Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2020/0046

 

             Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Ж.К  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  Дэлүүн сумын  улсын бүртгэгч С.Р-д холбогдох;

 “Дэлүүн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дүгээр захирамжийн дагуу хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Е.А-г өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К нарт  үрчилснийг бүртгэхийг тус сумын улсын бүртгэгчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч  С.Р,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.К  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ж.Кнь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7-р багт оршин суудаг. 2019 онд нөхөр К.Т бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр төрсөн ач хүү болох Аыг үрчилж авахаар эрх бүхий албан тушаалтанд хандаж өргөдөл гаргаснаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 тоот захирамж гарч Аыг үрчилж авсан билээ. Тухайн өдрөөс хойш А нь нөхөр бид хоёроор овоглож ирсэн болно. Нөхөр маань 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан ба хүү Ад тэжээгчээ алдсаны тэтгэвэр /тэтгэмж/ тогтоолгохоор зохих байгууллагад хандсан боловч энэхүү асуудлыг хариуцсан улсын байцаагч хүүхэд үрчлүүлэх тухай Засаг даргын захирамж болон төрсний гэрчилгээ хэрэгтэй болохыг хэлсэн юм. Би эдгээр материалуудыг гэрээс хайж үзэхэд Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай захирамж олдож, төрсний гэрчилгээг олж чадаагүй юм. Тийм учраас лавлагаа авахаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан архивч надад  “үрчлэлтийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл архиваас гарахгүй байна. Та шүүхэд хандана уу" гэж хэлсэн.

Нэгэнт нөхөр маань амьд сэрүүн байхдаа ач Аыг үрчилж авсан маань үнэн учраас эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирох ёсгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл жирийн иргэн хүний хувьд надад ямар ч буруу байхгүй юм. Үүнээс болж насанд хүрээгүй охин Аын хууль ёсны эрх, ашиг сонирхол нь ноцтойгоор зөрчигдөж байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгчийн Дэлүүн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 тоот захирамжийн дагуу хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүүхэд үрчилсний бүртгэл хийхийг даалгаж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.К болон К.Т нар 2019 оны 5 дугаар сард Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу зохих материалыг бүрдүүлж өгч, сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлсэн тухай захирамж гаргуулсан байна. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Дэлүүн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дүгээр захирамж гарсны дараа Ж.К, К.Т нарын хүү надад ирсэн ба гарт нь Засаг даргын захирамж 2 хувь байсан гэх тайлбар хариуцагчаас зарим зүйлийг асууж тодруулсан тухай тэмдэглэлд байгаа. Тэгэхээр 2019 оны 06 дугаар сард хариуцагч уг захирамжтай танилцаж, 2 хувь захирамж гарсан гэдгийг мэдсэн байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана”, 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж заасан.

Хариуцагч 6 дугаар сард захирамжтай танилцаж, мэдсэн бөгөөд энэ нь 2019 оны 06 дугаар сард хийгдэх ёстой бүртгэл байсан. 06 дугаар сард бүртгээгүй  үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа “би тухайн үед аймгийн төвд явж байсан учраас бүртгээгүй. Дараа нь сумын төвд ирсний дуудаж бүртгэж өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш тэд нар дахиж бүртгүүлэхээр ирээгүй, би ч утасдаж хэлээгүй” гэж тайлбарлаж байгаа.  Хариуцагч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл захирамжийн дагуу бүртгэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиас үзэхэд хугацааг хэтрүүлсэн тохиолдолд яах  вэ гэсэн зохицуулалт байхгүй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд заавал шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн зүйл байхгүй. Хугацаа хэтэрсэн ч улсын бүртгэгч өөрөө бүртгэж болно. Үүнийг хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Гагцхүү үрчлэн авагч эцэг нь нас барсан, маягтад гарын үсэг зурах хүн байхгүй учраас бүртгэхээс татгалзсан гэж ойлгож байна. Хэрэв тухайн бүртгэл хийлгэхээр очсон үед хариуцагч аймагт биш суманд байсан бол бүртгэл хийх байсан. Тэгэхээр үүнд нэхэмжлэгч нарын буруу байхгүй. Бүртгэл хийх ёстой хүн тухайн үед байгаагүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа харагдаж байна.  Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” гэж байдаг. Энэ журмын  12 дугаар зүйл.”Үрчилсний бүртгэл хөтлөх” гэдэг хэсгийг үзэхэд мөн ялгаагүй хугацаа хэтэрсэнтэй холбоотой бүртгэхгүй байх, заавал шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Журмын 12.1-д зааснаар үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ гэсэн. Үүнийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч  Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Рысбай шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сумын 7 дугаар багийн иргэн Ж.К, К.Т нар 2019 оны 05 дугаар сарын үед ач Аыг үрчлэн авахаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан нотлох баримтуудаа бүрдүүлснээр Дэлүүн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 тоот захирамж гарсан нь үнэн болно. Дэлүүн сумын Засаг даргын захирамж гарсны дараа нэхэмжлэгч Ж.К үрчлэлтийг бүртгэж өгөөч гэж надад ирэхэд, би нэмэлт материал болох  өргөдөл, хүүхдийн төрсний гэрчилгээг аваад ирнэ үү гэж хэлээд захирамжийн нэг хувийг аваад үлдсэн.  Дараа нь би Өлгийд явж байхад, “бид нар таны хэлсэн бичиг баримтыг бүрдүүлээд ирчихлээ, бүртгэл хийж өгнө үү” гэж над руу утасдахад, би “Өлгийд явж байна. Дэлүүнд очиход ирээрэй” гэж утсаар хэлсэн.  Дараа нь ирэхгүй явж байгаад үрчилж авсан эцэг нь нас барсны дараа дахиж бүртгүүлэхээр ирэхэд би бүртгэлийн маягтад тухайн гарын үсэг зурах ёстой байсан, одоо тэр хүн барсан болохоор бүртгэл хийх боломжгүй гэдгээ хэлсэн.  Хүүхэд үрчилсний бүртгэлийг хугацаандаа бүртгүүлээгүй буюу 7 гаруй сарын хугацаа өнгөрсөн, дээрээс нь 2019 оны 12 дугаар сард Аын  эцэг К.Т нас барсан учраас ИУБ-12 маягтад гарын үсэг зурах боломжгүй болсон. Иймээс уг хүүхэд үрчилсний бүртгэлийг заавал шүүхийн шийдвэрээр  хийе гэж үзсэн гэв.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Дэлүүн сумын Засаг даргын  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дүгээр  “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар[1]  Ерменханы Аыг өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К нарт үрчлүүлж, үрчлэгдсэн хүүхдийн  иргэний үндсэн баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн  дагуу бүрдүүлж, бүртгэлийн үйл ажиллагаа явуулахыг улсын бүртгэгч С.Рысбайд зөвшөөрсөн байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас[2] үзэхэд  охин Аыг үрчлүүлэх тухай  эцэг, эх болох Т.Ерменхан, Х.Анаргүл  нарын зөвшөөрөл болон  үрчлэн авагч  өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К  нарын  нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг тус тус  үндэслэн Дэлүүн сумын Засаг даргаас хүүхэд үрчлүүлэх тухай дээрх захирамжийг гаргасан нь хуулийн холбогдох зохицуулалттай нийцсэн байна гэж үзлээ.

Хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч  С.Рысбай нь “...хүүхэд үрчилсний бүртгэлийг хугацаандаа бүртгүүлээгүй буюу 7 гаруй сарын хугацаа өнгөрсөн, дээрээс нь 2019 оны 12 дугаар сард Аын эцэг К.Т нас барсан учраас ИУБ-12 маягтад гарын үсэг зурах боломжгүй болсон” гэж тайлбарлаж, Е.Аыг өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К нарт үрчилснийг  бүртгэхээс татгалзсан нь дараах байдлаар хууль бус байна.

 1.Е.Аыг өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К нарт үрчлүүлэх тухай Дэлүүн сумын Засаг даргын 2019  оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дүгээр захирамж гарсны  дараа нэхэмжлэгч Ж.Кгийн хүү нь сумын улсын бүртгэгч С.Рысбайд уг үрчлэлтийг бүртгүүлэхээр хандахад хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг улсын бүртгэгч хүлээн авсан боловч “үрчлэлтийг бүртгүүлэх тухай өргөдлөө бичгээр гаргаж, хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувийг хавсаргаж, үрчлэн авсан эцэг, эх  биечлэн ирэх ёстой” гэдэг үндэслэлээр бүртгээгүй.  Үүнээс хойш 10-аад хоногийн дараа үрчлэн авагч  К.Т,  Ж.К нар  нь сумын улсын бүртгэгчид үрчлэлтийг бүртгүүлэхээр дахин хандсан боловч улсын бүртгэгчээс шалтгаалсан нөхцөл байдлын улмаас бүртгэл хийгдээгүй болох нь  хариуцагчийн өөрийнх  нь тайлбараар[3] тогтоогдсон болно.  

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.6-д  “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш  ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж тус тус  заасан.

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд  улсын бүртгэгч нь  эрх бүхий этгээд болох сумын Засаг даргын  шийдвэрийг үндэслэн түүнийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор  үрчилсний бүртгэл хөтлөхөөр хуульчилсан,  энэхүү бүртгэл хийх  ажлын 1 өдөр нь улсын бүртгэгчээс бүртгэл хийхэд  хамаарах хугацаа юм.

Иймд  Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Рысбай нь  Е.Аыг  К.Т,  Ж.К нарт үрчлүүлсэн  сумын Засаг даргын шийдвэрийг хүлээн авсан, үрчлэн авагч эцэг, эхээс  уг үрчлэлтийг бүртгүүлэхээр улсын  бүртгэгчид биечлэн хандсан үйл баримт тус тус тогтоогдож байгаа, мөн хуульд үрчилсний  бүртгэлийг хэрхэн хөтлөх асуудлыг дээрх байдлаар зохицуулсан байх тул хариуцагчийн үрчилсний бүртгэлийг хугацаандаа хийлгээгүй гэдэг үндэслэлээр  бүртгэхгүй байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.

2. Үрчлэн авагч эцэг К.Т нь   Дэлүүн сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай дээрх  шийдвэр гарсны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар[4] тогтоогдож байна.

Хэдийгээр хүүхдийг үрчлэн авагч эцэг нь нас барсан байх боловч  хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд  үрчлэн авагч эцэг, эхийг заавал байлцуулах зохицуулалт бүхий “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалыг  Хууль зүй, дотоод хэргийн  сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар хүчингүй болгож, уг тушаалын хавсралтаар “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг шинээр  баталжээ.

 Энэхүү шинээр баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 12.1-д “Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ”, 12.2-т “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна” гэж тус тус заасан. 

Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна гэж зохицуулагдсанаас гадна  үрчлэн авагч талаас уг үрчлэлтийг бүртгүүлэхээр удаа дараа буюу үрчлэн авагч эцэг К.Т амьд байх үед,  дараа нь үрчлэн авагч эх  буюу нэхэмжлэгч Ж.Кгаас  хандсан байхад  хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгчийн “үрчлэн авагч К.Т нас  барсан тул ИУБ-12 маягтад гарын үсэг зурах боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр уг үрчлэлтийг  бүртгэхгүй байгаа нь  хууль бус байна.

Түүнчлэн Дэлүүн сумын  Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” 2019 оны  А/39 дүгээр захирамж  хүчинтэй байгаа,  эрх бүхий этгээдээс уг шийдвэрийг, эсхүл үрчлэлтийг  хүчингүйд тооцсон шийдвэр гараагүй   тул үрчлэн авагч эцэг нас барсан нь  Е.Аыг  өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К нар үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрх бүхий этгээдээс гаргасан хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн үрчлэн авч байгаа эцэг, эхийн аль нэгийг байлцуулан хүүхэд үрчилсний бүртгэл хөтлөхөөр хуульчилсан,  мөн  Е.Аыг үрчлүүлэх тухай шийдвэр гарсан үед  үрчлэн авагч эцэг К.Т,эх Ж.К нараас,   дараа нь  К.Т нас барсны   үрчлэн авагч эх  буюу нэхэмжлэгч Ж.Кгаас  үрчилсний бүртгэл хийлгэхээр  тус тус улсын бүртгэгчид хандаж байсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийн “үрчлэн авагч нас барсан, үрчлэлтийн бүртгэлийг хугацаандаа хийлгээгүй”  гэсэн үндэслэлээр  Е.Аыг  өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К нарт  үрчилснийг бүртгэхгүй байгаа  эс үйлдэхүй нь үрчлэлтийн бүртгэлийн талаар зохицуулсан хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй хууль бус бөгөөд үрчлэн авагчийн болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байна гэж шүүхээс  дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дэлүүн сумын улсын бүртгэгчийн тус сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дүгээр захирамжийн дагуу хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ерменханы Аыг өвөг эцэг К.Т, эмэг эх Ж.К нарт  үрчилснийг бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлүүн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дүгээр  захирамжийн дагуу хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ерменханы Аыг өвөг эцэг К.Т,  эмэг эх Ж.К нарт  үрчилснийг бүртгэхийг тус сумын улсын бүртгэгчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЕРКЕШ

 

                      

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 5-р хуудас

[2] Хэргийн  25-27-р хуудас

[3] Хэргийн 39-40-р хуудас

[4] Хэргийн 8-р хуудас