Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0012

 

 

 

 

 

 

 

 

В.Ү-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч В.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй, В.Ү-н нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Г-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч В.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс гэж байхад хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр анх ажилд орсон. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс ажлаас үндэслэлгүй халагдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тушаалыг нь хүчингүй болгож, хуучин ажилд маань эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Би хэлтсийн даргын ажлыг аваад сумдаар явж ажил байдалтай нь танилцахад В.Ү-н ажил хангалтгүй байсан. Ажилдаа хангалтгүй ханддаг, иргэдийн гомдол хүсэлтийг шийдэж өгдөггүй удаадаг тул аргаа ядаад л гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Ажлаа цаг хугацаанд нь хийнэ гэж байхгүй. Шалгаад энэ байдлаа сайжруул гэж хэлж байсан. Аргаа ядаад зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Энэ хүн иргэдийг их ялгаварлаж харьцдаг. Сумынх нь хүмүүс энэ хүнийг хүлээж авахгүй байсан. Тэгээд өөрт нь би чамайг өөр суманд ажиллуулъя гэж хэлэхэд үгүй гэсэн. Ажлаа таслаад 2 өдөр шагай харваад явсан байсан тул би нэг өдрийнх нь цалинг хассан” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 25 дугаар зүйлийн 25.1.1-д тус тус заасныг баримтлан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч В.Үийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Г давж заалдах гомдолдоо: “В.Ү-н нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Г хариуцагчаар оролцож буй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын ... 6.7-д “гэрээний биелэлтийг дүгнэх “илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж заасан ба илтгэх хуудсанд нэхэмжлэгч В.Ү гарын үсэг зураагүй, албажуулж тамга тэмдэг дараагүй зэргээс дүгнэхэд үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүйн дээр маргаан бүхий захиргааны актад дурдсан нэхэмжлэгч В.Ү-ийг ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна”

В.Ү нь ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтонд заасан “Нийгмийн халамжийн багц хуулийг хэрэгжүүлэх, хүн ам гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээг орон нутгийн зорилтот бүлгийн иргэдэд зохих журмын дагуу хүргэх” үндсэн зорилгыг хангалтгүй биелүүлж, иргэдэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг зохих журмын дагуу хүргэж чадахгүй байсан. Мөн ажлын байрны тодорхойлолтонд заасан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж зохих үйлчилгээ үзүүлсэн байх, мөн хүнд суртал чирэгдэлгүй, төрийн албаны ёс зүйг дээдлэн, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах“ гэх мэт үндсэн зорилтуудыг хангаж ажиллаагүй болох нь Д.Ц, С.Э, Б.С, Б.Ц нараас удаа дараа гаргаж байсан гомдол, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын зөвлөлийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ гэх мэт хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүх зөвхөн нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэж байна.

Мөн В.Ү нь 2014 оны 04 сард 2 өдөр буюу 16 цаг ажлаа таслан төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үргэлжлэх үйл ажиллагааг тасалдуулж, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж байсан. Шүүх “...ажил үндэслэлгүй тасалсан гэх үйлдэл нь эрх бүхий албан тушаалтны зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээг авсан байна гэж үзэхээр байна” гэж удирдлагын зүгээс нэг өдрийн цалин хассан байдлыг хариуцлага хүлээсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, В.Ү тасалсан өдрийн цалингаа хасуулж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмын дагуу сахилгын шийтгэл хүлээх ёстой.

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр “Арга хэмжээ тооцох тухай” тушаалаар нэр бүхий 4 мэргэжилтэнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба уг тушаалтайгаар холбоотойгоор хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй боловч маргаан бүхий 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаалын үндэслэлд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж дурдагдсан байх тул шүүхээс Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр тушаалд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно”, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.8-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно. Энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгуулахыг шаардах эрхтэй.”гэжээ.

Мөн “Нэхэмжлэгч В.Ү шүүх хуралд мэдүүлэхдээ “№41 дүгээр тушаалыг би шүүхэд ирж хэргийн материалтай танилцахдаа анх мэдсэн, өмнө нь надад энэ талаар танилцуулаагүй”, хариуцагчийн “2013 оны 05 дугаар сард болсон нийт сумдын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан сургалтын үеэр нийтэд уншиж танилцуулсан, өөрт нь гардуулж өгөөгүй ч нэхэмжлэгч уг сахилгын шийтгэлийг мэдсэн байх ёстой”, ...гэрч Л.Г-н “2013 оны хавар болсон сургалт дээр тайлан хоцроосон сумдын мэргэжилтнүүдэд арга хэмжээ тооцсон талаар С.Г дарга хэлсэн, тушаалыг хэвлэсэн байдлаар танилцуулаагүй” гэх мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч уг №41 тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, гардуулаагүй, уг тушаалд Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар гомдол гаргах эрхээр нь хангаагүй байх тул тушаалыг хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Шүүх ийнхүү дүгнэхдээ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №41 дүгээр тушаалаас хойш Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 44 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалтыг үндэслэж 2013 оны 41 дүгээр тушаалыг “хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэж шийдвэрээ гаргасан нь буруу болсон гэж үзэж байна. В.Ү болон нэр хүнд бүхий 4 ажилтанд арга хэмжээ авсан болохыг хурал дээр танилцуулж байсан талаар гэрч Л.Г мэдүүлсэн бөгөөд В.Ү мэдээгүй байх боломжгүй юм. Мөн сануулах арга хэмжээ авсан учир 2013 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан.

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хэдийгээр В.Ү-н нэр дээр нэр бүхий 4 иргэн гомдол ирүүлсэн, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн ажил байдалтай танилцаж хяналт хийсэн илтгэх хуудсаар түүний ажилтай холбоотойгоор зөрчлүүд илэрсэн хэдий ч энэ нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халах шууд үндэслэл болохооргүй байна” гэж дүгнэсэн.

Ийнхүү дүгнэж байгаа нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомжоор тогтоосон хууль дээдлэх, олон нийтэд үйлчлэх, шударга ёсны, хариуцлага хүлээх зарчмуудыг алдагдуулж байгаа бөгөөд цаашдаа бусад албан хаагч нарт буруу үлгэр дуурайл болно гэж үзэж байна.

  1. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаал гарснаар В.Ү-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд харин ч төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ хүнд сурталгүй, чирэгдэлгүй, бухимдалгүй явагдах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Жишээ нь: Иргэн П.С-н хүсэлтийг 7 сарын хугацаанд шийдвэрлэхгүй чирэгдүүлж байсан.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул товыг урьдчилан мэдэгдэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч В.Ү-н “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6.1-д “менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ” гэсэн байхад В.Ү-н 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ түүнтэй ярилцлага хийлгүйгээр хариуцагч нь өөрт тусгайлан олгосон үүргийг бусдад шилжүүлж тус хэлтсийн Нийгмийн халамж, хүн амын хөгжлийн асуудал хариуцсан албаны дарга А.Б-р дүгнүүлж, улмаар хариуцагч С.Г өөрөө баталгаажуулж, гарын үсэг зурсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Б-н “үр дүнгийн гэрээг би дүгнэсэн ... ярилцлага хийгээгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Дээрх байдлаас хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ зохих журмыг баримтлаагүй, эрх бүхий этгээд үр дүнгийн гэрээг дүгнээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “...үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн...” гэж дүгнэх үндэсгүй байна.

Хариуцагчаас В.Ү-д 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр “Арга хэмжээ тооцох тухай”  тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч уг тушаалыг нэхэмжлэгч мэдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгч В.Ү-н “41 дүгээр тушаалыг би шүүхэд ирж хэргийн материалтай танилцахдаа анх мэдсэн”, хариуцагчийн “...сургалтын үеэр нийтэд уншиж танилцуулсан, өөрт нь гардуулж өгөөгүй ч нэхэмжлэгч уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдсэн байх ёстой” гэсэн тайлбарууд, гэрч Э.Н, Л.Г нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам“-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...” гэсэн заалтыг хариуцагч баримтлаагүй нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхээр хангаагүй зэргээр хууль, журам зөрчиж гаргасан сахилгын шийтгэл ногдуулсан гэх 41 дүгээр тушаалыг ажлаас халах нэг үндэслэл болгож, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж буруутгаж ажлаас халсан нь хууль бус байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.Ү-н 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэлт нь 94.1 хувийн биелэлттэй дүгнэгдсэн, хариуцагч 2013 оны хагас жил, 2014 оны үр дүнгийн гэрээ байгуулалгүй 2014 оны 5 сар хүртэл ажиллуулж байснаа маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг “ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” хэмээн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримтлан төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр  сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА                                  ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ