| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0148/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/168 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч Т.Нансалмаа, иргэний нэхэмжлэгч Ч.Ц, шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Б.О нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Дн Б, Х овогт Бийн О нарт холбогдох эрүүгийн 2031000760134 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн А сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, А сум, Суварга 2 дугаар баг, 24 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Дн Б, /РД:***********/,
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, А сум, Цөх * дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Бийн О, /РД:*********/,
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Д.Б нь Б.Отай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг, “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 13.3 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, “Зил-131” маркийн 31-31 СББ улсын дугаартай машинаар тээвэрлэж, байгаль экологид 2,872,800 төгрөгийн хохирол учруулсан,
Б.О нь Д.Бтэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 9.2 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, “Зил-131” маркийн **** СЭҮ улсын дугаартай машинаар тээвэрлэж, байгаль экологид 1,987,200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б нь Б.Отай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг, “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 13.3 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, “Зил-131” маркийн 31-31 СББ улсын дугаартай машинаар тээвэрлэж, байгаль экологид 2,872,800 төгрөгийн хохирол учруулсан;
-шүүгдэгч Б.О нь Д.Бтэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 9.2 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, “Зил-131” маркийн **** СЭҮ улсын дугаартай машинаар тээвэрлэж, байгаль экологид 1,987,200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б, Б.О нар гэм буруутай болох нь хангалттай тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би модонд явж байсан, машин аваад 1 жил болж байна. Хүдэр сумын “Бүдүүний эх” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичигтэй гэж хэлсэн. Тэгээд өөрөө архидаад алга болчихоор нь өөрсдөө явчихсан юм. Баривчлагдчихаад Г руу явсан юм. Тэгээд Гантуяа гэж бүсгүй бичиг авчирч өгсөн юм...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гыг сайн танихгүй. Аавын минь бие өвдөөд мөнгө олох гэж улайрснаас л боллоо гэж бодож байна...” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хохирогч Ч.О мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сард Зил-131 маркийн автомашиныг 7 сая төгрөгөөр авсан. Буцааж авахыг хүсч байна” гэх мэдүүлэг
4. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Ч.О 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.О, Д.Б нар ямар компанид модны ажил эрхэлдэг талаар надад мэдэх зүйл алга байна. Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг...” гэх мэдүүлэг[3],
5. Гэрч Л.Г 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Б, Д.О нар нь манай ангийн хүүхэд болох хүнээр дамжуулаад 2020 оны 02 дугаар сарын 09, 10-ны үед Хүдэр суманд ирчихлээ, модонд явах хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд би Д.Б, Б.О нартай уулзаад “манай компанид модонд явах машин их байгаа, та хоёрын нэг машиныг л модонд явуулж чадна” гэж ярилцаад “Хяналтын хуудсаар уулнаас модонд явдаг юм. Энэ хяналтын хуудсыг авч бай” гээд Д.Бд 2 хяналтын хуудас өгсөн юм. Ер нь бол Д.Бийг 2 удаа модонд явуулна гэж тооцож байсан юм. Тэгээд би Д.Бийг “хүлээж байгаарай, би хаанаас бэлтгэх газар усыг нь зааж өгнө” гэж хэлчихээд өөрөө найз нөхөд ирэхээр нь завгүй явж таараад Д.Бтэй уулзаж чадаагүй байтал Д.Б “Бүдүүн” нэртэй газраас мод бэлдэж ирээд цагдаад саатуулагдсан байсан юм...” гэх мэдүүлэг[4],
6. Гэрч Л.Г 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Д.Б, Б.О нарт уулнаас мод бэлтгэж ирээрэй гээд нэг ч төгрөг өгөөгүй. А сумаас “модонд явахаар ирлээ” гээд надтай уулзсан юм. Тэгэхээр нь би ерөнхийдөө бол манай хөрөө, рам дээр модонд явж болно. Гэхдээ “Хаанаас бэлтгэх эрхийн бичиг, хяналтын хуудас зэргийг би өгнө. Гэхдээ өнөөдөр надад шийдсэн юм алга байна. Манай компани “Бүдүүн” нэртэй газраас модонд явж байгаа юм. Зам харгуй чанга шүү” гэж хэлж байсан. Тэгээд уулзсан өдрийн маргааш нь хотоос манай найз нар ирээд би архи уугаад Б, О нартай уулзаж чадаагүй юм. Тэгтэл тэр өдрийнхөө орой Б нь миний гар утас руу залгаад “бид 2 цагдаад баригдчихлаа” гэж хэлэхээр нь би согтуу байсан учир өөрийн найз Гантуяа руу залгаад машинд байсан хяналтын хуудас, эрхийн бичгийг өгч явуулсан байсан юм. Тухайн үед би цагдаад баригдсан гэхээр нь тэр хоёрт туслах санаатай л бичгээ өгч явуулсан юм. Тэрнээс Б, О нар уул руу модонд явахдаа надаас ямар нэгэн эрхийн бичиг, хяналтын хуудас авалгүй явсан юм...” гэх мэдүүлэг[5],
7. Гэрч Л.Б 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Манай компанид **** СЭҮ улсын дугаартай, “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.О, 31-31 СББ улсын дугаартай зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Д.Б гэх хүмүүс ажил эрхэлдэггүй. Би тийм дугаартай тээврийн хэрэгсэлтэй Д.Б, Б.О гэх хүмүүсийг танихгүй. Манай компани 2020 оны 02 дугаар сарын 4-6-ны үед байх “Бүдүүн” нэртэй газарт ой ангийн дарга Тайванбаатараар талбай тусгаарлалт хийлгүүлж ажлаа эхэлсэн юм. Г бол миний төрсөн дүү байгаа юм. Уг нь Г манай компанид 2017 оноос 2019 он хүртэл менежерийн ажил эрхэлж байгаад 2019 оны 06 дугаар сараас эхлээд манай компанид ажиллахаа больсон юм. Гыг дээрх 2 тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг модонд явуулсан талаар би мэдээгүй. Г манай компанид ямар ч хамааралгүй хүн шүү дээ. Уг хоёр хяналтын хуудас, эрхийн бичгийг Г л авах боломжтой байсан юм...” гэх мэдүүлэг[6],
8. Гэрч Б.Б 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумаас “Хүдэр суманд мод бэлтгэх зөвшөөрөлтэй ажилд явна” гэхээр нь О, Б, Хнарын хамт ирсэн юм. Тэгээд Хүдэр суманд ирээд модонд явалгүй 3-4 хоноод 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уул руу О, Б нарын “Зил 131” маркийн машинаар модонд яваад модоо ачиж Хүдэр сумын төв рүү ороод цагдаад саатуулагдсан юм. Би бол зөвшөөрөлтэй, эрхийн бичигтэй гэж ойлгосон. О, Б нарыг нэг цагаан цаас үзүүлээд байхаар нь зөвшөөрөлтэй юм байх гэж бодоод хамт явсан юм. Уг мод зөвшөөрөлтэй эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Би анх удаа л О, Б нартай модонд явж байсан болохоор мод хийсэн газрын нэр усыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[7],
9. Гэрч Б.Х2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумаас Хүдэр суманд “мод бэлтгэх зөвшөөрөлтэй ажилд явна” гэхээр нь О, Б, Б, Г нарын хамт ирсэн юм. Тэгээд Хүдэр суманд ирээд модонд явалгүй 3-4 хоноод 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уул руу О, Б нарын зил 131 маркийн машинаар модонд яваад модоо ачиж Хүдэр сумын төв рүү ороод цагдаад саатуулагдсан юм. О, Б нарыг нэг цагаан цаас үзүүлээд байхаар нь зөвшөөрөлтэй юм байх гэж бодоод хамт явсан юм. Уг мод зөвшөөрөлтэй эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Би анх удаа л О, Б нартай модонд явж байсан болохоор мод хийсэн газрын нэр усыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[8],
10. Гэрч Э.Г 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумаас Хүдэр суманд мод бэлтгэх зөвшөөрөлтэй ажилд явна гэхээр нь О, Б, Б, Хүрлээ нарын хамт ирсэн юм. Тэгээд Хүдэр суманд ирээд модонд явалгүй 3-4 хоноод 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уул руу О, Б нарын Зил 131 маркийн машинаар модонд яваад модоо ачиж Хүдэр сумын төв рүү ороод цагдаад саатуулагдсан юм. Би О, Б нарыг нэг цагаан цаас үзүүлээд байхаар нь зөвшөөрөлтэй юм байх гэж бодоод хамт явсан юм. Би анх удаа л О, Б нартай модонд явж байсан болохоор мод хийсэн газрын нэр усыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[9],
11. Гэрч Т.М 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүдэр бумбат овоо” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэрэглээний 100 метр куб, түлээний 30 метр куб мод бэлтгэхээр 056405 тоот эрхийн бичгийг авсан байна. Уг эрхийн бичиг нь тухайн дээрх заасан хугацаандаа хүчинтэй байдаг юм. Тэрнээс хугацаа дууссан эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэж болохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол нэг удаа байгаль орчны эрх бүхий албан тушаалтан сунгаж болно. Хэрэв сунгасан бол эрхийн бичгийн доод сунгалтын хэсэгт сунгасан талаар эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гарын үсэг, тамга, тэмдэг байх ёстой. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол сунгасан гэж үзэхгүй. Иргэн Д.Б, Б.О нар манай ойн ангид ямар нэгэн мод бэлтгэх талаар зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг[10],
12. Гэрч М.Гантуяа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би О гэдэг хүнийг огт танихгүй. Би он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан 2020 оны 02 дугаар сард л байх, нэг орой 18-19 цагийн үед байх манай 10-н жилийн сургуульд нэг ангид сурч байсан найз болох Г миний гар утас руу залгаад “Шалгалт ирсэн гэнэ, хяналтын хуудас гэж юм манай компанийн хашаан дотор цагаан өнгийн тэвштэй машины кабинаас очиж аваад мод ачиж яваад цагдаад баригдсан 2 жолоочид аваачиж дамжуулж өгөөд тус болооч” гэж гуйсан юм. Тэгээд би Гын компанийн хашаанд очиход ямар нэгэн хүн байгаагүй ба би уг хашаан дотор байсан цагаан өнгийн тэвштэй машины кабины урд хайрцагт байсан хавтаснаас хяналтын хуудас гэсэн гарчигтай дээр нь ямар ч бичиглэл хийгээгүй 2 ширхэг хуудсыг Гын яриад байсан “Зил 131” маркийн машины жолоочид хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг[11], . Гэрч Д.Баярсайхан 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Хүдэр сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх үед “Зил 131” загварын авто машинууд ард талдаа нойтон нарс мод аччихсан байсныг түр саатуулж шалгасан. Жолооч нараас жолооны үнэмлэхийг авч шалгахад Б, О гэх нэртэй залуучууд байсан бөгөөд хаанаас, ямар зорилгоор нарс мод бэлтгэсэн талаар асуухад “Бүдүүн” нэртэй газраас бэлтгээд явж байна гэж хэлсэн. Би тухайн үед “мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуулна уу” гэхэд ямар нэг баримт бичиг гаргаж ирээгүй. Түүний дараа гар утсаар хүнтэй яриад байх шиг байсан. Би уг иргэдийг мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй хууль бусаар мод тээвэрлэснийг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Ням-Очир мөн цагдаагийн газрын жижүүрт тус тус хэлж мэдэгдэн хүлээлгэн өгсөн юм. Би шалгалт хийж байх явцдаа “бэлтгэсэн гэх нарс модныхоо зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүл” гэхэд ямар нэг бичиг гаргаж ирээгүй бөгөөд “зөвшөөрөл байхгүй Г гэх хүн мэднэ” гээд байсан...” гэх мэдүүлэг[12],
13. Иргэний нэхэмжлэгч Ч.Ц 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би “Зил 131” маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны намар Улаанбаатар хотоос үл таних хүнээс бэлэн 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг тээврийн хэрэгсэл миний өөрийн өмч бөгөөд манай нөхөр Д.Б жолоодож ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг юм. ...Би уг тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг[13],
14. “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ/518-058 дугаартай: “...**** СЭҮ улсын дугаартай, 1976 онд ОХУ-д үйлдвэрлэгдэж 2001 онд Монгол Улсад орж ирсэн Зил 131 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдлаас хамааран 2020 оны 02 сарын байдлаар 1,000,000 /нэг сая/-н төгрөгний үнэтэй болно...” гэсэн дүгнэлт[14],
15. Ашид Билгүүн ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ/518-057 дугаартай: “...31-31 СББ улсын дугаартай 1978 онд ОХУ-д үйлдвэрлэгдэж 2004 онд Монгол Улсад орж ирсэн Зил 131 маркын автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 02 сарын байдлаар 1,000,000 /нэг сая/-н төгрөгний үнэтэй болно...” гэсэн дүгнэлт[15],
16. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн ангийн дарга шинжээч Г.Тайванбаатарын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай “...Цагдаагийн журмын хашаанд хураагдсан 4 метрийн урттай 17 ширхэг мод нь нарсан, долом нь тасраагүй амьд, нойтон мод байна. Дээрх нойтон нарс модыг хэмжээд 2012 онд хэвлэгдсэн Монгол орны Ойн таксацны лавлах номны 142, 143 дугаар хуудасны хүснэгтийн дагуу модны үнэлгээг тооцож, БОАЖСайдын 2009 оны 394 дүгээр тушаалаар батлагдсан Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, “Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралт бөөрөнхий мод модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээгээр ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээний гуравдугаар мужид хамаарах бөгөөд 4 метрийн урттай 17 ширхэг мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалин бөгөөд 1,8 итгэлцлүүрээр тооцож, ойн сангийн 3-р мужид хамаарах бөгөөд 120,000 төгрөгөөр үржүүлэн тооцож үзэхэд 9.2 м3 болж байна. ...Дээрх мод нь нийт 9.2 м3 нарсан мод болж байгаа бөгөөд, Ойн ангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээний гуравдугаар мужид хамаарч байгаа бөгөөд 9,2 м3 хэрэглээний бөөрөнхий мод, гуалинг 1,8 гэсэн итгэлцүүрээр үржүүлж, 120,000 төгрөгөөр дахин үржүүлэхэд 1,987,200 төгрөгийн үнэлгээ гарч байна. Хүдэр сумын иргэн Б.О нь 2020 онд “Ойн мод бэлтгэх эрхийн бичиг” аваагүй болно...” гэх дүгнэлт[16],
17. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн ангийн дарга шинжээч Г.Тайванбаатарын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай “...Цагдаагийн журмын хашаанд хураагдсан 4 метрийн урттай 24 ширхэг мод нь нарсан, долом нь тасраагүй амьд, нойтон мод байна. Дээрх нойтон нарс модыг хэмжээд 2012 онд хэвлэгдсэн Монгол орны Ойн таксацны лавлах номны 142, 143 дугаар хуудасны хүснэгтийн дагуу модны үнэлгээг тооцож, БОАЖСайдын 2009 оны 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, “Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралт бөөрөнхий мод модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээгээр Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээний гуравдугаар мужид хамаарах бөгөөд 4 метрийн урттай 24 ширхэг мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалин бөгөөд 1,8 итгэлцлүүрээр тооцож, ойн сангийн 3-р мужид хамаарах бөгөөд 120,000 төгрөгөөр үржүүлж тооцож үзэхэд 13,3 м3 болж байна. Дээрх мод нь нийт 13,3 м3 нарсан мод болж байгаа бөгөөд, Ойн ангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээний гуравдугаар мужид хамаарч байгаа бөгөөд 13,3 м3 хэрэглээний бөөрөнхий мод, гуалинг 1,8 гэсэн итгэлцүүрээр үржүүлж, 120,000 төгрөгөөр дахин үржүүлэхэд 2,872,800 төгрөгийн үнэлгээ гарч байна.... Хүдэр сумын иргэн Д.Б нь 2020 онд ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно...” гэх дүгнэлт[17],
18. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18-04-338 дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх”-ээр заасан бөгөөд иргэн Д.Бийн ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 8,424,000 төгрөг болж байна. Дээрх зөрчил гаргасан иргэн Д.Бөөр ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй...” гэсэн акт[18],
19. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18-04-338 дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх”-ээр заасан бөгөөд иргэн Б.Оын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 5,832,000 төгрөг болж байна. Дээрх зөрчил гаргасан иргэн Б.Оаар ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй...” гэсэн акт[19],
20. Яллагдагч Д.Б 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О бид 2 уулзаж байгаад Сэлэнгэ аймгийн А суманд байдаг Хүрэлээ, Г, Б нарыг мод бэлтгэхдээ туслуулах зорилгоор олж уулзаад Хүдэр суманд зөвшөөрөлтэй газраас мод бэлтгэж авчирна туслах юм бол цалин хөлсийг чинь өгнө шүү” гэж хэлсэн чинь Хүрэлээ, Г, Б нар зөвшөөрөөд хамт явахаар болсон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хүдэр сум руу О бид хоёр тус тусын Зил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад замдаа машин маань тос, масло нь гоожоод уул руу гарахад арай л дийлэхгүй юм шиг санагдаад засварлах шаардлагатай болсон. О бид 2 машинаа бараг 2 өдөр засварлаж янзалсан ба бид хоёрыг машинаа янзалж байхад Г гэх эрэгтэй ирээд за та 2 Бүдүүн гэх газраас мод бэлтгэж буулгана шүү манай ахын газар байгаа юм. Бичиг баримт зөвшөөрөл нь бол асуудалгүй” гэж хэлж ярьсан. ...О бид 2 Хүрэлээ, Г, Б нарыг дагуулаад 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ууланд мод бэлтгэхээр гарсан. Бид нар 2 “Зил 131” загварын машинтайгаа “Бүдүүн” гэх нэртэй газраас нойтон нарс модыг цахилгаан гар хөрөөгөөр бэлтгээд тус тусын Зил-131 загварын тээврийн хэрэгслийн ард ачаан дээр Б, Г, Хүрэлээ нарын тусламжтайгаар ачсан. Нойтон нарс мод бэлтгээд Хүдэр сумын төв рүү орж яваад цагдаагийн байгууллагын алба хаагч нарт саатуулагдсан юм. Цагдаа бичиг баримтаа үзүүл гэхэд нь О бид 2 Г гэх хүн рүү залгаад “бид 2 цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн чинь Г за за гэж хэлээд утсаа салгасан ба түүний дараа Гантуяа гэх эмэгтэй ирээд хяналтын хуудас гэсэн цаасыг надад өгөхөөр нь би уг баримтуудыг цагдаад хүлээлгэж өгсөн юм. ...Би хэдэн метр куб хэмжээтэй ямар нэр төрлийн, ямар зориулалт, ашиглалтын хэр хэмжээний мод бэлтгэх эсэхээ сайн мэдэхгүй байна. Өөрийн жолоодож явсан Зил 131 загварын машины ард ачаан дээр дүүртэл ачсан. Би өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хөнгөмсгөөр найдсанаасаа болоод ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй буруугаа ухаарч байна” гэх мэдүүлэг[20],
21. Яллагдагч Б.О 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б ах над руу залгаад Хүдэр сумын Даваа эгч сая над руу залгалаа. Хүдэр суманд зөвшөөрөлтэй газарт “модонд явах ажил байна явахгүй юм уу” гээд асуугаад байна. “Чи яах юм бэ” гэж асуухаар нь “би ажил төрөл байхгүй, мөнгө хэрэгтэй болохоор нь болж байна тэгвэл би ч бас хамт явья” гэж хэлсэн юм. Тэгээд Б ах бид 2 уулзаад хэдэн хүн ажилдаа туслуулахаар аваад явья гэж яриад Хүрэлээ, Г, Б гурваас модонд явах ажил байна хөлсийг нь өгнө хамт явах уу гэсэн чинь тэр 3 бас ажилгүй болохоороо тэгье тэгье хамт явья гэж хэлсэн. Тэгээд бид 5 Сэлэнгэ аймгийн А сумаас 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хүдэр сум руу гарсан ба би өөрийн эзэмшлийн “Зил 131” загварын **** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Б ах Зил 131 загварын 31-31 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан юм. ...Тэгээд бид нар “Зил 131” загварын 2 тээврийн хэрэгслийнхээ ард ачаан дээр дүүртэл нойтон нарс мод ачаад Хүдэр сумын төв рүү явж байгаад Цагдаагийн байгууллагын ажилчдад саатуулагдсан юм. Бид нарыг уул руу явах үед ямар нэг хүн баримт бичиг зөвшөөрөл өгөөгүй ба сүүлд буюу цагдаад баригдсаны дараа Г нь Гантуяа гэх хүнээр цагаан хуудас болон эрхийн бичиг явуулсан байсан. ...би хэдэн метр куб хэмжээтэй ямар нэр төрлийн, ямар зориулалт, ашиглалтын хэр хэмжээний мод бэлтгэх эсэхээ сайн мэдэхгүй байсан. Жолоодож явсан машиныхаа хүчинд тааруулж ачсан...” гэсэн мэдүүлэг[21],
22. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[22], 24.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[23], 25.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[24], 26.Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[25], 27.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[26], 28.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[27], 28.Шүүгдэгчийн захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[28], 29.Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл[29] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б, Б.О нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Д.Бийн гэмт үйлдлийн улмаас байгаль-экологид учирсан бодит хохирол болох 2,808,000 /хоёр сая найман зуун найман мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, 64,800 /жаран дөрвөн мянга найман зуун төгрөг/ дутуу төлөгдсөн;
Шүүгдэгч Б.Оын гэмт үйлдлийн улмаас байгаль-экологид учирсан бодит хохирол болох 1,944,000 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, 43,200 /дөчин гурван мянга хоёр зуун төгрөг/ дутуу төлөгдснийг тус тус гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй. Харин Байгаль экологид учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Б, Б.О нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 дахь хэсэгт заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А овогт Дн Б, Х овогт Бийн О нарыг тус бүр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулан шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэг хадгалах, харин шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Хүдэр сумын экологийн асуудал хариуцсан Б.Мөнхбатад хүлээлгэн өгсөн 41 ширхэг нойтон нарс модыг тус тус хурааж, улсын орлогод оруулвал зохино.
Харин хэрэгт битүүмжлэгдсэн Б.Оын өмчлөлийн Зил 131 маркийн 51-39 СЭҮ улсын дугаартай автомашин, Ч.Цэцгээгийн өмчлөлийн Зил 131 маркийн 31-31 СББ улсын дугаартай автомашинуудыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч нарт олгож, автомашинуудын тус бүрийн үнэлгээ болох 1 /нэг/ сая төгрөгийг шүүгдэгч Д.Б, Б.О нараас тус бүр 1 /нэг/ сая төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Учир нь: Хэрэгт битүүмжлэгдсэн 1 автомашин нь шүүгдэгч Б.Оын хувьд ноогдох хөрөнгө мөн боловч түүнд зайлшгүй шаардагдах эд зүйлс, эд хөрөнгийг шүүх хураан авахаар шийдвэрлэх нь хуульд үл нийцнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар “Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 87.1.5 дахь заалтад зааснаар “төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмсыг” төлбөрт хураан авч болохгүй гэж хуульчилж өгсөн байна.
Харин шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Зил 131 маркийн 31-31 СББ улсын дугаартай автомашин нь иргэн Ч.Цэцгээгийн өмчлөлийн автомашин болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, автомашины үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг гэм буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Дн Б, Х овогт Бийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бүлэглэж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А овогт Дн Б, Х овогт Бийн О нарыг тус бүр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад зааснаар Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 2,808,000 /хоёр сая найман зуун найман мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдаж, дутуу төлөгдсөн 64,800 /жаран дөрвөн мянга найман зуу/-н төгрөгийг, Б.О нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 1,944,000 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдаж, дутуу төлөгдсөн 43,200 /дөчин гурван мянга хоёр зуу/-н төгрөгийг тус тус гэм буруутай этгээдээс гаргуулан төлүүлсүгэй.
5. Байгаль экологид учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дахь хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэг хадгалах, харин шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Хүдэр сумын экологийн асуудал хариуцсан Б.Мөнхбатад хүлээлгэн өгсөн 41 ширхэг нойтон нарс модыг тус тус хурааж, улсын орлогод оруулсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн Б.Оын өмчлөлийн Зил 131 маркийн 51-39 СЭҮ улсын дугаартай автомашин, Ч.Цэцгээгийн өмчлөлийн Зил 131 маркийн 31-31 СББ улсын дугаартай автомашинуудыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч нарт олгож, автомашинуудын тус бүрийн үнэлгээ болох 1 /нэг/ сая төгрөгийг шүүгдэгч Д.Б, Б.О нараас тус бүр 1 /нэг/ сая төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Шүүгдэгч Д.Б, Б.О нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс,
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс,
[3] Хавтаст хэргийн 22 дугаар тал,
[4] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал,
[5] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал,
[6] Хавтаст хэргийн 28 дүгээр тал,
[7] Хавтаст хэргийн 30 дугаар тал,
[8] Хавтаст хэргийн 31 дүгээр тал,
[9] Хавтаст хэргийн 32 дугаар тал,
[10] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал,
[11] Хавтаст хэргийн 60-61 дүгээр тал,
[12] Хавтаст хэргийн 106 дугаар тал,
[13] Хавтаст хэргийн 102-103 дугаар тал,
[14] Хавтаст хэргийн 67-70 дугаар тал,
[15] Хавтаст хэргийн 76-79 дүгээр тал,
[16] Хавтаст хэргийн 87-88 дугаар тал,
[17] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал,
[18] Хавтаст хэргийн 95 дугаар тал,
[19] Хавтаст хэргийн 96 дугаар тал,
[20] Хавтаст хэргийн 128-129 дүгээр тал,
[21] Хавтаст хэргийн 160 дугаар тал,
[22] Хавтаст хэргийн 123 дугаар тал,
[23] Хавтаст хэргийн 4-8 дугаар тал,
[24] Хавтаст хэргийн 9-13 дугаар тал,
[25] Хавтаст хэргийн 15-18 дугаар тал,
[26] Хавтаст хэргийн 64, 69, 77 дугаар тал,
[27] Хавтаст хэргийн 133, 164 дүгээр тал,
[28] Хавтаст хэргийн 134, 165 дугаар тал,
[29] Хавтаст хэргийн 173-175 дугаар тал,