| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
2021/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Ган-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мы Гт холбогдох эрүүгийн 2112000010011 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тус ............ ажилтай, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн .......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Мы Г/РД:АЯ.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000010011 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Р.Бын өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуваарийн дагуу Хануй голын гүүрний 1 дүгээр постод өглөө 07 цагаас оройны 19 цаг хүртэл хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд өдөр 15 цагийн үед гүүрэн дээр шалгалтын ажлын хүрээнд нэвтэрч байгаа 3 авто машинтай хүмүүсийн асуумж бөглүүлж байтал замын хажууд зогсож байсан машинуудын хажуугаар зам голлож, гүүрэнд тулж ирээд нэг машин зогссон. Тэр машинаас цагдаа хувцастай хүн машины хаалгаа онгойлгож, хагас буугаад /нэг хөлөө газарт буулгаж/ манай цагдаа нар хаана байна гэж чанга хашхирч асуусан. Тэр үед надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Ч.Г бид 2 та замаа чөлөөлөөд зогсчих, би энэ хүмүүсийн дараа тантай уулзаж, асуумж бөглүүлнэ гэж хэлсэн. Тэр залуу дахин манай цагдаа нар хаана байна аа хөөе гэхээр нь хүмүүсээс асуумж бөглүүлээд завгүй байсан учир хариу хэлээгүй. Гэтэл шууд хөдлөөд гүүр гараад яваад өгсөн. Араас нь харахад ардаа улсын дугааргүй, маркийг нь мэдэхгүй, цагаан өнгийн машин байсан. Би тэр хүнийг хэдүүлээ, ямар ажилтай, хэн гэдэг хүн болохыг мэдэж чадаагүй өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа буюу 20 орчим минутын дараа утсаар мэдээ өгсөн. Мэдээ өгөхдөө офицер хувцастай, улсын дугааргүй, цагаан машин хэдүүлээ яваа нь мэдэгдэхгүй шууд нэвтэрч сумын төв рүү орсон талаар мэдээлэл өгсөн. Орой 19 цаг болж ээлж хүлээлцээд тайлангаа өгөхөөр цагдаагийн тасгийн албан байранд орж ирээд хэсгийн төлөөлөгч Пт болсон асуудлын талаар яриад байж байтал гаднаас гүүрэн дээр шууд явсан офицер /цагдаа/ хувцастай залуу ороод ирсэн. Тэгэхээр нь тэр залууд хандаж өдрийн явсан залуу байна, миний дүү асуумж бөглөөд явчихгүй гэж хэлсэн чинь шууд намайг заамдаад авсан. Би тэр үед 2 гар дээрээс нь бариад төрийн албан хаагч ийм үйлдэл гаргаж болохгүй шүү, хүнд гар хүрч болохгүй гэж хэлсэн чинь шууд намайг “ийм юмнуудын хандыг эртхэн дарж байхгүй яасан юм бэ” гэж хэлээд зүүн гараараа заамдсан чигээрээ, баруун гараараа миний зүүн шанаа, нүүр орчимд 4-5 удаа их хурдтай дараалан цохиж авсан. П хажууд байсан болохоор салгаж, мөн хажууд байсан Н.А, Ш.А нар мөн салгасан. Миний хамраас тухайн үед цус гараад тогтохгүй байсан тул гадаа гарч Ч.Г, М.М хоёр ус авч ирээд угаасан. Би М.Мд цагдаагийн алба хаагч ингэж болохгүй гэж хэлэхэд харин ийм юм болчихлоо, ямар ч байсан цусаа тогтоогоодох гэж угаалгасан. Цус тогтохгүй нэлээн удаа гарсан. Намайг зодсон Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч гэх тэр залуу гадаа хамрын цусаа угааж байхад цагдаагийн кобан байрны өрөөнд чанга чанга юм яриад байсан, юу юу гэж ярьсан талаар нь мэдэхгүй байна. М.М гадаа цус угаалгаж тогтоолгоод гайгүй болохоор нь Ч.Гийг гэрт нь хүргэж өгч, хашааных нь гадаа буулгаж өгөөд эргээд гэр рүүгээ явах гэтэл дахин хамраас цус гараад тогтохгүй байхаар нь шууд эмнэлэг явсан. Би сумын эмнэлэг орж үзүүлээд мөн аймгийн эмнэлэгт шөнө нь очиж үзүүлсэн. Үүдэн нэг шүд хугарч, бас нэг шүд булгарч унасан, зүүн талын нүд шанаа, эрүү тэр чигтээ хавдаж хөхөрсөн. Зүүн талын нүдэнд цус хурсан, одоогийн байдлаар зүүн талын дээд зовхи жаахан унжаад байна, хөхөрсөн нь арилж дуусаагүй, хавдар нь нэлээн сайн буураад байна. Би 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн боловч би ар гэрийн боломж, хөл хорионоос болоод аймагт хэвтэж эмчилгээ хийлгэж чадаагүй. Ямар ч шалтгаан байхгүй, би тухайн үед хэдэн хүнтэй явсан гэдгийг мэдэх санаатай асуумж бөглөчихгүй яасан юм бэ гэж л хэлсэн. Ямар ч хэрүүл маргааны шинжтэй үг хэлээгүй, үйлдэл гаргаагүй. Их л ууртай, учраа болохгүй хүүхэд байна лээ. Өмнө нь огт танихгүй, ямар ч харьцаа холбоо байхгүй, өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн албан /кобан/ өрөө, хэсгийн төлөөлөгчийн өрөө, үүдний өрөөнд болсон. Яг намайг цохих үед П, Н.А, Ш.А, Ч.Г нар хамт байсан. М.М намайг цохих үед байгаагүй, намайг орж ирэхэд зөрөөд гарсан. Би М.Г гэх залууд гар хүрээгүй, заамдаж авахад нь гараас нь барьж аваад салгах гэсэн боловч дийлээгүй. Цохиж авсан асуудал огт байхгүй. Гүүрэн дээр ямар ч асуудал болоогүй, хэрүүл маргаан ч болоогүй. Г тухайн үед цагдаа нарын ажлын дүрэмт хувцастай байсан. Төрийн албан хаагч, тэр дундаа цагдаагийн алба хаагч хүн ёс журамтай, үлгэр жишээ байж, хүнтэй зөв харьцаж, хувийн хүмүүжилдээ анхаарах шаардлагатай гэж бодож байгаа. Мөн дээрээс нь миний хиймэл шүд хугарч, өөрийн 2 шүд хугарч, булгарч унасан учир шүдээ хийлгэж авмаар байна, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй, хэдэн төгрөг шаардлагатай болохыг хэлж мэдэхгүй байна. Надад хийгдэх эмчилгээний зардалд 460,000 орчим төгрөг төлсөн байсан. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-12 дугаар тал/
*Гэрч Ш.Аын өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр камерын хяналтын дэлгэцэд жижүүрийн үүрэг гүйцэтгээд цагдаагийн тасгийн албан өрөөнд сууж байтал Р.Б ах 19 цаг 20-30 минутын үед гаднаас орж ирээд постод ажилласан мэдээ өгч Птай өдрийн постоор шууд явсан цагдаа хэн юм бэ гээд ярьж байсан чинь гаднаас нэг цагдаа орж ирсэн. Би тухайн үед камерын дэлгэцийн өрөөнд байсан, харин П, М.Г гэх цагдаа, Р.Б ах нар Пын өрөөнд муудалцаад байх шиг байсан. Юу юу гэж ярьж муудалцсан талаар мэдэхгүй, тэр цагдаа нь харьцаанаас харьцаа үүсдэг гэх мэтийн зүйл яриад байх шиг байсан. Тэгээд хаалга онгойж намайг утсаар яриад эргээд хартал Пын өрөө, камерын өрөө хоёрын голын хаалганд М.Г нь зүүн гараараа Р.Б ахыг заамдсан байдалтай баруун гараараа Р.Б ахын нүүр рүү цохиж авч байсан. Намайг харж байхад Р.Б ахын нүүр, зүүн шанаа, хацар хэсэгт нь баруун гараараа 3 удаа цохиж авсан. Өмнө цохиж авсан эсэхийг мэдэхгүй. Нийт хэдэн удаа хаана нь цохиж авсан гэдгийг мэдэхгүй, намайг харж байхад бол 3 удаа цохиж авсан. Тэгээд л Н.А дундуур нь ороод салгаж, би ч гэсэн салгасан. Тэгээд л Р.Б ахын хамраас цус гарч гараад явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Н.А бид 2 камерын өрөөнд байсан, Ч.Г эгч, М.М ах 2 гадаа үүдэнд байсан, П өөрийнхөө өрөөнд байсан. Өөр хүн байгаагүй. Намайг харж байхад М.Гыг цохиж зодсон асуудал байхгүй. Хамраас нь цус гарсан, зүүн хацраас нь цус гарсан харагдаж байсан, тэгээд л гараад явсан, би гараагүй, өөр ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Тэрнээс хойш Р.Б ахтай таараагүй. Гүүрэн дээрх цагдаа хэн бэ гээд Птай Р.Б ах ярьж эхэлсэн, гүүрэн дээр ямар нэгэн зүйл болсон юм байх гэж ойлгосон, өөр юу болсон талаар мэдэхгүй. Гаднаас М.Г гэх цагдаа Пын өрөөнд ороод маргалдаад эхэлсэн. Тэдний хооронд юу болсон талаар нарийн мэдэх зүйл байхгүй байна. Настай хүн гэхдээ жаахан цочир, түргэн ууртай, зан ааш сайнтай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хийсэн ч гэсэн ямар нэгэн хар буруу санаад байдаггүй, цайлган зантай хүн байгаа. Ам, завж нь цус болсон харагдсан, шүд унасан, булгарсан эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-16 дугаар тал/
*Гэрч Н.Аын өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Атай хамт камерын хяналтын дэлгэцэд жижүүрийн үүрэг гүйцэтгээд сум дундын цагдаагийн тасгийн албан өрөөнд сууж байтал Р.Б ах гүүрний постоос бууж байгаа гээд мэдээ өгөхөөр ирсэн. Ирсэн цагийг нь сайн санахгүй байна. Пын өрөөнд М.Г, Р.Б нар хоорондоо маргаад байх шиг байсан, маргаж байгаа шалтгаан нь постод гарч байхад дайрч гарлаа, хяналтын хуудас бөглүүлсэнгүй гэсэн асуудал яриад байх шиг байсан, нарийн учрыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэл Пын өрөөнөөс барьцалдаад миний сууж байсан камерын хяналтын өрөө рүү ороод ирсэн. Намайг харахад М.Г нь Р.Б ахын нүүр рүү нь гараараа цохиж авсан, яг хэдэн удаа цохиж авсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг харж байхад 1-2 удаа цохиж авсан. Тэгээд би босож ирээд М.Гыг барьж аваад салгаж, Р.Б ах гараад явсан. Тэрнээс өөр ямар нэгэн зодоон болоогүй. Ш.А ах бид 2 камерын өрөөнд байсан, Ч.Г эгч, М.М ах 2 гадаа үүдэнд байсан байх, яг хажууд байгаагүй, П өөрийнхөө өрөөнд байсан. Өөр хүн байгаагүй. Камерын хяналтын өрөө, Пын өрөө 2 залгаа, дундаа 1 хаалгатай. Намайг харж байхад бол М.Гыг цохиж зодсон асуудал огт байхгүй. Яг тухайн үед зүүн талын нүдний доод талд язарсан гэхээр харагдаж цус гарсан байсан, хамраас нь цус гарсан, нүд нь хавдсан байсан. Постоор орж гарах асуудлаас болж маргасан байх, гүүрэн дээр пост дээр нь юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. М.Гын биед гэмтэл учраагүй байх, намайг харах үед М.Гыг цохиж зодсон асуудал байхгүй. Ам хамар нь цус болсон байсан, тэр талаар надад мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-20 дугаар тал/
*Гэрч Ч.Гийн өгсөн:
“...Би 2020 оны 11 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын гүүрний постон дээр Ковид-19 өвчнөөс сэргийлэхээр тушаалын дагуу Р.Бын хамт ажиллаж байсан юм. Тэгээд машин явахаар бүртгэдэг учраас 2-3 машин зэрэг ирээд бүртгээд зогсож байтал улсын дугаар нь мэдэгдэхгүй цагаан өнгийн жижиг машин ирээд зогссон. Тэгтэл Р.Б замаа чөлөөлөөд цаашаа зогсож байгаарай гэтэл зогсохгүй яваад өгсөн. Энэ асуудал ойролцоогоор 17 цагийн орчимд болсон санагдаж байна тодорхой санахгүй байна. Ингээд 19 цагийн үед Р.Б бид хоёр буух гээд сумын төв рүү камерын өрөө рүү очоод бичиг баримтуудаа өгсөн. Тухайн үед камерын өрөөнд П гэх цагдаа байсан Р.Б түүнд танай нэг офицер хувцастай цагдаа номер нь мэдэгдэхгүй машинтай дайраад гарсан гэж хэлээд байж байтал гаднаас нөгөө цагдаа буюу цагаан жижиг машинтай зогсож бүртгүүлээгүй явсан цагдаа орж ирээд Р.Быг заамдаад цохих шиг болсон тэр үед би айгаад гараад явчихсан. Тухайн цагдаа гаднаас орж ирээд юу гэж хэлснийг нь санахгүй байна ямар ч байсан миний харснаар Р.Быг заамдаж аваад гараараа цохих шиг болсон, би Р.Бын хойно байсан болохоор давхар цохиулчих гээд гараад явсан. Ингээд гадаа гарчихаад чимээгүй болохоор нь эргээд ортол Р.Бын хамар, шүд, амнаас нь цус гарсан байсан. Би цагдаагийн хажуу өрөөнөөс ус авч хийж өгч М.М нүүр гарыг нь угаалгасан боловч хамраас нь гарсан цус тогтохгүй байсан. Энэ асуудал 19 цаг өнгөрч байхад болсон. Тэгээд Р.Б намайг гэрт хүргэж өгчихөөд явсан бөгөөд хамраас нь гарсан цус тогтохгүй байсан надад хэлэхдээ тогтохгүй бол эмнэлэг орно гэж байсан. Архангай аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч М.Г гэх залуу тухайн өдрийн 19 цаг өнгөрч байхад камерын өрөөнд гэнэт орж ирээд Р.Быг заамдаж аваад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь би айгаад гадаа гарсан, цаашаа дахин цохисон эсэхийг нь би хараагүй, намайг харахад тэр М.Г гэх цагдаа нэг удаа Р.Бын нүүр хэсэгт гараараа цохисон. Яг ямар шалтгааны улмаас цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна. Намайг харахад нүүр нүд хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан, хамар, амнаас нь цус гарсан байсан, өөрөө хэлэхдээ шүд уначихлаа, тархи толгой эргээд байна гэж хэлж байсан. Би Р.Бтай хамт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнээс өмнө Р.Бын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тухайн өрөө нь манай сумын цагдаагийн байшинд байдаг. Ковид-19 өвчинтэй холбоотойгоор тус өрөөнд камер байрлуулж дэлгэц тавьсан. Энэ хэрэг тус өрөөнд үйлдэгдсэн. Хэрэг болох үед П цагдаа байсан, М.М гэх цагдаа байсан, Ш.А, Н.А, би болон Р.Б, М.Г гэх нөгөө цагдаа байсан. Эдгээр хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан М.Г цагдаагийн хувьд дүрэмт хувцастайгаа байсан. Р.Б нь М.Г гэх цагдааг зодож цохиогүй, М.Гын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/
*Гэрч М.Мы өгсөн:
“...2020 оны 11 сарын 25-ны өдөр Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч хойшоо сум руугаа явж байсан. Замдаа манай цагдаагийн тасаг дээр ирсэн байсан. Харин Р.Б нь тухайн өдөр Эрдэнэмандал сум руу ордог гүүрний постонд Ковид-19 өвчний хорио цээрийн үед үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр 19 цаг өнгөрч байхад би Эрдэнэмандал сумын цагдаагийн тасаг дээр хяналтын камерын өрөөнд сууж байтал гаднаас Р.Б, Ч.Г нар постоос буугаад орж ирж байсан. Тухайн камерын өрөөнд сумын онцгой комиссын штаб ажиллаж байсан учраас тэнд Р.Б, Ч.Г нар нь мэдээ буюу шалгасан хүмүүсийн асуумжаа өгч байсан. Тухайн үед Р.Б хэсгийн төлөөлөгч Пын өрөөнд ороод танай нэг цагдаа шаардлага биелүүлсэнгүй, яасан муухай ааштай хүүхэд вэ гээд юм яриад би хажуу өрөөнд байсан учраас сонсогдож байсан. Тухайн үед би бие засахаар гартал өөдөөс М.Г зөрөөд цагдаагийн хэсэг рүү орж байсан. Би гарч 3-4 минут бие засчихаад тамхи татчихаад эргээд ороход Р.Б ахын хамраас нь цус гарчихсан үүдний коридорт тонгойгоод сууж байсан. Тэгээд яав юу болов гэхэд энэ цагдаа чинь зодчихлоо гэж байсан харин М.Г цаад өрөөнд нь байгаа бололтой байсан. Тэгээд цагдаагийн хэсгээс Р.Быг дагуулж гараад гадаа хамраас нь гарсан цусыг угаалгасан. Энэ үед хажууд тамгын газрын үйлчлэгч Ч.Г гэх хүн байсан. Тухайн үед би цагдаагийн хэсэг рүү орсон харин Р.Б машинтайгаа яваад өгсөн. Би цагдаагийн хэсэг рүү ороод М.Гыг яаж байгаа юм гэтэл юм хэлэхгүй байсан. Миний ойлгосноор Р.Быг үүрэг гүйцэтгэж байхад М.Г машинтайгаа манай сумаар дайрч өнгөрсөн энэ үедээ хоорондоо маргалдсан юм шиг байна лээ улмаар цагдаагийн хэсэгт дахин маргалдаж ийм зүйл болсон байх яг юу гэж маргалдсан эсэхийг нь би өөрөө сонсоогүй. Р.Быг М.Г цохиж байхыг би хараагүй гарчихаад ороод ирэхэд Р.Бын хамраас цус гарчихсан байсан. Намайг орж ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан, нүднийх нь доод хэсэгт жижиг халцарсан юм уу гэмээр шарх харагдаж байсан, шүд нь унасан гэсэн зүйл надад хэлээгүй би ч өөрөө хараагүй. Р.Бын биед зодуулахаас өмнө ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тухайн асуудал нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчийн өрөөний хажуу талын камерын өрөөнд болсон гэсэн намайг орж ирэхэд Р.Б ах үүдний коридорт байсан. Эдгээр хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан М.Г цагдаагийн хувьд дүрэмт хувцастайгаа байсан. М.Гын биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/
Гэрч Т.Пын өгсөн:
“...19 цаг өнгөрч байхад Р.Б гуай ээлжнээс буугаад орж ирсэн. Тэгээд надад хандаж Жаргалантын хэсгийн төлөөлөгч банди чинь уурлаад бүртгүүлэхгүй гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд яриад байж байтал гаднаас Жаргалантын хэсгийн төлөөлөгч М.Г гаднаас ороод ирсэн, тэр үед нь Р.Б Гыг өө чи байна шдээ чацага минь чамайг бодвол 20 гаруй жил улсад ажилласан гэж хэлээд маргалдаад улмаар Р.Б нь Гыг заамдаад гарсан. Тэгээд би өрөөндөө хөөе больцгоогоорой гэж хэлээд үлдсэн. Тэр үед Р.Б гуай чи намайг цохичихлоо болоод явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/
*Яллагдагч М.Гын өгсөн:
“...Би дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр буюу 2020 оны 11 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сум руу би ганцаараа өөрийн хувийн машинтайгаа явж байтал тус аймгийн Эрдэнэмандал сумын гүүрний постод 2 хүн машин зогсоогоод шалгаж байсан. Тэгээд би очиж зогсоод Жаргалант сум руу явж байна гарчих уу ах гэж хэлсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд би нэг жаахан байж байгаад 5-10 минут орчим хүлээж байгаад цагдаа нараас гараагүй юм уу, би ажилтай жаахан яараад байна гарчих уу гэтэл наанаа хүлээгээд зогсож бай би ажилтай байна гэж зандрангуй байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би дахин 5 орчим минут хүлээгээд би яараад байна ш дээ гэхэд чи ямар ядаргаатай юм бэ би энд ажил хийгээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиндаа суугаад хөдөлж яваад утсаар сумынх нь цагдаа буюу М.Мд гүүрэн дээр нэг хөгшин ах оруулахгүй байна би шууд орчихлоо шүү гэж хэлсэн. Би тухайн үед гүүр гараад шууд Эрдэнэмандал сумын цагдаагийн хэсэгт очсон. Ингээд ойролцоогоор 1-2 цагийн дараа цагдаагийн хэсэгт цагдаагийн гэрт нь байж байгаад ойролцоогоор 19 цагийн орчимд тус цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөө рүү нь орсон чинь нөгөө Р.Б гэх хүн хэсгийн төлөөлөгч П нар юм яриад байж байсан. Тэгээд намайг орсон чинь Р.Б нөгөө нэг дайраад гараад явчихдаг нөхөр чинь энэ байна ш дээ, чи яахаараа асуумж бөглөхгүй явдаг, хэн юм чи гэж зандрангуй хэлсэн. Тэгэхээр нь би та хүнтэй өөрөө эвтэйхэн харьцалдаа би таныг өчнөөн удаан хүлээгээ биздээ гэтэл Р.Б чам шиг чацга ингэдэггүй юмаа, би чамайг бодвол 40 жил төрийн албанд ажиллаж байна гэхээр нь би зүгээр байгаараа гэж хэлээд хажуугаар нь гарах гэсэн чинь шууд заамдаад бариад авсан. Тэгэхээр нь зууралдаад бид хоёр заамдалцаад хажуу өрөө рүү нь орсон. Тэгээд тэнд үл таних 2 залуу сууж байсан бөгөөд тэр 2 салгасан. Салгаж байх үед нь би 2 удаа Р.Бын нүүр хэсэгт гараараа цохичихсон. Р.Б ч гэсэн намайг цохисон гэхдээ оноогүй. Ингээд салгасны дараа эргээд хартал Р.Бын хамраас цус гарчихсан доошоо тонгойж байгаад гараад явсан. Ингээд удаагүй байж байтал эхнэр нь гэх хүн ирээд чи яагаад манай нөхрийг зодсон юм бэ, эмнэлэг дээр тэр хүн чинь бие нь муу байна гээд намайг дагуулаад сумын эмнэлэгт очсон. Тэгээд хамрын цус нь тогтохгүй байна гэсэн би дагуулаад аймаг руу явах гэсэн чинь миний машинд суухгүй гэсэн. Ингээд тэд өөрсдөө өөр машинаар аймаг руу явсан би араас нь өөрийнхөө Форестор маркийн машинтай дагаад явсан. Аймгийн эмнэлэгт шөнө 03 цагийн орчимд ирсэн бөгөөд үзүүлж байгаад бид нар үүрээр Эрдэнэмандал сум руу буцсан. Тус эмнэлгээс эм бичиж өгсөн байсан бөгөөд тухайн эм бичсэн цаасыг эхнэр нь надад өгөөд энэ эмүүдийг аваад ир гэсэн. Би тухайн эмүүдийг нь сумын аптекаас аваад аваачиж өгсөн. Тухайн үед 470.000 гаруй төгрөг болж байсан баримтуудыг нь бүрэн гаргуулж аваагүй юм. Тэгээд Р.Б гэх хүн намайг чи ажлаа бод ах эгч хоёр шаардлага гарвал залгана гэж хэлээд миний утасны дугаарыг аваад үлдсэн. Би болон Р.Б нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Дээрх хэргийн улмаас миний биед бэртэл гэмтэл учраагүй заамдалцах үедээ би куртиктэй байсан болохоор хоолойнд ул мөр үлдээгүй. Би уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Миний хувьд 470.000 гаруй төгрөгийн эм тариа авч өгсөн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-78 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай“...Р.Бын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 31,41-р өөрийн шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна./доод үүдэн 2 шүд/ Р.Б нь зүрхний шигдээсийн дараах зүрхний булчин хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний архаг дутагдал В архаг хууч өвчтэй байна. Р.Бын рентген зурагт хамар яс дээд 1/3-ээр шугаман сүүдэртэй байх боловч бодит үзлэгээр хамар яс хугаралгүй байна. 31, 41-р шүд нь өөрийнх нь шүд байна. Р.Бын 41-р шүд нь цөгц хэсгээр металл бүрээстэй бөгөөд ёзоор хэсгээр хугарч эмтэрсэн байна. 31,41-р шүд нь 3-р зэргийн хөдөлгөөнтэй байсан тул шүдний эмч доод үүдэн 2 шүдийг хэсгийн мэдээ алдуулалтан доор авсан байна. /жич: хиймэл шүдний гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй болно/...” дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын цагдаагийн хэсгийн байранд иргэн Р.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Г үйлдсэн болох нь хохирогч Р.Бын”...Орой 19 цаг болж ээлж хүлээлцээд тайлангаа өгөхөөр цагдаагийн тасгийн албан байранд орж ирээд хэсгийн төлөөлөгч Пт болсон асуудлын талаар яриад байж байтал гаднаас гүүрэн дээр шууд явсан офицер /цагдаа/ хувцастай залуу ороод ирсэн. Тэгэхээр нь тэр залууд хандаж өдрийн явсан залуу байна, миний дүү асуумж бөглөөд явчихгүй гэж хэлсэн чинь шууд намайг заамдаад авсан. Би тэр үед 2 гар дээрээс нь бариад төрийн албан хаагч ийм үйлдэл гаргаж болохгүй шүү, хүнд гар хүрч болохгүй гэж хэлсэн чинь шууд намайг “ийм юмнуудын хандыг эртхэн дарж байхгүй яасан юм бэ” гэж хэлээд зүүн гараараа заамдсан чигээрээ, баруун гараараа миний зүүн шанаа, нүүр орчимд 4-5 удаа их хурдтай дараалан цохиж авсан. Би сумын эмнэлэг орж үзүүлээд мөн аймгийн эмнэлэгт шөнө нь очиж үзүүлсэн. Үүдэн нэг шүд хугарч, бас нэг шүд булгарч унасан, зүүн талын нүд шанаа, эрүү тэр чигтээ хавдаж хөхөрсөн. Зүүн талын нүдэнд цус хурсан, одоогийн байдлаар зүүн талын дээд зовхи жаахан унжаад байна, хөхөрсөн нь арилж дуусаагүй, хавдар нь нэлээн сайн буураад байна...” гэх мэдүүлэг, гэрч Т.Пын “...19 цаг өнгөрч байхад Р.Б гуай ээлжнээс буугаад орж ирсэн. Тэгээд надад хандаж Жаргалантын хэсгийн төлөөлөгч банди чинь уурлаад бүртгүүлэхгүй гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд яриад байж байтал гаднаас Жаргалантын хэсгийн төлөөлөгч М.Г гаднаас ороод ирсэн, тэр үед нь Р.Б Гыг өө чи байна шдээ чацага минь чамайг бодвол 20 гаруй жил улсад ажилласан гэж хэлээд маргалдаад улмаар Р.Б нь Гыг заамдаад гарсан. Тэгээд би өрөөндөө хөөе больцгоогоорой гэж хэлээд үлдсэн. Тэр үед Р.Б гуай чи намайг цохичихлоо болоод явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Аын”...Би тухайн үед камерын дэлгэцийн өрөөнд байсан, харин П, М.Г гэх цагдаа, Р.Б ах нар Пын өрөөнд муудалцаад байх шиг байсан. Юу юу гэж ярьж муудалцсан талаар мэдэхгүй, тэр цагдаа нь харьцаанаас харьцаа үүсдэг гэх мэтийн зүйл яриад байх шиг байсан. Тэгээд хаалга онгойж намайг утсаар яриад эргээд хартал Пын өрөө, камерын өрөө хоёрын голын хаалганд М.Г нь зүүн гараараа Р.Б ахыг заамдсан байдалтай баруун гараараа Р.Б ахын нүүр рүү цохиж авч байсан. Намайг харж байхад Р.Б ахын нүүр, зүүн шанаа, хацар хэсэгт нь баруун гараараа 3 удаа цохиж авсан. Өмнө цохиж авсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд л Н.А дундуур нь ороод салгаж, би ч гэсэн салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Аын ”...Пын өрөөнд М.Г, Р.Б нар хоорондоо маргаад байх шиг байсан, маргаж байгаа шалтгаан нь постод гарч байхад дайрч гарлаа, хяналтын хуудас бөглүүлсэнгүй гэсэн асуудал яриад байх шиг байсан, нарийн учрыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэл Пын өрөөнөөс барьцалдаад миний сууж байсан камерын хяналтын өрөө рүү ороод ирсэн. Намайг харахад М.Г нь Р.Б ахын нүүр рүү нь гараараа цохиж авсан, яг хэдэн удаа цохиж авсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг харж байхад 1-2 удаа цохиж авсан. Тэгээд би босож ирээд М.Гыг барьж аваад салгаж, Р.Б ах гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Мы”...Тухайн өдөр 19 цаг өнгөрч байхад би Эрдэнэмандал сумын цагдаагийн тасаг дээр хяналтын камерын өрөөнд сууж байтал гаднаас Р.Б, Ч.Г нар постоос буугаад орж ирж байсан. Тухайн камерын өрөөнд сумын онцгой комиссын штаб ажиллаж байсан учраас тэнд Р.Б, Ч.Г нар нь мэдээ буюу шалгасан хүмүүсийн асуумжаа өгч байсан. Тухайн үед Р.Б хэсгийн төлөөлөгч Пын өрөөнд ороод танай нэг цагдаа шаардлага биелүүлсэнгүй, яасан муухай ааштай хүүхэд вэ гээд юм яриад би хажуу өрөөнд байсан учраас сонсогдож байсан. Тухайн үед би бие засахаар гартал өөдөөс М.Г зөрөөд цагдаагийн хэсэг рүү орж байсан. Би гарч 3-4 минут бие засчихаад тамхи татчихаад эргээд ороход Р.Б ахын хамраас нь цус гарчихсан үүдний коридорт тонгойгоод сууж байсан. Тэгээд яав юу болов гэхэд энэ цагдаа чинь зодчихлоо гэж байсан харин М.Г цаад өрөөнд нь байгаа бололтой байсан. Тэгээд цагдаагийн хэсгээс Р.Быг дагуулж гараад гадаа хамраас нь гарсан цусыг угаалгасан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч М.Гын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 34 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Гын хүний биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 31,41-р өөрийн шүд унасан хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа шүүгдэгч М.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинж буюу хохирогчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Р.Б болон шүүгдэгч М.Г нар нь тодорхой сэдэлттэй буюу өдөр Жаргалант сумын постоор гарахад асуумж бөглөөгүй гарсан асуудлын талаар орой тааралдахдаа харилцан маргалдаж буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогчийн нүүрэн тус газарт цохин хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Т.Пын “...Жаргалантын хэсгийн төлөөлөгч М.Г гаднаас ороод ирсэн, тэр үед нь Р.Б Гыг өө чи байна шдээ чацага минь чамайг бодвол 20 гаруй жил улсад ажилласан гэж хэлээд маргалдаад улмаар Р.Б нь Гыг заамдаад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Аын “...Пын өрөөнд М.Г, Р.Б нар хоорондоо маргаад байх шиг байсан, маргаж байгаа шалтгаан нь постод гарч байхад дайрч гарлаа, хяналтын хуудас бөглүүлсэнгүй гэсэн асуудал яриад байх шиг байсан, нарийн учрыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэл Пын өрөөнөөс барьцалдаад миний сууж байсан камерын хяналтын өрөө рүү ороод ирсэн...” гэх мэдүүлэг, яллагдагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд тухайн цаг хугацаанд хохирогчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй юм.
Хохирогч Р.Бд 400000 гаруй төгрөгийн төгрөгийн эм тариа авч өгсөн талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой 113.865 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Харин түүний эхнэрийн ажил эрхлээгүйтэй холбогдуулан гаргасан 130000 төгрөгийн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож байна. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирогчийн эмчилгээ хийлгэсэн төлбөртэй холбогдуулан 390000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч уг баримт нь хэн гэдэг хүн, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байх тул уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэн шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Иймд уг баримттай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн мөн, хохирогч нь цаашид 7 сая төгрөгөөр шүдээ эмчлүүлэх талаар нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул уг эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мы Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 113.865/нэг зуун арван гурван мянга найман зуун жаран тав/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ...... оршин суух Харваач овогт Р.....йн Б/РД:АР............/-д олгож, түүний нэхэмжлэлээс 130000 /нэг зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, 7.390.000/долоон сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР