| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/105 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/105
2021/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Д.Е
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Дгийн Ед холбогдох эрүүгийн 2012002970134 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Дгийн Е/РД:ВТ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Е нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэр, Соёмбо хорооллоос иргэн Х.Тийн Тундра маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012002970134 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Х.Тийн өгсөн:
“...2020 оны 05 дугаар сарын 15-дын үеэр санаж байна Улаанбаатар хотод төрлийнх нь хүн нас бараад ээж ажил явдалд нь оролцоод Улаанбаатар хотоос шуудангаар ирэхдээ хамаатных нь гээд нэг залуутай хамт ирсэн байсан. Би хөдөө байж байгаад аавынд ирсэн чинь Д.Е гэдэг залуу ирсэн байсан. Тэгсэн манай аав, ээж 2 нөгөө Д.Е гэдэг залууд чинь сүйд болчихсон байж байсан архи уудаггүй тамхи татдаггүй гэнэ ер нь энд суурьших бодолтой байгаа юм байна эхнэр хүүхэд нь Байдрагт байдаг хадмууд нь Заг суманд байдаг нэг сайн найз нь наашаа ирж байгаа юм байна Байдрагаас эхнэр хүүхдээ авч ирээд энд төвхнөөд амьдрах юм яриад байна гэж манай аав ээж 2 хэлэхээр нь би нэг их санаанд ороогүй ирээд 3 хоносон байх би хөдөө явчихсан байсан чинь манай дүү миний мотоциклийг унаад аавынд байх үед нь явчихсан байсан. Манай аав ээж хоёрт хадмындаа очино эхнэр хүүхдээ авч ирээд энд амьдарна гэж ярьж байсан гэсэн аав, ээж 2 манай дүүгийн өмсдөг байсан дээл, цамц, өмд, гутал аав өөрийнхөө малгайг өгсөн гэсэн тэгсэн одоо хадмууддаа очих гэж байгаа юм чинь яаж хоосон очих вэ гээд байхаар нь бас айлд очих жижиг сажиг бэлэг бэлдэж өгсөн гэсэн. Тэгээд ээжийн утсыг аваад хүнтэй ярьж байгаа гээд гадаа гараад яриад байсан тэгснээ манай найз ирж байгаа гэнэ Архангайд явна гэнэ сая ярьсан Ихтамирт хоолонд орж байна гэнэ би цуг яваад эхнэр хүүхдээ аваад ирнэ гэж яриад байхаар нь манай аав ээж 2 итгээд байсан юм байна лээ тэгсэн манай аав ээж 2 гэртээ зурагтаар кино үзэж дуусаад ээж нөгөө Борко /Е/ юу болов найз нь ирсэн юм болов уу гээд асууж сураад гадаа байсан мотоцикль алга гээд байхаар нь нөгөө гэртээ бэлдэж тавьсан бэлэг сэлтээ үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд надад хэлээгүй байж байгаад маргааш орой нь манай аав ээж 2 надад хэлсэн. Тэгсэн маргааш өдөр нь ээж рүү утсаар яриад би эхнэр хүүхэдтэйгээ уулзах гээд Байдрагт байна мотоциклийн гинж тасарчихлаа та 20.000 төгрөг явуулаадахаач гэхээр нь манай ээж миний охин дүү рүү яриад нөгөө Е чинь Байдрагт мотоциклийнх нь гинж тасарсан гэнэ би банк явж чадахгүй нь чи 20.000 төгрөг шилжүүлээдэх гэхээр нь манай дүү хүнээр 20.000 төгрөг мобайлдуулж ээжийн өгсөн данс руу шилжүүлүүлсэн гэсэн. Тэгээд оройхон би эхнэр хүүхдээ аваад Эгийн даваа өгсөж явна гэж утсаар ярихаар нь манай ээж хоол унд бэлдээд байж байсан чинь ирээгүй гэсэн. Тэгээд мотоцикль авч явснаас хойш 2 хоногийн дараа надад аав ээж 2 хэлсэн. Өмнө нь угаасаа уулзаж байгаагүй. Манай ээжтэй ирэхэд нь танилцсан нэг их юм ярилцаагүй. Манай эхнэр хүүхэд Байдрагт байдаг эхнэр хүүхдээ авч ирж энд амьдармаар байна танай нутаг сайхан нутаг байна би ах дүү нартайгаа танилцах бодолтой ирсэн би Баянхонгорын Заг суманд морь уяж байсан уяачдын гал ахалж байсан гэж ярьж байсан. Гурвалжингийн гүүрний хажууд цемент үүрч байсан одоо амьдарлаа бодмоор байна. Эхнэр хүүхдээ авч ирээд энд амьдармаар байна гэж ярихаар нь би ч гэсэн итгэсэн тэгээд би хөдөө яваад өгсөн хойгуур аав ээжид худлаа хэлж хувцас хунараа солиулаад миний мотоциклийг унаад яваад өгсөн байсан. БНХАУлсад 2019 онд үйлдвэрлэгдээд 2019 ондоо Монголд орж ирсэн мотоцикль байгаа. Цагаан төмөр карлантай, буруун талын гарны хамгаалалтын будаг нь халцарсан. Өөр ямар нэг содон шинж тэмдэг байхгүй. Манай эхнэр Техник импорт компаниас 2 Тундра, 1 Мустанг маркийн 3 мотоцикль авч ирээд нэг Тундра мотоциклийг нь манай нөхөр унах гэж авч үлдээд үлдсэн 2 мотоциклийг нь хүнд зарчихсан. Манай эхнэр Тундра мотоциклоо 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Сонгууль янз бүрийн юм тулаад би өөрөө УИХ-д бие дааж нэр дэвшиж байсан Мөнхсайхан гэдэг хүний сонгуулийн штабд ажиллаж байсан болохоор зав зай гараагүй. Тэгээд ч авч ирээд өгчих болов уу гэж бодсоор байгаад удчихсан. Мотоциклоо олж авмаар байна. Шинэ мотоцикль байгаа юм. Е гэдэг хүнд гомдолтой байна төрөл садан гэж ирчихээд худлаа яриад авч явсанд нь маш их гомдолтой байна. Аав, ээж бид нарт ярьсан зүйл нь ч худлаа гэж бодож байна. Тухайн үед нь би араас нь нэлээн хөөцөлдсөн тэгсэн Заг сумын Э гэдэг хүнд миний мотоциклийг худлаа ярьж байгаад 500.000 төгрөгөөр зарсан байсан. Егийн эхнэр нь Заг суманд байдаг юм байна лээ. Э гэдэг хүний ярьснаар Ег бараг таньдаг юм шиг ярьсан тэгэхээр Э гэдэг хүнтэй уулзахад нэлээн учир нь олдох байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-9 дүгээр тал/
*Гэрч Д.Бын өгсөн:
“...Би 2020 оны 05 дугаар сарын 15-дын үеэр Улаанбаатар хотод манай хамаатны хүн нас бараад би тэр хүний ажил явдалд нь оролцоод байж байх үед манай эгч Чулуунтай хамт түүний хүүхдийн хүүхдийн хүүхэд гээд байгаа Д.Е гэдэг залуу ирээд надтай танилцсан. Би өмнө нь тэр хүүхэдтэй угаасаа уулзаж байгаагүй анх бараа бараагаа хараад уулзсан. Манай эгчийн хүүхэд Д гэдэг хүний хүүхэд Борко, Шарка гэдэг хүүхдүүд байдаг гэж яригдаж байсан болохоос би өмнө уулзаж байгаагүй. Тэгээд Улаанбаатар хотод 7 хоноод Чулуут сум руу явах болсон чинь нөгөө Д.Е гэдэг хүүхэд би угаасаа танайд очноо манай эхнэр хүүхдүүд Баянхонгорт байдаг, намайг ир гээд байна гээд надтай хамт манайд ирээд 3-4 хоносон байх тэгсэн нөгөө Д.Е гэдэг залуу манай эхнэр хүүхдүүд Баянхонгорын Байдрагт байдаг намайг хүрээд ир гээд байна манай найз Улаанбаатар хотоос ирж байгаа би цуг явна олигтой хувцас хунар алга гэхээр нь эхнэр хүүхэд хадам руугаа явах гэж байгаа юм чинь өнгөтэй өөдтэй явуулъя гэж бодоод өвгөн бид 2 хүүхдүүдийнхээ гайгүй гэсэн дээл, гутал, өмд, цамц манай өвгөний малгайг өмсүүлсэн тэгсэн чинь явдаг өдрөө манай найз ирж байгаа гээд миний утсыг авч гараад яриад л байсан үнэн ярьсан юм уу худлаа ярьсан юм уу бүү мэд орж ирээд манай найз Архангайд явна гэнэ, одоо гарч байна гэнэ, Ихтамир суманд явж байна гэнэ гээд байхаар нь тийм л юм байх гэж бодоод байсан тэгээд эхнэр хүүхэд, хадмууд дээрээ очиж байгаа юм чинь яаж хоосон явах вэ гээд байхаар нь өвгөн бид хоёр нээрэн тийм дээ гээд бас айлд өгөх жаахан юм боож бэлдэж өгсөн юм тэгсэн манай хамгийн бага хүү Х.Б ах А.Тийнхээ мотоциклийг унаад ирсэн байсан өвгөн бид 2 зурагтаар кино үзээд байж байсан нөгөө гэрт хүүхдүүд шуугилдаад байж байсан санаанд ороогүй кино үзэж дуусаад нөгөө Борко /Е/ яав юу болов унаа машин нь ирсэн юм уу гэсэн чинь гэсэн чинь л байхгүй байсан. Тэгсэн манай бага хүү Х.Б мотоцикль алга байна гэхээр нь яав юу болов гээд сурсан чинь нөгөө Д.Е унаад явчихсан байх гэж бодоцгоосон. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө Д.Е миний дугаар руу залгаад би Баянхонгор аймгийн Байдрагт явж байна одоо Эгийн даваа руу өгсөж явна эхнэр хүүхэд, найзтайгаа явж байна гээд Х.Т ахад битгий хэлээрэй гэхээр нь ирэх юм бодоод хүлээгээд оройхон ирэх байх гэж бодоод хоол унд бэлдээд байсан чинь ирдэггүй тэгэхээр нь нөгөө ярьсан дугаар руу нь яриад нөгөө хүн чинь яасан бэ ирэх болж байгаа юм уу гэсэн чинь нэг жаахан хүүхэд утас аваад намайг гудамжинд явж байсан чинь нэг хүн утсаар чинь нэг яриадахъя гээд гуйхаар нь би яриулсан юм гэж надад хэлсэн. Тэрний урьд өдөр нь санагдаж байна бас танихгүй дугаараас над руу яриад эгчээ мотоциклийн гинж тасарчихлаа гинж авах гэсэн чинь мөнгө байдаггүй та надад 20.000 төгрөг шилжүүлээч гээд нэг данс өгөхөөр нь яахаараа шинэ мотоциклийн гинж тасардаг юм бол гэж бодоод охиноороо нөгөө данс руу нь 20.000 төгрөг мобайлдуулсан. Улаанбаатар хотоос надтай хамт манайд ирсэн ирэхдээ ах дүү нартайгаа танилцана манай эхнэр хүүхэд Баянхонгорт байдаг гэж ярихаар нь үнэн л юм байх гэж бодоод явсан. Манайд ирээд ах дүү нартайгаа танилцана одоо ах эгч хоёрыгоо бараадаад энд суурьшина Архангай ч сайхан нутаг шүү гэхээр нь итгээд л явж байсан эхнэр хүүхдээ авч ирнэ та 2 гэр орон барьж өгнө шүү Эрдэнэцогт суманд байдаг ах дүү нар маань гуйлга янз бүрийн юмыг нь хийж өгнө гэчихээд хийж өгөөгүй гэхээр нь итгээд өнчин өрөөсөн юм мах цусны тасархай юм чинь гэж бодоод л өрөвдөөд байсан тэгсэн худлаа ярьсан хүн байна лээ. Манайханд хэлж ярьсан юм байхгүй. Өвгөн бид 2 гэртээ зурагтаар кино үзэж байсан. Хүүхдүүд нөгөө гэрт шуугилдаад байсан. Тэгээд кино үзэж дуусаад гараад нөгөө Борко /Е/ юу болов гэсэн чинь л байхгүй байсан. Нөгөө гэртээ ороод айл амьтанд өгөх бэлэг сэлт нь байна уу гэсэн чинь байхгүй байсан. Манай бага хүү Х.Б ойр зуур унаж байсан юм. Уг нь тэр мотоцикль Х.Бийн ах Х.Тийн мотоцикль байгаа. Явсныхаа маргааш нь мотоциклийн гинж тасарчихлаа та надад 20.000 төгрөг явуулчихаач гэхээр нь би шинэ мотоциклийн гинж яахаараа тасарчихдаг юм бол гэж бодоод охин руугаа утсаар яриад би банк руу явж чадахгүй нь чи энэ данс руу 20.000 төгрөг хурдан шилжүүлээдхээч гээд охиноороо Д.Ен өгсөн данс руу 20.000 төгрөг мобайлдуулсан. Тэгээд маргааш нь санаж байна би Эгийн даваа өгсөж явна эхнэр хүүхэдтэйгээ найзтайгаа гэхээр нь л үнэн юм бодоод хоол унд бэлдээд байсан ирээгүй. Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд байдаг Д.Егийн аавынх нь ах дүү нараас асуусан чинь манай энүүгээр ирээгүй манайхаар ирээгүй удаж байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/
*Гэрч Х.Бийн өгсөн:
“...Би Чулуут суманд гэртээ байж байхдаа ах Х.Тийн Тундра маркийн мотоциклийг ойр зуур унадаг байсан. Тэр үед манай ээж Д.Б төрлийнх нь хүн нас бараад Улаанбаатар хот яваад ирэхдээ манай хамаатны хүн гээд нэг залуутай хамт ирсэн. Тухайн хүнээ манай ээж төрлүүдтэй нь танилцуулах гэж байгаа юм гэж ярьж байсан би урд өмнө уулзаж байгаагүй. Тийм хүн байдаг ч гэж мэдээгүй. Би тухайн хүнтэй угаасаа нэг их юм яриагүй. Тэр хүнийг Д.Е гэж байсан шиг санагдаж байна. Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мотоциклоо хашаандаа үлдээгээд гадуур ажилтай явж байгаад орой 19 цагийн үед байх гэртээ ирсэн чинь хашаан дотор байсан Тундра маркийн мотоцикль байхгүй байсан. Тэгээд аав ээж хоёроос мотоцикль яасан талаар асуухад мэдэхгүй гэснээ нөгөө Д.Е хаа байна явна гээд байсан юу болсон бэ машин унаа нь хаана яваа юм бол гэсэн чинь Д.Е байхгүй байна гээд мотоцикль унаад явчихсан байх гэж бодоод өнгөрсөн. Би урд өдөр нь мотоциклоо хашаандаа оруулаад 2 гэрийн дунд тавьсан байсан. Би мотоциклийн түлхүүрээ гэрийн баруун урд талын унинд хавчуулсан байсан. Тундра гэсэн улаан хүрэн өнгийн мотоцикль байсан. Хэдэн онд хаана ямар улсад үйлдвэрлэснийг нь мэдэхгүй. 2019 онд манай ах Х.Тийн эхнэр Анхбаяр эгч хотоос авч ирж байсан. Шинэвтэр мотоцикпь байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/
*Гэрч Д.Эгийн өгсөн:
“...Би Д.Е гэх хүнтэй 2020 оны 05 дугаар сарын сүүлчээр Заг сумын төв дээр уулзсан, уулзаад миний эзэмшлийн 27-34 бнх улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр миний мотоцикль байгаа юм аа гэж хэлээд ачаад Баянхонгор аймгийн төв орсон, орчоод ах минь би энэ мотоциклоо таньд хямдхан зарлаа шүү гээд надаас 500.000 төгрөг бэлнээр гаргуулан авсан. Тэгээд дараа нь хаашаа явах гэж байгаа талаараа хэлэлгүй мөнгөө аваад яваад өгсөн. Ногоон өнгийн дээлтэй, хромон гуталтай гараад явсан. Д.Е гэх хүнээс би бэлнээр 500.000 төгрөгөөр худалдаж авсан, надад анх зарахдаа миний мотоцикль байгаа юм аа гэж хэлж зарсан, ямар нэгэн мотоцикльд нэмж гангалсан юм бол байгаагүй. Миний худалдаж авсан мотоцикль одоо Баянхонгор аймгийн төвд 5 дугаар баг, 5-25 тоотод Бат-Эрдэнэ гэгч айлын машины гражинд байгаа. Д.Е гэх хүнээс авсан мотоцикльд ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй. Би Д.Е гэх хүнээс улаан өнгийн Тундра гэх нэртэй мотоцикль худалдаж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/
*Яллагдагч Д.Ен өгсөн:
“...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулсан. Х.Тт хохирлын мөнгө 1.600.000 төгрөгийг бэлэн өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 176-177 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 605 дугаартай”...Тундра маркийн 1 жилийн өмнө авсан мотоциклийн үнэлгээ 2020 оны 06 дугаар сарын байдлаар 1.600.000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 16 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэр, Соёмбо хорооллоос иргэн Х.Тийн Тундра маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдаж, 1.600.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Е үйлдсэн болох нь хохирогч Х.Тийн”...Манай аав ээж хоёрт хадмындаа очино эхнэр хүүхдээ авч ирээд энд амьдарна гэж ярьж байсан гэсэн аав, ээж 2 манай дүүгийн өмсдөг байсан дээл, цамц, өмд, гутал аав өөрийнхөө малгайг өгсөн гэсэн тэгсэн одоо хадмууддаа очих гэж байгаа юм чинь яаж хоосон очих вэ гээд байхаар нь бас айлд очих жижиг сажиг бэлэг бэлдэж өгсөн гэсэн. Тэгээд ээжийн утсыг аваад хүнтэй ярьж байгаа гээд гадаа гараад яриад байсан тэгснээ манай найз ирж байгаа гэнэ Архангайд явна гэнэ сая ярьсан Ихтамирт хоолонд орж байна гэнэ би цуг яваад эхнэр хүүхдээ аваад ирнэ гэж яриад байхаар нь манай аав ээж 2 итгээд байсан юм байна лээ тэгсэн манай аав ээж 2 гэртээ зурагтаар кино үзэж дуусаад ээж нөгөө Борко /Е/ юу болов найз нь ирсэн юм болов уу гээд асууж сураад гадаа байсан мотоцикль алга гээд байхаар нь нөгөө гэртээ бэлдэж тавьсан бэлэг сэлтээ үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд надад хэлээгүй байж байгаад маргааш орой нь манай аав ээж 2 надад хэлсэн. Тэгсэн маргааш өдөр нь ээж рүү утсаар яриад би эхнэр хүүхэдтэйгээ уулзах гээд Байдрагт байна мотоциклийн гинж тасарчихлаа та 20.000 төгрөг явуулаадахаач гэхээр нь манай ээж миний охин дүү рүү яриад нөгөө Е чинь Байдрагт мотоциклийнх нь гинж тасарсан гэнэ би банк явж чадахгүй нь чи 20.000 төгрөг шилжүүлээдэх гэхээр нь манай дүү хүнээр 20.000 төгрөг мобайлдуулж ээжийн өгсөн данс руу шилжүүлүүлсэн гэсэн. Тэгээд оройхон би эхнэр хүүхдээ аваад Эгийн даваа өгсөж явна гэж утсаар ярихаар нь манай ээж хоол унд бэлдээд байж байсан чинь ирээгүй гэсэн. Эхнэр хүүхдээ авч ирээд энд амьдармаар байна гэж ярихаар нь би ч гэсэн итгэсэн тэгээд би хөдөө яваад өгсөн хойгуур аав ээжид худлаа хэлж хувцас хунараа солиулаад миний мотоциклийг унаад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Д.Е гэдэг хүүхэд би угаасаа танайд очноо манай эхнэр хүүхдүүд Баянхонгорт байдаг, намайг ир гээд байна гээд надтай хамт манайд ирээд 3-4 хоносон байх тэгсэн нөгөө Д.Е гэдэг залуу манай эхнэр хүүхдүүд Баянхонгорын Байдрагт байдаг намайг хүрээд ир гээд байна манай найз Улаанбаатар хотоос ирж байгаа би цуг явна олигтой хувцас хунар алга гэхээр нь эхнэр хүүхэд хадам руугаа явах гэж байгаа юм чинь өнгөтэй өөдтэй явуулъя гэж бодоод өвгөн бид 2 хүүхдүүдийнхээ гайгүй гэсэн дээл, гутал, өмд, цамц манай өвгөний малгайг өмсүүлсэн тэгсэн чинь явдаг өдрөө манай найз ирж байгаа гээд миний утсыг авч гараад яриад л байсан үнэн ярьсан юм уу худлаа ярьсан юм уу бүү мэд орж ирээд манай найз Архангайд явна гэнэ, одоо гарч байна гэнэ, Ихтамир суманд явж байна гэнэ гээд байхаар нь тийм л юм байх гэж бодоод байсан тэгээд эхнэр хүүхэд, хадмууд дээрээ очиж байгаа юм чинь яаж хоосон явах вэ гээд байхаар нь өвгөн бид хоёр нээрэн тийм дээ гээд бас айлд өгөх жаахан юм боож бэлдэж өгсөн юм тэгсэн манай хамгийн бага хүү Х.Б ах А.Тийнхээ мотоциклийг унаад ирсэн байсан өвгөн бид 2 зурагтаар кино үзээд байж байсан нөгөө гэрт хүүхдүүд шуугилдаад байж байсан санаанд ороогүй кино үзэж дуусаад нөгөө Борко /Е/ яав юу болов унаа машин нь ирсэн юм уу гэсэн чинь гэсэн чинь л байхгүй байсан. Тэгсэн манай бага хүү Х.Б мотоцикль алга байна гэхээр нь яав юу болов гээд сурсан чинь нөгөө Д.Е унаад явчихсан байх гэж бодоцгоосон. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө Д.Е миний дугаар руу залгаад би Баянхонгор аймгийн Байдрагт явж байна одоо Эгийн даваа руу өгсөж явна эхнэр хүүхэд, найзтайгаа явж байна гээд Х.Т ахад битгий хэлээрэй гэхээр нь ирэх юм бодоод хүлээгээд оройхон ирэх байх гэж бодоод хоол унд бэлдээд байсан чинь ирдэггүй тэгэхээр нь нөгөө ярьсан дугаар руу нь яриад нөгөө хүн чинь яасан бэ ирэх болж байгаа юм уу гэсэн чинь нэг жаахан хүүхэд утас аваад намайг гудамжинд явж байсан чинь нэг хүн утсаар чинь нэг яриадахъя гээд гуйхаар нь би яриулсан юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Бийн”...Тэр хүнийг Д.Е гэж байсан шиг санагдаж байна. Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мотоциклоо хашаандаа үлдээгээд гадуур ажилтай явж байгаад орой 19 цагийн үед байх гэртээ ирсэн чинь хашаан дотор байсан Тундра маркийн мотоцикль байхгүй байсан. Тэгээд аав ээж хоёроос мотоцикль яасан талаар асуухад мэдэхгүй гэснээ нөгөө Д.Е хаа байна явна гээд байсан юу болсон бэ машин унаа нь хаана яваа юм бол гэсэн чинь Д.Е байхгүй байна гээд мотоцикль унаад явчихсан байх гэж бодоод өнгөрсөн. Би урд өдөр нь мотоциклоо хашаандаа оруулаад 2 гэрийн дунд тавьсан байсан. Би мотоциклийн түлхүүрээ гэрийн баруун урд талын унинд хавчуулсан байсан. Тундра гэсэн улаан хүрэн өнгийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн”...Би Д.Е гэх хүнтэй 2020 оны 05 дугаар сарын сүүлчээр Заг сумын төв дээр уулзсан, уулзаад миний эзэмшлийн 27-34 бнх улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр миний мотоцикль байгаа юм аа гэж хэлээд ачаад Баянхонгор аймгийн төв орсон, орчоод ах минь би энэ мотоциклоо таньд хямдхан зарлаа шүү гээд надаас 500.000 төгрөг бэлнээр гаргуулан авсан. Тэгээд дараа нь хаашаа явах гэж байгаа талаараа хэлэлгүй мөнгөө аваад яваад өгсөн. Ногоон өнгийн дээлтэй, хромон гуталтай гараад явсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 605 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Ен бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Е нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч Д.Ег бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Е нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Е нь Улаанбаатар хотод байнга оршин суудаг болох нь түүний мэдүүлэг болон Иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Дгийн Ег бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ед хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ед тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Ед хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР