Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

                                     2021/ШЦТ/116

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Б.Оцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: С.Бичинхүү

Иргэдийн төлөөлөгч: П.М

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Обуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Од холбогдох эрүүгийн 1912002500016 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ........................ гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Монгол овогт Бгийн О/РД:АБ...................../

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод баг “Цохио” гэх газарт оршин суух гэртээ хамт архидан согтуурсан амь хохирогч Б.Аатай “гэрт шоронгийн тухай ярьлаа” гэх шалтгаанаар маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэн, баруун нумны хугарал, хүзүүний 6/7 дугаар нугалмын хугарал, мултрал” бүхий хүнд хохирол учруулсан, уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.Аа нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 

          *Эрүүгийн 1912002500016 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Згийн өгсөн:

“...Миний аав Б.Аа нь хувиараа надтай хамт авто засвар хийдэг байсан юм. 2019 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн найз Гтайгаа хамт булган сум руу айлд очоод ирье гэж надад хэлээд нэг залуугийн хөх өнгийн портер маркийн машинд суугаад 3-уулаа 14 цагийн орчимд явсан. Тэр шөнөө аав гэртээ ирээгүй бөгөөд маргааш өглөө нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр аав ирсэн байна гэж сонсоод эмнэлэг дээр иртэл хүлээн авахын өрөөнд хоёр мөрнөөс доош мэдээгүй, хүзүүний ар хэсэгтэй  том овойсон байдалтай аав хэвтэж  байсан. Аав өөрөө бага зэрэг согтуу, архи үнэртүүлсэн байсан. Аймгийн эмч нар хэлэхдээ архины шок байна гээд байсан. Харин мэдрэлийн эмч үзээд шууд Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн. Аймгийн рентгений эмч нар зураг аваад хүзүүний хугарлыг нь олж чадаагүй байсан. Тэгээд 2019 оны 04 сарын 17-ны 14 цагийн үед Улаанбаатар хот руу аавыг авч яваад 3 дугаар эмнэлэгт үзүүлтэл Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл хүзүү хугарсан байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Аавын хүзүүний зургийг авхуултал хүзүүний 5, 6-р үе мултарсан, хугарсан байдалтай байна, мэдрэлийн судас нугас дарсан байна гэж хэлсэн. Эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчилгээ хийлгээд нугас чөлөөлөх хагалгаа, мултарсан хүзүүг хадах хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болж 3 хоног эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2019 оны 04 сарын 25-ны өглөө 06 цагийн үед аав нас барсан. Миний аав амьд сэрүүн байхдаа анх хэлэхдээ Булган суманд хөдөө айлд байхдаа орноос унасан гээд байсан. Сүүлдээ бие нь муудаад ирсэн бөгөөд хагалгаанд орохынхоо өмнө миний хүзүүг О гэдэг залуу дээрээс дарж мушгиж байгаад гэмтээсэн тэр залууд миний хүзүүг гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэр залуу өөрөө ч хүлээн зөвшөөрсөн гэж гэж хэлсэн. Би тэр яриаг нь утсан дээрээ бичээд авчихсан байгаа. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргуулахаар өгөх болно. Би 2019 оны 04 сарын19-ний өдөр Э эгчийн хамт аавын гэмтсэн газар болох Архангай аймгийн Булган сумын нутагт О гэдэг  айлын гэрт очсон. О гэдэг  ах надад хэлэхдээ танай аавтай хамт архи уугаад тасраад унтсан. Намайг сумын төв рүү явах гэтэл танай аав араас гарж ирээд  дагаад байхаар нь би унтуулах гэж 2, 3 удаа дарж авсан. Тэр үед танай аав надад хэлэхдээ миний хүзүү эвгүй болчихлоо гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тийм болохоор Б.О гэдэг хүн миний аавд үхэлд хүргэх гэмтлийг учруулсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна. Би аавын эмчилгээнд зарцуулсан мөнгө болон оршуулгын зардлыг нэхэмжлэх болно. Одоогоор хэдэн төгрөг болохыг тооцоогүй байна. Миний аав Б.Аа нь 1969 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн. 3 хүүхэдтэй айлын хамгийн том хүүхэд бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж өссөн. Бүрэн дунд боловсролтой бөгөөд Архангай аймгийн 2 дугаар сургууль, Мэргэжил сургалтын төв зэргийг төгсөж байсан. Цэргийн алба хаагаагүй. Миний ээжтэй 1992 оны орчимд гэр бүл болсон гэдэг бөгөөд 3 хүүхэдтэй. Би айлын том хүүхэд миний доор 2 дүү байгаа. Миний аав Архангай аймгийн Хүнсний үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд үйлдвэр хаагдсаны  дараа хувиараа такси болон авто засвар ажиллуулдаг байсан. Зан байдлын хувьд  даруухан  төлөв, хүнтэй эвтэй, мөрөөрөө, элдэв буруу ааш  авиргүй хүн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хааяа уучихдаг бөгөөд уухаараа  амархан  согтчихдог байсан. Талийгаач нуруу өвдлөө гэж л ярьдаг байсан. Өөр өвчин зовуурь нээх ярьдаггүй байсан…’’мэдүүлэг/1-р хх-ийн 41-43  дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...Миний нөхөр Б.Аа нь 2019 оны 04сарын 16-ны өдөр 10 цагийн үед намайг гэрээс гарахад гэртэй үлдсэн. Би орой 18 цагийн үед гэртээ иртэл нөхөр гэртээ байхгүй байсан. Орой 21 цагийн Б гэдэг ченжийн гэрээс над руу утсаар яриад энэ согтуу  хүнээ ирж ав, орилоод байна гэж  хэлсэн. Би Б.Аыг архиа гаргахаар хүрээд ирэх байх гэж бодоод Бгийн гэр рүү явалгүй унтаад өгсөн. Тэгтэл Б.Аа шөнөө гэртээ ирээгүй бөгөөд маргааш өглөө нь буюу 2019 оны 04 сарын 17-ны өглөө 05 цагийн  үед  Болдын гэрээс дахин утсаар яриад Б.Аыг ирж ав гэж хэлхээр нь  яваад очтол Б.Аа нь Бгийн гэрт газар хэвтэж байсан. Б.Аыг гэртээ харья гэтэл би явж чадахгүй байна миний хөл хөдлөхгүй байна гээд байсан. Би Б.Аыг   худлаа яриад бай гэтэл би худлаа яриагүй би хөл гараа хөдөлгөж чадахгүй байна 103 дуудаад өг гээд байсан. Тэгтэл  Б.Аа  нь Г гэдэг найзтайгаа Булган сум руу айлд очиж архи уугаад шөнөө ирж Бгийн гэрт хоносон байсан. Тэгээд 103-т дуудлага өгтөл эмч ирж үзээд шууд  эмнэлэг рүү аваад явсан. Аймгийн эмнэлэг дээр өглөөний 08 цагийн үед иртэл нэг шар үстэй эмэгтэй эмч үзээд Б.Аыг орон дээр хэвтүүлсэн байхад гараас нь татуулж босгож ирүүлтэл Б.Аын хүзүүний ард овойгоод байсан. Тэгээд буцаж хэвтүүлээд дахин босготол хүзүүнд овойсон зүйл алга болчихсон. Тэгтэл мэдрэлийн эмч орж ирж үзээд мэдрэлгүй байна шууд хот руу яв гэж хэлсэн. Б.Абн биед эмч нар үзлэг хийгээд рентген зураг авах  гэж нэлээн үзээд зураг нь тодорхой гарахгүй байна гээд байсан. Тэгээд 14 цагийн үед хот руу явах бичиг хийлгэж аваад хувийн машинаар Б.Аыг хэвтүүлээд хот руу авч явсан бөгөөд Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт үзүүлэх бичгийг аймгийн эмнэлгээс хийж өгсөн учир 3 дугаар эмнэлэгт үзүүлтэл Гэмтлийн эмнэлэг рүү бид нарыг явуулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд яаралтайгаар рентгенд харуултал хүзүүний 5, 6-р үе мултарсан, хугарсан байдалтай байна, мэдрэлийн судас нугас дарсан байна гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчилгээ хийлгээд нугас чөлөөлөх хагалгаа, мултарсан хүзүүг хадах хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болж 3 хоног эмчилгээ хийлгэсэн бөгөөд хагалгааны хүндрэл болон өмнөх суурь өвчнүүдээ даалгүй 2019 оны 04 сарын 25-ны өглөө 06 цагт нас барсан. Талийгаач өмнө нээх өвчин зовлон яриад байдаггүй элэгний вирустэй л байсан. Талийгаач хагалгаанд орохынхоо өмнө ярихдаа О гэдэг Булган сумын хүн миний хүзүүг эвгүй болгосон. Яг яаж эвгүй болсныг мэдэхгүй байна. Би Од чи миний хүзүүг эвгүй болгочихсон гэж хэлсэн гэж яриад байсан. О гэдэг хүнтэй миний А.З очиж уулзсан бөгөөд танай аавыг унтуулах гэж газар хэд хэд дарж авсан гэж хэлсэн байсан. Б.О гэдэг хүнд маш их  гомдолтой байна. Миний нөхөр Б.Аа нь 1969 оны 05сарын 30-ны өдөр Архангай аймгийн төвд төрсөн өвөө, эмээтэйгээ бага насаа өнгөрүүлсэн бөгөөд доороо 2 дүүтэй айлын том хүүхэд байсан. Булган сум болон аймгийн төвийн 2, 3 дугаар сургуульд сурч 8 дугаар ангийг төгсөөд Угтаалын сангийн аж ахуй тэймсийг трактор, сан техникч мэргэжлээр төгссөн. Б.Аа бид хоёр 1991 онд гэн бүл болж  тэрнээс хойш 3 хүүхэдтэй болсон. Том хүү А.З  1991 онд, дундах хүүхэд А.Золжаргал 1994 онд, бага охин А.А 1997 онд төрсөн. Б.Аа нь аймгийн төвд таксинд явдаг байсан бөгөөд сүүлийн үед авто засварыг хүүтэйгээ хамт гэрээрээ хийдэг байсан. Зан байдлын хувьд даруухан, огцом уур ааш байхгүй, хүнтэй нийцтэй, найз нөхөд ихтэй хүн байсан.  Архи уудаг байсан гэхдээ агсам согтуу тавиад байдаггүй байсан. Уухаараа сүүлийн үед жоохон яриа болчихсон байсан. Талийгаач залуу байхдаа шарлаж байсан, тэрнээсээ элэгний өөрчлөлтэй болсон байсан, нуруу нь өвддөг байсан. Өөр өвчин зовуурь ярьдаггүй байсан…’’ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 дугаар тал/

 

*Гэрч Ү.Эн өгсөн:

“...Би Б.О гэдэг хүнийг танихгүй. Талийгаач Б.Аа нь миний төрсөн эгчийн хүүхэд болохоор надтай ойрхон төрөл садангийн холбоотой. Би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 04 сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд эмнэлгийн нэг давхарт мэдрэлийн тасгийн хажуугаар гартал миний дүү Б.Аа нь насилик дээр хэвтчихсэн байсан, хажуу талд нь эхнэр хүүхэд нь болон найз нөхөдүүд нь ирсэн байсан. Би юу  болсон талаар асуутал Б.Аын эхнэр надад хэлэхдээ мөрнөөс доош бие нь бүхэлдээ мэдээгүй болчихлоо гэж хэлсэн. Би Б.Ааас юу болсон юм бэ гэж асуутал Б.Аа өөрийн ухаантай байсан бөгөөд би юмнаас уначихсан гэж надад хэлсэн. Б.Аын нуруу өвддөг байсан болохоор унаад мэдрэлгүй болчихсон юм байх гэж бодсон. Тэгээд Б.Аыг Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн байсан бөгөөд удалгүй машинаар хот руу явсан. Маргааш өдөр нь Б.Аын эхнэр над руу яриад Г гэдэг хүнтэй хамт Булган сум руу явсан тэр хүнийг олоод уулзаадах гэж хэлсэн. Би Г гэдэг хүнтэй 2019 оны 04 сарын 20-ны орой уулзтал Г надад хэлэхдээ би Булган сумаас айлаас мах авсан юм. Аа надтай хамт явсан гэж хэлсэн.О гэдэг айлд очоод Б.Аыг унтуулаад цаашаа айл руу явж махаа авчихаад буцаж Б.Оын  гэрээс  Б.Алтантулыг аваад аймгийн төвд ирсэн. Махаа авчихаад  ирэх үед Б.Аа архи уугаад  тасарчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд Б.Аын хүү А.Згийн хамтаар Г жолооч нарыг дагуулан Б.О гэдэг айлд очсон. Б.О гэдэг хүнтэй уулзтал манай гэрийн баруун талын орон дээр Б.Аа гуай согтуу унтаж байсан, янз янзын юм яриад байхаар нь би унтуулах гэж 2, 3 удаа дарсан, өөр гар хүрээгүй, Б.Аа гуай өөрөө гэрийн гадаа унаж тусаад байсан. Б.Аа гуай гэрийн гадна унтаад өгөх шиг болсон учир дээрээс нь дээл тавьчхаад сумын төв рүү явсан, сумын төв ороод цагдаад манай гэрийн гадна согтуу хүн унтаж унтаж байгаа шүү гэж хэлсэн гэж яриад байсан. Би тэр Б.О гэдэг хүнээс чи яагаад цагдаад хэлсэн юм бэ гэж асуутал Б.Аа өөрөө надтай ноцолдож байгаад хүзүү эвгүй болчихлоо гээд байсан болохоор цагдаад хэлсэн гэж  ярьж байсан. Би Б.Оаа чи архи уусан байхдаа Б.Аыг хүзүүг дарчихсан юм биш үү гэж асуутал үгүй гээд байсан. Тэр үед Б.Оын эхнэр ярихдаа Д ах манай гэрт согтуу байсан гэж ярьж байсан. Би тэр хүмүүст Б.Аа одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна, хүзүүний хүнд гэмтэлтэй байна, биеийн байдал хүнд байгаа, халгаанд орох гэж байна, амь нас аюултай гэж эмч хэлсэн гэдгийг мэдэгдсэн.Тэрний дараа буюу 2019 оны 04 сарын 25-ны өдөр Б.Аа Гэмтлийн эмнэлэгт нас барсан байсан. Миний дүү Б.Аа 1964 оны 05 сарын 30-ны өдөр аймгийн төвд төрсөн бөгөөд бид 2 багаасаа нэг гэрт өссөн. Б.Аа  нь  эмээ, өвөө 2 дээрээ өссөн бөгөөд аймгийн төвийн 2 дугаар сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Төв аймгийн Угтаалын тэймсийг төгсөөд аймгийн хүнсний үйлдвэрт нэлээн хэдэн жил ажилласан. Тэгээд хувиараа ажил төрөл хийж  амьдардаг байсан. 1991 онд гэр бүлтэй болж 3 хүүхэдтэй болсон. Нас барахаасаа өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 баг, Цагаан даваа хороололд  эхнэр хүү, охины хамт амьдардаг байсан. Зан байдлын хувьд архи л  уудаг болохоос өөр ямар нэгэн буруу зан аашгүй хүн байсан. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, согтсон ам нь том том яриа яриад байдаг байсан. Улсаас авсан ял шийтгэл, шагнал байхгүй. Талийгаач хэдэн жилийн  өмнө элэг өвдлөө гэж ярьдаг байсан. Элэгний вирустэй гээд эмчилгээ хийлгээд байдаг байсан сүүлийн хэдэн жил элэгний талаар өвчин яриагүй, нурууны суулттай гээд нуруу өвдлөө гэдэг байдаг байсан. Өөр ямар нэгэн өвчин зовуурьгүй байсан…’’гэх мэдүүлэг /1-p хх-ийн 48-50 дугаар тал /

 

*Гэрч А.Аын өгсөн:  

“...2019 оны 04 сарын 17-ны өглөө 06 цагийн орчимд гэртээ унтаж байтал миний гар утас дуугарсан. Би утсаа автал ирж аавыгаа аваарай гэж хэлээд гэрийн хаягаа хэлсэн. Тэгээд ээж аавыг авах  гээд утсаар ярьсан айл руу явсан. Би хэн гэдэг хүн утсаар ярьсныг мэдээгүй. Би өглөө 10 цагийн үед гэрээсээ гарж явсан бөгөөд аав, ээж 2 гэртээ ирээгүй байсан. Тэгтэл өдөр 14 цагийн үед  ээж над руу  утсаар яриад аавын чинь бие мэдээгүй болсон байна хот руу заавал яв гэнээ бид нар хот руу явлаа гэж хэлсэн. Би гэрээ сахиад үлдсэн. Маргааш өдөр нь утсаар ярьтал аавын хүзүү хугарсан байна удахгүй хагалгаанд орно гэж хэлсэн. 2019 оны 04 сарын 21-ний өдөр над руу утсаар яриад аав чинь маргааш хагалгаанд орно, хагалгаагаа дийлэхгүй байж магадгүй ирж уулз гэхээр нь би хот руу очиж аавтай уулзтал толгой хүзүүндээ юм зүүсэн эмнэлэгт хэвтэж  байсан бөгөөд надтай ямар нэгэн юм яриагүй. Би юу болсон талаар асуухад аавыг 2019 оны 04 сарын 16-ны өдөр өөрийн найз Гтайгаа хамт Булган сум  руу айлд очоод тэрнээс хойш ийм болсон гэж ярьж байсан. Булган суманд О гэдэг хүн унтуулах гэж дээрээс нь  дарсан байна гэж надад хэлсэн. 2019 оны 04 сарын 25-ны өдөр аав нас барсан. Миний аав намайг  жоохон байхад элэг өвдлөө гээд эмчилгээ хийлгэж байсан. Хааяа хүнд юм өргөхөөр нуруу өвдлөө гэж ярьдаг л байсан. Өөр өвчин зовлон ярьдаггүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 51-52 дугаар тал /

 

*Гэрч Ц.Дын өгсөн:

“...Б.Отай 2018 оноос анх танилцсан. Танилцаад Б.Оыг цалинжуулж өөрийн үхрээ  харуулж байсан. Талийгаач Б.Аыг Архангай аймгийн төвд амьдардаг, нийтийн худалдааны төв буюу аймгийн зах дээр бараа зардаг ажил хийдэг байсан болохоор таньдаг байсан. Б.О, Б.Аа нартай төрөл садангийн холбоо харилцаа байхгүй.  Би өөрийн эзэмшлийн 90 орчим тооны үхрийг Б.Оаар маллуулдаг бөгөөд Б.Оын гэр Архангай аймгийн Булган сумын төвийн хойд хэсэгт 2 орчим км зайд байдаг. Би өөрийн үхэртэй өвс өгөх гээд 2019 оны 04 сарын 14-ний  өдөр буюу бүтэн сайн өдөр аймгийн төвөөс өвс ачаад машинтай Б.Оын гэрт ирсэн. Би ногоон цэнхэр өнгийн Бонго Пронтер маркийн авто машинтай Б.Оын гэрт ирсэн. Намайг ирэхэд Б.О гэртээ байхгүй айл руу  явчихсан байсан. Эхнэр нь гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байсан. Би Б.Оын гэрт нэг хоноод малдаа өвсөө өгсөн бөгөөд маргааш орой нь буюу 2019 оны 04 сарын 15-ны орой гэгээ тасарч харанхуй болох гэж байхад Б.О гэртээ ирсэн. Би Б.Оын гэрт дахин нэг хоносон бөгөөд маргааш орой нь буюу 2019 оны 04 сарын 16-ны өглөө Б.Оын эхнэр Инвээ хүүхдүүдээ аваад өөрийнхөө цагаан өнгийн суудлын машинаа жолоодоод сумын төв явчихсан. Би Б.Отай хамт гэрт нь үлдсэн. Би аймгийн төвөөс Цагаан  нэртэй 0,75 литрийн нэг шил архи авч ирсэн байсан бөгөөд тэр архиа Б.Отай хамт юм ярингаа уусан. Архи уугаад 2, 3 хундага архи уусны дараа уг нутгийн хүн болох Түлхүүр гэх нэртэй залуу ганцаараа орж ирсэн. Тэгээд бид 3 архийг хувааж  уусан. Уугаад дуусах гэж байхад Б.Оын төрсөн дүү Т нь Б.Аа, Г гэдэг хүмүүсийн хамт 3-уулаа аймгийн  төвөөс машинтай ирсэн. Г нь хүнээс мал,  мах авах гэж ирсэн гэж ярьж байсан. Б.Аа ах нэлээн архи уусан бололтой согтуу байсан бөгөөд Б.Оын гэрт хэсэг сууж байснаа Г ахтай шоронгийн талаар яриад байсан. Тэр үед Б.О нь  уурлаад та 2 манай гэрт орж ирээд шорон ярилаа гээд байсан. Г ах юм дугарахгүй байсан. Б.Аа нь Отай үг хэлээрээ маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаж байсныг нь санахгүй байна. Тэр хоёрын маргаан нээх удалгүй дууссан. Тэгээд бид нар архиа ууж дууссан бөгөөд Г нь машинаас тал шилтэй архи гаргаж ирсэн. Би тэр архинаас ууж байтал Т, Г, Түлхүүр нар айлд очиж мал мах  авлаа гээд машинтай яваад өгсөн. Би Б.О, Б.Аа нартай гэрт үлдсэн. Б.Аа нь гэрийн баруун талын орон дээр хэвтэж босоод юм яриад байгаад  байсан. Би гэрийн зүүн талын орны өмнө газар суучихсан миний хажууд Б.О суучихсан архиа аягалж байсан. Бид 3 Ггийн гаргаж өгсөн  тал шил архийг хувааж уугаад дуусгасан. Би архи ууж байгаад гэрийн зүүн талын орон дээр гарж хэвтээд хэсэг унтсан. Намайг унтах үед гэрийн баруун талын орон дээр Б.Аа хэвтэж байсан тэгээд юм түжигнэх чимээ гарахаар нь сэртэл Б.Аа ах унтаж байгаад гэрээс гарч байгаа бололтой  гэрийн зуух, модны дөрвөлж нарыг биеэрээ мөргөж  налаад чимээ  гаргаад гэрээс гарж явсан. Би хэсэг хэвтэж байгаад гэрээс гартал гэрийн баруун урд хэсэгт Б.О, Б.Аа 2 газар суучихсан хоорондоо чи намайг дийлэхүү бандиа, гөлөг өө гээд нэг нэгэнтэйгээ  хэрэлдээд  байсан. Хэн нь яг юу ярьж маргалдаж байсныг нь санахгүй байна тийм үг хэллэг хэлээд маргаад байсан. Би тэр хоёроос бага зэрэг хол явж шээчхээд эргээд хартал Б.О нь Б.Аыг сууж байхад нь баруун хөлөөс нь өргөсөн. Тэр үед Б.Аа ар нуруу хэсгээрээ газар хэвтчихсэн байсан. Б.О сууж байгаад Б.Аын хөлийг өргөөд цээжин дээр нь дараад байсан. Тэгээд намайг  очиж байхад Б.Аыг Б.О босгож суулгаад хүзүүн  дээрээс нь гараараа бариад нааш цааш нь хөдөлгөөд байсан тэгснээ яг намайг очиход Б.Аыг  одоо  та унт их согтсон байна гэж хэлээд  цааш нь түлхсэн. Б.Аа газар хэвтээд өгсөн. Би Б.Аа ахыг босгох гээд цамцнаас нь татаж  босоорой гэтэл Б.Аа  ах  хэлэхдээ миний хүзүү жоохон эвгүй болоод  байна  би  унтлаа гэж хэлсэн. Би Б.Аа ахаа гадаа унтах хэрэггүй  гэрт орж унт  гэтэл би эндээ унтлаа гээд хөдлөхгүй хэвтээд байсан. Би Б.Од  аймгийн төв рүү  явлаа шүү  гэж  хэлчихээд  машинаа жолоодоод шууд  аймгийн  төв рүү явсан. Б.О малдаа  явлаа гээд гэрийн гадаа  үлдсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа Б.О над руу яриад манай гэрийн гадаа үлдсэн хүн бие нь муудаад аймгийн эмнэлэгт үзүүлээд хот руу явж  байгаа гэнээ  гэж  хэлсэн. 2019 оны 04 сарын 25-ны өдөр 10 цагийн үед Б.О над руу утсаар яриад нөгөө хүн чинь нас барчихсан гэнээ гэж хэлсэн. Бас намайг хүрээд ир үхрээ тоолж, эм тэмдэг хийнэ гэхээр нь 2019 оны 04 сарын 25-ны 15 цагийн үед Б.Оын гэрт ирсэн. Б.Аа Б.О юунаас болж  маргалдсаныг  мэдэхгүй байна. Хоорондоо гөлөг өө бандиа гээл хэрэлдээд байсан. Би 30 орчим минут унтчихсан юм шиг байна лээ. Гэхдээ  тодорхой сайн мэдэхгүй байна. Би архи уугаад нэлээн муудсан гэхдээ тасраагүй өөрийн ухаантай л байсан. Нэг хэсэг нойр хүрээд дуг хийсэн. Б.Аа  ах аймгаас ирэхдээ л  согтуу байсан. Бид нартай хамт архи уугаад  нэлээн их согтсон байсан. Б.О надтай адилхан архи уусан болохоор нэлээн согтсон байсан. Би Б.Оаар малаа харуулдаг болохоороо аймгийн төв явахаасаа өмнө нэг шил архи уучхаад явъя гэж  бодоод архи ууж байсан. Б.О, Б.Аа нар хэл амаар  маргалдаж байхад  нь би хажуу талаар нь гарж яваад шээчхээд эргээд хартал Б.О нь Б.Аыг дээш харуулсан нэг хөлийг дээш өргөөд дээрээс нь дараад буцааж буулгасан. Тэгээд Б.Аа өндийгөөд өөрөө босоод суусан бөгөөд Б.О Б.Аын хүзүүнээс  гараараа бариад нааш цааш хөдөлгөж байгаад цааш нь түлхээд газар  хэвтүүлсэн. Намайг унтаж байхад түжгэнэх чимээ  гараад би сэрсэн бөгөөд Б.Аа гуйваад гэрээс гарж байсан бөгөөд гэрийн голд байх зуух, зуухны хажууд байх модны төмөр дөрвөлжин сав зэргийг налаад мөргөөд хооронд нь харшуулж чимээ гаргаад хаалга онгойлгоод гарч явсан. Би хэсэг хугацаанд зүүрмэглээд буцаж сэрээд гэрээс гарсан. Б.Аа гэрээс гарсны дараа Б.О гэрт орж ирсэн эсэхийг би санахгүй байна. Би унтаж байгаад сэрээд гэрээс шууд гараад явсан. Зуух, дөрвөлж зэрэг зүйлс ямар байдалтай байсныг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 59-61 дүгээр тал/

 

*Гэрч Н.Уийн өгсөн:

“...Би гэртээ ганцаараа амьдарч байгаа бөгөөд эхнэр хүүхдүүд аймгийн төвд байдаг. Би малд явж байгаад өдрийн 14 цагийн үед Б.Оаас өөрийнхөө адууг асуух гээд гэрт нь ортол Б.О Д гэдэг хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Тэр архинаас Б.О надад хийж өгсөн бөгөөд бид 3 хундага архи уусан. Тэгээд сууж байтал 15 цагийн орчимд Т аймгийн төвөөс 2 танихгүй хүнтэй хамт орж ирсэн. Тэд нар айлаас үхрийн мах авах гэж ирсэн гэж ярьж байсан. Тэгээд Т машинаасаа тал шил архи оруулж ирээд бид нарт өгсөн. Ттай хамт явсан Г гэдэг хүн айлд очоод мах ачаад ирье гэхээр нь би хамт явсан. Тэгтэл Т УуГгийн гэрт яваад очсон бөгөөд үхрээ алаагүй байсан. Би мал руугаа явах гэтэл бүгдээрээ хурдан хугацаанд энэ 2 үхрийг янзалъя гэхээр нь би зөвшөөрч үхрийг алж янзлалцсан. Хоёр үхрийг их хурдан янзлаад буцаж Б.Оын гэрийн гадна нэг хүн унтаж байсан бөгөөд яваад очтол Ттай хамт аймгаас ирсэн хүн ганцаараа газар хэвтэж байсан. Б.Оын мотоцикль байхгүй байсан мөн Дгийн машин ч гэсэн байхгүй байсан. Би Б.Оын гэрийн гаднаас өөрийн мотоциклийг унаад шууд гэр рүүгээ явсан. Би Б.Оын гэрт ороогүй шууд гэр рүүгээ явсан. Намайг гэртээ очих үед цаг 17 цаг болж байсан. Миний мэдэх зүйл энэ л байна. Миний санаж байгаагаар Б.О нь надад хэлэхдээ Г гэдэг хүнийг ял эдэлж байсан хүн гэж ярьж байсан. Б.О нь аймгаас ирсэн хүмүүстэй хэл амаараа маргалдсан эсэх талаар мэдэхгүй байна. Яасан ч шоронгийн талаарх яриа тэр дунд гарсан. Б.О, Д болон аймгаас ирсэн талийгаач нар Б.Оын гэрт үлдсэн. Талийгаач ах Б.Оын гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Д хажуу талд нь сууж байсан Б.О гэрийнхээ хойморт сууж байсан. Талийгаач ах аймгийн төвөөс ирэхдээ архи уучихсан халамцуу яриа орчихсон ирсэн. Б.Оын гэрт орж ирээд жоохон архи уусан дунд зэргийн согтолттой л байсан. Б.О нь бага зэрэг халамцуу болсон яриа орчихсон согтолттой байсан. Өөрийн гэсэн ухаантай байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-65 дугаар тал/  

 

*Гэрч С.Бын өгсөн:

“...Би хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны үед шиг санагдаж байна, намайг гэртээ 18-19 цагийн орчимд гэртээ харьтал манай гэрт Б.Аа согтоод уначихсан байдалтай байж байсан. Тухайн үед манай гэрт Г, Т, Өнөржаргал, Аа нар байсан. Би гаднаас гэртээ ганцаараа очсон юм. Гантулга, Т, Өнөржаргал нар архи дарс уугаагүй байсан. Хоёрдугаар давхарт Өнөржаргал, Т нар байж байсан. Харин нэгдүгээр давхарт Г, Б.Аа нар байсан. Г нь Б.Аыг хараад сууж байсан. Г архи уугаад тасарсан хүнийг харах ямар хэцүү юм бэ гэж ярьж байсан. Тухайн хүмүүс хоорондоо хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн гэх шинжгүй байсан. Б.Аын биед ил харагдахаар гэмтэл байгаагүй. Харин Б.Аа өөрөө 4 мөчиндөө харвачихлаа гэх мэт зүйл яриад байхаар нь би түүнд хандаж харвасан хүн хэзээ ярьдаг байсан юм бэ гэж хэлсэн. Б.Аа миний хэлэхийг сонссон байх гэхдээ бол ухаангүй согтсон юм шиг л байгаад байсан. Б.Аа нь тухайн үед Г, Т нартай Архангай аймгийн Булган сум руу явчихаад ирсэн байсан. Т, Г нарыг Булган сум руу УуГ гэх залуугаас хоёр тооны үхэр авчруулахаар явуулсан. УуГ надад хоёр тооны үхэр зарсан. Г, Т нарыг нядалчихсан үхрийн махыг нь жинлээд аваад ир гэсэн юм. Г, Т нар 2019 оны 04 дүгээр сарын 15-16-ны үед үдийн алдад Булган сум руу явсан. Булган сум руу явахдаа Б.Аыг авч явсан байна лээ. Б.Аа өөрөө дагаж явсан гэсэн. Б.Аыг ямар Булган сум руу Г, Т нартай хамт явсан талаар нь мэдэхгүй байна.  Б.Аа нь бусадтай хэрүүл маргаан зодоон хийсэн гэмээр зүйл анзаарагдаагүй. Манай гэрээс Б.Аа нь Булган сум явсныхаа маргааш өглөө нь манай гэрээс түргэн тусламжийн автомашинтай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Өглөө босоод иртэл Б.Аа нь надад хандаж ус өгөөч гэхээр нь ус хийж өгсөн. Б.Аа нь түргэн дуудаад өгөөч гэхээр нь түүний эхнэр Буяааг дуудсан. Буяа ирээд түргэн дуудсан. Ингээд л явцгаасан. 4 мөчиндөө харвах гээд байна гээд байсан. Өөр ямар нэгэн зовиур хэлээгүй. Хэрүүл маргаан ч болоогүй. Б.Аа нь намайг анх гэртээ ороход шалан дээр хэвтэж байсан. Тэгээд шалан дээрээ л унтсан. Манайх шалан дээрээ дрож дэвссэн байсан. Б.Аа нь намайг ирснээс хойш ямар нэгэн зүйл дээрээс унаж, ойчсон зүйл байхгүй. Булган сум руу явах үедээ нэг айлын орон дээр унтуулсан гэсэн зүйл яригдаж байсан. Нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Г, Т, Б.Аа нар Булган сумын нутагт нэг айлд орсон гэсэн. Ингээд уг айлынхаа орон дээр унтчихаар нь Т Г нар Б.Аыг уг айлдаа орхиод үхрийнхээ махыг УуГгийнд очиж авчихаад буцаад Б.Аыг авахаар түүний унтаж хоцорсон айлд нь ирэхэд Б.Аа уг айлын гадаа гэлүү, гэрийнх нь шалан дээр ч гэлүү нэг газар согтоод уначихсан байдалтай байсан гэсэн. Тэгээд Т, Г нар Б.Аыг өргөөд автомашиндаа хийсэн гэсэн. Үүнийг өөрсдөө мэдүүлэх байх. Мөн Б.Аыг эмнэлэг рүү явсны дараа би өөрөө аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг дээр очсон бөгөөд энэ үед Б.Аа нь өчигдөр Отгоо намайг унтуулах гээд нухаад байхаар нь би хүн шүү, хүзүү өвдөөд байна хэмээн хэлсэн гэж яриад байсан. Мөн Отгоог Б.Аа нь өөр дээрээ дээл тавьсан гэж яриад байсан. Өөр зүйл яриагүй. Эмнэлэг рүү Б.Аыг түргэн тусламжийн автомашинаар явах үед нь Т, Г нар хамт явсан бөгөөд би Г, Т нарыг эмнэлэг дээрээс очиж аваад маханд явуулах зорилгоор очсон. Б.О гэх айлд үлдээсэн гэж ярьж байсан. Би уг Б.О гэх хүнтэй ганц нэг удаа малын наймаа хийж байсан. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Г, Б.Аа нар хоорондоо найз нөхдийн харилцаа холбоотой, Т нь Б.Аа хоёр бие биеийгээ танина. Өөр харилцаа холбоо байхгүй. Б.Оыг Б.Аатай ямар харилцаа холбоотойг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 66-68 дугаар тал/

 

*Гэрч Д.Эийн өгсөн:

“...Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ний 17 цагаас 04 сарын 17-ны 09 цаг хүртэл хугацаанд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэл хариуцсан жижүүр эмч дээр ажилласан. 2019 оны 04 сарын 17-ны өглөө 8 цагийн орчимд оношны өрөөнд өвчтөн үзүүлэхээр намайг сувилагч дуудсан. Яваад ортол Б.Аа гэдэг хүн орон дээр хэвтэж байсан бөгөөд хөл гар бадайрна, хөл мэдээгүй, хүзүүгээр өвдөн гэсэн зовуурьтай, архи уусан гэсэн өгүүлэмжтэй байсан. Тухайн үед даралт унасан байсан. Би Б.Аын биед хүзүүний хөшөнгөд үзлэг хийсэн бөгөөд Б.Аа хөдөө явж архи уусан гэж ярьж байсан. Би даралт тогтворжуулах шингэн хий, гэмтэл, мэдрэлийн эмч нарыг дууд, хүзүүний нугалмын зураг авахуулах шаардлагатай гэж сувилагчид хэлсэн. Тэгээд би ээлж хүлээлцээд буугаад явсан. Өөр зүйл мэдэхгүй. Б.Аын биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй, архи уусан гэдгээ анх хэлэхгүй байсан сүүлдээ архи уусан, хөдөө явсан гээд байсан. Хажууд нь байсан хүмүүс хөдөө яваад архи уугаад шөнө ирсэн, айлаас авч ирлээ гэж яриад байсан. Өөр тодорхой зүйл ярихгүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 83-84 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Чын өгсөн:

“...Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг дээр 4 мөч мэдээгүй болсон хүн ирсэн байна гэх дуудлагаар Б.Аа гэх хүний биед үзлэг хийсэн. Б.Аа нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн орон дээрээ дээшээ харж хэвтсэн, ухаан санаа хэвийн, 4 мөч саатай буюу мэдээгүй болсон байдалтай байсан. Өөрөө нээх юм ярихгүй байсан 2, 3 хоног архи уусан гэж ар гэрийн хүмүүс яриад байсан. Мэдрэлийн эмч Энхболдыг дуудаж яаралтай зөвлөгөөн хийж Улаанбаатар хот руу яаралтай явуулж, онош тодруулах, компьютер томограмм хийлгүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Б.Аа болон ар гэрийнхэн хүмүүс тухай үед гэмтэл авсан гэж хэлээгүй, зөвхөн архи уусан л гэж яриад байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Хүзүүний хугарал гэмтлийн хагалгааг зөвхөн Гэмтэл согогын үндэсний төвд л хийдэг, Архангай аймагт хүзүүнд хагалгаа хийх боломжгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 95-96 дугаар тал/

 

*Гэрч Ц.Нгийн өгсөн:

“...Миний нөхрийн төрсөн ах Б.Аа нь Архангай аймгийн Булган суманд айлд байж байгаад ирэхдээ бөгсөн бие нь мэдээгүй болчихлоо 3 дугаар эмнэлэг дээр хувийн машинаар аваад ирлээ гэж 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр надад хэлсэн. Би 3 дугаар эмнэлэг дээр очиж үзүүлтэл тухайн эмнэлгийн эмч манай үзэх хүн биш байна гээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл эмч нь томографын зураг авахуулсан. Би зураг авахад нь талийгаачийг түрж оруулсан бөгөөд эмч хэлэхдээ хүзүү хугарсан, мултарсан байна гэж хэлсэн. тэрнээс хойш би Б эгчийн хамтаар талийгаачийг ээлжлэн сахиж байсан. Талийгаач Б.Аа нь 2019 оны 04 сарын 22-ны өглөө хүзүүгээ хадуулах хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгаанд орсны дараа хүзүүг  хадсан, нугас гэмтэлтэй, амь нас эрсдэлтэй гэж хэлсэн. Тэрнээс хойш 3 хоногийн дараа талийгаач нас барсан. Б.Аа ах эмчилгээ хийлгэж байхдаа ухаан санаа нь эрүүл саруул байсан. Б.Аа ах эхэндээ орноос унасан гээд байсан, сүүлдээ үнэнээ хэлье гээд Булган суманд айлд байж байгаад миний хүзүүг мушгисан гээд байсан. Дараа нь сонсоод байхад Б.О гэдэг хүн талийгаачийн хүзүүг мушгисан байсан. Б.О нь талийгаачийг эмнэлэгт биеийн байдал муу хэвтэж байхад жи-мобайлын утаснаас залгаад нэг сая төгрөг шилжүүлье, намайг ялгүй салгаад өгөөч, би хоёр хүүхэдтэй хүн гэж ярьсан. Би тэр хүнд хуулиар нь шийднэ гэж хэлээд мөнгө аваагүй. Энэ хэргийг хурдан шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 99-100 дугаар тал/

 

            *Яллагдагч Б.Оын өгсөн:

“...2019 оны 04 сард манайх Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Цохионы амны Цагаан дэнж гэх газарт хаваржиж байсан бөгөөд эхнэр Одонтунгалаг сумын төв рүү явчихсан би гэртээ Ц.Дын хамтаар байсан юм. Ц.Д нь манайд малаа тавиад харуулж байсан бөгөөд мал дээрээ ирж 2, 3 хоног байсан. Ц.Д мал дээрээ байж байгаад аймгийн төв рүү явлаа гээд архийг надтай хувааж уусан. Нэр болон архины граммыг сайн санахгүй. Архи ууж байхад манай нутгийн Н.У гэдэг залуу ирсэн. Бид 3 архиа хуваагаад уусан. Тэгээд архи дуусаагүй байхад миний төрсөн дүү Т нь аймгийн төвөөс явж байна, Ууганбаярынхаас үхэр авах гэж явна гээд 2 хүнтэй хамт орж ирсэн. Хамт ирсэн хүмүүсийг Б.Аа, Г гэж байсан. Б.Аа, Г хоёр архи уусан согтуу байсан. Т эрүүл байсан. Ц.Д бид 2 ууж байсан архинаасаа Б.Аа Г нарт нэг нэг хундага хийж өгөөд манайд байсан архи дууссан. Б.Аа нь манайд орж ирээд нээх удаагүй байхдаа Гтайгаа шоронгийн талаар яриад би аймгийн атаман, ална шүү, би шорон мэднэ энэ тэр гэж яриад байхаар нь би уурлаад манай гэрт ирчихээд шорон ярилаа гэж хэлсэн чинь тэр 2 юм ярихаа болчихсон. Б.Аа нь надтай хэрэлдэх байдалтай үг сөрөөд намайг аймаг ороод сураад үзээрэй гээд байсан, тэгээд гаднаас тал шил архи орж ирсэн. Тэр архинаас бүгдээрээ хуваагаад уусан бөгөөд архи ууж байгаад би гэрээс нэг гарчихаад буцаад орж иртэл Т, Н.У, Г нар айлд очиж үхэр авч ирлээ гээд яваад өгсөн. Тэд нарыг явуулчихаад гэртэй буцаад ортол Б.Аа нь зүүн талын орон дээр хэвтсэн. Ц.Д баруун талын орон дээр хэвтэж байсан. Би буцаад гэрээс гарч ирээд морь унаж малд явчихаад 20, 30 орчим минутын дараа буцаад гэртэй иртэл Б.Аа ганцаараа гэрийн гадна гараад ирсэн, газар унаад яваад байсан. Би Б.Аа дээр очоод гадаа шуургатай хүйтэн байна гэж хэлтэл Б.Аа миний урдаас томроод би шорон мэднэ гээд байсан. Би Б.Аыг унтуулах гээд 2, 3 удаа цээжин дээр нь дарсан. Тэгээд нүүр ам нь шороо болчихсон байхаар нь ар талаас нь тэврээд босгох гэж оролдоод босохгүй болохоор нь чирээд гэрийн ойролцоо авч ирсэн. Би Б.Аын ар нурууг цээжиндээ наагаад хоёр гараараа сугаар нь тэврээд хоёр хөлийн газраар чирээд 10, 20 орчим метр зайнд явсан тэгж явж байхдаа Б.Аын хөлд орооцолдоод хоёулаа газарт унасан. Тэр үед би Б.Аын дээрээс нь дараад уначихсан. Тэгээд Б.Аыг босгож ирээд дахиад гэр рүү чирч хэсэг яваад газарт хэвтүүлсэн. Тэр үед  Ц.Д манай гэрээс гарч ирсэн. Би Б.Аыг унтуулах гэж ноцолдож байгаад тэнд нь орхиод дээрээс нь дээл тавчихаад мотоциклио унаад сумын төв рүү явсан Ц.Д, Б.Аа нар манай гэрийн гадаа үлдсэн бөгөөд Ц.Д араас машинтай сумын төв рүү ирчихсэн байсан. Би сумын төвөөс 30 гаран минутын дараа гэртээ буцаад очтол Б.Аа манай гэрийн гадаа байхгүй байсан. 2 хоногийн дараа манай дүү Т над руу утсаар яриад танайд ирсэн хүний хүзүү мултарсан гээд хот руу аваад явчихлаа гэж хэлсэн. Би тэр өдрийн маргааш аймгийн төв рүү орж ирээд Б.Аын ар гэрийн хүмүүстэй уулзаж болсон зүйлийг хэлсэн. Би унтуулах гэж цааш нь дарсан, тэрнээс хоорондоо зодолдсон зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байтал хэд хоногийн дараа манай гэрт хүмүүс ирээд надтай уулзсан бөгөөд би болсон хэргийг бүгдийг хэлээд явуулсан. Тэгээд Б.Аа хотод эмчилгээ хийлгэж байгаад хэд хоногийн дараа нас барчихсан гэдгийг хэлсэн. Би талийгаачийн ар гэрийнхэнд 3 сая төгрөг бэлнээр өгсөн байгаа. Би тухайн үед өөрийн гэсэн ухаантай, хэвийн шахам байсан. Талийгаач гэртээ дугуй засвар, авто засвар ажиллуулдаг бөгөөд нэг удаа машины дугуй засуулж байсан. Талийгаачийг сайн таньдаггүй байсан. Б.Аа манай гэрт орж ирээд нээх удаагүй байхдаа би шоронд явж байсан  та нар шорон мэдэх үү гээд байсан. Би Б.Аад айлд орж ирээд шорон ярилаа гэж уурлахад Б.Аа нь намайг аймаг ороод сураарай, хүн бүхэн мэднэ энэ тэр гээд надтай хэрэлдээд байсан. Намайг малд явчихаад буцаад ирэхээд Б.Аа гэрийн гадна гараад ирсэн өнхөрч унаад яваад байсан. Би хажууд нь очоод гадаа хүйтэн, шуургатай байна, гэрт орж унт гэж хэлтэл Б.Аа нь шоронгийн талаар юм яриад надад томроод байсан. Одоо яг юу гэж хэлж байсныг нь санахгүй байсан шоронгийн талаар юм яриад надад томроод байсан. Намайг малд яваад ирэхэд Б.Аа манай гэрийн урд талд байдаг морины уяаны ойролцоо ирчихсэн газар уначихсан байсан. Морины уяан дээр байсан морийг тастуулчих гээд байсан. Би морины уяан дээр байсан морийг авч малын хашаан дээр аваачиж уясан. Тэгээд Б.Аа дээр очиход хамт явсан хүмүүсийгээ хаяад явлаа гээд орилж хашхираад байсан. Мөн нүүр ам нь шороо болсон байсан. хажууд нь очоод гэрт орж унт гэхэд надад томроо шорон яриад байсан. Босгох гэтэл босохгүй байхаар нь би цээжин дээр нь 2, 3 удаа дараад ар талаас нь тэврээд хөлийн газраар чирээд гэр рүүгээ ойртуулахаар явсан. Талийгаач нэлээн өндөр, урт хүн байсан бөгөөд замдаа нэг удаа хөлд нь орооцолдож газар унасан. Тэр үед талийгаач толгой хэсгээрээ газарт мөргөсөн би дээрээс нь дараад уначихсан. Тэгээд буцаж босгож ирээд дахин ар талаас нь тэврээд гэр рүү явсан. Тэгээд гэрийн хажууханд очоод газарт хэвтүүлсэн. Тэгээд байж байхад Ц.Д гэрээс гарч ирсэн. Би Б.Аыг наанаа унт гээд дээрээс нь дарсан. Би тухайн үед согтолттой байсан болохоор хэрхэн дарснаа сайн санахгүй байна. Гэхдээ цээжин дээр нь хэд хэд дарснаа мэдэж байна. Би хөлийн өргөж дарснаа санахгүй байна. Шинжээчийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн №1196 дүгнэлттэй танилцсан. Би талийгаач өөрөө унаж ойчоод байсан тэр үедээ энэ гэмтлийг авсан байж магадгүй гэж бодож байна. Би талийгаачийг унтуулах гэж дарсан. Тэрнээс хүчтэй хүзүүг нь мушгиж дараагүй, өргөөд явж байхад нэг удаа газар унасан тэр үед хүзүүн эвгүй болсон байж магадгүй байх. Б.Аа надад хэлэхдээ тархи толгой өвдөөд, дотор муухай оргиод байна. Ахыгаа өргөж тэврээд яах вэ, би энд хэвтэж байя гэж хэлэхээр нь би дээрээс нь дээл тавиад мотоциклоо унаад явсан. Би талийгаачийг хэрхэн гэмтээснээ мэдээгүй, хэд хоногийн дараа энэ талаар сонсоод их сонин болсон. Би хохирогч Б.Аад санамсар болгоомжгүй хүнд гэмтэп учруулсан байж болзошгүй, санаатайгаар гэмтэл учруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 176-180 дугаар тал/

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1006 дугаартай шинжээч О.Сарангэрэлийн“...Талийгаачид нугас гэмтээсэн хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэнгийн мэдрэлийн аркийн хугарал, хүзүүний 6/7-р нугаламын хугарал, мултрал, 4 мөчдийн саажил, хуйханд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь -элийгаачийн архаг хууч өвчнийг сэдрээхэд зохих хэмжээгээр нөлөөлжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь 8 хоног эмчлэгдсэн тул цусанд спиртийн зүйл илрээгүй. Талийгаач нь ходоод, бүдүүн гэдэсний шарх, ерөнхий судас хатуурал, зүрхний булчингийн томрол, сорвижил, элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл з-эрэг архаг өвчтэй байснаас ходоод, бүдүүн гэдэсний шарх нь сэдэрч цус алдаж шас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 106-108 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 790 дугаартай шинжээч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын“...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1006 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Аын цогцост хатан хүзүүний /хүзүүний 2-р нугалам/ шүдлэг сэртэн, баруун нумын хугарал, хүзүүний 6-7-р нугалмын мултрал, хуйханд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйчлэлээр буюу хүзүү хөшигдөх, мушгигдах, хэт гэдийх, бөхийх үед үүсгэгдэнэ. Хатан хүзүүний шүдлэг сэртэн, баруун нумын хугарал, хүзүүний 6-7-р нугалмын мултрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, хуйхны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.  Талийгаач нь хатан хүзүүний /хүзүүний 2-р нугалам/ шүдлэг сэртэн, баруун нумын хугарал, хүзүүний 6-7-р нугалмын мултрал гэмтлийн улмаас ходоодны салстын цочмог шархлаа / Кушингийн шархлаа/ үүсч шархлаанаас цус алдаж нас баржээ. Талийгаач нь ерөнхий судас хатуурал, элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байжээ. Дээрх архаг өвчнуүд нь үхэлд хүргээгүй байна. Хатан хүзүүний  шүдлэг сэртэн, баруун нумын хугарал, хүзүүний 6-7-р нугалмын мултрал гэмтлийн улмаас сэтгэлийн хямралд орсноор ходоодны салстын цочмог шархлаа үүсч цус алдаж нас барсан байна. Энэ нь дээрх хүзүүний гэмтэлтэй шалтгаант холбоотой бөгөөд дээрх гэмтлийн хүндрэл юм. Хэрэв хүзүү гэмтээлгүй бол дээрх ходоодны салстын цочмог шархлаа үүсч цус алдаж нас барахгүй. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч цаг алдалгүй дараагийн шатлалын мэргэжпийн эмнэлэгт шилжүүлжээ. ГССҮТ-д эмийн болон мэс заслын эмчилгээ / хүзүүнд татлага хийн хүзүүний мултралыг засах, хүзүүний 6-7-р нугалмыг бэхлэх/ хийжээ. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүзүүний гэмтлийг оношлох багаж техник байхгүй байсан ба цаг алдалгүй дараагийн шатлалын мэргэжпийн эмнэлэгт шилжүүлсэн байна. ГССҮТ-н эмч нар гэмтэл болон гэмтлийн хүндрэлийг зөв оношилж шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-143 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1196 дугаартай шинжээч Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор, Б.Ганзориг, Н.Энхцолмон, Г.Ханхүү нарын“...Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1006 дугаартай дүгнэлт, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 790 дугаартай дүгнэлтийн 1,2,3,4,5,8,10,11-р хэсэг үндэслэлтэй байна. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 790 дугаартай дүгнэлтийн 6,7,9-р хэсэг нь үндэслэл муутай байна. Б.Аын цогцост нугас гэмтээсэн хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэн, баруун нумны хугарал, хүзүүний 6/7-р нугаламын хугарал, мултрал, 4 мөчдийн саажил, хуйханд цус хуралт“ гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйчлэлээр буюу хүзүү хөшигдөх, мушгигдах, хэт гэдийх, бөхийх үед үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 150-154 дүгээр тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаартай“...ШШҮХ-н шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019.05.14 ний өдрийн 1006 дугаартай дүгнэлтийн 1,4-р заалт үндэслэлгүй байна. ШШҮХ-н шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын гаргасан 2019.06.21 ний өдрийн 790 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ШШҮХ-н шинжээч эмч Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор, Б.Ганзориг, Н.Энхцолмон, Г.Ханхүү нарын гаргасан 2019.10.03 ний өдрийн 1196 дугаартай дүгнэлтийн 2,3,4,5,9,10,11-р заалтууд үндэслэлтэй байна. ЭМЯ салбар зөвлөлийн гишүүд.зөвлөх эмч Н.Бира, С.Наранцэцэг, М.Гантулга нарын гаргасан 2020.11.01 ний өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Аын биед архаг өвчнүүд сэдэрч нас барсан гэх заалтууд нь үндэслэлгүй байна. Б.Аа нь хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэн,  баруун нумны хугарал,хүзүүний 6/7-р нугаламын хугарал, мултрал, 4 мөчний саажил гэмтлийн улмаас тэнэгч мэдрэл цочирч үйл ажиллагаа алдагдсанаас ходоодны цочмог шархлаа үүсэж /стресс язва/ улмаар цус алдаж нас барсан байна. Б.Аын биед ходоод гэдэсний архаг өвчин сэдрээгүй бөгөөд зөвхөн хүзүүний хүнд гэмтлийн улмаас ходоодны цочмог шархлаа үүсэж улмаар цус алдаж нас барсан байна...” дүгнэлт /1-р хх-ийн 183-191дүгээр тал/

 

*Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч М.Цагаандалайн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №01 дугаартай”...Амь хохирогч Б.Аа нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагт ирсэн бөгөөд эмч ажилтнууд үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг явуулан дараагийн шатны эмнэлэг рүү шилжүүлснээр 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагт Гэмтэл согог судлалын төвийн 05017 дугаартай өвчний түүхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ явагдсан байна. Цаг хугацааны байдлаас харахад дараа шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж руу цаг алдалгүй шилжүүлсэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлгийн эмч ажилтнууд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь амь хохирогчийн гэмтэл, гэмтлийн хүндрэл зэргийг зөв оношилж шаардлагатай эмчилгээнүүдийг хийж мэс заслын болон эмийн эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 160-161 дүгээр тал/

 

*Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай: “...2019 оны 04 сарын 17-ны өдрийн 08 цагт Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Б.Аа яаралтай журмаар ирж үзүүлсэн байна. Ирэх үед биеийн байдал хүндэвтэр, гар хөлийн мэдээ сул, цээжин бие мэдээгүй, 2 гар хөл бадайрна гэсэн зовиуртай ирсэн. Яаралтай тусламжийн тасгийн эмч Э хүлээн авч, үзэж зохих шинжилгээ төлөвлөж, өвчин намдаах арга хэмжээг зохих журмын дагуу авчээ. Тухайн өдрөө тус өвчтөн Архангай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж хүзүүний 6\7-р нугалмын хугарал, мултрал болон мөчдийн саажилт, ходоод бүдүүн гэдэсний шарх, цус алдалттай ирж оношлогдон, 2020 оны 04 сарын 22-ны өдөр мэс заслаар хүзүүний 6\7-р нугалмын дискийг авч хиймэл жийргэвч тавин ялтасаар бэхлэх мэс засал эмчилгээнд оржээ. Эмчлэгч эмч Нарангэрэл байна. Тухайн өвчтөнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор хангалттай биелүүлж оношилгоог бүрэн зөв хийж, эмчилгээг эхлүүлсэн байна. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний үүргээ эмч, эмнэлгийн ажилтны ёс журам, тангарагийн дагуу биелүүлсэн болно.  Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь талийгаач Б.Аын нас барсантай холбоогүй болно. Талийгаач Б.Аа нь ходоод, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, шарх, ерөнхий судас хатуурал, зүрхний булчингийн томрол, соривжил, элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байснаас ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл, шархнаас цус алдсанаас нас барсан байна. Уг өвчтөн элэгний В,С вирусийн шалтгаант элэгний хатууралтай, зүрхний томрол, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байх нь ходоод, бүдүүн гэдэсний шархлаа үүсч болох шалтгаануудын нэг бөгөөд хүзүүний 6\7-р нугалам хугарч, 4 мөч саажсан үед дотор эрхтний тэр тусмаа хоол боловсруулах эрхтний, ходоод, бүдүүн гэдэсний вегататив мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж, дотор эрхтний цусан хангамж буурсантай холбоотой тархмал шархнууд үүсч, дотуур цус алдах эрсдэл ихтэй байдаг. Ийм шалтгааний улмаас ходоод, бүдүүн гэдэсний шархнаас цус алдаж нас барах шалтгаан болсон. Өвчтний биеийн байдал хүнд, 4 мөч саажилтай, дотор эрхтний саажилт, цусан хангамжийн дутагдалтай холбоотой хүндэрч байгаа үед ходоод, гэдэс дурандах, уг шалтгааныг тодруулахад төвөгтэй. Боломжтой бол ходоод гэдсийг дурандаж ходоод, бүдүүн гэдэсний шархыг оношилсон ч зохих журмын дагуу эмчилгээ хийхэд удаан хугацаа шаардана. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан нь өөрийн талаас шаардагдах бүх оношилгоо эмчилгээг бүрэн хийсэн. Ходоод, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, шарх, элэгний хатуурал, ерөнхий судасны хатуурал, зүрхний булчингийн томрол, нойр булчирхайн архаг үрэвсэл зэргийг зүрх судасны нарийн мэргэжлийн эмч, хоол боловсруулах эрхтэн судлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж байж эмчилгээ хийх боломжтой. Тухайн өвчний хувьд биеийн байдал хүнд, явц хурдан байсан тул дотор эрхтний энэ олон өөрчлөлтийг эмчлэхэд төвөгтэй хүндрэлтэй байсан...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 35-37 дугаар тал/

 

*Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 018 дугаартай: “...Талийгаач Б.Аын биед үзлэг, оношилгоо эмчилгээ хийсэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Талийгаач Б.Аа нь 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 08.00 цагт Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 103-аар хүргэгдэн очсон байна. Тухайн үед нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд нь анхны тусламж үзүүлж, эмч (яаралтай тусламжийн, мэдрэлийн, мэс заслын) нарын үзлэг, зөвлөгөөнөөр МRI хийхээр төлөвлөн шатлал ахиулан шилжүүлэх шийдвэр гаргасан байна. 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 23.10 цагтхувиараа ирэхэд Гэмтэл согогсудлалын үндэсний төвийн Хүзүү нурууны мэс заслын тасагт №05017 дугаартай өвчний түүх нээж хэвтүүлсэн байна. Өвчтөнийг хэвтсэн даруйд КТГ-ийн шинжилгээг хийж хүзүүний хугарал мултарлыг оношилсон. Тухайн өдрөө хүзүүний нугалмын мултралыг засах татлага эмчилгээ, эмийн эмчилгээг хийж эхэлсэн. 2019 оны 04 сарын 19-ний өдрийн Хүзүү нурууны мэс заслын тасгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр хүзүү нурууны нугалмын мултралыг засаж, бэхлэх мэс засал хийх шийдвэр гарган 04 сарын 22-ны өдөр мэс засал эмчилгээг хийсэн байна. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлсэн тул талийгаач Б.Аын нас барсан шалтгаантай холбоогүй...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 69-73 дугаар тал/

 

*Шүүх, сэтгэц гэм судлалын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн”...Шинжлүүлэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэгэн эмгэгүй байсан. Шинжлүүлэгч нь одоо сэтгэл мэдрэлийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө өвчингүй байсан. Сэтгэл мэдрэлийн өвчингүй учир албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Б.О нь тухайн үед болон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.О нь хэрэг хариуцах чадвартай...” гэх магадалгаа/1-р хх-ийн 156 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 185 дугаар тал/,

*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/1-р хх-ийн 30-34 дүгээр тал/

*Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-ийн 35-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод баг “Цохио” гэх газарт оршин суух гэртээ амь хохирогч Б.Аатай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэн, баруун нумын хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын хугарал, мултрал бүхий хүнд хохирол учруулсан, улмаар хохирогч Б.Аа Гэмтэл согог сэргээн засах клиникт 2019 оны 04 сарын 17-ны өдөр хүргэгдэн 2019 оны 04 сарын 22-ны өдөр мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад Б.Аа нь хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэн,  баруун нумны хугарал,хүзүүний 6/7-р нугаламын хугарал, мултрал, 4 мөчний саажил гэмтлийн улмаас тэнэгч мэдрэл цочирч үйл ажиллагаа алдагдсанаас ходоодны цочмог шархлаа үүсэж улмаар цус алдаж  2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.О үйлдсэн болох нь хохирогчийн биед  хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаартай “...Б.Аа нь хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэн,  баруун нумны хугарал,хүзүүний 6/7-р нугаламын хугарал, мултрал, 4 мөчний саажил гэмтлийн улмаас тэнэгч мэдрэл цочирч үйл ажиллагаа алдагдсанаас ходоодны цочмог шархлаа үүсэж /стресс язва/ улмаар цус алдаж нас барсан байна. Б.Аын биед ходоод гэдэсний архаг өвчин сэдрээгүй бөгөөд зөвхөн хүзүүний хүнд гэмтлийн улмаас ходоодны цочмог шархлаа үүсэж улмаар цус алдаж нас барсан байна...” гэх дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Згийн”...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр аав ирсэн байна гэж сонсоод эмнэлэг дээр иртэл хүлээн авахын өрөөнд хоёр мөрнөөс доош мэдээгүй, хүзүүний ар хэсэгтэй  том овойсон байдалтай аав хэвтэж  байсан. Аав өөрөө бага зэрэг согтуу, архи үнэртүүлсэн байсан. Тэгээд 2019 оны 04 сарын 17-ны 14 цагийн үед Улаанбаатар хот руу аавыг авч яваад 3 дугаар эмнэлэгт үзүүлтэл Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл хүзүү хугарсан байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Аавын хүзүүний зургийг авхуултал хүзүүний 5, 6-р үе мултарсан, хугарсан байдалтай байна, мэдрэлийн судас нугас дарсан байна гэж хэлсэн. Эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчилгээ хийлгээд нугас чөлөөлөх хагалгаа, мултарсан хүзүүг хадах хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болж 3 хоног эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2019 оны 04 сарын 25-ны өглөө 06 цагийн үед аав нас барсан. Миний аав амьд сэрүүн байхдаа анх хэлэхдээ Булган суманд хөдөө айлд байхдаа орноос унасан гээд байсан. Сүүлдээ бие нь муудаад ирсэн бөгөөд хагалгаанд орохынхоо өмнө миний хүзүүг О гэдэг залуу дээрээс дарж мушгиж байгаад гэмтээсэн тэр залууд миний хүзүүг гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэр залуу өөрөө ч хүлээн зөвшөөрсөн гэж гэж хэлсэн. Би 2019 оны 04 сарын19-ний өдөр Э эгчийн хамт аавын гэмтсэн газар болох Архангай аймгийн Булган сумын нутагт О гэдэг  айлын гэрт очсон. О гэдэг  ах надад хэлэхдээ танай аавтай хамт архи уугаад тасраад унтсан. Намайг сумын төв рүү явах гэтэл танай аав араас гарж ирээд  дагаад байхаар нь би унтуулах гэж 2, 3 удаа дарж авсан. Тэр үед танай аав надад хэлэхдээ миний хүзүү эвгүй болчихлоо гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тийм болохоор Б.О гэдэг хүн миний аавд үхэлд хүргэх гэмтлийг учруулсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Орой 21 цагийн Б гэдэг ченжийн гэрээс над руу утсаар яриад энэ согтуу  хүнээ ирж ав, орилоод байна гэж  хэлсэн. Би Б.Аыг архиа гаргахаар хүрээд ирэх байх гэж бодоод Бгийн гэр рүү явалгүй унтаад өгсөн. Тэгтэл Б.Аа шөнөө гэртээ ирээгүй бөгөөд маргааш өглөө нь буюу 2019 оны 04 сарын 17-ны өглөө 05 цагийн  үед  Болдын гэрээс дахин утсаар яриад Б.Аыг ирж ав гэж хэлхээр нь  яваад очтол Б.Аа нь Бгийн гэрт газар хэвтэж байсан. Б.Аыг гэртээ харья гэтэл би явж чадахгүй байна миний хөл хөдлөхгүй байна гээд байсан. Би Б.Аыг   худлаа яриад бай гэтэл би худлаа яриагүй би хөл гараа хөдөлгөж чадахгүй байна 103 дуудаад өг гээд байсан. Тэгээд 103-т дуудлага өгтөл эмч ирж үзээд шууд  эмнэлэг рүү аваад явсан. О гэдэг хүнтэй миний А.З очиж уулзсан бөгөөд танай аавыг унтуулах гэж газар хэд хэд дарж авсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ү.Эн”...Би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 04 сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд эмнэлгийн нэг давхарт мэдрэлийн тасгийн хажуугаар гартал миний дүү Б.Аа нь насилик дээр хэвтчихсэн байсан, хажуу талд нь эхнэр хүүхэд нь болон найз нөхөдүүд нь ирсэн байсан. Би юу  болсон талаар асуутал Б.Аын эхнэр надад хэлэхдээ мөрнөөс доош бие нь бүхэлдээ мэдээгүй болчихлоо гэж хэлсэн. Би Б.Ааас юу болсон юм бэ гэж асуутал Б.Аа өөрийн ухаантай байсан бөгөөд би юмнаас уначихсан гэж надад хэлсэн. Б.Аын нуруу өвддөг байсан болохоор унаад мэдрэлгүй болчихсон юм байх гэж бодсон. Тэгээд Б.Аыг Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн байсан бөгөөд удалгүй машинаар хот руу явсан.  2019 оны 04 сарын 25-ны өдөр Б.Аа Гэмтлийн эмнэлэгт нас барсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дын”...Б.О сууж байгаад Б.Аын хөлийг өргөөд цээжин дээр нь дараад байсан. Тэгээд намайг  очиж байхад Б.Аыг Б.О босгож суулгаад хүзүүн  дээрээс нь гараараа бариад нааш цааш нь хөдөлгөөд байсан тэгснээ яг намайг очиход Б.Аыг  одоо  та унт их согтсон байна гэж хэлээд  цааш нь түлхсэн. Б.Аа газар хэвтээд өгсөн. Би Б.Аа ахыг босгох гээд цамцнаас нь татаж  босоорой гэтэл Б.Аа  ах  хэлэхдээ миний хүзүү жоохон эвгүй болоод  байна  би  унтлаа гэж хэлсэн. Би Б.Аа ахаа гадаа унтах хэрэггүй  гэрт орж унт  гэтэл би эндээ унтлаа гээд хөдлөхгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Д.Эийн”...2019 оны 04 сарын 17-ны өглөө 8 цагийн орчимд оношны өрөөнд өвчтөн үзүүлэхээр намайг сувилагч дуудсан. Яваад ортол Б.Аа гэдэг хүн орон дээр хэвтэж байсан бөгөөд хөл гар бадаарна, хөл мэдээгүй, хүзүүгээр өвдөн гэсэн зовуурьтай, архи уусан гэсэн өгүүлэмжтэй байсан. Тухайн үед даралт унасан байсан. Би Б.Аын биед хүзүүний хөшөнгөд үзлэг хийсэн бөгөөд Б.Аа хөдөө явж архи уусан гэж ярьж байсан. Би даралт тогтворжуулах шингэн хий, гэмтэл, мэдрэлийн эмч нарыг дууд, хүзүүний нугалмын зураг авахуулах шаардлагатай гэж сувилагчид хэлсэн. Тэгээд би ээлж хүлээлцээд буугаад явсан. Өөр зүйл мэдэхгүй. Б.Аын биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй, архи уусан гэдгээ анх хэлэхгүй байсан сүүлдээ архи уусан, хөдөө явсан гээд байсан. Хажууд нь байсан хүмүүс хөдөө яваад архи уугаад шөнө ирсэн, айлаас авч ирлээ гэж яриад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Чын”...Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг дээр 4 мөч мэдээгүй болсон хүн ирсэн байна гэх дуудлагаар Б.Аа гэх хүний биед үзлэг хийсэн. Б.Аа нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн орон дээрээ дээшээ харж хэвтсэн, ухаан санаа хэвийн, 4 мөч саатай буюу мэдээгүй болсон байдалтай байсан. Өөрөө нээх юм ярихгүй байсан 2, 3 хоног архи уусан гэж ар гэрийн хүмүүс яриад байсан. Мэдрэлийн эмч Энхболдыг дуудаж яаралтай зөвлөгөөн хийж Улаанбаатар хот руу яаралтай явуулж, онош тодруулах, компьютер томограмм хийлгүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нгийн”...Миний нөхрийн төрсөн ах Б.Аа нь Архангай аймгийн Булган суманд айлд байж байгаад ирэхдээ бөгсөн бие нь мэдээгүй болчихлоо 3 дугаар эмнэлэг дээр хувийн машинаар аваад ирлээ гэж 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр надад хэлсэн. Би 3 дугаар эмнэлэг дээр очиж үзүүлтэл тухайн эмнэлгийн эмч манай үзэх хүн биш байна гээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл эмч нь томографын зураг авахуулсан. Би зураг авахад нь талийгаачийг түрж оруулсан бөгөөд эмч хэлэхдээ хүзүү хугарсан, мултарсан байна гэж хэлсэн. Талийгаач Б.Аа нь 2019 оны 04 сарын 22-ны өглөө хүзүүгээ хадуулах хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгаанд орсны дараа хүзүүг  хадсан, нугас гэмтэлтэй, амь нас эрсдэлтэй гэж хэлсэн. Тэрнээс хойш 3 хоногийн дараа талийгаач нас барсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Оын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Аын биед хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэн,  баруун нумны хугарал, хүзүүний 6/7-р нугаламын хугарал, мултрал, 4 мөчний саажил бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан уг гэмтлийн улмаас тэнэгч мэдрэл цочирч үйл ажиллагаа алдагдсанаас ходоодны цочмог шархлаа үүсэж улмаар цус алдаж хохирогч нас барсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгчийн өөрийнх нь үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүсч үйлдсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байна. Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэгэн эмгэгүй байсан,  одоо сэтгэл мэдрэлийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө өвчингүй байсан. Б.О нь тухайн үед болон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай гэсэн Шүүх, сэтгэц гэм судлалын магадлагаа хэрэгт авагдсан болно. Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгч өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар харилцан маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг тус тус гаргасан мөн тус шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлтийг гаргасан,   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйл байхгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай тохиролцсон, прокурор шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай саналыг ирүүлсэн  бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дүгээр зүйлд заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёр хүртэл хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

 Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                 1.  Шүүгдэгч М овогт Бгийн Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

                 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 3/гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 3/гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

                 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од энэ өдрөөс эхлэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

                 5. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

                 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Од авсан цагдан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 

                        

 

                                            ДАРГАЛАГЧ                               П.ГАНДОЛГОР

 

                           ШҮҮГЧИД                               Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                             Б.ОТГОНЦЭЦЭГ