Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2020/0045

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Н.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын улсын бүртгэгчид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “С.А-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа Улаанхус сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.А-ыг өвөг эцэг Н.М, эмэг эх Х.Г нар үрчилснийг улсын бүртгэлд бүртгэхийг Улаанхус сумын улсын бүртгэгчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт :

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багийн иргэн Н.М, Х.Г нар өөрийн хүү М.С, бэр Х.А нарын дундаас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин А-ыг үрчилж авахаар холбогдох бичиг баримтуудыг хуулийн дагуу бүрдүүлэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын  2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” Б/13 дугаар захирамжаар үрчилж авсан. Одоо Улаанхус сумын Засаг даргын захирамж хүчинтэй байна. Нөгөө талаар А-ыг Н.М, Х.Г нарт үрчлүүлэхийг төрүүлсэн эцэг М.С, эх Х.А нар зөвшөөрөл өгч Улаанхус сумын Засаг даргад өргөдөл гаргасан юм.  Гэтэл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Х.Г нас барсан тул үрчлэлтийг зохих журмын дагуу  бүртгэхгүй байгаа  явдалд гомдолтой байна. Бодит байдалд охин А-ыг Н.М, Х.Г нар үрчилж авсан сумын Засаг даргын захирамж гарсны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х.Г өвчний учир нас барсан. Ер нь А нь ой хүрсний дараа өвөг эцэг Н.М, эмэг эх Х.Г нарын гарт торниж өссөн. Ад үрчлэлтийн гэрчилгээ авахаар Улаанхус сумын иргэний бүртгэлийн ажилтан, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлээрэй гэж амаар хариу өгч үрчлэлт хийхээс татгалзаж байна. Иймд Улаанхус сумын улсын бүртгэгчийн охин С.А-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А өвөг эцэг Н.М, эмэг эх Х.Г нар үрчилснийг улсын бүртгэлд бүртгэхийг тус сумын улсын бүртгэгчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Улаанхус сумын иргэн Н.М, Х.Г нар нь хүүхэд үрчилж авах тухай бүрдүүлэх материалыг өмнө сумын нийгмийн бодлогын ажилтан болон надаас асууж байсан.

Тухайн үед Н.М, Х.Г нарын гэрлэлтийн бүртгэл нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаас болон архиваас гараагүй учир Н.М, Х.Г нар аймгийн шүүхэд хандаж гэрлэлтээ шүүхээр тогтоолгож ирсэн болно. Гэрлэлтийн бүртгэл нь улсын бүртгэлд баталгаажиж орсны дараа, та нар дөрвүүлээ биечлэн ирж өргөдөлд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсны дараа Засаг даргын захирамж гарна гэж Н.Мд анхааруулж хэлсэн. Тэрнээс хойш надад Н.М, Х.Г нар огт ирээгүй. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаартай захирамж гарсныг би мэдээгүй, ба улсын бүртгэгч надад мэдэгдэхгүйгээр сумын Засаг дарга захирамж гаргаж өгсөн байна. Х.Г нь 2020 оны 03 дугаар сард нас барсан, надад нас барсны дараа хандсан болно. Нотлох баримт нь зөрчилтэй буюу эх нь өнөөдрийн байдлаар нас барсан тул 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн захирамжийг үндэслэн бүртгэл хийх боломжгүй байна. Ийм учраас манай байгууллага болон улсын бүртгэгч миний бие уг үрчлэлтийн бүртгэлийг бүртгэхээс татгалзаж байгаа болно. Хүүхэд үрчлэн авах иргэд биечлэн ирэх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул бүртгэхээс татгалзаж байгаа гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс  анх шүүхэд “Аы үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “С.Аыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа Улаанхус сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Сын Аыг өвөг эцэг Н.М, эмэг эх Х.Г нар үрчилснийг улсын бүртгэлд бүртгэхийг тус сумын улсын бүртгэгчид даалгах тухай” гэж тодруулсан ба шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.М, түүний эхнэр Х.Г нар нь өөрсдийн төрсөн хүү М.С, түүний эхнэр Х.Айнур нарын дундаас 2017 оны  11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин С.Аыг үрчлэн авах тухай хүсэлтээ Улаанхус сумын Засаг даргад гаргасныг үндэслэн сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж гаргаж, Сын Аыг өвөг эцэг Н.М, эмэг эх Х.Г нарт үрчлүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна.”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана .” гэж тус тус заасан.

Түүнчлэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.” гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 11.1, 11.3-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна.” гэж заасан.

Улаанхус сумын Засаг даргаас хүүхэд үрчлэгч Н.М, Х.Г нарын хүсэлт, үрчлүүлэгч М.С, Х.Айнур нарын зөвшөөрөл болон тус сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Н.М, Х.Г нарт хүүхэд үрчлүүлэхэд харшлах зүйл байхгүй талаарх дүгнэлтийг тус тус үндэслэн хүүхэд үрчлүүлэх тухай  Б/13 дугаар захирамжийг гаргасан нь хуулийн  дээрх зохицуулалттай нийцсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.” гэж зааснаар бүртгэл хийх эрх бүхий этгээд болох Улаанхус сумын улсын бүртгэгчээс  охин С.Аыг үрчилсний бүртгэл хийхээс татгалзсан байх ба  үндэслэлээ “Сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар захирамж гарсныг мэдээгүй. Х.Г нь 2020 оны 03 дугаар сард нас барсны дараа надад хандсан. Нотлох баримт нь зөрчилтэй буюу өнөөдрийн байдлаар эх нь нас барсан тул Б/13 дугаар захирамжийн дагуу бүртгэл хийх боломжгүй байна.  Бүртгэл хийхэд хүүхэд үрчлэн авах иргэд биечлэн ирэх ёстой бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т заасныг зөрчиж байна.” гэж тайлбарлажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн төрөлд 6.1.6-д зааснаар үрчилсний бүртгэл орохоор тус тус заасан байх ба хариуцагчийн маргааныг дараах байдлаар хууль бус байна гэж дүгнэлээ.

Охин С.Аыг сумын Засаг даргаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Н.М, Х.Г нарт үрчлүүлсэн нь дээрх байдлаар хуульд нийцсэн байх ба Б/13 дугаар захирамжийг  гаргах үед хүүхэд үрчлэн авахыг хүсэгч нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Охин С.Аы үрчилсний бүртгэлийг хийхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т заасан шаардлагатай нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх ба хариуцагчаас уг зүйлд заасан нотлох баримт нь зөрчилтэй гэх үндэслэлд үрчлэн авагч Х.Г нас барсан үндэслэлийг хамааруулж бүртгэл хийхээс татгалзсан нь буруу байна.

Учир нь сумын Засаг даргын Б/13 дугаар захирамжаар хүүхдийг Н.М, Х.Г нарт 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үрчлүүлсний дараа үрчлэн авагч эх Х.Г нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нас барсан нь хэрэгт цугларсан нас барсны бүртгэлийн 0000232852 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хуулийн 19.4.3-т заасан нотлох баримт нь зөрчилтэй байх үндэслэл нь хүүхэд үрчлүүлэх шийдвэр гаргах үед шаардагдах Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1, 11.3, 11.4-т заасан бичиг баримтын бүрдэл хангагдаагүй, уг зүйлд заасан журмаар бүрдүүлсэн баримт нь зөрчилтэй байхыг ойлгох бөгөөд  хуульд заасан журмаар хүүхэд үрчлэн авсны дараа үрчлэн авагч эцэг, эхийн аль нэг нас барсан тохиолдол нь хуулийн 19.4.3-т заасан нотлох баримт зөрчилтэй гэх үндэслэлд хамаарахгүй. С.Аыг үрчлэн авсны дараа үрчлэн авагч эх Х.Г нас барсан нь Н.М, Х.Г нар хүүхэд үрчлэн авсан үйл баримтыг үгүйсгэхгүй юм.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг шинээр баталсан байх ба журмын 12.1-т үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ гэж, 12.2-т хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна гэж тус тус заасан тул Улаанхус сумын улсын бүртгэгчийн улсын бүртгэл хийхэд үрчлэгч эцэг, эх хоёулаа ирэх шаардлагатай гэх маргаан нь мөн үндэслэлгүй байна.

Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулах...” талаарх  Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.4 дах заалт нь хүчингүй болсон, түүнчлэн Улаанхус сумын  Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” Б/13 дугаар захирамж нь хуульд заасан журмын дагуу гарсан хүчин төгөлдөр шийдвэр байх тул үрчлэн авагч эх нь  нас барсан нь  С.Аыг Н.М, Х.Г нар үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэх, үрчилсний бүртгэл хийхээс татгалзах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ.” гэж заасан ба дээрх байдлаар С.Аыг үрчилсний бүртгэлийг хийхээс татгалзсан  хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байх тул түүний хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сын Аыг Н.М, Х.Г нар  үрчилснийг улсын бүртгэлд бүртгэхийг  даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.8, 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Аыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сын Аыг өвөг эцэг Н.М, эмэг эх Х.Г нар үрчилснийг улсын бүртгэлд бүртгэхийг Улаанхус сумын улсын бүртгэгчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.РИЗА