| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
2021/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Ц.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Цийн Өт холбогдох 2012003470083 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Цийн Ө/РД:АК........./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012003470083 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Н.Лийн өгсөн:
“...Ц.Ө нь 2020 оны 08 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Урт шивэрт гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичгийн нөхцөл болзлыг зөрчиж ойгоос хэрэглээний босоо, хатсан 19,8 м3 хэмжээтэй мод бэлтгэж 49-14 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 3,911,846 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010600988 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Би тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад байдаг талаар сайн мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64 дүгээр тал/
*Гэрч Б.Эын өгсөн:
“...Тухайн модыг 4-5 удаа зөөсөн. Би тоог нь сайн мэдэхгүй байна, нэг модноос 2 шургааг гараад байсан бүдүүн талыг нь шон хийхээр, нарийн талыг нь тайрч байр сэлбэхэд ашигласан. Мөн унаанги модноос бас тайрч авсан. Ц.Ө надад гоожин, түрээсийг нь авсан байгаа гэж хэлсэн. Ц.Ө өөрөө хөрөө сүхтэй ирсэн, тэр хөрөө, сүхээр нь бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/
*Гэрч Б.Эын дахин өгсөн:
“...Ц.Ө, Э.М бид нар шинэс төрлийн хуурай модноос 300 ширхэг шургааг мод бэлтгэсэн. Бид нар 72 ширхэг босоо мод унагаж 144 ширхэг шургааг бэлтгэссэн 1 босоо модноос 4 метрийн урттай 2 ширхэг шургааг гаргаж авсан. 156 ширхэг шургааг модыг унаанги модноос тус тус бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 87 дугаар тал/
*Гэрч Э.Мын өгсөн:
“...Тэр модыг хавар 5 сард 2, 3 өдөр Идэр-Улаан багийн Урт шивэртийн амны Баруун Эрээн гэх газраас бэлтгэж Ц.Ө ахын Маяти маркийн автомашинаар өвөлжөөний газар татаж авч ирсэн. Тухайн модыг Ц.Ө ах хөрөөдөж унагасан. Аав бид 2 зөөж ачсан. Би хэдэн мод унагаасан талаар сайн мэдэхгүй байна. Аав бид хоёр унагаасан. Модыг нь дундуур нь тайрч машинд ачсан. 1 шургаагийн 4 метр урттай тайрч 2 ширхэг шургааг гаргаж байсан. Ц.Ө ах гоожин авсан гэж ярьж байсан. Авчирсан модоор өвөлжөөний хашааны нуруу, шон, засаж сэлбэсэн. Ц.Ө ах хөрөө, сүхтэй ирсэн тэр хөрөө, сүхийг ашиглаж бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/
*Гэрч Э.Мын дахин өгсөн:
“...Бид нар шинэс төрлийн хуурай модноос 300 ширхэг шургааг мод бэлтгэсэн. Өнөрөө ах, аав бид гурав 72 ширхэг босоо мод унагааж 144 ширхэг шургааг бэлтгэсэн 1 босоо модноос 4 метрийн урттай 2 ширхэг шургааг гаргаж авсан. 156 ширхэг шургааг модыг унаанги модноос тус тус бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 93 дугаар тал/
*Гэрч Л.Дгийн өгсөн:
“...Ойн цэвэрлэгээ гэдэг нь ойн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил гэсэн 2 өөр ойлголт байдаг. Ойн тухай хуулийн 35.2 болон 3.1.15-д зааснаар ойн цэвэрлэгээний ажлаар босоо мод унагаж огтлолт хийхгүй, унаанги модноос хэрэглээний модыг бэлтгэж болно. Ойн цэвэрлэгээний огтлолт хийх ажлыг ойн мэргэжлийн байгууллага хийнэ. Харин иргэн Ойн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд зааснаар өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно гэсэн байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81 дүгээр тал/
*Гэрч Дгийн өгсөн:
“...Ойн тухай хуулийн 3.1.15, 35.2, 35.3 зүйлд зааснаар иргэн цэвэрлэгээ хийх эрхийн бичгээр ойд огтлолт хийж болохгүй. Би Ц.Өт эрхийн бичиг олгохдоо ойн цэвэрлэгээгээр ойд огтлолт хийж болохгүй гэж хэлж тайлбарлаж өгсөн. Иргэний мод бэлтгэх үйл ажиллагаанд тухайн мод бэлтгэх эрх олгосон газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч, байгаль орчны улсын хяналтын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Ой анги мод бэлтгэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 96 дугаар тал/
*Яллагдагч Ц.Өын өгсөн:
“...Би 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр Урт гэх газраас хууль бусаар зөвшөөрлийн баримт бичигт заасан бэлтгэх арга, технологийг зөрчиж буюу 72 ширхэг босоо мод огтолж малын хашаа барьсан нь үнэн би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би тэрийг мэдээгүй учир бэлтгэсэн. Хэрэв мэдэж байсан бол бэлтгэхгүй байх байсан. Би өөрийн эзэмшлийн 49-14 АРХ улсын дугаартай , Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө, модон иштэй сүх зэргийг ашиглаж бэлтгэсэн юм. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Урт шивэрт гэх газар малын саравч хашаа барьсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Ковид-19 өвчин гарч Архангай аймгийн хэмжээнд хорио цээр тогтоосны улмаас ирж чадаагүй. Түүнээс ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 116-118 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Давхүүгийн”...8.4 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.659.571₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 101-102 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 03 дугаар сарын 30-ны 26 дугаартай”...МУ-д орж ирээд 7 жил ашиглагдаж байгаа гадна талын ерөнхий байдал хуучирсан, кабин босоо чиглэлд ханзарсан, урд нүүр хагарч унасан, урд чулак тахийсан, рам цуурсан, кабины шал цөмөрсөн, буруу талын их гэрэл сууриараа ханзарсан, дугуйнууд халцарч муудсан, кропноос тос гоожсон, дотор талын салоны хянах самбарын гэрэл асдагүй дачикнууд ажилдаггүй, кузовны шал зэвэрсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд МУ-д орж ирсэн 49-14 АРХ улсын дугаартай Хьюндей Маяти маркийн автомашины үнэлгээг 2020 оны 06 сарын зах зээлийн ханшаар 5.000.000/таван сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх мэдүүлэг/хх-ийн 125 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 03 дугаар сарын 30-ны 26 дугаартай”...1.8 метрийн урттай, 72 ширхэг 8.4 шоометр мод, цахилгаан хөрөө, сүхний зах зээлийн үнэлгээг 2020 оны 06 сарын зах зээлийн ханшаар 487.900/дөрвөн зуун наян долоон мянга есөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх мэдүүлэг/хх-ийн 132 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт/хх-ийн 31-36 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 27-30 дугаар тал/
*Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдох материалууд/хх-ийн 69-77 дугаар тал/
*Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол/хх-ийн 136-138 дугаар тал/
*Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл/хх-ийн 140-141 дүгээр тал/
*Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 142 дугаар тал/
*Төмөр сүх, цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 143-149 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ө нь 2020 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр Урт гэх газрын ойгоос мод бэлтгэхдээ Ойн тухай хууль тогтоомжийг зөрчиж, зөвшөөрлийн баримт бичигт заасан бэлтгэх арга, технологийг зөрчиж буюу 72 ширхэг босоо мод огтолж, өөрийн эзэмшлийн 49-14 АРХ улсын дугаартай, “Хьюндай Маяти” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 1.659.571 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ө үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Н.Лийн”...Ц.Ө нь 2020 оны 08 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Урт шивэрт гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичгийн нөхцөл болзлыг зөрчиж ойгоос хэрэглээний босоо, хатсан 19,8 м3 хэмжээтэй мод бэлтгэж 49-14 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 3,911,846 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын”...Ц.Ө, Э.М бид нар шинэс төрлийн хуурай модноос 300 ширхэг шургааг мод бэлтгэсэн. Бид нар 72 ширхэг босоо мод унагаж 144 ширхэг шургааг бэлтгэссэн 1 босоо модноос 4 метрийн урттай 2 ширхэг шургааг гаргаж авсан. 156 ширхэг шургааг модыг унаанги модноос тус тус бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Мын”...Бид нар шинэс төрлийн хуурай модноос 300 ширхэг шургааг мод бэлтгэсэн. Өнөрөө ах, аав бид гурав 72 ширхэг босоо мод унагааж 144 ширхэг шургааг бэлтгэсэн 1 босоо модноос 4 метрийн урттай 2 ширхэг шургааг гаргаж авсан. 156 ширхэг шургааг модыг унаанги модноос тус тус бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Дгийн”...Ойн цэвэрлэгээ гэдэг нь ойн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил гэсэн 2 өөр ойлголт байдаг. Ойн тухай хуулийн 35.2 болон 3.1.15-д зааснаар ойн цэвэрлэгээний ажлаар босоо мод унагаж огтлолт хийхгүй, унаанги модноос хэрэглээний модыг бэлтгэж болно. Ойн цэвэрлэгээний огтлолт хийх ажлыг ойн мэргэжлийн байгууллага хийнэ. Харин иргэн Ойн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд зааснаар өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно гэсэн байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мгийн”...Ойн тухай хуулийн 3.1.15, 35.2, 35.3 зүйлд зааснаар иргэн цэвэрлэгээ хийх эрхийн бичгээр ойд огтлолт хийж болохгүй. Би Ц.Өт эрхийн бичиг олгохдоо ойн цэвэрлэгээгээр ойд огтлолт хийж болохгүй гэж хэлж тайлбарлаж өгсөн. Иргэний мод бэлтгэх үйл ажиллагаанд тухайн мод бэлтгэх эрх олгосон газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч, байгаль орчны улсын хяналтын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Ой анги мод бэлтгэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.659.571 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Дгийн дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 03 дугаар сарын 30-ны 26 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч Ц.Өын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Өын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ц.Өыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.659.571 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 4.978.713 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.659.571*3=4.978.713/дөрвөн сая есөн зуун далан найман мянга долоон зуун арван гурав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 4.978.713 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Өыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч Ц.Өаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 49-14 АРХ улсын дугаартай 5.000.000/таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндай Маяти маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 4.978.713 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 21.287 төгрөг, 8.4 метр куб 144 ширхэг хуурай шинэс модны үнэ болох 407.900 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цийн Өыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өаас 4.978.713/дөрвөн сая есөн зуун далан найман мянга долоон зуун арван гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Ц.Өаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 49-14 АРХ улсын дугаартай 5.000.000/таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндай Маяти маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 4.978.713 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 21.287 төгрөг, 8.4 метр куб 144 ширхэг хуурай шинэс модны үнэ болох 407.900 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ц.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР