Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч А.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Уламбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургууд овогт Дондогийн Уламбаярт холбогдох эрүүгийн 2131003540018 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтаан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Бургууд овогт Дондогийн Уламбаяр /РД:МЖ86052916/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Уламбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багт байх өөрийн гэртээ эхнэр А.Отгонжаргалыг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн улмаар зүүн гар луу нь төмрөөр цохиж зүүн шуу ясны зөрөөгүй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Уламбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багт байх өөрийн гэртээ эхнэр А.Отгонжаргалыг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн улмаар зүүн гар луу нь төмрөөр цохиж зүүн шуу ясны зөрөөгүй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Уламбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уламбаярын өгсөн: “...Тухайн өдөр манай нэг дүү архи, пиво авчирч өгсөн нь үнэн. Шөнө 1 цагийн үед сэрээд эхнэрээ хайсан чинь олдоогүй. Эхнэрээ айлгах гээд санамсаргүй цохисон нь үнэн. Бид хамт амьдраад 19 жил болж байна. Урьд нь 2013 онд эхнэрээ хүнтэй хардаж нэг удаа зодож байсан” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч А.Отгонжаргал 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар баг гэх хөдөө газарт би нөхөр Д.Уламбаярын хамт байхад тус сумын 2 залуу манай гэрт ирэхдээ 1 шил 0.75 гр Хараа нэртэй архи, 1 том Боргио нэртэй пиво авчирч, манай нөхөр тэр 3 хамт архи уусан. Тухайн үед манай нөхөр Д.Уламбаяр нь авчирсан архинаас нь нилээн их уугаад байсан. Архи нь дуусахгүй болохоор нь би тэр архинаас нь хэд хэдэн удаа уусан. Би бас нилээн согтсон ухаан санаа орж гараад байсан. Тэгтэл би нэг мэдсэн чинь орон доор орчихсон нуугдсан байдалтай байсан. Манай нөхөр гэртээ орилж чарлаад “пизда нарыг ална аа” гээд орилж байгаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь шууд гараад хажуу талын айлын өвөлжөөний сараанд орж нуугдсан. Манай нөхөр Д.Уламбаяр нь намайг тэр хавиар зөндөө хайсан. Би тухайн үедээ зодох байх гэж бодоод өвөлжөөнөөс гараагүй. Шөнийн 05 цаг 20 минутанд гадаа хүйтэн байсан болохоор нөхөр Д.Уламбаярын төрсөн дүү Д.Саранчимэгийн 99408526 дугаараас мессеж бичсэн. Тэгээд би Д.Саранчимэгийн гэрт очиж хэсэг дулаацаж суусан. Тэгээд манай нөхөр архи нь гарсан байсан болохоор намайг “гэртээ ир” гээд залгаад байхаар нь би хадам ээж Б.Наранцэцэгийн хамт гэртээ очиход нөхөр Д.Уламбаяр нь турба шиг төмрөөр миний нуруу, хөл, гар луу цохьсон. Тухайн үед хадам ээж манай нөхрийг болиулах гээд дийлээгүй. Миний гар луу төмрөөр цохиж байхад зүүн гар мэдээгүй болж хөдлөхөөр өвдөөд байсан. Тэгээд манай нөхөр хадам ээжийг “зайл” гээд хөөгөөд байсан болохоор хадам ээж машинаа унаад гэртээ харьсан. Харин нөхөр бид 2 гэртээ үлдсэн. Бид 2 гэртээ ороход намайг ор луу түлхэж унагаасан. Би доошоо хараад уйлаад сууж байхад миний дээрээс хайч зоох гээд далайсан. Тэгтэл гаднаас хүргэн Мөнхбүрэн орж ирээд болиулсан. Намайг гэрээсээ хувцсаа аваад зайл гээд хөөгөөд байхаар нь хэдэн хувцсаа аваад гарсан чинь нөхөр Д.Уламбаяр нь машинд суу гээд авч яваад Дарханы хуучин захын гадаа буулгаад яваад өгсөн” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Б.Батбилэг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Уламбаяр ахыг морь уядаг уяач хүн гэдгээр нь таньж мэддэг. Энэ тэнд явахдаа таарахаар мэнд устай явдаг, нэг нутгийн хүмүүс юм. Харин Отгонжаргал эгчийг Уламбаяр ахын эхнэр гэдгээр нь танина. Би өнгөрсөн намар тус сумын Мангирт 3-р багт Уламбаяр ахын гэрийн ойролцоо малын тэжээл хадлан хийсэн юм. Тэр үед Уламбаяр ах надад хоол унд дөхүүлж өгч тус болж байсан болохоор 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намрын ажил дуусаагүй байсан юм. Сумын төв орох ажил гараад өөрийн найз Г.Мөнхтөрийн хамтаар явж төвөөс ажлаа амжуулаад буцахдаа дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Хараа” архи 2,5 литрийн том пиво аваад Уламбаяр ахын гэрт нь очиход 22 цаг болж байсан. Уламбаяр ахынд сууж байгаад 23 цаг өнгөрөөд гэрээс нь гараад явсан. Д. Уламбаяр ах А.Отгонжаргал эгч нар адуу мал яриад архи пиво уусан ямар ч хэрүүл маргаан болоогүй. Харин Отгонжаргал эгч их согтсон харагдсан. Манай найз архинаас огт амсаагүй би бага зэрэг уусан. Гараад явахад Уламбаяр ах сандал дээрээ суугаад Отгонжаргал эгч бөөлжиж харагдсан. Тэр хоёрыг согтоод байхаар нь би найзтайгаа гараад явсан юм. Өөр юм болоогүй” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Г.Мөнхтөр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Батбилэг бид 2 Мангирт гэх газарт малын өвсөө бэлдэж, өвсний хашаа барьж байсан. Ажил хийх үедээ бид 2 Уламбаяр гэх хүний ажилд давхар тусалсан. Тэгээд Уламбаяр гэх хүн “орой ирж хоол идээрэй” гэж хэлсэн. Тэгээд бид 2 ажлаа дуусаад 2 цагийн үед Уламбаяр ахынд очсон. Тухайн айлд Уламбаяр эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд бид 2 хоол унд идээд авчирсан нэг шил “Хараа” архи, нэг ширхэг “Боргио” пиво Уламбаяр ах задалж надад болон найз Батбилэгт өгсөн. Тэгэхээр нь би архи уудаггүй гэж хэлсэн. Тухайн үед би гэр лүүгээ яарч байсан болохоор хэсэг сууж байгаад гарсан.” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Л.Бүрэнжаргалын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Д.Уламбаярыг нэг нутгийн иргэн гэдгээр нь таньж, энэ тэнд явахдаа мэнд устай явцгаадаг. Харин Отгонжаргалыг бол санахгүй байна. Д.Уламбаярыг эхнэр хүүхэдтэй гэж сонсож байсан. Гэр нь хөдөө байдаг болохоор таньж мэдэхгүй байна. Би 2012 оноос одоог хүртэл Засаг даргын тамгын газарт нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн ажил хийж байна. Сумын хамтарсан багийн нарийн бичгээр ажиллаж байх хугацаанд Уламбаярын гэр бүлээс гэр хүчирхийллийн талаар гомдол мэдээлэл ирж байгаагүй. Уламбаяр хүнтэй мэндтэй устай инээж явдаг архи дарс уусан байхыг нь харж байгаагүй юм байна.” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Г.Батчимэгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч албан тушаал дээр ажиллаж байна. Д.Уламбаяр гэж хүнийг танина. Тухайн иргэн нь манай багт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд өмнө нь ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Д.Уламбаяр архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Ааш зангийн хувьд эелдэг дөлгөөн зан чанартай, мал маллаж амьдардаг” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Т.Мөнхбат 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би одоо Зүүнбүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Д.Уламбаяр гэж хүнийг танина. Эхнэр нь болох А.Отгонжаргал нөхөртөө зодуулсан талаар 2021 оны 12 дугаар сарын сүүлээр гомдол гаргаж би шалгаж байсан. Би тус суманд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэсгийн төлөөлөгч албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Өөрөөр Д.Уламбаяртай холбоотой дуудлага, мэдээлэл ирж байгаагүй юм байна” гэх мэдүүлэг[7],

8.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 433 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “А.Отгонжаргалын биед зүүн шуу ясны зөрөөгүй битүү хугарсан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],

9.Шүүгдэгч Д.Уламбаярын 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би хийсэн үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч болох эхнэр А.Отгонжаргалд эмчилгээний төлбөрийг нь төлөх болногэх мэдүүлэг[9], 10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Уламбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.Уламбаяр нь хохирогчид эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Уламбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болохыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тайлбарлажээ.[17]

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бургууд овогт Дондогийн Уламбаярт 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.Уламбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 98см урттай 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бургууд овогт Дондогийн Уламбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уламбаярт 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уламбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүгдэгч Д.Уламбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 98см урттай 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

   

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ