| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0094/Э/208/2021/0034 |
| Дугаар | 2021/ШЦТ/96 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч О.Эрхэмбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
шүүгдэгч М.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт холбогдох эрүүгийн 2031003170095 тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль, татварын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар багийн Цагаан эрэг 2 дугаар хэсгийн 20 дугаар байрны 13 тоотод оршин суух хаягтай,
Урьд өмнө нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Харчу овогт Мөнхбатын Отгонбаяр /РД:МД88022070/,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус банкнаас 18,000,000 төгрөгийн зээл авахыг хүссэн иргэн Б.Өнөболдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Хаан банкны 5720358802 тоот дансаар 600.000 төгрөгийн хахууль авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед өөрийнхөө хайхрамжгүй байдлаас болж хэний данснаас яаж мөнгө орж ирснийг шалгаагүй нь миний буруу. Би 1 сараас хойш ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Мөрдөн байцаагчаас хэсэг байж байгаад дуудагдаад байгаа тул ажил хийх нөхцөл боломж бүрдээгүй. Гэр бүлээсээ хөндийрсөн. Хүүхэдтэйгээ уулзаагүй. Тухайн хэргийг хөнгөвчилсөн байдалтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би Дулаанхаан тосгонд ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Манай ээж 70 настай хүн байдаг. Наашаа ирэхэд уйлаад үлдсэн. Би хайхрамжгүй байдлаас болж данс шалгаагүй нь миний буруу. Ямар нэгэн байдлаар авлигал авах үйлдэл гаргаж байгаагүй. Танихгүй хүнээс мөнгө зээлж байгаагүй. Золбаяраас л мөнгө зээлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлэв.
Шүүгдэгч М.Отгонбаярын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Намайг Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон дахь Төрийн банкны захирлаар ажиллаж байх үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үед тус сумын иргэн, миний танил Золбаатар гэх залуу манай ажил дээр ирж надтай уулзаад зээлийн талаар мэдээлэл авсан юм. Тухайн үед миний хувийн хэрэгцээнд 600.000 төгрөгийн шаардлага гарч байсан учир би Золбаатарыг надад мөнгө зээлэх боломж байгаа эсэхийг нь асуухад Золбаатар нь одоогоор мөнгөний боломж алга, боломж гарвал туслалцаа үзүүлье гэж хэлсэн юм. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа Золбаатар нь өөрийнхөө найз гээд нэг залууг дагуулж ирээд надтай уулзсан юм. Тэр залуу нь одоо нас барчихаад байгаа Өнөболд гэх залуу байсан юм. Тухайн үед Өнөболд нь өөртөө машин худалдан авах болон өвөөгийнхөө эмчилгээнд зарцуулах мөнгө хэрэгтэй байгаа учир манай банкнаас зээл авах тухай хүсэлтийг амаар хэлж уулзсан юм.
Тэгэхээр нь би Өнөболдыг зээл авахад шаардагдах бичиг баримтаа бүрдүүлээд ир гэж хэлээд явуулсан юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа Өнөболд нь өөрийнхөө бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн ба түүний бичиг баримтыг үзэж шалгахад Өнөболд нь өөр нэг банк дээр зээлийн үлдэгдэлтэй байсан. Тэгэхээр нь би Өнөболдыг дангаараа зээл авч болохгүй, зээл авахын тулд хамтран зээлдэгч байх хэрэгтэй гэж хэлсэн юм Ингээд маргааш өдөр нь Өнөболд нь өөрийн хамаатан болох Төрболд гэх залууг дагуулж ирээд өөрийн хамтран зээлдэгчээр оролцуулж, зээлийн хорооны хурлаар орж 18.000.000 төгрөгийн зээл авсан юм.
...Би дээрх иргэнээс мөнгө зээлж авсан нь үнэн, энэ үйлдэл минь буруу гэдгийг мэдэж байна. Анх иргэн Б.Өнөболд нь 30.000.000 төгрөгийн зээл авах тухай хүсэлт гаргасан боловч би банкны эрсдэл болгож уг иргэнд 18.000.000 төгрөгийн зээл олгосон. Энэ иргэн зээл авчхаад нас барсан, нас барна гэдгээ мэдээд зохион байгуулалтайгаар, тодорхой санаа зорилготойгоор зээл авсан байна. Хамтран зээлдэгч Төрболд нь Өнөболдыг нас барахыг мэдэж байсан, энэ хүмүүс хоорондоо үгсэн тохирсон байсан байх гэж би хардаж байна. Тухайн үед Өнөболд нь хамтран зээлдэгч Төрболдыг өөрийнхөө хамаатны хүүхэд гэж хэлж байсан, гэтэл сүүлд хамаатны хүүхэд биш Өнөболдын төрсөн эгчийнхэн нөхөр болж таарсан уу яасан, би бол хахууль аваагүй, гэхдээ энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 161-164 дүгээр хуудас/,
Гэрч Г.Төрболдын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай үеэл ах Өнөболд нь “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд хүрээд ирээч” гэж гар утсаар дуудсан юм. Би тухайн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байсан бөгөөд “яах гэж байгаа юм бэ” гэхэд “гялс ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгчих” гэсэн юм. Би Сүхбаатар сумаас машинтай Дулаанхаан тосгонд очоод талийгаач Өнөболдтой Төрийн банкны гадна уулзахад “2 лаа дотогшоо оръё” гээд орсон. Талийгаач Өнөболд ах намайг тухайн үед Дулаанхаан тосгоны Төрийн банкинд эдийн засагч хийж байсан Отгонбаяр гэх хүн дээр дагуулж орсон. Отгонбаяр гэх залуу надаас овог нэр регистрийн дугаарыг минь асуугаад компьютер дээр оруулж байснаа “өө энэ хүн чинь болохгүй юм байна шүү дээ, өөр хүн байхгүй юу” гэхэд талийгаач Өнөболд ах “байхгүй” гэхэд Отгонбаяр “за, за яах вэ тэгвэл гэрээн дээр зурчих” гэхээр нь би Отгонбаяраас “би энэ гэрээн дээр чинь гарын үсэг зурж болох юм уу” гэсэн чинь “зурчих” гэж хэлэхээр нь Өнөболдын 18.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчихсан юм. Түүнээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг дуудахаар нь би Улаанбаатар хотод ажилтай байсан бөгөөд өөрийн эхнэр Сэлэнгийг итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр томилуулсан юм. Эхнэрээсээ “ямар учраас намайг шүүх дээр дуудсан байна” гэж асуухад “Өнөболд өвчний улмаас нас барсан тул хамтран зээлдэгчээр орсон Г.Төрболдыг зээлийг үргэлжлүүлэн төлнө үү гэсэн өргөдлийн дагуу дуудсан” гэж хэлж байсан юм. Үүнээс хойш бид Иргэний хэргийн анхан шатны шүүхээр явж байгаа юм. Би иргэний шүүх дээр нэг ч удаа очоогүй бөгөөд миний эхнэр Сэлэнгэ миний өмнөөс оролцоод явж байгаа, иргэний хэргийн шүүх хурал одоогоор дуусгавар болоогүй байгаа. Өнөболд нь миний ээж Нарантуяагийн төрсөн эгч Энхтуяагийн хүүхэд байгаа юм. Өнөболд надаас 1 насаар ах бөгөөд миний үеэл ах байсан юм. Ер нь эгч дүүсийн хүүхдүүд болохоор ойр өссөн, садан төрлийн харилцаатай хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...талийгаач Өнөболд ажлаасаа гарчихсан гээд зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд Төрийн банкны ажилтан над дээр байн байн ирээд Өнөболдын өмнө зээлсэн мөнгийг төлөхийг шаардаад байхаар нь тэтгэврийн мөнгөө сунгаад 1.500.000 төгрөгийн зээл төлж байсан...харин Өнөболдыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээл авсныг нас барсных нь дараа мэдсэн. Тухайн үедээ зээл авахаасаа өмнө зээл авах гэхээр найдваргүй зээлдэгч гээд зээл гаргахгүй байна гэж хэлээд явж байсан, тэгэхээр нь би тэгнэ ш дээ өмнөх зээлээ төлж чадахгүй үлдэгдлээ надаар төлүүлсэн, тэр чинь балалчихаж байгаа ш дээ гэж хэлж байсан юм. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 39 дүгээр хуудас/,
Гэрч А.Сэлэнгэ 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай нөхөр Төрболд 2016 онд Голомт банкны зээлийн карт авахаар материал бүрдүүлж өгөхөд манай нөхрийн нэр дээр юнившн болон юнителын дугаар дээр төлөгдөөгүй төлбөр байна гэсэн үндэслэлээр зээлийн карт олгогдоогүй хар данстай байна Монгол банкинд мэдээлэл нь бүртгэгдсэн байна гэж хэлж байсан. ...Би нэрийг нь мэдэхгүй байсан учраас андуурч хэлсэн байна талийгаачтай хамт ажиллаж байсан Золбаатар гэж хүнийг талаар ярьсан юм. Золбаатарыг Төрийн банкнаас зээл авахаар явах үед нь талийгаач хамт явж таарсан юм байна лээ. Тэгээд Золбаатар талийгаачийг Отгонбаяртай танилцуулсан юм байна лээ. Мөн талийгаач Отгонбаярын данс руу мөнгө шилжүүлсэн талаар мэдэж байсан Ганбаяр, Ганбаатар гэж хүн байхгүй буруу мэдээлэл байна. ...Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гараагүй байгаа Төрийн банкны эрхлэгч Отгонбаярыг талийгаач Өнөболдоос авлига авсан эсэхийг шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэр гарна гэж ойлгосон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Б.Золбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би М.Отгонбаярт мөнгө зээлүүпж байсан удаа байхгүй. Би 2018 оны 10 сарын сүүлээс 2019 оны 05 сарын дуустал эхнэр Мөнхжаргалын хамт Дулаанхаан тосгонд “Манхан чандмань” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан юм. “Төрийн банкны эдийн засагч Отгонбаяр үхэр нядлаад мах зарж байна” гэхээр нь дэлгүуртээ мах зарах зорилгоор Отгонбаяраас 400.000 төгрөгөөр үхрийн мах худапдаж авч байсан. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банкны зээлийн эдийн засаг М.Отгонбаяраар зээлээ судлуулж үл хөдлөх барьцаалж 45.000.000 төгрөгийн зээл авсан Одоо 32.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би төрийн банкнаас зээл авах зорилгоор М.Отгонбаярт 400.000 төгрөг шилжүүлсэн үйлдэл байхгүй. Би Отгонбаяраас үхрийн мах худалдаж авсан мөнгөө шилжүүлсэн. Би албан ёсоор зээлийн материалаа бүрдүүлээд зээл авсан байгаа. Би Төрийн банкны зээлийн эдийн засагч Отгонбаярыг талийгаач Өнөболдтой танилцуулсан юм. Тухайн үед би үл хөдлөхөө барьцаалаад зээл авах гэж байхад талийгаач намайг дагаж очоод Отгонбаяртай танилцсан юм. Талийгаач Өнөболд Отгонбаярт 600.000 төгрөг өгсөн талаар мэдээгүй. Гэхдээ талийгаач Төрийн банкнаас гарч ирээд “миний утсыг өгөөч” гэж хэлж аваад дансны дугаар тэмдэглэж байгаад өөрийнхөө утасны интернет банкаар мөнгө шилжүүлээд байсан. Хэн рүү ямар учиртай мөнгө шилжүүлснийг би мэдээгүй Талийгаач Өнөболдыг нас барсны дараа Отгонбаярт мөнгө өгсөн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Н.Төрмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2018 оны намар байсан санаж байна яг тодорхой санахгүй байна найз Өнөболд надад 300.000 төгрөг түр зээлээч гэхээр нь би өөрийн 5676133048 тоот хаан банкны данснаасаа 300.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр "зээл' гэж бичээд шилжүүлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би 5676133048 гэсэн тоот дугаарын данс эзэмшдэг. Надаас хэрэг түр зээлээч гэсэн би яг ямар зорилгоор ашиглах гэж байгааг мэдээгүй. Зээлсэн 300000 төгрөгийн юунд зарцуулах гэж байгаагаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол, /хх-ийн 20 дугаар хуудас/, Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 22 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны явцад банк түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай тогтоол, /хх-ийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт, /хх-ийн 145-151 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 155-157 дугаар хуудас/, мөн хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон дахь Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа буюу нийтийн албанд ажиллаж байхдаа тус банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авахыг хүссэн иргэн Б.Өнөболдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас Хаан банкны 5720358802 тоот өөрийн дансаар дамжуулан 600.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би иргэн Б.Өнөболдод зээл олгох үед Төрийн банкны салбарын эрхлэгч, зээлийн эдийн засагч гэсэн ажлыг давхар хийж байсан. Миний доор 2 теллер ажиллаж байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...талийгаач Өнөболд ажлаасаа гарчихсан гээд зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд Төрийн банкны ажилтан над дээр байн байн ирээд Өнөболдын өмнө зээлсэн мөнгийг төлөхийг шаардаад байхаар нь тэтгэврийн мөнгөө сунгаад 1.500.000 төгрөгийн зээл төлж байсан...харин Өнөболдыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээл авсныг нас барсных нь дараа мэдсэн. Тухайн үедээ зээл авахаасаа өмнө зээл авах гэхээр найдваргүй зээлдэгч гээд зээл гаргахгүй байна гэж хэлээд явж байсан, тэгэхээр нь би тэгнэ ш дээ өмнөх зээлээ төлж чадахгүй үлдэгдлээ надаар төлүүлсэн, тэр чинь балалчихаж байгаа ш дээ гэж хэлж байсан юм. ... ” гэх мэдүүлгээр,
Гэрч А.Сэлэнгэ 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Манай нөхөр 2016 онд Голомт банкны зээлийн карт авахаар материал бүрдүүлж өгөхөд ...зээлийн карт олгогдохгүй, хар данстай байна, Монгол банкинд мэдээлэл нь бүртгэгдсэн байна гэж хэлж байсан. ...Золбаатар талийгаачийг Отгонбаяртай танилцуулсан юм байна лээ. Мөн талийгаач Отгонбаярын данс руу мөнгө шилжүүлсэн талаар мэдэж байсан ...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Золбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би М.Отгонбаярт мөнгө зээлүүпж байсан удаа байхгүй. ... Би Төрийн банкны зээлийн эдийн засагч Отгонбаярыг талийгаач Өнөболдтой танилцуулсан юм. Тухайн үед би үл хөдлөхөө барьцаалаад зээл авах гэж байхад талийгаач намайг дагаж очоод Отгонбаяртай танилцсан юм. Талийгаач Өнөболд Отгонбаярт 600.000 төгрөг өгсөн талаар мэдээгүй. Гэхдээ талийгаач Төрийн банкнаас гарч ирээд “миний утсыг өгөөч” гэж хэлж аваад дансны дугаар тэмдэглэж байгаад өөрийнхөө утасны интернет банкаар мөнгө шилжүүлээд байсан. Хэн рүү ямар учиртай мөнгө шилжүүлснийг би мэдээгүй Талийгаач Өнөболдыг нас барсны дараа Отгонбаярт мөнгө өгсөн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлгээр,
Гэрч Н.Төрмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2018 оны намар байсан санаж байна яг тодорхой санахгүй байна найз Өнөболд надад 300.000 төгрөг түр зээлээч гэхээр нь би өөрийн 5676133048 тоот хаан банкны данснаасаа 300.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр "зээл' гэж бичээд шилжүүлсэн. ...” гэх мэдүүлгээр,
Батхуягийн Өнөболдын 5007400278 дугаарын дансны хуулгаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5720358802 дугаарын М.Отгонбаярын ХААН банкны дансанд 600.000 төгрөгийн зарлага шилжүүлж, түүнээс 2 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Өнөболдын 5007400278 дугаарын ХААН банкны дансанд 17.800.000 төгрөгийн орлого орсон тухай дансны мэдээллээр,
Иргэн Б.Өнөболд нь 2014 оноос 2017 оны хооронд ХААН банкнаас авсан зээлийн төлөлт хэтэрсэн, муу зээлийн ангилалтай байхад Төрийн банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөгийн зээл олгосон тухай Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаагаар,
Мөн Г.Төрболд нь 2016-2018 оны хооронд зээл, түрээсийн байдлаар Чингис ХААН банк, Юнител ХХК-иас авсан 4 удаагийн зээлээр хэвийн, хэвийн бус, муу гэсэн ангиллаар бүртгэгдэж байсан тухай Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар,
Төрийн банкийг төлөөлж салбар, тооцооны төвийн захирал, зээлийн ажилтан М.Отгонбаяр, зээлдэгчийг төлөөлж Б.Өнөболд, хамтран зээлдэгч Г.Төрболд нарын гарын үсэгтэй 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар хувь, /хх-ийн 84-86 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байх тул шүүгдэгч М.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Отгонбаяр нь нийтийн албан тушаалтны үүрэг гүйцэтгэж байхдаа буюу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон дахь Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авахыг хүссэн Б.Өнөболдод иргэнд зээл олгохдоо, хугацаандаа эргэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй санхүүгийн нөхцөлтэй байсныг мэдсэн атлаа зориуд түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 600.000 төгрөгийн хахуулийг өөрийн ХААН банкны дансаар дамжуулан авсан болохыг:
Төрийн банкнаас Өнөболдод зээл гаргахаас өмнө 600.000 төгрөгийг дансаар авсан тухай М.Отгонбаяр, Б.Өнөболд нарын ХААН банкны дансны хуулгаар,
Б.Өнөболд нь Төрийн банкны ажилтнаас зээл хүсэж уулзаад гарч ирэхдээ бусдаас 300.000 төгрөг дансаар зээлж аваад, 600.000 төгрөгийн гүйлгээ хийснийг гэрч Б.Золбаатар, Н.Төрмөнх нар нотолж мэдүүлснээр,
Б.Өнөболд түүний хамтран зээлдэгч нар нь банкнаас зээл авах санхүүгийн чадамжгүй, эргэлзээтэй нөхцөлтэй байсныг нотолсон Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаагаар,
Гэрч А.Сэлэнгэ, Л.Нарантуяа нарын мэдүүлгээр,
М.Отгонбаяр нь 600.000 төгрөгийг шилжүүлж авснаас хойш 2 хоногийн дараагаар өөрийн ажилладаг банкнаас өөрт олгогдсон эрх мэдлийг ашиглан зээл хүсэгчийн ашиг сонирхлын үүднээс 18.000.000 төгрөгийн зээл гаргасныг нотолсон зээлийн гэрээ, банкны хуулга зэргээр болон бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.
М.Отгонбаярын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Отгонбаярыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж уг хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Авлигатай тэмцэх газрын барьцааны дансанд байршуулсан 600.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зохистой байна.
Шүүгдэгч М.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, 6 /зургаа/-н сарын хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч М.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Энэ хэрэгт Авлигатай тэмцэх газрын барьцааны дансанд байршуулсан 600.000 төгрөгийг улсын орлого болгосугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ