Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.О****** даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б*****

улсын яллагч Т.Н********

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* О******* холбогдох эрүүгийн 2231000000029 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 2* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, * хамт Ула хот Сонгинохайрхан дүүрэг * дүгээр хороо * тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй,

******* овогт ******* *******, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "К**” бааранд үл таних Ц.А*******  маргалдаж нүүрэн тус газарт нь мөргөж биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ

Шүүгдэгч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... манай найз Б******* нь Г ахын хамт баарнаас жаахан зайдуу юм яриад зогсож байсан бөгөөд Т бид 2 баарны яг гадна талд Г ахтай хамт явж байсан 2 ахаас уучлалт гуйсан чинь “та нар шиг банди нар бол хорвоогоор дүүрэн, нохой шиг зодно шүү” гэж хэлээд Нар гэдэг ах миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би “яагаад байгаа юм бэ болиоч” гэж хэлээд улаан куртик өмссөн А ахын нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн чинь над руу тоосго бариад цохих гээд дайрахаар нь цаашаа зугтаагаад явсан. Түүний дараа Цагдаагийн алба хаагчид ирээд бид нарыг түр саатуулсан юм. ...Би К* нэртэй бааранд орохоос өмнө 2 лааз пиво уугаад бааран дотор бол 0.5 литрийн архийг Б*******, Т бид 3 хувааж уусан. Би ухаан санаа эрүүл саруул, биеэ удирдан жолоодож явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Аын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим найз Нар, Г нарын хамт Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “К*" баар луу үйлчлүүлэх гэж орсон. ...Тэгээд удалгүй баарнаас гарах гэж байтал манай найз Г надад нэг залууг заагаад энэ залуу сая нэг эмэгтэйг өдөж хоргоогоод байхаар нь би “наадах чинь хүчирхийлэл шүү” гэж хэлтэл надтай маргалдсан гэж хэлсэн. Тэгээд бөөндөө баарнаас гараад манай найзтай маргалдаад байсан залуу хамт явж байсан хүмүүстэй нь учир зүйгээ олж байтал Гтай маргалдсан гэх залуу доор шатнаас өгсөж ирээд миний цээж рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би “чи одоо яагаад байгаа юм бэ? ахын дүү одоо боль” гэж хэлтэл “за ахаа гээд уучлаарай” гээд гар барих гээд гараа өгөхөөр нь би гар барьтал миний гараас шууд татаад толгойгоороо миний хамар луу мөргөчхөөд шатнаас уруудаад шууд зугтаасан. Тэгээд эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг тур саатуулсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/,

Гэрч Д.Гын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд байж байтал тухайн баарны залуу ирээд “ахаа уучлаарай манай ах нар байгаа юм” гэхээр нь би “өөрийг нь ирээд уучлалт гуй гэж хэлчих би ямар нэгэн асуудал тарихгүй” гэсэн. Тэгээд миний толгой түлхсэн залуу манай ширээн дээр ирээд “ахаа баарнаас гарч учраа ольё” гэхээр нь бид найзуудаа дагуулаад хамт гарсан. Тэгээд бид 2 баарнаас гараад бид 2 жоохон зайд уу газар зогсоод хэл амаараа учраа олоод нэг нэгнээсээ уучлалт гуйгаад буцаад шат руу ирж байтал надтай хамт байсан залуугийн найз нь манай найз Аын хамар луу мөргөчихөөд шатнаас буугаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/,

Гэрч Б.Нарын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Би Аын хамт баарны гадна зогсож байтал зүс таних нэг эрэгтэй ирээд Аын цээжин тус газарт мөргөчхөөд зугтаагаад явсан. А бид 2 араас нь дуудаад “хүрээд ирээ зүгээр ярилцъя” гэж хэлээд дуудсан чинь нөгөө залуу ирээд А******* гар бариад гарнаас нь татаад нүүрэн тус газар нь мөргөсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/,

Гэрч Г.Тын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...******* бид хоёр нөгөө хоёр ахтай уулзаж уучлал гуйтал. Тухайн хоёр ах нь ******* луу ёс бус үг хэлээр харааж давшлаад шилэн хүзүүнээс нь татаж ноцолдсон. Тэгсэн чинь ******* тухайн үл таних Аыг 1 удаа цээж хэсэгт нь мөргөөд цааш түлхсэн. Тэгтэл ******* луу дахин дайрахад нь дахиад нэг мөргөтөл нүүр хэсэгт нь мөргөсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Гэрч Г.Б*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Түүний дараа ах бид хоёр найзуудаа аваад явъя гэж яриад алхаад очиж байтал ******* нэг ахын нүүр хэсэг рүү мөргөж харагдсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.*******ын биед хүзүүнд бүдэг улаан өнгийн зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ц.Аын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлттай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 22-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 50-59 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 45-46 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 39-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 64-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "К*” шөнийн цэнгээний гадна үл таних Ц.А******* маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь мөргөж биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт,  зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь   

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Гтай маргалдсан гэх залуу доор шатнаас өгсөж ирээд миний цээж рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би “чи одоо яагаад байгаа юм бэ? ахын дүү одоо боль” гэж хэлтэл “за ахаа гээд уучлаарай” гээд гар барих гээд гараа өгөхөөр нь би гар барьтал миний гараас шууд татаад толгойгоороо миний хамар луу мөргөчхөөд шатнаас уруудаад шууд зугтаасан...” гэх мэдүүлэг,     болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч шүүгдэгч нар бичгээр тохирон нотариатаар батлуулсан гэрээ,  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн“...Ц.Аын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлттай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,   зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.О*үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Ц.А нь шүүгдэгч *******аас 2.600.000 төгрөг нэхэмжилж уг мөнгийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлж нотариатаар батлуулсныг шүүгдэгч хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн байна гэж үзэв.

Хохирогч нь хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.    

Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *овогт * О*г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О* 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.От* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Шүүгдэгч Б.О*р нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ц.А* нь өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Б.О*нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ