Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0044

 

2014 оны 01 сарын 22 өдөр                    Дугаар 44                        Улаанбаатар хот

 

“Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай т

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.П, түүний өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд Н.Э, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Н.Э-ийн эзэмшлийн 80 мкв газрыг Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Мөрөн сумын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 50/38/01 дугаар дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захирамжаар “Н” ХХК-ийн эзэмшлийн газраас 74 мкв газрыг хасалт хийж эзэмшүүлсэн нь үндэслэлтэй гэжээ.

Гуравдагч этгээд Н.Э бие даасан шаардлагадаа: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 31 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасныг баримлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх манай нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэлэлцээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл надад тогтоол гардуулж өгсөн. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д-д шийдвэр гэсэн баримт шуудангаар явуулжээ. Иймд тогтоол, шийдвэр хоёрын алиныг баримтлах нь ойлгомжгүй болов. Орхон аймгаас ирж шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.З алин дээр нь ч гарын үсэг зураад явсан бол гэж гайхаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6- дахь заалтад гуравдагч этгээдийн бие даасан шаардлага мөн нэг адил хамаардаг. Гуравдагч этгээд Н.Э-ийн бие даасан шаардлага тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр нэгэнт шийдэгдсэн асуудал юм. Гэтэл сая шүүх хүчин төгөлдөр 23 дугаар шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж хууль зөрчсөн.

Бие даасан шаардлагыг үндэслэн шүүх тус компанид газар эзэмших эрх олгосон Хөвсгөл аймгийн тухайн үеийн Засаг дарга Б.Б-ийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамжийг хүчингүй болгосонд бид гомдолтой байна. Учир нь уг 287 дугаар захирамж хууль ёсны болохыг тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны 15 дугаар шийдвэрээр тогтоосон.

Шийдвэрийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 135 дугаар магадлал, хяналтын шатны шүүх 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2131 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Гэтэл одоогийн Засаг дарга Л.Ц шүүхийн дээр дурдсан шийдвэрийг үл тоомсорлон аймгийн тухайн үеийн Засаг дарга Б.Б-ийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамжийг дахин хүчингүй болгосныг тус аймгийн захиргааны хэргийн шүүх 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр хууль бус гэж үзсэн.

Иймд аймгийн захиргааны хэргийн шүүх сая 39 дүгээр тогтоол гаргахдаа өөрийн төдийгүй дээд шатны захиргааны хэргийн шүүхүүдийн тогтоолыг үгүйсгэсэн шийдвэр гаргаж хуулийг бүдүүлгээр зөрчсөн.

Нотлох баримтуудыг шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу үнэлсэн бол манай нэхэмжлэлийн шаардлагыг хангах, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох байв. Тухайлбал, гуравдагч этгээд Н.Э-т 0,008 га газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг дарга н.М-ийн 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон одоогийн Засаг дарга Л.Ц-ын 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар захирамжийг үнэлж дүгнэлт хийсэнгүй. 180 дугаар захирамж нь манай нэхэмжлэлийн шаардлагыг хангах, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг чухал нотлох баримт билээ.

Мөн шүүх нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудыг нэг талыг барьж үнэлээгүй болно. Дээр дурдсан болон бусад нөхцөл байдлыг үндэслэн Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/330 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Уг маргаан бүхий захирамжаар “Н” ХХК-ийн эзэмших эрх бүхий 2836 мкв газраас 74,5 мкв газрыг Н.Э-т шилжүүлжээ. Нэхэмжлэгч “миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамжаар Мөрөн сумын “Х” барааны захын урд, худалдаа үйлчилгээний зориулалтаар 2836 мкв газрыг 40 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

Гуравдагч этгээд Н.Э нь 2001 оноос эхлэн цайны газрын зориулалтаар ашиглаж байсан вагончик доорх газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж, Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар захирамжаар зоогийн газрын зориулалтаар 80 мкв газрыг эзэмших эрхтэй болжээ.

Нэхэмжлэгчийн эзэмшил “2836 мкв” газарт гуравдагч этгээд Н.Э-ийн эзэмшлийн “80 мкв” газар багтаж байгаа болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/468 тоот шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Г.П нь Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа гуравдагч этгээд Н.Э-ийн эзэмшиж байсан газрыг хүчингүй болгож, уг газрыг өөрийн эхнэрийн буюу “Н” ХХК-д шилжүүлж байсан болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ.

Нэхэмжлэгчээс “намайг 2836 мкв газар эзэмших эрхтэй болохыг шат шатны шүүх тогтоосон” гэж маргаж байгаа боловч энэ дараах баримтаар няцаагдаж байна.

Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Н” ХХК-ийг “600 мкв” газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоосон болохоос нэхэмжлэгчийн тайлбарласанчлан “2836 мкв” газар эзэмших эрхтэй гэж тогтоогоогүй байна.

Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 135 дугаар магадлал, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2008 оны 287 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх боловч шүүхээр хэлэлцэгдсэн маргааны үйл баримт нь зөвхөн “захиргааны акт гаргах хэлбэр, журамтай” холбоотой байсан бөгөөд 2008 оны 287 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл, “гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхацсан” эсэхийг хянаагүй байна. Иймээс дээрх шүүхийн шийдвэрүүдийн маргааны үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, захиргааны акт өөр байх тул “шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон” гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн “газар шилжүүлээгүй” гэх гомдлын тухайд Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр “Н.Э-ийг эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргад хандаж, газар эзэмших захирамж гаргуулж, баталгаажуулах замаар газар эзэмших эрхтэй болохыг заасан” байна. Энэ дагуу аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж, гуравдагч этгээдийн 2001 оноос хойш эзэмшиж байсан газрыг түүнд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, газар эзэмших ашиглахад тэгш байдал, шударга ёсыг хангах зарчимд нийцсэн байна.

2. Гуравдагч этгээд Н.Э-ийн “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:

Дээр дурдсанаар гуравдагч этгээд Н.Э-т 2001 оноос хойш цайны газрын үйл ажиллагаа явуулж байсан 74.5 мкв газрыг эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу үүссэн байх тул бие даасан шаардлагыг газар давхацсан хэмжээгээр хангах нь зөв байна.

Нэхэмжлэгчийн “Н.Э-т газар эзэмшүүлсэн 2008 оны 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон байхад шүүх энэ захирамжийг үнэлээгүй” гэх гомдлын тухайд: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байна. Гэвч энэ захирамж нь утга агуулгын алдаатай буюу Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар захирамжаар хүчингүй болсон захирамжийг дахин хүчингүй болгосон байна.

Захиргааны байгууллагаас гуравдагч этгээдийн 2001 оноос хойш газар эзэмшиж ирсэн байдал, төлбөр төлсөн байдал, шүүхийн шийдвэрүүдийг харгалзан Н.Э-т 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн а/330 дугаар захирамжаар 74.5 газар эзэмших эрх олгосныг буруутгах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх талуудын маргаагүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй, газрын давхцалгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн “2761 мкв” газрыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “74.5 мкв” газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргад шүүхийн шийдвэрт нийцүүлэн, газрын давхцалыг арилгаж, гуравдагч этгээдийн эзэмшил газрыг хасаж, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан захирамж гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2

д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.