| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0135/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/133 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Хашхүүгийн Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гантөмөрт холбогдох 2023001440133 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багт оршин суудаг, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Борной овогт Хашхүүгийн Гантөмөр /Регистрийн дугаар: ИК79011016/
Шүүгдэгч Х.Гантөмөр нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2019 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь багийн нутагт дэвсгэрээс Ү.Зэсхүүгийн эзэмшлийн 27-16 ЗАЗ улсын дугаартай, шар өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж түүнд 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ү.Зэсхүүд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1 . Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Х.Гантөмөр нь 2019 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь багийн нутагт дэвсгэр наадмын талбайд байрласан гэр гуанзны гаднаас Ү.Зэсхүүгийн эзэмшлийн 27-16 ЗАЗ улсын дугаартай, шар өнгийн Даюун маркийн мотоциклийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Тухайн үед мотоциклоо алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ү.Зэсхүүгийн “...2019 оны 07 сарын 28-наас 29-нд шилжих шөнө би баяр үзэх гээд Цэцэн-Уул сумын баяр дээр ирсэн тэнд манай сумын Өлзийбаяр гэдэг залуу тэнд гэр гуанз ажиллуулж байсан би тэдний гуанзны гадаа мотоциклоо орхичихоод шөнө шоу үзэх гээд нутгийн хүмүүстэй хамт явсан шоу үзэж байгаад 01 цагийн орчим болж байхад мотоциклоо очиж үзэхэд миний мотоцикл байсан юм би буцаж очоод шоу үзэж дуусгачихаад ирэхэд миний мотоцикл байхгүй байсан .... мотоциклоо хайж явахад 200.000 төгрөгийн шатахууны зардал гаргасан... Би мотоциклоо 1.700.000 төгрөгөөр үнэлж байна. Би анх мотоциклоо худалдаж авахдаа 1.850.000 төгрөгөөр малчны зээл авч худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлгээр, Ү.Зэсхүү мотоциклоо алдсан талаар мэдүүлсэн гэрч Б.Чимэддоржийн “...Зэсхүү бид хоёр цуг мотоциклтой нь Цэцэн-Уул сумын баярт очсон юм. Тус баяр дээр манай сумын иргэн Өлзийбаяр гэр гуанз ажиллуулж байсан тэгээд бид хоёр баяр үзэж байгаад орой баярын урлагийн тоглолт үзэх гээд орой 22 цагийн үед Өлзийбаярын гэр гуанзны үүдний сүүдрэвчинд мотоциклоо оруулж тавиад шоу үзэж байгаад шөнийн 01 цаг үед Өлзийбаярын гуанзанд ирэхэд мотоцикл нь байж байсан тэгээд буцаж яваад 1 цаг орчим гадуур явж байгаад ирсэн чинь мотоцикл нь байхгүй байсан тэгээд тэр хавиар мотоциклийг нь хайгаад олоогүй юм. .. Улбар шар өнгийн Даюун маркийн 27-16 ЗАЗ улсын дугаартай хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикл байсан юм. Миний мэдэхээр 2018 оны хавар мотоциклоо төрийн банкнаас зээлээр авч байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Х.Өлзийбаярын “...2019 оны 07 сарын хэдэнд байх өдрийг одоо сайн санахгүй байна. Цэцэн-Уул сумын баяр болоод манайх тэнд гуанз хийгээд гэр бариад үүдэнд хүн сууж хоол хийх зориулалттай сүүдрэвч хийсэн байсан. Зэсхүү орой тоглолт шоу үзэх гэж явахдаа мотоциклоо сүүдрэвч доор үлдээгээд явсан юм. Шөнө 02 цагийн үед байх шоу тараад ирсэн чинь Зэсхүүгийн мотоцикл алга болсон байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлгээр, Х.Гантөмөр “улаан цоохор өнгийн суудлын бүрээстэй мотоцикл хүнээс худалдаж авсан” гэж Б.Баярсайханд хэлсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Баярсайханы “...Би яг сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан намайг сумын төв ороод хоёр, гурав хоноод ирсэн чинь хүнээс ийм мотоцикл авлаа гээд нэг танихгүй мотоцикл унаад байж байсан. Тэр үед нь би ямар мотоцикл байсныг нь анзаараагүй улаан цоохор өнгийн бүтээлэгтэй мотоцикл байсан. Тухайн үед би нөхрөөсөө хэнээс ямар хүнээс авсан юм гэхэд нэг хүнээс авлаа за за тэр чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлэхээр нь би дахиж асуугаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Х.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд Ү.Зэсхүүгийн мотоциклийг хулгайлсан гэж хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Цэцэн-Уул сумын баярт би унаанд дайгдаж очсон юм. Тэнд баяр үзэж байгаад орой нь шоу болоод дуусах дөхөж байсан шөнийн 01 цагийн үед байх сум руугаа буцах унаа олдохгүй явж байгаад гуанзнуудын тэнд сүүдрэвчний хажууд шар өнгийн Даюун маркийн мотоцикл байж байхаар нь кундакторынх нь утсыг салгаж байгаад маниулдаж асаагаад унаад сум руугаа явчихсан юм. Тэр шөнөдөө гэртээ очоод маргааш нь өөрийн “Мустанг” маркийн мотоциклийн банкыг сольж тавиад унаж байгаад баригдсан юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1700000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Сантмаргаз сумын үнэлгээний комиссын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтээр нотлогдсон. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө юмсыг хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор нууцаар авч байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцааны нэгдэл юм. Х.Гантөмөрийн бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг нь хууль бусаар нууц далд аргаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг хууль бусаар нууц далд аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.Гантөмөр нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч Ү.Зэсхүүгийн “хохирлоо нөхөн төлүүлж авсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Прокуророос шүүгдэгч Х.Гантөмөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч Х.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Х.Гантөмөрт Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй учир ялгүй болсон байна. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчид прокурорын сонсгосон албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч Х.Гантөмөр нь хохирлоо нөхөн төлсөн учир хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн Даюун маркийн мотоциклыг шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Х.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борной овогт Хашхүүгийн Гантөмөрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гантөмөр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гантөмөрийн тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Х.Гантөмөрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Завхан аймгийн Сантмаргац сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа 27-16 ЗАЗ улсын дугаартай, шар өнгийн Даюун маркийн мотоциклийг шүүгдэгч Х.Гантөмөрт буцаан олгосугай.
7. Шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ