Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

 

 

 

                                   2021/ШЦТ/115

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Чгийн Од холбогдох эрүүгийн 2112000000135 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Архангай аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 200 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял, тус аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2, 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 4 жил хорих ял, Архангай аймгийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1.4, 123.1.2, 211.1- т зааснаар 7 жил 6 сар 12 хоногийн хорих ял, мөн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, у овогт Чгийн О/РД........../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Чгийн О нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Доной хонхор гэх газар согтуурсан үедээ шалтгаангүйгээр Т.Жийн нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд баруун дээд үүдэн 1 дүгээр шүд унасан болон доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2112000000135 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч Т.Жийн өгсөн:

“...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан даваа 01-07 тоот гэрээсээ үсээ засуулах гэж ганцаараа аймгийн зах орсон. Тэгсэн үсчин ажиллахгүй байсан болохоор Бор толгой хороолол руу айлд очих гээд явж байсан Батномгон дэлгүүрийн ойролцоо найз Сономтой таараад мэнд мэдээд ойрд уулзалдаагүй гээд Соном 0.5 литрийн шилтэй хараа архи аваад гудамжинд уугаад Соном гэртээ очоод хоол унд идчихээд би харих гээд явж байгаад З.Б гэх нутгийн хүнтэй таараад хамт Донойд алхаж явтал нутгийн ах Ч.О мотоциклтэй согтуу ирээд мэндийн зөрүүгүй ална тална гэснээ шууд миний шанаа хэсэг рүү гараа атгаад цохисон тухайн үед газарт унасан. Мөн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна би согтуу байсан, тэгээд хамт явж байсан З.Б ах намайг салгасан. Цэнхэр сумын төв явсан. Тухайн үед дараа учир зүйгээ ололцох байх гээд цагдаагийн байгууллагад хандаагүй, дараа нь манай эхнэр мэдээд уурлаад өнөөдөр цагдаагийн газарт хандаж байна. Ч.О ах миний нүүр хэсэг рүү гараараа цохисны улмаас миний үүдэн нэг шүд хугарч унасан, уруул язарсан, хугарсан нүдний хажуу талын шүд хөдөлсөн, баруун шанаа бага зэрэг шалбарсан, баруун нүд бага зэрэг хөхөрсөн, миний нүдний хөх арилсан. Надад шалтгаан гэх зүйл байгаагүй, юу хийж яваа писда минь гэж хэлээд шууд зодсон, өмнө маргалдаж муудалцсан асуудал байхгүй, өр, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би болон З.Б ах Ч.Ог цохиж зодоогүй, харин салгасан. Би болон Ч.О ах нэлээн согтуу байсан. Ч.О ах ганцаараа явж байсан. Миний биед өмнө ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй, одоо биеийн байдал гайгүй байгаа. Би нутгийн хүн учир дараа учир зүйгээ олох байх гэж бодоод цагдаад хандаагүй, энэ хооронд Цэнхэр суманд 3 хоноод, дараа аймагт гэртээ ирээд гэрээсээ гараагүй. Ч.О ахтай өнөөдөр таараад уулзсан чинь цагдаагийн байгууллагад битгий өгөөрэй, ах нь завгүй байна, завтай болохоороо шүдийг чинь янзлаад өгье гэж надаас гуйсан, ахыгаа уучлаарай ах нь нэлээн согтуу явсан байна лээ гээд уучлалт гуйсан.  Би Ч.Ог сайн анзаарч хараагүй учир мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.О ахтай дараа нь учир зүйгээ олчихно гэж бодож байна. Эхнэр уурлаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/

 

*Гэрч Х.Уийн өгсөн:

“...Манай нөхөр Т.Ж нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 01-07 тоот гэрээсээ үсээ засуулна гэж гараад тухайн өдрөө ирээгүй, үдээс  хойш 15 цагийн үед байх над руу залгаснаа би хүнд зодуулчихлаа гэж утсаар ярьсан. Нэлээн согтуу байсан хэнд зодуулсан талаар асуухад юм хэлэхгүй утсаа тасалсан, тэгээд тэр өдрөө Цэнхэр сум яваад 3 хоноод гэртээ ирэхээр нь харсан чинь уруул нь язраад яршсан, үүдэн дээд шүд нь уначихсан байсан. Тэгээд хэнд зодуулсан бэ гээд асуусан чинь хэлэхгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад өргөдөл өгүүлсэн. Өөрөө зодуулсан хүнээ мэдэж байгаа. Манай нөхрийн уруул нь язраад, үүдэн дээд 1 шүд нь унасан байсан шанаанд нь бага зэрэг зулгарсан байсан, нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан бөгөөд хөхрөлт нь арилж бүдгэрсэн. Манай нөхрийн биед ямар нэгэн шарх, сорви байгаагүй. Манай нөхөр тухайн зодуулсан өдрөө яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй учрыг нь мэдэхгүй байна. Би цагдаагийн байгууллагад хандаж шүдээ янзлуул гэж хэлээд өргөдөл гаргуулсан. Өөрөө болохоор лай лай гээд байсан. Манай нөхөр нэлээн согтуу яриад байсан, би олон юм яриагүй утсаа салгасан. Би нөхөртэйгөө гэр бүл болоод 12 жил болж байна, манай нөхөр архи уудаг, хааяа гэртээ агсраад байхаар нь дуудлага өгчихдөг байсан, архи уусан үедээ араншин муутай хүн байгаа юм. Эрүүл үедээ даруухан байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Гэрч З.Бы өгсөн:

“...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас аймгийн төвд хувийн ажлаар ирээд ойр зуурын ажил амжуулаад гэр рүүгээ буцах замд Аймгийн Донойн хонхорт Т.Ж архи уучихсан согтуу ганцаараа явж байсан. Тэгээд би амар мэнд мэдэлцээд байж байхад Ч.О мотоциклтэй ирээд мэндийн зөрүүгүй Т.Жийг эхлээд нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиод газарт унагаасан. Энэ хооронд би салгасан хоёулаа барьцалдаад зууралдаад байсан тэгээд салгасан. Ч.О бас нэлээн согтуу байсан. Тэгээд би больцгоо гэж хэлээд тэр 2-ыг үлдээгээд яваад өгсөн. Миний дараа юу болсныг мэдэхгүй байна. Зодоон болсоны дараа Т.Жийн амнаас цус нэлээн гараад байсан, Ч.Огийн биед бэртэл гэмтэл харагдаагүй. Ч.О нь архи уухаараа араншин муутай хүн, хүн рүү үсчиж дайраад байдаг болохоор нь над руу дайрах байх гэж бодоод яваад өгсөн. Зодоон болохоос өмнө Т.Жтэй уулзахад биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан. Намайг уулзах үед шалтгаан гэх зүйл байгаагүй, өмнө нь ямар харилцаатай байсныг нь мэдэхгүй байна тухайн үед мэндийн зөрүүгүй шууд зодож эхэлсэн. Хэд хоногийн дараа Ч.Отай таараад Т.Жийг зодсон талаар хэлэхэд би тухайн үед нэлээн согтсон байна лээ, харин тиймээ зодчихсон байна лээ гээд гэж хэлсэн. Тэгэхээр болсон зүйлийг мэдэж байх шиг байна лээ.  Зодоон болох үед Т.Ж болон Ч.О нар хоёулаа нэлээн согтуу байсан, миний хэлж байгаа үгийг тоохгүй байсан. Чамд хамаагүй гээд байсан. Миний хэлж ярьж байсныг тоохгүй байсан. Би тухайн үед эрүүл байсан. Т.Ж Ч.О нартай нэг нутаг учир багийн мэднэ. Энэ 2 архи дарс уудаг,Т. Ж нь архи уусан ч мөрөөрөө яваад байдаг Ч.О нь архи уусан үедээ агсагнаад хэцүү хүн шүү дээ, хүнтэй маргалдаад, мууцалдах гээд байдаг, ширүүн, ууртай хүн гэж бодож байна. Амьдрал ахуй тал 2-лаа боломжийн амьдралтай, гэр бүлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг. Энэ 2 бие биеэ сайн мэдэх учиртай хүмүүс байгаа гэж бодож байна. Ч.О ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/

 

*Гэрч М.Өийн өгсөн:

“...Би Т.Жтэй 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үдээс хойш 15 цагийн үед санагдаж байна орой болоогүй байсан. Би тухайн үед цаг хараагүй намайг Цэнхэр сумын төвд байхад Т.Ж нь над руу утсаар яриад би хүнд зодуулчихлаа намайг янгиртай хясаанаас ирээд аваадах гэж залгаад би мотоциклоор Янгиртай хясаан дээр ирэхэд Т.Ж явган явж байсан бөгөөд замын машинд суугаад сая буучихлаа гэж байсан.  Тэгсэн нүүр хэсэг нь цус болчихсон үүдэн нэг шүд нь уначихсан байсан, нэлээн согтуу байсан. Тэгээд Цэнхэр сумын төв оруулж өгөөд би гэр рүүгээ харьсан. Би Т.Жээс хэнд зодуулсан талаар асуухад хэлэхгүй байсан. Би ямар хүнд зодуулсныг нь мэдээгүй. Тэгээд намайг цагдаагаас дуудаад байна гэж асуусан чинь Ч.Од зодуулсан гэж хэлсэн.  Тухайн үед Т.Жтэй уулзахад нүүр хэсэг нь нэлээн цус болчихсон, үүдэн дээд нэг шүд уначихсан шүд нь онгорхой байсан. Өөр нүдэнд харагдахаар содон шарх анзаарч хараагүй. Т.Ж, Ч.О нар архи уудаг, согтуу үедээ энэ 2 тавтиргүй зантай хүмүүс байгаа юм. Би хамт архи ууж байсан, архи ууж байхад хэцүү, хүнийг өдөж хоргоодог, агсамнаад байдаг, өөр зүйлийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

*Гэрч Г.Ггийн өгсөн:

“...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Донойн гудамжинд дэлгүүр орох гээд алхаж явахад Ч.О нь мотоциклтэй ганцаараа явж байсан бөгөөд амар мэндээ мэдэлцээд дэлгүүрийн хажууд зогсоод танихгүй хүнтэй мэнд мэдээд байсан. Тэгсэнээ хоорондоо маргалдаад ноцолдоод байж харагдсан. Бие нэгнийхээ хувцсыг зуураад авчихсан харагдсан. Ч.О архи уучихсан согтуу байсан, тэгээд би яваад өгсөн. Ч.О тэнд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад, зууралдаад байсан, би бие биеэ цохисон эсэхийг мэдэхгүй байна. Согтуу хүмүүс байсан болохоор айгаад яваад өгсөн. Зодоон болох үед 3 хүн байсан. Ойролцоо хүмүүс байсан бөгөөд анзаарахгүй хажуугаар нь гараад яваад байсан. Согтуу хүмүүс байсан болохоор ойртохгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

 

*Яллагдагч Ч.Огийн өгсөн:

  “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна. Дахин ийм асуудалд холбогдохгүй байж чадна...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаартай“...Т.Жийн биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүд унасан, 2 дугаар шүд бага зэрэг хөдөлсөн, доод уруулын дотор салст, уруулын гадна хэсэгт язарсан шарх, баруун зовхины дээд ирмэгт цус хуралт, баруун хацрын дээд хэсэг, духны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун дээд үүдэн 1 дүгээр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхины дээд ирмэгт цус хуралт, баруун хацар, духны зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Доной хонхор гэх газар иргэн Т.Ж нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.О үйлдсэн болох нь хохирогч Т.Жийн”...З.Б гэх нутгийн хүнтэй таараад хамт Донойд алхаж явтал нутгийн ах Ч.О мотоциклтэй согтуу ирээд мэндийн зөрүүгүй ална тална гэснээ шууд миний шанаа хэсэг рүү гараа атгаад цохисон тухайн үед газарт унасан. Мөн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна би согтуу байсан, тэгээд хамт явж байсан З.Б ах намайг салгасан. Цэнхэр сумын төв явсан. Тухайн үед дараа учир зүйгээ ололцох байх гээд цагдаагийн байгууллагад хандаагүй, дараа нь манай эхнэр мэдээд уурлаад өнөөдөр цагдаагийн газарт хандаж байна. Ч.О ах миний нүүр хэсэг рүү гараараа цохисны улмаас миний үүдэн нэг шүд хугарч унасан, уруул язарсан, хугарсан нүдний хажуу талын шүд хөдөлсөн, баруун шанаа бага зэрэг шалбарсан, баруун нүд бага зэрэг хөхөрсөн, миний нүдний хөх арилсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Уийн”...Манай нөхөр Т.Ж нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 01-07 тоот гэрээсээ үсээ засуулна гэж гараад тухайн өдрөө ирээгүй, үдээс  хойш 15 цагийн үед байх над руу залгаснаа би хүнд зодуулчихлаа гэж утсаар ярьсан. Нэлээн согтуу байсан хэнд зодуулсан талаар асуухад юм хэлэхгүй утсаа тасалсан, тэгээд тэр өдрөө Цэнхэр сум яваад 3 хоноод гэртээ ирэхээр нь харсан чинь уруул нь язраад яршсан, үүдэн дээд шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Бы”...Тэгээд би амар мэнд мэдэлцээд байж байхад Ч.О мотоциклтэй ирээд мэндийн зөрүүгүй Т.Жийг эхлээд нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиод газарт унагаасан. Энэ хооронд би салгасан хоёулаа барьцалдаад зууралдаад байсан тэгээд салгасан. Ч.О бас нэлээн согтуу байсан. Тэгээд би больцгоо гэж хэлээд тэр 2-ыг үлдээгээд яваад өгсөн. Миний дараа юу болсныг мэдэхгүй байна. Зодоон болсоны дараа Т.Жийн амнаас цус нэлээн гараад байсан, Ч.Огийн биед бэртэл гэмтэл харагдаагүй. Ч.О нь архи уухаараа араншин муутай хүн, хүн рүү үсчиж дайраад байдаг болохоор нь над руу дайрах байх гэж бодоод яваад өгсөн. Зодоон болохоос өмнө Т.Жтэй уулзахад биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Өийн”...Би Т.Жтэй 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үдээс хойш 15 цагийн үед санагдаж байна орой болоогүй байсан. Би тухайн үед цаг хараагүй намайг Цэнхэр сумын төвд байхад Т.Ж нь над руу утсаар яриад би хүнд зодуулчихлаа намайг янгиртай хясаанаас ирээд аваадах гэж залгаад би мотоциклоор Янгиртай хясаан дээр ирэхэд Т.Ж явган явж байсан бөгөөд замын машинд суугаад сая буучихлаа гэж байсан.  Тэгсэн нүүр хэсэг нь цус болчихсон үүдэн нэг шүд нь уначихсан байсан, нэлээн согтуу байсан. Тэгээд Цэнхэр сумын төв оруулж өгөөд би гэр рүүгээ харьсан. Би Т.Жээс хэнд зодуулсан талаар асуухад хэлэхгүй байсан. Би ямар хүнд зодуулсныг нь мэдээгүй. Тэгээд намайг цагдаагаас дуудаад байна гэж асуусан чинь Ч.Од зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Ггийн”...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Донойн гудамжинд дэлгүүр орох гээд алхаж явахад Ч.О нь мотоциклтэй ганцаараа явж байсан бөгөөд амар мэндээ мэдэлцээд дэлгүүрийн хажууд зогсоод танихгүй хүнтэй мэнд мэдээд байсан. Тэгсэнээ хоорондоо маргалдаад ноцолдоод байж харагдсан. Бие нэгнийхээ хувцсыг зуураад авчихсан харагдсан. Ч.О архи уучихсан согтуу байсан, тэгээд би яваад өгсөн. Ч.О тэнд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад, зууралдаад байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ч.Огийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 168 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Огийн хүний биед биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүд унасан, 2 дугаар шүд хөдөлсөн, доод уруулын дотор салст, уруулын гадна хэсэгт язарсан шарх, баруун зовхины дээд ирмэгт цус хуралт, баруун хацрын дээд хэсэг, духны баруун дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Огийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Ж, шүүгдэгч Ч.О нар нь хохирол төлбөрийн талаар эвлэрсэн талаар бичгээр хүсэлт ирүүлсэн бөгөөд хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй тул хохирогч Т.Ж нь өөрт учирсан хохирлын нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Шүүгдэгч Ч.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Ч.О нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ч.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Од эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

             1.  Шүүгдэгч У овогт Чгийн Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ог 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Ж нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

             5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР