Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2020/0047

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанхус сумын 6 дугаар багийн оршин суугч К.Сийн нэхэмжлэлтэй,    Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдох,  

Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн  А/53, мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  А/189 дүгээр захирамжуудын М.Н, Х.А нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Бахыт,  хариуцагч Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, түүний өмгөөлөгч Х.Бакен, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Сээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:    

Карим овогтой Сьез миний бие Улаанхус сумын 6 дугаар багт малчин. Миний эцэг болох Сепбай овогтой Карим гэдэг хүн тус аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд нэгдэл байгуулагдсан цагаас хойш малчнаар ажиллаж байсан ба К.С миний бие мөн нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 онд мал хувьчлагдахад өөрт ногдох мал хөрөнгөө хувьчилж аваад одоо түүнийгээ маллаж байна. Бидний өвөлжөө 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Битүү-Өлөнт” хэмээх газар өвөлждөг. Тэр өвөлжөөнд би 2 хүүхдийн хамт өвөлждөг.

Гэтэл манай өвөлжөөний дээд талд байх миний бэлчээр болох Солтан гэх хүний нэрээр нэрлэгдэх “Солтан хороо” гэх бууцанд тухайн үед тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Сламбол нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 2016 оны 04 дүгээр сарын 18-н өдрийн А/53 дугаартай захирамжаар манай өвөлжөөний бэлчээрийн газарт Бугат сумын иргэн Мархаметийн Нургизат гэх иргэнд хууль зөрчин өвөлжөөний зориулалтаар 45 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлэх талаар захирамж гаргасан байна. Түүнийг би 2020 оны 01 дүгээр сард олж мэдээд, 01 дүгээр сарын 09-ний өдөр дээрх хууль зөрчсөн эрх зүйн акт болох захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар тус сумын Засаг даргад бичгээр гомдол гаргасан юм.

Уг гомдлын хариуг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/44 тоотоор өгөхөд “... уг маргаан бүхий газарт олон жил 6 дугаар багийн оршин суугч байсан Жанкей овогтой Бейбитхан нь 2003 оны 26 дугаар захирамжаар өвөлжиж байгаад 2016 оны А/53 дугаар захирамжаар Бугат сумын оршин суугч Мархаметийн Нургизатад 45 жилийн хугацаатай эрх шилжүүлсэн юм. Харин иргэн М.Н нь 2019 оны 12 дугаар сарын А/189 дүгээр захирамжаар хүү нь болох Хабийн Аманболд эрх шилжүүлсэн байна...” гэсэн утга бүхий хариуг өгсөн.

Хариуд дурдсан Ж.Бейбитхан нь 2003 оны 26 дугаар захирамжаар өвөлжиж байгаад М.Над эрх шилжүүлсэн гэдэг нь огт үндэслэлгүй байна. Яагаад гэвэл, “Солтан хороо” гэх газар хэн ч огт өвөлжиж байгаагүй бөгөөд зүгээр л хуучин хорооны буйр байгаа юм. Тэнд хэн нэгэн хашаа хороо өвөлжөө, байшин барьж байгаагүй ба тэр газар бол миний малын бэлчээрийн газар байгаа юм. Ж.Бейбитхан гэдэг иргэн бол Улаанхус сумын Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Ж.Сламболын төрсөн дүү нь байгаа юм. Тэгэхээр хувийн ашиг сонирхлын үндсэн дээр захирамж гаргасан байна гэж үзэж байна.

 Ингээд түүний дараа сумын Засаг даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 8-03/277 тоотоор газар эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэх утгатай хариу өгсөн. Уг нь өвөлжөөний газар эзэмшүүлэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм. Гэвч бэлчээр ашиглаж байгаа малчин өрх болон багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэргүйгээр нууцаар шууд хууль зөрчин өвөлжөөний газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргасан явдал нь бидний эрх ашиг, сонирхлыг зөрчиж, улмаар хэрүүл маргаан дэгдэх мөн өвөлжөөний газрын маргаанаас болж гэмт хэрэг зөрчил гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Ингээд миний гомдлын дагуу маргааныг газар дээр нь үзэж, холбогдох хүмүүсийг байлцуулан шийдвэрлэж урьдах Засаг дарга Ж.Сламболын 2016 онд гаргасан хууль бус захирамжийг хянаж хүчингүй болгохын оронд харин эсрэгээрээ түүнийг хамгаалахын тулд санаатайгаар дахин хууль зөрчин Улаанхус сумын одоогийн Засаг дарга дур мэдэн шийдвэр гаргаж миний газар эзэмших, бэлчээр ашиглах эрхийг зөрчсөн явдалд миний бие гомдолтой байна. Тэр газарт би бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зорилгоор амьдарч байна.

Иймд Улаанхус сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай”  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Мархаметийн Нургизатад холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн Карим овогтой Сьез нь Улаанхус сумын Засаг дарга О.Нурланд холбогдуулан Улаанхус сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Мархаметийн Нургизатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүү нь болох Сьез овогтой Бауыржан намайг итгэмжлэлээр төлөөлөх эрх олгосон юм. Гэтэл шүүхэд хэрэг үүсгэсний дараа хариуцагч болох Улаанхус сумын Засаг даргаас “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаартай захирамжийн хувийг тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 Уг захирамжийн 1 дэх хэсэгт Мархаметийн Нургизатын 6 дугаар багийн Улаан-Уулд байгаа өвөлжөөний зориулалттай 700 м/кв газрыг хүү нь болох БК01252719 регистртэй Жадик овогт Хабийн Аманболд 42 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэхээр тогтоож, 2 дахь хэсэгт тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 дугаар захирамжийн М.Над холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Улаанхус сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаартай захирамжийн Жадик овогт Хабийн Аманболд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчлөн тодруулж байна.

К.Сийн нэхэмжлэлтэй, Улаанхус сумын Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнд: Хэрэгт цугларсан нотлох баримттай танилцах явцад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал, гуравдагч этгээд болох Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “... бид тухайн үед хөрөнгө мөнгөний боломжгүй байдлаас болж тэр газарт өвөлжөө бариагүй байсан ба 2020 оны 04 дүгээр сард хашаа татаж, өвлийн байшин барьсан...” гэжээ.

Бид шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргахаас урьд өдөр нь буюу 04 дүгээр сарын 02-ны өдөр очиход ямар нэгэн барилга байшин байгаагүй, үүнийг фото зургаар баталгаажуулж авсан тул нотлох баримтаар гаргаж өгч байгаа болно. Уг нь манай бэлчээрийн газарт Ж.Бейбитхан гэгч нь 2003 онд захирамж гаргуулан гэрчилгээ бичүүлж, газар эзэмших гэрээ байгуулсан мөртлөө зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байгаад 2016 онд М.Над гэрчилгээгээ зарсан байгаа нь харагдаж байна. Тэгээд мөн хугацаанд зориулалтын дагуу ашиглахгүй байгаад 2019 оны 12 дугаар сард хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн юм байна.

Иймээс Улаанхус сумын Засаг даргын 2016 оны А/53, мөн 2019 оны 12 дугаар сарын А/189 дүгээр захирамжууд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн акт мөн гэж үзсэн тул дээрх захирамжуудын М.Н, Х.А нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний аав К.С нь 1950-аад оноос эхлээд тухайн маргаан бүхий газарт амьдарч байсан. Тухайн маргаан бүхий газарт ямар ч хашаа хороо байшин байхгүй байсан. Улаанхус сумын Засаг даргаас 2016, 2019 онуудад 2 удаа захирамж гарсан байна. Тэр үед эрх мэдлээ урвуулан ашиглаж захирамж гаргасан гэж бодож байна. Тийм учраас Улаанхус сумын Засаг даргын 2016 оны А/153 тоот захирамж, 2019 оны А/189 тоот захирамжуудыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бахыт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бы өмгөөлөгчөөр оролцож байна.

Анх нэхэмжлэлийн шаардлагаа Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгтэй танилцах явцад нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Улаанхус сумын Засаг даргын 2016 оны А/53, 2019 оны А/83 тоот захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Улаанхус сумын Засаг даргын газар эзэмших талаар гаргасан 3 удаагийн захирамж нь хууль бус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, малчин өрхийн бэлчээр ашиглах, мал бэлчээрлүүлэх, хөдөлмөр эрхлэх амьжиргаагаа залгуулах эрхэд халдсан гэж бодож байна. Анх 1990 онд мал хувьчлагдах үед малчин иргэдийн малын тоо цөөхөн байсан. Мал хувьчлалд шилжиж, хувийн мал аж ахуй хөгжих явцад бэлчээрийн даац хэтрээд маргаан гардаг болсон. К.Сийн өвлийн цагт мал бэлчээх газарт хууль бусаар захирамж гаргаж, гэрчилгээ шилжүүлсэн явдалд нэхэмжлэгч К.Сийн эрх ашгийг зөрчиж байгаа.

 Маргаан бүхий газар нь “Солтан” гэдэг хүний нэрээр нэрлэгдэг хашаа хороо. Үүнд нэгдэл байгуулагдахаас өмнө Солтан гэдэг хүн эсгий гэртэй өвөлжиж байсан. 2003 онд бүх аймгийн хэмжээнд малчин өрхөд газар эзэмшүүлэх талаар шинээр эрхийн акт бүх сумуудад гарсан. Тэр үед ямар нэгэн хашаа хороо өвөлжөө байгаагүй газарт Жанкейн Бейбитхан гэдэг хүний нэр дээр захирамж гаргасан байна. Түүний дараа 2009 онд А.Х гэдэг хүнд А.Жанкей өөрийн өвөлжөөг худалдахдаа хүүхдүүдийнхээ нэр дээр байсан гэрчилгээг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

Дараа нь Улаанхус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Сламбол 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 дугаар захирамжаар тухайн газрын гэрчилгээг А.Хгийн эхнэр М.Над шилжүүлж, газар эзэмших гэрээ хийсэн байна. Энэ хугацаанд уг газрыг зориулалтын дагуу ашиглаж, ямар нэгэн хашаа хороо байшин барьж ашиглаагүй байна. Сүүлд нь дахиж Улаанхус сумын Засаг даргын А/189 дугаартай захирамжаар М.Наас түүний хүү Х.Аын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Тэгээд К.С шүүхэд нэхэмжлэл гаргасныг сонсоод тухайн газарт хашаа хороо барьсан байна.

 Энэ талаар А.Х шүүхэд гаргасан тайлбартаа өөрөө дурдсан. Гэрчээр асуугдсан Мереке, Бахытбек нарын мэдүүлэгд ч “Бид нар нүүхэд ямар нэгэн хашаа хороо байгаагүй, бид нүүсний дараа хашаа хороо барьсан байж магадгүй”  хэлсэн байдаг. Газар эзэмших захирамж гаргаж, газрын эзэмших гэрчилгээ олгосны дараа газрын татварыг цаг хугацаанд төлж байх ёстой. Газар эзэмшиж авсны дараа нэг ч татвар төлөөгүй.  2003-2016 оны хооронд нэг л удаа Ж.Бейбитхан 4000 төгрөгийн татвар төлсөн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг мэдсээр байж, цэрэгт явсан Х.Аын нэр дээр газар эзэмших эрх шилжүүлсэн явдал нь хууль бус гэж үзэж байгаа. Улаанхус сумын Засаг даргын 2016 оны А/53 дугаар захирамжаар Засаг даргын албан тушаалтай Ж.Сламбол өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү болох Жанкейн Бейбитханд захиргааны акт гаргасан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ““хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” гэж тодорхойлсон байгаа. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд төрийн, улс төрийн, захиргааны тусгай албаны, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна гэхээр сумын Засаг дарга хамаарч байгаа.

Тийм учраас Улаанхус сумын Засаг даргын 2016 оны А/53 дугаартай захирамж хууль бус болох нь харагдаж байна. Тухайн газарт маргаан гарсны дараа Улаанхус сумын Засаг даргаас ажлын хэсэг байгуулж, тухайн газарт очиж ажилласан гэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Ж.Бейбитханыг дахин гэрчээр асуухад, “тухайн хороог С.Мади гэдэг хүнээс худалдаж авсан. Тэр хүн 1992 онд Казахстан улс руу нүүсэн” гэж байгаа боловч энэ талаар ч ямар нэгэн нотлох баримт байхгүй. 2009 онд гэрчилгээг худалдаж авсан боловч 2016 онд албан ёсоор эрх шилжүүлсэн байна. Газрын гэрчилгээ авч, газар эзэмших талаар гэрээ байгуулсан бол 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглах ёстой.

Ж.Бейбитхан гэрчээр өгсөн мэдүүлэгдээ би 1996, 1998 онуудад эсгийг гэртэй очиж өвөлжиж байсан гэж байна. Тэнд хашаа хороо, байшин барьсан бол өнөөдрийн маргаан гарахгүй байх байсан. К.Сийн өвөлжөөнөөс тухайн маргаан бүхий газар 900 м газар үүнийг шүүхийн журмаар тогтоосон. А.Хгийн өвөлжөө баруун талд, К.Сийн өвөлжөө зүүн талд байдаг. Энэ хоёрын дундын газарт хууль бусаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас болж маргаан гарч байна.

Тийм учраас Улаанхус сумын Засаг даргын 2016 оны А/53, 2019 оны А/189 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгож  өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Улаанхус сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 дугаартай захирамжийн М.Над холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 Учир нь, маргаан бүхий газрыг тус сумын 6 дугаар багийн оршин суугч байсан БК72021191 регистртэй Шеруши овогт Жанкейн Бейбитхан нь 2003 оны 26 дугаар шийдвэрийг үндэслэн бичсэн нэгж талбарын 03100924 дугаар бүхий 0068937 дугаартай газар эзэмшлийн гэрчилгээгээр 60 жилийн хугацаатай эзэмшиж байгаад 2016 оны А/53 дугаар захирамжаар Бугат сумын оршин суугч Мархаметийн Нургизатад 45 жилийн хугацаатай эрх шилжүүлсэн байна. Харин М.Н нь 2019 оны А/189 дүгээр захирамжаар хүү нь болох Хабийн Аманболд эрх шилжүүлсэн юм.

Иймд бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа учраас захирамжийг хүчингүй болгох боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х би нэхэмжлэгч К.Сийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Улаанхус сумын “Солтан хороо” гэх газарт байршилтай өвөлжөөг миний эхнэр М.Н 2016 онд тухайн өвөлжөөг эзэмшиж байсан Жанкей овогтой Бейбитханаас худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь үнэн. Тухайн үед Улаанхус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Сламбол захирамж гаргаж, сумын газрын даамал М.Нын нэр дээр газар эзэмших гэрчилгээ бичиж өгч, гэрээ байгуулсан. Тус өвөлжөөг 2019 оны 12 дугаар сард М.Н нь өөрийн хүү Х.Аын нэр дээр шилжүүлсэн.

Сумын Засаг дарга О.Нурлан мөн захирамж гаргаж албан ёсоор шилжүүлж өгсөн. Одоо газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. 2016 онд бид тухайн өвөлжөөг худалдаж авсны дараа хөрш зэргэлдээ оршин суух К.С нь урьд байсан малын хашааны чулууг зөөж авсан байсан. Тухайн үед миний эхнэр М.Н өөрийн биеэр очиж “хашааны чулууг яагаад буулгаж ачиж байгаа юм вэ, би эзэмших эрхийн гэрчилгээтэй. Ж.Бейбитханаас худалдаж авсан” гэхэд, К.С нь  хэл амаар доромжилж мориор  чирэх гэж оролдсон байсан. Бид тухайн үед хөрөнгө мөнгөний боломжгүй байдлаас тэр газарт өвөлжөө бариагүй байсан ба 2020 оны 04 дүгээр сард хашаа татаж өвлийн байшин барьсан.

 Хашаа татаж, өвлийн байшин барихаас өмнө сумын Засаг даргад очиж учир байдлаа хэлэхэд, таны хүү Х.Аын нэр дээр гэрчилгээ гарсан. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй, байшин барьж, хашаа татаж болно гэсэн хариу өгсөн. Х.Аын өвөлжөө барьж хашаа татсан газар нь К.Сийн эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, хоёр тусдаа газар байгаа.

Миний хүү Х.А нь албан ёсны газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. К.Сийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Бакенээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хгийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, Жанкейн Бейбитхан гэдэг хүн 2003 оноос тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж байсан гэдэг нь 23 дугаар захирамж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ зэрэг  холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ  талаар талуудын хооронд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй гэж үзэж байна. 2009 онд А.Х тухайн газрыг А.Жанкейгээс худалдаж авсан. 2016 онд Ж.Бейбитханы нэр дээрээс А.Хгийн эхнэр М.Нын нэр дээр шилжүүлж, 45 жилийн хугацаатай газар эзэмших захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байна. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А/189 дүгээр захирамжаар М.Нын нэр дээр байгаа газрыг хүү Х.Аын нэр дээр 42 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно гэж заасан. Тийм учраас 2003 оны эрхийн гэрчилгээг эзэмшиж байсан  Ж.Бейбитхан гэдэг хүн 2016 онд М.Над шилжүүлсэн. Мөн 2019 онд М.Н тухайн газрын хүү Х.Ад шилжүүлсэн нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д тухайн эзэмшиж байгаа газар бусдын эзэмшиж байгаа газарт ямар нэгэн хэлбэрээр давхцаагүй байна гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, ямар нэгэн байдлаар давхацсан асуудал байхгүй.  Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд, бэлчээрийн асуудалд маргаан гарч байна. Үүнээс болж бидний эрх ашиг зөрчигдөж байна гэдэг байдлаар тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах ёстой. Өнөөдрийн байдлаар бэлчээрийг аль нэг иргэнд эзэмшүүлж, ашиглуулах байдлаар шийдвэр гарсан асуудал байхгүй. Мөн бэлчээр ашиглах тухай асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зохицуулсан. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээний хүрээнд асуудлаа шийдэх ёстой. Хэрэв иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэр гарч хэрэгжээгүй бол сумын Засаг дарга тухайн асуудлыг зохицуулах ёстой. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлтээ гаргаж, бэлчээрийн асуудлыг тустай шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс тухайн газар нь өвөлжөөний газар байсан, 2 жил дараалан тухайн газрыг ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа ба үүнд  гуравдагч этгээдийг буруутгах үндэслэл болохгүй. Яагаад гэвэл, тухайн  газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ өнөөдрийн хүртэл хүчин төгөлдөр байгаа. Сумын Засаг даргаас тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж эрхийн акт, шийдвэр гараагүй, газар эзэмшүүлсэн захирамж нь хүчин төгөлдөр байгаа учраас гуравдагч этгээдийг буруутгах үндэслэл болохгүй.

2019 онд Х.Аын нэр дээр шилжүүлснээр тухайн газрыг ашиглах эрх одоогийн байдлаар Х.Ад байгаа. Түүнээс хойш 2020 оны 4 дүгээр сард тухайн газарт хашаа татаж, байшин барьсан байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудыг зөрчсөн, газрын татвар төлөөгүй асуудлууд нь Ж.Бейбитхан нартай хамааралтай асуудал болохоос гуравдагч этгээдэд хамааралгүй асуудал.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч К.Сдээс Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 дугаар захирамжийн[1] М.Над холбогдох хэсэг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр захирамжийн[2] Х.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан  болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг, мөн хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Өлөнт” хэмээх газарт байршилтай хуучны  “Солтаны өвөлжөө” гэх газраас 690 м2 газрыг Улаанхус сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжаар[3]  Жанкейн Бейбитханд 60 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0068937 дугаартай гэрчилгээг[4] олгосон, 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг[5] байгуулжээ.

  Ж.Бейбитханы эцэг Жанкей нь  хүү Ж.Бейбитханы эзэмшлийн  өвөлжөөг буюу хашаа хороог 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А.Хд 2.500.000 төгрөгөөр зарсан байх ба энэ тухай баримт[6] үйлдэн, улмаар Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 53 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Ж.Бейбитханы газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Хйн эхнэр М.Над шилжүүлж, 000683609 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[7] олгож, газар эзэмшүүлэх гэрээг[8] 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан, М.Н нь тухайн эзэмшлийн газраа хүү Х.Ад шилжүүлэх хүсэлтийг[9] 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргаснаар Улаанхус сумын Засаг даргын  2019 оны 189 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр  газар эзэмших  эрхийн гэрчилгээг шилжүүлж, үүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас түүнд 000050507 газар эзэмших гэрчилгээг[10] шинээр олгож, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг[11] байгуулан, кадастрын зураг[12] үйлдэгджээ.

 Одоогийн байдлаар  маргаан бүхий газарт Х.А нь 365 м2 талбайтай чулуун      хашаа барьж, 26 м2 талбайтай өвлийн байшин барьсан байх ба нэхэмжлэгчийн өвөлжөөнөөс маргаан бүхий өвөлжөө  хүртэл 944 м зайтай байна.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрч Б.Мереке, Ж.Бейбитхан нарын  мэдүүлгүүд[13], шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[14], схем болон фото зургууд[15], бусад холбогдох бичмэл нотлох баримтуудаар  тогтоогдож байгаа бөгөөд  хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар  маргаагүй байна.

Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий газарт  гуравдагч этгээд Х.А нь байшин, малын хашаа хороог барьснаар мал бэлчих бэлчээргүй болсон гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй  байна.

  1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.1-т “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар”, 52 дугаар зүйлийн  52.1-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”,  52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд иргэд нь бэлчээрийг нийтээр ашиглах бөгөөд ийнхүү ашиглахдаа эхлээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  хуульд тусгайлан заасан нөхцөл байдлуудыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлах ба энэ төлөвлөгөөг үндэслэн өвөлжөө, хаваржааны газрыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж сумын Засаг дарга малчдад тодорхой болзол гэрээний дагуу ашиглуулах шийдвэр гаргахаар зохицуулжээ.

Гуравдагч этгээд Х.Аын өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй газар нь нэхэмжлэгчийн өвөлжөөний газартай давхцаагүй, тухайн газрыг  бэлчээрийн зориулалтаар ашиглуулах асуудал нь  урьд өмнө 6 дугаар  багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээгүй, энэ талаар иргэдээс ямар нэгэн санал гаргаагүй, уг газрыг  бэлчээрийн зориулалтаар эзэмшүүлэх талаар нэхэмжлэгч нь холбогдох байгууллагад нь  хүсэлт гаргаж байгаагүй,  нэхэмжлэгчид уг газрыг бэлчээрийн зориулалтаар  ашиглуулах  талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй  зэрэг нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар батлагдаж байх тул маргаан бүхий захиргааны актуудын улмаас түүний бэлчээрийн зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан  “... миний малын бэлчээрийн газар” гэсэн тайлбар  нь үндэслэлгүй байна.

2. М.Над маргаан бүхий газрыг эзэмшүүлсний дараа тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй тул сумын Засаг дарга газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой гэж нэхэмжлэгч тал  маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

            Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар М.Над газар эзэмшүүлэх захирамж гарч, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш  2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ  хүү Х.Ад шилжүүлэх хүртэлх хугацаанд тухайн газрыг  зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээ гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч энэ талаар  маргаагүй болно.  

            Хуулийн дээрх заалтаар сумын Засаг даргад эзэмшлийн газраа 2 жил дараалан эзэмшээгүй  бол хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон, эрх бүхий албан тушаалтан  нь тухайн үед маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгоогүй, одоогийн газар эзэмшигч Х.Ад 2019 оны А/189 дүгээр захирамжаар  газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж,  уг захирамжийн 2 дахь хэсгээр М.Нын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, Х.А нь эзэмшсэнээс хойш тухайн газартаа хуулийн хугацаанд хашаа хороо, өвлийн сууцаа барьсан байх тул “М.Н нь 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр маргаан бүхий газрыг ашиглаагүй” гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй байна.

            3.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  “Ж.Бейбитханы төрсөн ах болох сумын Засаг дарга Ж.Сламбол нь 2016 оны А/53 дугаар захирамжийг гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасныг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ. 

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг, 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг,  3.1.5-т “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 11 дүгээр зүйлийн  11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-т “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан.

Ж.Бейбитханы газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Над шилжүүлэх тухай захирамжийг Ж.Бейбитханы төрсөн ах Ж.Сламбол тухайн үеийн Улаанхус сумын Засаг даргын хувьд  гаргасан нь дээрх хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, хамаарал бүхий этгээдийн буюу төрсөн дүүгийн хувийн ашиг сонирхолтой холбоотой  захиргааны шийдвэр гаргасан нь буруу  боловч энэ захирамжийн  улмаас нэхэмжлэгчийн бэлчээр ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, маргаан бүхий газар нь 2003 оноос Ж.Бейбитхан, М.Н нарын эзэмшлийн газар байсан, одоо эрх бүхий албан тушаалтны хууль ёсны  хүчин төгөлдөр шийдвэрээр Х.Аын эзэмшлийн газар мөн тул дээрх  үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.  

Иймд  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч К.Сийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Сээс Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/53 дугаар захирамжийн М.Над холбогдох хэсэг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр захирамжийн Х.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША

 

 

           

 

[1] Хэргийн 22 дугаар тал

[2] Хэргийн 24 дүгээр тал

[3] Хэргийн 33 дугаар тал

[4] Хэргийн 21 дүгээр тал

[5] Хэргийн 35 дугаар тал

[6] Хэргийн 49, 50 дугаар тал

[7] Хэргийн 23 дугаар тал

[8] Хэргийн 40 дүгээр тал

[9] Хэргийн 41 дүгээр тал

[10] Хэргийн 25 дугаар тал

[11] Хэргийн 26 дугаар тал

[12] Хэргийн 28 дугаар тал

[13] Хэргийн 59, 61, 94 дүгээр тал

[14] Хэргийн 66 дугаар тал

[15] Хэргийн 68-68-72 дугаар тал