| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2018/0078/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 14
Д.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжтай, Д.*******д холбогдох эрүүгийн 1836000010161 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* сумын хөдөөгийн багуудын худаг сэргээн завсарлах ажил хийлгүүлэхээр “******* *******” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй, шууд гэрээ байгуулан 16000000 төгрөгийг, мөн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажлыг хийлгүүлэхээр “ ******* *******” ХХК-тай шууд гэрээ байгуулан 10200000 төгрөгийг тус тус шилжүүлж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрд их хэмжээний хохирол буюу 26200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь ******* Үзүүр” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 16000000 төгрөг, “******* *******” ХХК-д 10200000 төгрөгийг тус тус шилжүүлэхдээ албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ямар санаа зорилготой байсан, бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь ******* ******* нөхөрлөлийг үүсгэн байгуулсан Б.Нямсамбуу нь тухайн үед Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилладаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Батцэнгэл, Б.Нямсамбуу нарын мэдүүлгүүдээр Д.******* нь ******* ******* нөхөрлөлтэй шууд гэрээ байгуулах замаар өгсөн 16 сая төгрөгийн өртөгтэй хоёр худаг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэгч байгууллагын өмнөөс өөрөө хийж гүйцэтгэхээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* ******* зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, “******* *******” ХХК нь өөрөө тухайн ажлуудаа хийж гүйцэтгэх санал тавиагүй, сумын засаг дарга Д.******* нь санаачлага гаргаж тухайн ажлуудыг өгсөн болох нь тогтоогддог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр дээрх гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоогоогүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт Д.*******ийн урьд нь ажиллаж байсан албан тушаал, одоо ажиллаж байгаа албан тушаал, мөн гэр бүлийн байдал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, банкны харилцах хадгаламж, өр зээлийн байдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын зөвшөөрлөөр авч хэрэгт хавсаргасан байгаа болно.
Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст яллагдагч Д.******* нь Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг гаргаж өгсөн ба мөрдөгчөөс түүнийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн дагуу нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргасан байна. Тус захирамжийг Д.******* нь хүсэлтийн хавсралт болгож гаргаж өгсөн тул түүнийг тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргах шаардлагагүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ******* ******* ******* зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Монхорын Батцэнгэл байх тул иргэний хариуцагчаар Б.Нямсамбууг татсаныг зөвтгөх гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь М.Батцэнгэл, Б.Нямсамбуу нар нь эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт Авилгатай тэмцэх газрын мөрдөгч нь Өгөөмөөр ******* ХХК-ийн ******* суманд хийсэн цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц байдалд үзлэг хийсэн ба Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө бүртгэлд авах тухай тогтоолоор тус цэцэрлэгт хүрээлэнг орон нутгийн өмчид бүртгэж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учир дээрх ажил хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Д.******* нь Ховд аймгийн ******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрд их хэмжээний хохирол буюу нийт 26.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоодож байна. Өөрөөр хэлбэл аудиторын акт өөрөө хууль зүйн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг юм. Шүүгчийн захирамжийн дээрх заалтуудад дүгнэлт хийхэд шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг прокурорт буцаасан үндэслэл тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн 183600010161 дугаартай хэргийн материалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь үндэслэлтэй юм. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Д.******* нь ******* Үзүүр” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 16000000 төгрөг, “******* *******” ХХК-тай 10200000 төгрөгийг тус тус шилжүүлэхдээ албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ямар санаа зорилготой байсан, бусдад давуу байдал олгосон эсэхийг бүрэн тогтоохгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн.
Д.*******д шинжээчийн дүгнэлт гарсаны дараа яллагдагчид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 шинжилгээ хийлгэх үед оролцогч дараах эрхтэй шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхээр хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Мөн яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Үндэсний аудитын харьяа Ховд аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/147 дугаартай төсвийн орлого болгох тухай акт тавьсан аудиторыг гэрчээр асуулгах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай юм. Мөн гэрч *******ын нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгсөн баримтууд нь эх хувьтай тохирч байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Д.******* нь Ховд аймгийн ******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* сумын хөдөөгийн багуудын худаг сэргээн засах ажлыг хийлгүүлэхээр “******* Үзүүр” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй шууд гэрээ байгуулан 16000000 төгрөгийг шилжүүлсэн мөн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажлыг хийлгүүлэхээр “******* *******” ХХК-тай шууд гэрээ байгуулан 10200000 төгрөгийг тус тус шилжүүлж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрд их хэмжээний хохирол буюу нийт 26200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Д.*******д яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.
Анхан шатны шүүх уг хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: Прокуророос Д.*******ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д . . . заасан. . . гэмт хэрэг гарсан байдал. . .1.3-т заасан . . . гэмт хэргийн хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр. . . 1.5-д заасан. . . хохирол, хор уршгийг тогтооно . . . гэснийг бүрэн тогтоогоогүй үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэх зэргээр тодорхой үндэслэлүүдийг дурдаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж шүүгдэгч Д.*******д холбогдох 1836000010161 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.
Тухайлбал: Хэрэгт авагдсан баримтууд болон хохирогчийн мэдүүлэг тайлбараар ”Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамж биеэлсэн эсэх, өөрөөр хэлбэл иргэний хариуцагч ******* ******* зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 16.000.000 төгрөгийг төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Мөн шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгчид танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар ******* сумын ******* ******* зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Монхорын Батцэнгэл байхад иргэний хариуцагчаар Б.Нямсамбууг татсан нь ойлгомжгүй болжээ.
Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг нэмэлт мөрдөн байцаалтаар хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байх учир хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Хэргийг шүүхэд очтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА
.