Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 276

 

    

 

 

 

 

 

 

 

М.Хурметэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Н.Ням-Очир,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч С.Ертайгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Хурметэд холбогдох 1805002991110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ботараха шаку овгийн Муратын Хурмет, 1981 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Цэнгэл транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 4 дүгээр баг, 1-221 тоот оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:БЮ81011752/;

 

             М.Хурмет нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс 2” худалдааны төвийн хашаанд С.Ертайтай маргалдаж, улмаар түүнийг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Хурметын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ботараха шаку овогт Муратын Хурметыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Хурметыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Хурмет цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,шүүгдэгч М.Хурметэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Ертай тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Барс 2” захын хашаан доторх авто зогсоол дээр зогсож байхдаа М.Хурметэд зодуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан тул хохирогчоор тогтоогдсон. Цагдаад 2 удаа байцаалт өгөхдөө монгол хэл мэддэггүй учраас орчуулагчтай оролцсон. Нэг эмэгтэй мөрдөгч уг хэргийг шалгаж байсан ба түүний гар утасны дугаар нь 96079992. Тэр мөрдөгч "дүүргийн прокуророос зөвшөөрөл авч, танай аймгийн цагдаад даалгавар явуулж, хохирлын материалыг авахуулъя" гэж утсаар хэлсэн боловч тэр чигээрээ сураггүй болсон. Би хохиролтой холбоотой нотлох баримтуудаа давж заалдах гомдолдоо хавсаргасан. Үүнд: Замын зардалд 185.000 төгрөг, компьютер томограф-т харуулсны төлбөр 110.000 төгрөг, таксины хөлс 60.000 төгрөг, эмийн зардалд 37.500 төгрөг, нийт 392.500 төгрөг гарч байна.

Би М.Хурметэд зодуулснаас болж бие, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон, надад учирсан хохирлыг огт барагдуулаагүй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 200.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж огт үндэслэлгүй зүйл дурджээ. Хохирогч надад учирсан хохирлыг огт төлж барагдуулаагүй, надтай ирж уулзаж байгаагүй, уучлалт гуйгаагүй ба хэргийг албаар сунжруулан, хугацаа хожин хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байна. 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймгийн Монгол шуудангийн салбараас над руу утсаар ярьж “танд бичиг ирсэн байна, ирж аваарай” гэсний дагуу очиж авах үед шүүхийн шийтгэх тогтоол байсан. Тэгээд хуульд заасан 14 хоногийн хугацааны дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Би хэрэг прокурорт болон шүүхэд шилжсэнийг, шүүх хуралдаан болох гэж байгааг, шүүх хуралдаан болсныг нь аль алиныг нь мэдээгүй тул хохирч үлдэхэд хүрч байна. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нь М.Хурметэд холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж дууссан талаар хохирогч С.Ертай надад ямар нэгэн хэлбэрээр мэдэгдээгүй, учирсан хохиролтой холбоотой нотлох баримт байгаа эсэх талаар асууж тодруулаагүй. Уг нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хохирогч С.Ертай надад хавтас хэргийн материалтай танилцуулах ёстой байсан боловч хуулийн энэхүү заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор нь оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаар хийгдэх ажиллагаануудыг огт хийгээгүй, ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ" гэж заасан байдаг. Гэтэл хохирогч надад анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч болох хохирогчийн хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхлыг ноцтой зөрчсөн явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа огт анхаараагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд "Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана" гэсний дагуу гомдлоо тус анхан шатны шүүхийн хаягаар хүргүүлж байгаа болно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч С.Ертай нь өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй байна. Тэрээр “гомдол, саналгүй, 200.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж өөрийн гараар бичиж өгсөн баримт нь хавтас хэрэгт байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, шалгалтын хэлтэст мөрдөгч н.Чулуунтуяагийн талаар гомдол гаргасан. Тухайн гомдлыг шалгаад мөрдөгчийг буруугүй гэдэг нь тогтоогдсон. Иймэрхүү байдлаар хохирогч С.Ертай өөрийн биеэр ирдэггүй, зөвхөн гомдлоор харьцдаг. Хохирогчийн гар утас руу залгахаар холбогддоггүй. С.Ертайгийн өөрийнх гараар бичиж өгсөн 200.000 төгрөг хүлээж авсан гэх баримтыг нь М.Хурмет авч ирж өгсний дагуу яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүний дагуу анхан шатны шүүх 200.000 төгрөг төлсөн, хохирлын талаар өөр баримт байхгүй гэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, М.Хурметэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.  Тодруулбал;

 

1. Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Чулуунтуяа нь М.Хурметэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар  прокурорт хүргүүлсэн байх бөгөөд хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан “хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл”-д хохирогч С.Ертай танилцаж гарын үсэг зураагүй, түүнд хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн гэх баримт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

 

2.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх 80/ шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй /яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө буюу 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч С.Ертайн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан гэх тэмдэглэл хийсэн/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй гэж үзэхэд хүргэв.

 

Хохирогч С.Ертайд мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...”, мөн зүйлийн 1.8-д заасан “...мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах...”, мөн зүйлийн 1.9-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах...” зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Хурметийн мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад “хохирогчид 200.000 төгрөг төлсөн” гэх боловч үүнийг хохирогч давж заалдах гомдолдоо үгүйсгэсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

            Иймд хохирогч С.Ертайгийн гаргасан “...хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Хурметэд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.Хурметэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Хурметэд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүртэл М.Хурметэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                             Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН