Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч М.Өнөрсайхан нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангайтан овогт Мягмарын Өнөрсайханд холбогдох эрүүгийн 2031002710206 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Техникчдийн гудамж 4-03 тоотод оршин суух хаягтай, урьд нь:

-2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 136 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар  тэнссэн,

-2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 55 тоот тогтоолоор 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял  оногдуулж 2 жилийн хугацаагаар  тэнссэн,

-2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 81 тоот тогтоолоор 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  гавъяа шагналгүй, Хангайтан овогт Мягмарын Өнөрсайхан РД:/МЕ82080711/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Өнөрсайхан нь 2020 оны 07 дугаар сарын сүүлчээс  2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутагт байрлах “Мягмарын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Өнөрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Өнөрсайхан мэдүүлэхдээ: “...өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм  буруугаа хүлээн зөвшөөрч байна, шинжээчийн дүгнэлтийн зурагт байсан 6 ширхэг ухашийг би ухсан,  шинжээчийн дүгнэлтэд тусгасан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа, экологи эдийн засгийн хохиролд төлөгдсөн зүйл байхгүй  ...” гэж  мэдүүлсэн ба талууд дор дурьдсан нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:

2.Шүүгдэгч М.Өнөрсайханы 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгт болсон асуудлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа тул надад одоо нэмж ярих зүйл байхгүй. Надад шинжээчийн гаргасан дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй, би дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэж тус тус мэдүүлсэн, /хх-ийн 135-136-р хуудас/,

3.Хохирогч З.Мөнхзаяагийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамлаар 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу намайг Сэлэнгэ аймгийн ерөө сумын Засаг даргын орлогчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 279 дугаартай албан бичгээр намайг уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Мягмарын ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэх М.Өнөрсайхан гэдэг хүнтэй ямар нэг нэгдмэл ашиг сонирхол байхгүй, садан төрлийн холбоогүй.  Нэг нутгийн хүн гэдэг утгаараа зүс танина. Иргэн М.Өнөрсайхан нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийн талаар ойлгож мэдлээ. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р хуудас/,

4.Гэрч М.Цанлигийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Өнөрсайхан манай ХХК-ий нэр дээр байдаг HUYNDYI 2800 маркийн экскаваторыг нэг сарын өмнө барилга барих гэж байгаа газар шорооны ажил хийнэ гэж гуйж авсан. Хэргэлчихээд өгье гэж гуйхаар нь өгсөн байсан. Би тэр HUYNDYI 2800 маркийн экскаваторыг 1 жил гарангын өмнө бартераар тухайн үед 8 сая орчим төгрөгөөр бодож авч байсан. М.Өнөрсайхан манай таньдаг дүү байгаа юм. М.Өнөрсайхан надаас манай “Бадрах мандал шим” ХХК-ний нэр дээр байдаг huyndai 2800 маркийн экскаваторыг нэг сарын өмнө барилга барих гэж байгаа газар шорооны ажил хийнэ гэж гуйж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р хуудас/,

5.Гэрч Д.Эрхэмбаярын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хадам ах М.Өнөрсайханы хамт энэ оны 08 дугаар сарын эхээр ойр зуурын ажил хийж өгч туслахаар гэрт нь очсон юм. Манай хадам ах М.Өнөрсайхан өөрийн HUYNDYI 2800 Маркийн экскаватортой нэг алт угаах төхөөрөмж /скрубер/-тэй тэр газар майхантай,  алт олборлохоор очсон юм. Тэгээд Өнөрсайхан ахын экскаватор нь эвдэрч түүнийг нь янзлаад Мягмарын аманд ганц, хоёр удаа буудаж алт угаасан. Би алт гарсан эсэхийг нь мэдэхгүй Өнөрсайхан ах юм гарахгүй байна гэж ярьж байсан. Би тэр газраас шороо ухаж, угааж үзэх зорилгоор өөрийн XGM маркийн бүгд найрамдах хятад ард улсын үйлдвэрлэсэн экскаваторыг энэ оны 08 дугаар сарын 09 -ний өдөр Ерөө сумаас авч ирж байтал 10-ны өдөр Мягмарын аманд алт олборлож байсан хүмүүс шалгалт ирэх гэж байна гээд тараад экскаваторуудаа уулын модонд нуугаад байсан.Тэгэхээр нь би хүмүүсийг дагаад хажуугийн уулын модон дотор экскаватороо нууж тавьсан. Би “Мягмарын ам” гэх газар руу орж экскаватораараа газар ухаж алт олборлоогүй. Өнөрсайхан тэнд нэг HUYNDYI 2800 Маркийн экскаваторт, нэг ширхэг алт угаах төхөөрөмж /скруфер/, майхантай байсан.Сүүлд нь голын захад байсан эзэнгүй эвдэрхий вагончигт байрлах зорилгоор Энхболд, Баяраа нарыг авч очоод  тэдгээр  хүмүүсийг тараасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р хуудас/,

6.Гэрч М.Өлзийсайханы 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Манай ах М.Өнөрсайхан намайг 2020 оны 07 дугаар сарын сүлээр Ерөө сумын 2 дугаар багийн нутаг Мягмарын ам гэх газарт алт гарч байгаа юм байна миний HUYNDYI 2800 Маркийн экскаваторыг бариад газар ухаад өг, цалин тохиролцож өгнө гэж хэлсэн тэгэхээр нь би ахтай хамт очсон.Тэгээд Мягмарын ам гэх газарт очоод экскаваторын нацосс эвдэрч шингэнээ гоожуулаад байхаар засаж байсан, тэндээс алт гарсан эсэхийн нь би сайн мэдэхгүй.Тэгээд 08 дугаар сарын 11-ний өдөр шалгалт ирж байгаа гээд хүмүүс экскаватороо ууланд нуугаад байхаар нь би экскаватороо уулнаас буулгаад голын хажууд төмөр вакончикны хажууд тавьсан байсан. Манай ах тэнд нэг алт угаадаг усан буу, нэг экскаватор, майхан савтай очсон байсан. Би зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдээгүй, ах цалин өгнө гэхээр нь ажилласан. Баримжаагаар 20 метрийн өргөн 40 метрийн урттай өмнө нь  хүмүүс алт олборлож  байгаад эвдрэлд оруулсан газар,  газрын хөрсийг 3 метр орчмын гүнтэй ухсан байсан. Миний жолоодож газар ухаж байсан экскаватор манай ах М.Өнөрсайханых байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р хуудас/,

7.Гэрч Д.Баярсайханы 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд амьдардаг, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа юм. Би Өнөрсайханы эхнэрийн аавын талын нь хамаатан юм. Манай хамаатан М.Өнөрсайхан нь 2020 оны 08 сарын 07-ны өдөр надтай уулзаад  “Харгана” гэх газарт очоод  вагончик янзлаад өгөөч ахаа, орон байргүй хэцүү байна гэж хэлээд Ерөө сумаас Энхбаатар бид хоёрыг   вагончик янзлуулахаар авч ирсэн юм. Тэгээд Харгана гэх газарт ирээд одоог хүртэл вагончик янзлаад байж байгаа юм. М.Өнөрсайханы ашиглаж байсан гэх талбайд шөнө очиж байсан юм. Тэр газрын нэрийг нь сайн мэдэхгүй юм. Уулын аманд гэрийн гадна 1 ширхэг зил-131 байсан ба миний ойлгосноор тухайн амаас дээшээ  байдаг юм шиг санагдсан. Би тухайн газар нь очоогүй юм. Тиймээс алт олборлож байсан. Үгүйг  нь сайн мэдэхгүй байна. Би энэ талаар сайн мэдэхгүй байна.Намайг “вагончик янзлаад өг” гэхээр нь л ирсэн юм. Материал авч ирнэ гэж яваад  5-6  хонож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61-р хуудас/,

8.Гэрч У.Энхболдын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Өнөрсайханы хүргэн ах нь юм. Эдний вагончикийг доторлож тохижуулж өгөх гэж энд ирээд 4 хонож байна. Миний хувьд уурхайн асуудлыг нь мэдэхгүй, оролцдоггүй тул мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би Баяраа гэх Баянхараатын залуутай хамт вагончикийг нь тохижуулж өгөхөөр ирэх үеэр цагдаагаас шалгалт ирлээ гэж хэлээд вагончикоо татаад Харганы голын энд авчирсан. Экскаватороо хаана татаж авчирсныг нь би  мэдэхгүй байна. 1 экскаватороо энд авчраад ажиллуулаагүй 4 хонож байгаад сая та нар луу авч явсан. Уул уурхай техник хэрэгслийнх нь талаар мэдэхгүй. Өнөрсайхан УБ хотоос наашаа гарсан гэсэн одоо ирж яваа, энд Өнөрсайханы дүү Өлзийсайхан экскаваторчин Нарангэрэл, Дамба, дизельчин Чинзоо гэх залуу байдаг юм байна лээ,  би тэднийг сайн танихгүй. Хадам хүргэн 2 болохоор яс нарийн хөлс цалин тохирсон зүйл байхгүй, удахгүй хадлан тарианы цаг болох гээд мөнгө хэрэгтэй байгаа болохоор хэдэн төгрөг өөрсдөө мэдээд өгнө байх гэж  бодоод л тусалж байна. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/,

9.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-518/131 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.1992 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн HUYNDAI-2800 маркийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлаас  хамааран 2020 оны 09 сарын байдлаар 3.000.000 /гурван сая/-н төгрөгийн үнэтэй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-р хуудас/,

10. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

- Иргэн М.Өнөрсайханы нь ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан дээрх солбилцол бүхий талбай нь ашигт ашигт малтмал,хайх,олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй лицензийн талбайтай давхцалгүй байна./Ашигт малтмал газрын тосны газрын албан ёсны цахим сайтнаас авав./

-Иргэн М.Өнөрсайханы нь ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас 11340 м2 буюу 1,134 га талбайд , 6806,2м3 шороо угааж, 8538,7м3 эзлэхүүнтэй 6 ширхэг ухаш нүх үүсгэж, техникийн нөлөөгөөр эвдэрсэн уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 23,995,527/хорин гурван сая есөн зуун ерэн таван мянга таван зуун хорин долоон /төгрөг болж байна.

-Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын хэмжээ нь 4,403,785/дөрвөн сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун наян таван/ төгрөг болж байна.

-Энэхүү талбайн хэмжээ, эзлэхүүнийг газар дээрх хэмжилт судалгаанд үндэслэн GPS Garmin78 DJI Phantom4 pro дрон, /GPS-ийн байршлын дагуу төлөвлөлт хийх, боломжтой программчлагдсан систем агуулсан нисэх төхөөрөмж/ зэрэг багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаар сансрын зураглал, хэмжээ тооцооллын мэргэжлийн программууд ашиглан зураглан тооцож гаргасан болно.

-Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийн учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлын бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох  аргачлал”-аар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлгээг Байгаль орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан  “Уул уурхай үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно...” гэх дүгнэлтээр  /хх-ийн 74-115 дугаар хуудас/,

Мөн хавтаст хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 09-17 дугаар хуудас/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 07-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 69-70, 126-127-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 131-133-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 142-143-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 147-р хуудас/, иргэн М.Цанлигийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 144-146 дугаар хуудас/  хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед  шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар биеийн байцаалтад тусгагдсанаас гадна түүний эд хөрөнгө, төрөл садан, гэр бүл, банкны мэдээлэл, урьд ял шийтгэлийн мэдээлэл зэргийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Өнөрсайхан нь 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутагт байрлах “Мягмарын ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Өнөрсайханы өгсөн: “...өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм  буруугаа хүлээн зөвшөөрч байна, шинжээчийн дүгнэлтийн зурагт байсан 6 ширхэг ухашийг /нүх/  би ухсан нь үнэн,  шинжээчийн дүгнэлтэд тусгасан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа, экологи эдийн засгийн хохиролд төлөгдсөн зүйл одоогоор  байхгүй  ...” гэсэн мэдүүлэг өгч гэм буруугийн  болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаагаар,

Шүүгдэгч М.Өнөрсайхан  мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд  гэрч, яллагдагчаар мэдүүлэхдээ: /“...Надад шинжээчийн гаргасан дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй, би дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэснээр  /хх-ийн 135-136 дугаар хуудас/, 

Хохирогч З.Мөнхзаяагийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд мэдүүлэхдээ: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамлаар 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Цагдаагаас ирүүлсэн албан бичгийн дагуу намайг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын орлогчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 279 дугаартай албан бичгээр энэ  хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр дэх  Мягмарын ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэх М.Өнөрсайхан гэдэг хүнтэй адан төрөл, танил талын  ямар нэг холбоогүй, нэгдмэл ашиг сонирхолгүй.  Нэг нутгийн хүн гэдэг утгаараа зүс танина. Иргэн М.Өнөрсайхан нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийн талаар ойлгож мэдлээ. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлоо  нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэснээр /хх-ийн 40-41-р хуудас/,

Иргэн М.Цанлиг гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “...М.Өнөрсайхан манай “Бадрах мандал шим” ХХК-ний нэр дээр байдаг HUYNDYI 2800 маркийн экскаваторыг нэг сарын өмнө барилга барих гэж байгаа,  газар шорооны ажил хийнэ гэж гуйж авсан. Хэргэлчихээд өгье гэж гуйхаар нь өгсөн байсан юм. Би тэр HUYNDYI 2800 маркийн экскаваторыг 1 жил гаруй хугацааны  өмнө бартераар тухайн үед 8 сая орчим төгрөгөөр бодож худалдаж авч байсан. М.Өнөрсайхан нь  миний танил  дүү байгаа юм.  ...таньдаг болохоор нь мөнгө төгрөг гэлгүй машинаа өгч явуулсан юм. Миний экскаваторыг ашиглаж хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлын  талаар ойлгож мэдлээ, өөрийнхөө эд зүйлийг биетээр нь буцааж авмаар байна ...” гэснээр, /хх-ийн 46, 145-146 дугаар хуудас/,

Гэрч Д.Эрхэмбаяр 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд өмэдүүлэхдээ: “...Би хадам ах М.Өнөрсайханд тусалж ойр зуурын ажил хийхээр   энэ оны 08 дугаар сарын эхээр очсон юм. Манай хадам ах М.Өнөрсайхан өөрийн HUYNDYI 2800 Маркийн экскаватортой,  нэг алт угаах төхөөрөмж /скрубер/-тэй, тэр газарт майхантай  алт олборлохоор очсон байсан.. Тэгээд Өнөрсайхан ахын экскаватор нь эвдэрч түүнийг нь янзлаад Мягмарын аманд ганц, хоёр удаа буудаж алт угаасан. Би алт гарсан эсэхийг нь мэдэхгүй Өнөрсайхан ах юм гарахгүй байна гэж ярьж байсан. ... Шалгалт ирж байна гээд хүмүүс тараад экскаватораа нуугаад байсан...” гэснээр, /хх-ийн 50-р хуудас/,

Гэрч М.Өлзийсайхан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд мэдүүлэхдээ: “... Манай ах М.Өнөрсайхан намайг 2020 оны 07 дугаар сарын сүлээр Ерөө сумын 2 дугаар багийн нутаг Мягмарын ам гэх газарт алт гарч байгаа юм байна, миний HUYNDYI 2800 Маркийн экскаваторыг бариад газар ухаад өгвөл  цалин тохиролцож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахтай хамт очсон. Тэгээд Мягмарын ам гэх газарт очоод экскаваторын насос эвдэрч шингэнээ гоожуулаад байхаар засаж янзлаад алт олборлох зорилгоор газрын хөрсийг хуулж 2-3 удаа шороо угаасан, алт гарсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд 08 дугаар сарын 11-ний өдөр шалгалт ирж байгаа гээд хүмүүс экскаватороо ууланд нуугаад байхаар нь би  экскаватороо уулнаас буулгаад голын хажууд төмөр вакончикны хажууд тавьсан байсан. Манай ах тэнд нэг алт угаадаг усан буу, нэг экскаватор, майхан савтай очсон байсан. Би зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдээгүй, ах цалин өгнө гэхээр нь ажилласан. Баримжаагаар 20 метрийн өргөн, 40 метрийн урттай газрын хөрсийг 3 метр орчмын гүнтэй өмнө хүмүүс алт олборлож эвдрэлд оруулж ухсан байсан. Миний жолоодож газар ухаж байсан экскаватор манай ах М.Өнөрсайханых л  байх...” гэснээр, /хх-ийн 54-р хуудас/,

Гэрч Д.Баярсайхан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд мэдүүлэхдээ: “...  Би Өнөрсайханы эхнэрийн аавын талын нь хамаатан юм. Манай хамаатан М.Өнөрсайхан нь намайг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр надтай уулзаад “Харгана” гэх газарт байгаа вагончикийг  янзлаад өгөөч,  орон байргүй хэцүү байна гэж хэлээд Ерөө сумаас Энхбаатар гэх хүний хамт  бид 2-г вагончик янзлуулахаар авч ирсэн юм. Энд ирээд  одоог хүртэл вагончик янзлаад байж байгаа юм... Би “вагончик янзлаад өг” гэхээр нь л ирсэн ба Өнөрсайхан өөрөө   материал авч ирнэ гэж яваад 5-6  хонож байна...” гэснээр /хх-ийн 60-61-р хуудас/,

Гэрч У.Энхболд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны  үе шатанд мэдүүлэхдээ: “...Би Өнөрсайханы хүргэн ах нь юм. Эдний вагончикийг доторлож тохижуулж өгөх гэж энд ирээд 4 хонож байна. Миний хувьд уурхайн асуудлыг нь мэдэхгүй, оролцдоггүй тул мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би Баяраа гэх Баянхараатын залуутай хамт вагончикийг нь тохижуулж өгөхөөр ирэх үеэр цагдаагаас шалгалт ирлээ гэж хэлээд вагончикоо татаад Харганы голын энд авчирсан. Экскаватороо хаана татаж авчирсныг нь сайн мэдэхгүй байна. Энд нэг экскаватор  авчраад ажиллуулаагүй 4 хонож байгаад сая цагдаа  авч явсан. ...би Өнөрсайхантай хадам хүргэн 2 болохоор яс нарийн хөлс цалин тохирсон зүйл байхгүй, удахгүй хадлан тарианы цаг болох гээд мөнгө хэрэгтэй байгаа болохоор хэдэн төгрөг өөрсдөө мэдээд өгнө гэж  бодоод л тусалж байна. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэснээр, /хх-ийн 62-63-р хуудас/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-518/131 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

-1992 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн HUYNDAI-2800 маркийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлын хамааран 2020 оны 09 сарын байдлаар 3.000.000 /гурван сая/-н төгрөгийн үнэтэй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-р хуудас/,

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

-Иргэн М.Өнөрсайханы нь ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан дээрх солбилцол бүхий талбай нь ашигт ашигт малтмал,хайх,олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй лицензийн талбайтай давхцалгүй байна./Ашигт малтмал газрын тосны газрын албан ёсны цахим сайтнаас авав.

-Иргэн М.Өнөрсайханы нь ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас 11340 м2 буюу 1,134 га талбайд , 6806,2м3 шороо угааж, 8538,7м3 эзэл эзлэхүүнтэй 6 ширхэг ухаш нүх үүсгэж, техникийн нөлөөгөөр эвдэрсэн уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 23,995,527/хорин гурван сая есөн зуун ерэн таван мянга таван зуун хорин долоон /төгрөг болж байна.

-Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын хэмжээ нь 4,403,785 /дөрвөн сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун наян таван/ төгрөг болж байна.

-Энэхүү талбайн хэмжээ, эзлэхүүнийг газар дээрх хэмжилт судалгаанд үндэслэн GPS Garmin78 DJI Phantom4 pro дрон, /GPS-ийн байршлын дагуу төлөвлөлт хийх, боломжтой программчлагдсан систем агуулсан нисэх төхөөрөмж/ зэрэг багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаар сансрын зураглал, хэмжээ тооцооллын мэргэжлийн программууд ашиглан зураглан тооцож гаргасан болно.

-Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийн учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлын бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох  аргачлал”-аар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлгээг Байгаль орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан  “Уул уурхай үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 74-115 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “... Үзлэг явуулж буй газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 70 км зайд орших Харганат гэх газар байв. Уг газар нь төв замаас шинэ зам гарган урд зүгт ойн сан бүхий газар луу эксковаторын шинэ мөр гарсан 1 км орчим зайд ойн захад модоор хүрээлэгдсэн, баруун талаараа уулаар хүрээлэгдсэн, шигүү ногоон өвс,навчаар хүрээлэгдсэн чийглэг агазр байх ба модон дунд ертөнцийн зүгээр зүүн тийш шанагыг харуулан тавьсан, шар өнгийн эксковатор байв. Эксковаторыг нуун далдах зорилгоор хус модыг тайрч дээр, доогуур нь хучиж далдалсан байв. ...эксковаторыг 4 талаас нь гэрэл зургаар авч бэхжүүлэв ...” гэж тэмдэглээд эксковаторыг болон хэргийн газрын байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд,  тэмдэглэл /хх-ийн 09-17 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул  шүүгдэгч М.Өнөрсайханыг  2020 оны 07 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутагт хамаарах  “Мягмарын ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй  байх ба   хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон , хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэг явагдаж дууссаны дараа улсын яллагч: “... Шүүгдэгч М.Өнөрсайхан нь 2020 оны 07 дугаар сарын сүүл үеэс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн  нутагт байрлах “Мягмарын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас байгаль-экологид 23.995.527 төгрөгийн шууд хохирол учирсан. Тухайн үйл ажиллагаанаас 4.403.785 төгрөгийн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр  хор уршиг учирсан. Учирсан хохирол болон хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд болон прокурорын шатанд нөхөн төлж, арилгаагүй тул  хохирлыг шүүгдэгч М.Өнөрсайханаас гаргуулж, байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх  саналтай байна. ...” гэсэн гэм буруугийн дүгнэлт хийснийг,

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “... би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэж эцсийн үг хэлж санал, дүгнэлтээ тус тус  илэрхийлснийг шүүх хуульд нийцсэн гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч М.Өнөрсайхан нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 23.995.527 /хорин гурван сая есөн зуун ерэн таван мянга таван зуун хорин долоо/-н төгрөгийн хохирол учруулсан, түүний байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд 4.403.785 /дөрвөн сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун наян тав/ төгрөг шаардлагатайг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний “Говь эко” ХХК-ниас  тогтоосон байна.

Шүүгдэгч М.Өнөрсайхан нь “Говь эко” ХХК-ний тогтоосон дээрх үнэлгээтэй танилцаж, хүлээн зөвшөөрч буй тухайгаа мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

“Говь эко” ХХК-ний  үнэлгээ нь байгаль орчинд учирсан бодит хохирол, түүнийг нөхөн сэргээхэд шаардлагатайг тогтоосон зардлыг тодорхойлсон байх  бөгөөд шүүгдэгч М.Өнөрсайханы байгаль орчинд учруулсан бодит хохирлын  үнэлгээг “Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ нь 1.194.610 төгрөг”, “Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ нь 2.767.870 төгрөг”, “Газрын хөрсөнд учруулсан хохирлын хэмжээ нь 5.394.843 төгрөг”, “Ургамлын бүрхэвчинд учруулсан хохирлын хэмжээ нь 778.825 төгрөг”, “Усан орчинд үзүүлсэн хохирлын хэмжээ нь 13.859.379 төгрөг” гэж тус тус тодорхойлж, нийт 23.995.527 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж тооцсон нь үндэслэлтэй байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна....” гэж,

49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт байгаль орчинд учруулсан хохирлыг ойн санд учруулсан хохирол, амьтанд учруулсан хохирол, ургамалд учруулсан хохирол, усны нөөцөд учруулсан хохирол, газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, хөрсөнд учруулсан хохирол гэж, 

49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  уг хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтооно гэж  тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Өнөрсайханы байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын хэмжээг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 778.825х5=3.894.125 төгрөг, 4-д зааснаар усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 13.859.379х3=41.578.137 төгрөг, 5-д зааснаар газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн  үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.194.610х3=3.583.830 төгрөг, 5 дахь хэсгийн 1-д зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.767.870х2= 5.535.740 төгрөг, 2-т зааснаар   хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.394.843х3= 16.184.529 төгрөгөөр тус тус тооцож буюу нийт 70.776.361 төгрөгийг, үүн дээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд зарцуулагдах 4.403.785 төгрөгийг нэмээд нийт 75.180.146 /далан таван сая нэг зуун наян мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийг шүүгдэгч М.Өнөрсайханаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлүүлж,  Байгаль орчин уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна. 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Өнөрсайхан нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Өнөрсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Өнөрсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үүрэг хүлээлгэж, торгох ялын биелэлтэд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавихыг үүрэг болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож солихыг  шүүгдэгчид мэдэгдэх нь зохистой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “  ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...   нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Э.Цанлигийн 68-30 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн /экскаваторын/ үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөг, 1.000.000 /нэг сая/  төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж зэргийг хураан авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар 68-30 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол болох 75.180.146 төгрөгийг тус тус шүүгдэгч М.Өнөрсайханаас  гаргуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг хураан авч худалдан борлуулж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Э.Цанлигт  буцаан олгохоор  тус тус шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн алт угаах төхөөрөмж 1 ширхэг, 68-30 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг /экскаватор/ битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч М.Өнөрсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч М.Өнөрсайханд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Хангайтан овогт Мягмарын Өнөрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өнөрсайханд 6.000 /зургаан мянга/-н нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өнөрсайханы цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн  хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг М.Өнөрсайханд анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өнөрсайханаас байгаль орчинд учруулсан хохирол болох  70.776.361 төгрөгийг, байгаль орчныг нөхөн сэргээх зардал болох 4.403.785 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-30 УБ улсын дугаартай Хьюндэй робекс /Hyundai  Robex/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Цанлигт олгож, түүний үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг М.Өнөрсайханаас гаргуулж,  алт угаах төхөөрөмжийг хураан авч, худалдан борлуулж тус тус  Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7.Хэрэгт эд мөрийн битүүмжлэгдсэн 1 ширхэг алт угаах төхөөрөмж,  63-30 УБ улсын дугаартай Хюндэй робекс /Hyundai  Robex/ маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ хэрэгт шүүгдэгч М.Өнөрсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Өнөрсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ