Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00022

 

 Э.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00478 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 700 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Э.Г-

          Хариуцагч: П.Х-

          Зээлийн гэрээний үүрэгт 19,734,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Г-,түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2016-08-15-ны өдөр П.Х-т 30 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн. Гэвч П.Х- нь зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүй. 2016-09-30-нд 2сая төгрөг, 11-02-нд 1сая төгрөг төлсөн. 2016-11-11-ний өдөр үлдэгдэл 27сая төгрөгт зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш нийт 13,500,000 төгрөгийг төлсөн. Одоо 16,500,000 төгрөг төлөөгүй үлдсэн байна. Зээлийн гэрээний 2.6-д зээлийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд ИХ-н 232.6 заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2%-р алданги тооцож төлүүлнэ гэж заасны дагуу 2017-02-09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу нийт 98 хоногийн алдангид 3,234,000 төгрөг, нийт 19,734,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: Надад зээлдүүлсэн гэх 16,500,000 төгрөг нь 2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Б- 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль болж болзошгүй гэж үзээд дүүргийн намд хандив маягаар бэлэн өгсөн мөнгө болно. Надад дээрх хандивын мөнгийг өгөх үед би Багахангай дүүргийн А... намын даргаар ажиллаж байсан. Тухайн үед Н.Б- нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Багахангай дүүргээс өрсөлдөж байсан. Сонгууль нь маргаантай болсон учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үеэс эхлээд Н.Б- надаас хандив гэж өгсөн мөнгөө нэхэх болсон. Надаас нэхэмжилж буй Э.Г- нь Н.Б-гийн хувийн компанийн нь нягтлан бодогч юм. Би Э.Г-гаас мөнгө зээлээгүй, мөн зүс мэдэхээс цаашгүй болно. Э.Г- 2016-11-11-ний өдөр намайг хүчээр дарамталж, хэл үгээр дайрч тэрхүү зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Үүнийг нотариатч Б.Батсүрэн гэрчилнэ. Миний хувьд Н.Б-д ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 101/ШШ2019/00478 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасныг баримтлан, П.Х-аас 18,480,000 төгрөг гаргуулан Э.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,254,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,700 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж,  П.Х-аас 240,450 төгрөг гаргуулан Э.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 700 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас төлсөн 250,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

         Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо Шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Дан ганц нэхэмжлэгч талын тайлбар, нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн байна. Э.Г- нь П.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.734.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь уг мөнгийг Э.Г-гаас хүлээн аваагүй Н.Б- гэдэг хүнээс хүлээн авсан Э.Г-д төлөх үндэслэлгүй гэж маргасан байхад шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүй шийдвэрлэсэн байна. Хэдийгээр талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуу бодит байдал дээр мөнгийг өгсөн авсан зүйл байгаа юу үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай байдаг. Гэрээний 3.2-д “Мөнгийг бодитойгоор хүлээлгэн өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. Нэхэмжлэгч Э.Г- нь Зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгө төгрөг шилжүүлээд түүнийгээ шаардаж байгаа эсэх, эсвэл Н.Б- гэдэг хүний хариуцагчид өгсөн мөнгийг өмнөөс нь шаардаж байгаа эсэх зэрэг гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зоригийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй гэрчийг хэрэг ХХША-нд оролцуулаагүй. Шүүхээс хариуцагчийн гаргасан гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулсан, хариуцагчийн оролцуулах гэрчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүссэнийг хариуцагч талд мэдэгдээгүй, гэрчийг ХХША-нд оролцуулахаар шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож байгаа хэрнээ энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй, хариуцагчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг анхан шатны шүүх гаргасан байхад үүнийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Э.Г- 2018-04-13-ны өдөр шүүхэд хандаж, П.Х-аас нийт 19,734,000 төгрөг шаардахдаа “...2016-08-15-ны өдөр П.Х-т 30 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлүүлсэн... хариуцагч буцааж нийт 3 сая төгрөг төлсөн... тул үлдэгдэл 27 сая төгрөгтэй холбоотойгоор 2016-11-11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан...үүнээс хойш гурав тасалж нийт 13,500,000 төгрөг төлсөн...үлдэгдэл 16,500,000 төгрөгийг алданги 3,234,000 төгрөгийн хамт авна...” гэсэн байна.    

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Э.Г- гэж хүнээс мөнгө авч байгаагүй...харин Н.Б- нь 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль болж болзошгүй гээд намд хандив гэж надад бэлнээр 30 сая төгрөг  өгсөн...сонгууль маргаантай болж шүүхийн шийдвэр ашиггүй гарсан үеэс эхлэн мөнгөө буцаан нэхэх болсон... Э.Г- нь дарамталж зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлсэн..” гэж маргажээ.

        Анхан шатны шүүх П.Х-аас 18,480,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс үлдэх 1,254,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэргийн оролцогч шаардлага болон татгалзал, түүнийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. 

        а\. Хариуцагч нь Э.Г-гаас мөнгө зээлж байгаагүй гэх боловч уг тайлбар нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар үгүйсгэгдсэн байна.

        Тухайлбал, хэрэгт 2016-11-11-ний өдрийн зээлийн гэрээ, П.Х- мөнгө хүлээн авсан тухай тодорхойлолт, нэхэмжлэгчийн банкны дансны хуулга, авагджээ. Эдгээр баримтыг харьцуулан үзвэл “...амаар харилцан тохирч 30 сая төгрөг зээлж ...хожим үлдэгдэл 27 сая төгрөг дээр гэрээг бичгээр байгуулж алданги тохирсон...гэрээг нотариат гэрчилсэн...зээлээс 4 сая төгрөгийг хариуцагч дансаар буцааж төлж байсан...” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

        Иймд “...хариуцагч нь уг мөнгийг Э.Г-гаас хүлээн аваагүй Н.Б- гэдэг хүнээс хүлээн авсан... Э.Г-д төлөх үндэслэлгүй гэж маргасан байхад шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүй шийдвэрлэсэн байна...” гэх гомдлоор шийдвэр магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчинө.

        б\. Нэхэмжлэгч нь “...П.Х-т 30,000,000 төгрөг зээлүүлсэн, уг зээлийн зарим хэсгийг хариуцагч буцааж төлж, зээлээс 27,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдэх үед гэрээг ... бичгээр байгуулж,төлөх хугацааг алдангийн хамт тохиролцсон..” гэжээ.

       Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Анзын талаарх гэрээг бичгээр хийнэ. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэх байдал тогтоогдоогүй тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

        П.Х- 30,000,000 төгрөг авсан гэдгээ үгүйсгээгүй бөгөөд энэ тухай хэрэгт /хх 101/ баримт авагдсан байна.   

        Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчөөгүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцжээ.    

        2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч шүүхэд хандаж хүсэлт гаргаж /хх 83,95,105,120/ байсан, шүүх хэлэлцэж тухай бүр захирамж гаргасан /хх86,96,111-115,126,141/ байх бөгөөд зарим захирамжийн биелэлт хангагдаагүй гэх гомдол нь  шүүхийн үйл ажиллагаатай холбоогүй байна.

        Зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ. 

        Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэг 16,500,000 төгрөг, алданги 1,980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох тухай дүгнэлт хийхдээ шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00478 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 700 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 250,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ