаатай юм гэж хэлснээ босч ирээд миний нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон тэгээд би хойшоо саваад унасан. Унахдаа юу мөргөж унасан эсэхээ би сайн мэдэхгүй байна. Нэг хэсэг ухаан балартаад босоод ирэхэд миний хамраас цус гарч байсан хажууд Т.Х эхнэртэйгээ хамт байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дгийн”...Тэгээд Т.Хын араас А.Э нэг юм хэлэх шиг болсон чинь Т.Х А.Эийг гарынхаа араар цохиод авах шиг харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Хын”...Тэгээд манай нөхөр Т.Х орны хажууд буруу хараад зогсож байтал А.Э манай нөхөр рүү дайраад араас нь цохиод авахаар нь манай нөхөр эргээд харсан чинь Т.Хыг заамдахаар нь манай нөхөр А.Эийг түлхчих шиг болсон чинь нүүрээрээ газар уначихсан. Тэгээд босоод ирсэнээ хамраас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Аын”...Би 2021 оны 3 дугаар сарын 18-нд намайг эмнэлэг дээрээ жижүүрт хонож байхад хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна үүр цайж байхад А.Э гэдэг хүн хүнд зодуулчихлаа гээд нүүр гар нь цустайгаа холилдчихсон орж ирээд цэвэрлээд өг гэхээр нь та энд цусаа арилгаад угаачих цус тогтоох тариа хийгээд өгье гэсэн чинь эхлээд цагдаад мэдэгдэж байгаа байдлаа харуулна гээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Т.Хын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 114 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Т.Хын хүний биед зүүн гарын бугуйн үе, баруун гуяны урд хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Хын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.Э нь шүүгдэгчээс 300.000 төгрөгийг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Х нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М мээрэн овогт Тын Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР