Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0255

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Бийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цагдаагийн байгууллагад 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй 5 жил ажилласан. Засгийн газраас хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласан албан хаагчид 30 сар хүртэл хугацааны мөнгөн урамшуулал олгоно гэж заасан байдаг. Энэ журмын дагуу 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газраас олгох мөнгөн урамшуулалд хамруулах хүсэлтийг гаргаж Цагдаагийн дарга Ч.Чоор цохолт хийлгүүлж, холбогдох Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Уг хүсэлтийн дагуу ямар нэг хариу ирүүлээгүй учраас 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахин хүсэлтээ явуулсан. Уг хүсэлтийн хариуг авалгүйгээр 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Тахарын албанд шилжин ажиллах болсон. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүний нөөцийн албаны ажилтан Ж.Ц нь надтай холбогдож материал цэгцэлж байгаад шатаачихсан, дахин хүсэлтээ ирүүлнэ үү гэхэд нь одоо миний бие Тахарын албанд ажиллаж байгаа болох юм уу гэж асуухад болно гэж хариу өгсөн учраас дахин 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цохолт хийлгэж явуулсан. Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Б-Ө нь хүсэлтийн хариуг өгөхдөө Б.Бт мөнгөн урамшуулал олгох боломжгүй байна гэж хариуг ирүүлсэн. Уг бичгийг хүлээн аваад Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж хүсэлт гаргасан боловч өмнө нь энэ талаар хариуг өгсөн байна гэж албан тоот ирүүлсэн. Иймд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай Б.Бийг мөнгөн урамшуулалд хамааруулах боломжгүй талаарх албан бичгийг хүчингүй болгож, Б.Бт мөнгөн урамшуулал олгох талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингист даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нарын шүүхэд урьд гаргасан тайлбарыг дэмжиж Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст Б.Бийг ажиллаж байх хугацаанд холбогдох тэтгэмж авах материал нь ирээгүй байдаг. 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн хэлтсээс албан бичгээр аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа албан хаагчдын материал ирсэн. Нэхэмжлэгч нь 2014 онд ажлаас чөлөөлөгдсөн. Цагдаагийн албан хаагч биш юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална. Б.Б нь тухайн үед Цагдаагийн байгууллагаас Тахарын албанд шилжин ажилласан учраас олгох боломжгүй юм. Тухайн үед мөнгөн урамшуулал нь Цагдаагийн байгууллагын төсөвт нэг удаа ордог бөгөөд тухай бүрт нь олгох боломжгүй. 2014 онд нэг удаа орсон тэтгэмжийг олгох үед Б.Бийн ажилласан жилийн хугацаа 5 жилд хүрээгүй байсан2014 оны 06 дугаар сард ажилласан жил нь хүрсэн бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байсан бол 2015 оны төсөвт тэтгэмж нь суугдах байсан. Албан бичгийг захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь шаардлага буюу Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист даалгах гэж гаргасан нь буруу нэхэмжлэлийн шаардлага юм. Эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой юм болов уу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 болон 11 дүгээр зүйлд заасныг баримтлан Б.Б-Өгийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгээр Б.Бт мөнгөн урамшил олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Б.Бийг аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид үзүүлэх мөнгөн урамшилд хамруулахыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгохоор заасан. Б.Б Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна. Түүнийг цагдаагийн албанд ажиллаж байх хугацаанд мөнгөн урамшил олгуулах тухай холбогдох баримт, материалыг Цагдаагийн ерөнхий газарт Завхан аймаг дахь цагдаагийн газраас ирүүлээгүй бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа мөнгөн урамшил авах тухай хүсэлтийг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт гаргаагүй нь цагдаагийн дэслэгч Ж.Цгийн илтгэх хуудсаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, нотлох баримт буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Б-Өгийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газраас олгох мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Завхан аймгийн Асгат сум, Тосонцэнгэл суманд цагдаагийн албан хаагчаар 5 жил 4 сар ажилласан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан мөнгөн урамшилд хамрагдах ёстой, цагдаагийн албанд ажиллаж байхдаа мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтээ удаа дараа өгсөн боловч шийдээгүй, цагдаагийн байгууллагаас гарсаны дараа татгалзсан хариу ирсэн гэж тайлбарласан.

Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч Б.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөн Тахарын албанд ажиллах болсон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшилд хамрагдахгүй, зөвхөн цагдаагийн албанд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох зохицуулалттай гэж маргажээ.

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Б-Өгийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичиг Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тодруулбал,

Нэхэмжлэгч Б.Б нь Завхан аймгийн Цагдаагийн газрын Асгат суманд эрүүгийн төлөөлөгч, Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн, тэрээр аймгийн төвөөс бусад суманд 5 жил 4 сар цагдаагийн албан хаагчаар ажилласан гэдэгтэй хариуцагч маргадаггүй.

Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална, Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журмын 2-т Цагдаагийн албан хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж тус тус заасныг Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдсөн 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар болон түүнээс хойш аймгийн төвөөс алслагдсан бусад сумдад цагдаагийн албан хаагчаар ажилласан жил нь 60 сар хүрсэн тохиолдолд тийнхүү хүнд, хэцүү нөхцөлд ажилласных нь төлөө мөнгөн урамшил олгох зохицуулалт гэж ойлгох ба нэхэмжлэгч Б.Б 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуульд заасан болзлыг хангасан тул дээр дурдсан мөнгөн урамшууллыг авах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журмын 5-д Аймгийн төвөөс бусад сумд томилогдон тасралтгүй 60 сар ажилласан боловч 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн алба хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй гэж зааснаар цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчид мөнгөн урамшил олгохгүй гэж ойлгох ба нэхэмжлэгч Б.Бийн тухайд цагдаагийн албанд ажиллаж байх хугацаандаа хуульд заасан болзол хангаж, мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан байх тул энэ зохицуулалтад хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь цагдаагийн албанд ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 6 дугаар сар, 2014 оны 9 дүгээр сард мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтээ гаргаж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас Цагдаагийн ерөнхий газарт нэхэмжлэгчийн хүсэлт хүргэгдэж чадаагүй үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт болон хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын мөнгөн урамшилд хамруулах асуудлыг урьд хариу өгсөн гэх үндэслэлээр шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Б-Өгийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгээр Б.Бт мөнгөн урамшил олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ материаллаг бус хуулийг баримталсан байх тул зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 болон 11 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН